05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ХУНТ НУУРЫН ЭРГЭН ТОЙРОНД

Манайхаас нэг их холгүй 5-6км орчим зайд нэгэн хунт нуур байдаг юм. Нуур ч гэж хиймэл цөөрөм л дөө. Энэ өвөл ажил, ажил гэсээр ер очоогүйгээ санан хойшоо сэрүүн орон луу буцахаас нь өмнө очихоор шийдэн хоёр ч өглөө эртлэн гарсан боловч зөрсөөр гоц мөргөчихөөд байлаа. Эхний өдөр найм хагасын үед цаг тааруулдаг баатар эр болон цохиж хүрсэн ч хагас цагийн өмнө нисээд явчихсан байлаа. Хоёр, гурав хоноод өглөө 7:50 гээд яаравчлан иртэл бүр эрт долоо гээд явчихсан гээд хэсэг өвгөчүүл байж байлаа. Нодлин өвөл ч тэр, уржнан өвөл ч тэр  өвөл хэд, хэдэн удаа ирэхэд яах аргагүй л найм гучаас хойш, есийн хооронд нисээд байсан хирнээ энэ жил юу болсон юм бүү мэд, маш их эртэч болчихсон юм болов уу даа. Дахиад л хоёр хоногийн дараа /2-3 хоногоор хүлээхийн учир цаг агаар л хараад байгаа юм.
Бороотой ч юм уу, тэнгэр муухай үед бол барагтай бол ирдэггүй, ирсэн ч эргэж нисдэггүй болохоор нь л тэр л дээ. Зүгээр л усны мандалд хөвж явахыг харах сайхан ч хамгийн үзэсгэлэнтэй гоё агшин нь усны мандлаас тасран хөөрч байгаа тэр хэсэг болон, эргэн бууж байгаа тэр хормууд л байдаг болохоор хүмүүс түүнийг нь анаж байдаг юм/ даваа гариг /2008-02-18/- ийн өглөө 6:45 гээд чавхдаж хүрлээ. Нөгөө нэг үнэд ороод үзэгдэхгүй бултаж алга болоод байсан хунгууд өнөөдөр ямар ч байсан бултаад явчихсангүй байж байлаа. Азны юм, долоод нисвэл найм гээд ажлаа эхэлчихнэ, ажил алдахгүй нь хэмээн баярлан бодсоор буулаа.   Гэтэл нөгөө бултаад, эртлээд алга болдог хунгууд чинь энэ өдөр явах нь бүү хэл огт хөөрөн, нисэхгүй байсаар хорлонтой нь аргагүй хагас өдрийн ажил таслуулж орхилоо.

ХИРОНО САН /Хироно гуай/
Уржнан жилийн өвөл ажлаа сольж энд ирснээсээ хойш өвөлдөө үе, үе наашаа гүйх хоббитой болсон л доо. Найз, нөхөд болон арүбаетны хүүхдүүд ирж хонохоор л өглөө Асахийн өндөрлөгрүү авч давхин нар мандахыг үзүүлчихээд дараа нь энд ирж хунгийн сүрэг үзүүлэн жаал худлаа ярьж зогсож байгаад л буцдаг юм. Үнэхээр үзэсгэлэн төгс, гоё шувуу шүү дээ. Ингэж ирэх болгонд нэгэн өвгөн ирчихсэн хунгууд хооллож байгаа нь харагддаг юм. Өнөөдөр ч бас байж л байсных өвөөгөөс яриа өдлөө.
Баагий:
-         Өглөөний мэнд, хэн гуай! /Ану саан- хэмээн сунжруулан хэлдэг юм. Энэ нь зүс мэдэх хүмүүс болон хэн нэгэн танихгүй хүнд хандахдаа хэлдэг үг л дээ/ Тантай танилцаж болох уу? Намайг Батаа гэдэг, би Монгол хүн л дээ. Хэн гуай:
-          Өглөөний мэнд, өө бололгүй яах вэ. Би чамайг Япон хүн юм уу л гэж бодлоо. Намайг Хироно гэдэг.
  Баагий:
-         Баярлалаа, тантай танилцахад таатай байна. Би энэ нууранд энэ өвөлтэй гурав дахь өвлөө ирж хун үзэж байна. Ирэх болгонд та ирчихсэн хунгууд хооллож байх юм. Та өглөө бүр ирдэг юм уу?
Хироно сан:
-         Тийм, тийм хунгууд байх үед бол өглөө болгон ирдэг. Ирэх замаараа манайхаас нааш явах замд энэ хунгууд тамбо /Тутрагын талбай буюу цагаан будааны талбайг хэлнэ/ -нд хоноголсоныг нь дагуулаад л ирдэг дээ. Баагий:
-         Сонирхолтой юмаа. Одоо буцах дөхөж байгаа байх даа тийм үү, хэдийд буцах вэ? Би хэд, хэдэн удаа шөнөөр үүгээр явахад хунгууд нуурандаа байж харагдсан юмдаг. Тийм болохоор би нуурандаа хонодог юм болов уу гэж бодсон юм.
 Хироно сан:
-         Үүр цайж гэгээ ортол нуурандаа байгаад дараа нь тамбонд очиж биеийн чилээгээ гаргадаг

юм. Одоо нэг цагийн дараа ниснэ шүү дээ. Энд бид хоёр буруу ойлголцов. Ер нь настай улсуудтай хэл нэвтрэлцэхэд нилээн хэцүү л дээ. Ялангуяа гадаадын хүмүүстэй харьцаж байгаагүй хүмүүстэй бол бүр ч хэцүү. Нэг л өөр аялгаар хурдан, хурдан яриад явчихаар багцаалдаж л ойлгохоос өөр аргагүй болдог юм даа. Би уг нь хэзээ хойшоо сэрүүн орон руу нисэх вэ гэж асуусан Хироно сан одоо хэдэн цагт нисэх вэ гээд ойлгочихож. Цагаа харвал 7:35 болж байхыг бодоход яг л цагтаа буюу 8:30-9:00 цагийн хооронд нисдэг хэвээрээ л юм байна.

 Баагий:
-         Хироно сан, би буруу асуучихсан бололтой. Энэ хунгууд хэдэн сард хойшоо сэрүүн орон луу, жишээлбэл Монголруу нүүж нисэх вэ?
Хироно сан:
-         Аан, энэ хунгууд Монгол нисэхгүй ээ. Сибирь лүү нисдэг юм. Гурван сар дөнгөж гаргаад л ниснэ дээ. Фукушима кен /аймаг/-д Инаваширо гэж нэг нуур байдаг юм. Тэнд долоо хоног орчим амраад цаашаа Аомри кенд Товада нууранд бас долоо хоног орчим амраад, Хокайдо орон Шикоцу нууранд хоёр долоо хоноод цаашаа Оросруу ниснэ дээ.
 Баагий:
-         Аан, бас замдаа амарч явдаг юм байна. Хол замд аргагүй байхаа даа.
Хироно сан:
-         Хойшлох тусам хүйтрэх учир биеээ дасгаж явдаг юм.
Баагий:
-         Намар, өвөл хэдийд ирдэг юм бэ? Би дандаа л 1-р сарын сүүлчээс хойш ирж байсан болохоор хэдийд ирдэгийг нь мэдэхгүй юм байна. Нэг сарын дундуур ирэхэд байдаггүй шүү дээ. Бүр урагшаа Окинава руу ч юм уу, арай дулаан газарлуу явж өвөлжөөд, эргээд  дулаарахаар энд ирдэг юм уу?
Хироно сан:
-         Өвөл арван нэгэн сар дөнгөж гарангуут ирээд мөн л долоо хоног амраад Токио, Канакавад өвөлждөг юм. Түүнээс цаашаа явахгүй ээ. Энд нэг сарын сүүлчээр ирээд нэг сар болоод л хойшоо нүүдэг дээ.
 Баагий:
-         Хироно сан, энэ хунгууд заримдаа тэр зүүн урд байгаад байдаг, өнөөдөр бол энд баруун хойноо ихэнх нь байна. Яагаад тэгдэг юм болоо?
 Хироно сан:
-         Аан, салхинаасаа болдог юм. Өвөл голдуу баруун хойноос салхитай байдаг болохоор зүүн урдруугаа байгаа юм. Нисэхийнхээ өмнө салхиа уруудаж холдчихоод яг л онгоц шиг салхиа сөрж нисдэг болохоороо тэгж байгаа юм.
Баагий:
-         Хироно сан, энэ нуур маань, нуур биш хиймэл цөөрөм юм аа даа?
Хироно сан:
-         Тийм. Энэ дээд уулнаас орж ирдэг жижиг голуудын амыг боож байгуулсан цөөрөм л дөө. Хунгууд буцаад л энэ усыг нь тутрагын талбайнууд руу урсгаад нэг цэвэрлэдэг юм. Бүтэн өвлийн дотор бас л овоо их хог гардаг юм шүү. Уг цөөрмийн зориулалт нь ерөөсөө л ус нөөцөлж, хавартаа тутрагын талбайнуудыг усаар хангах юм шүү дээ. Цагаан будааг усан дотор тарьдаг, чи үзсэн байлгүй.
 Баагий:
-         Хироно сан, та ерөөсөө энэ нутгийн хүн үү?
Хироно сан:
-         Үгүй ээ, миний төрсөн нутаг Үеде кен. Манай нутаг Японд байгалийн рашаан сувилалаараа алдартай даа. Халуун, хүйтэн, хүхэртэй гээд эмчилгээний чанартай рашаан уснууд элбэгтэй, сайхан байгалтай уулархаг нутаг байдаг юм...
За хунгийн тухай нэг иймэрхүү яриа боллоо. Барин тавин багцаалдаж ойлгосон минь л энэ. Гэхдээ багцаалдсан ч гэсэн нэг их хол зөрөхгүй байхаа. Тэгээд Монгол хүн гэхээр Япончууд өөдөөс л сумо, Асашёру, Хакухо, Амаа гээд яридаг тэр сэдэврүү орсон. Хироно сангийн хувьд Хакухог их даруухан, хүүхэдлэг /кодомо митай/ гээд ам сайтай, Асашёруг маань түрэмгий, ёс барьдаггүй. Жишээ нь бооцооны мөнгийг бүгд баруун гараар авдаг бол ганцаараа зүүн гараараа авдаг. Барилдахын өмнө ч, барилдаад дууссан ч заавал нэг муухай хардаг, Ояаката нь ч бас их өөгшүүлж, өмөөрдөг маш муу хүн... гээд нилээн ам муутай байлаа. Амааг асуухад сайн мэдэхгүй, харин Кюкшюзан гээд хамгийн семпай /хамгийн хуучин хүн/ гээд маш сайн амтай байлаа. Мэдээжийн хэрэг би Монгол хүн болохоороо Асашёругаа Төрлөхийн солгой хүн, бичих барих гээд бүх юм нь солгой шүү дээ хэмээн өмөөрөөд өөдөөсөө За тэгвэл солгой юм байж. Тэгвэл энэ дэлхий дээр би солгой хүн гээд солгой гараараа барьж мэндэлдэг хүн үзсэн үү? Би солгой хүн гээд зүүн гараараа ёсолж байгаа цэргийн хүн чи үзсэн үү? хэмээн амруугаа нэг сайн алгадуулаад авсан гэж байгаа.
Удалгүй Хироно сан дөрвөн уут хоолоо шувуунуудад өгч дуусчихаад яг л хүнтэй ярьж байгаа юм шиг �Хоолоо дууссан шүү� хэмээн уутнуудаа өргөж харуулаад  Одоо явцгаа, тамбо явцгаа  гээд хоёр гараа дэвэн нисэх мэт хөдлөвч хунгууд нэг нь ч ниссэнгүй. Би бүүр арван нэгэн цаг хүртэл хүлээгээд зураг авахаар ирсэн хүмүүс бүгд урамгүй эргэж дуусахад л буцлаа.
 

Зургийн тайлбар:
Тэр огт хун байхгүй дан нугаснуудтай фото 2 байгаа нь миний гоц мөргөсөн хоёр өглөөний зураг. Нуур маань нэг л эзгүй харагддаг юм даа.
Цэнхэр төмөр хаалт харагдаж байгаа зураг бол цөөрмийн усыг тутрагын талбай /тамбо/ руу гаргадаг юүлэх амны зураг. Харамсалтай нь энэ өдөр аппаратныхаа ойрын дуранг авч ирээгүй учир үүнээс өөрөөр авах боломж байсангүй.
Нуурын эрэг дээр өглөө болгон хүмүүс хун үзэж зургий нь авахаар ингэж цугладаг. Энд өглөө бүр ирж зураг дардаг /Лав л намайг ирэх болгонд байдаг хоёр ч хүн бий. Аппарат хэрэгсэл нь үнэн лут, дуран нь гэхэд л 200-400мм /Минийх 80-200мм/ тэй хүчтэй эд дээ.
Хамгийн сүүлд явуулсан уулан дээрээс авсан хоёр зураг бол тамбонууд.
Хун нисч байгаа зургуудыг бол дахиад хоёр хоногийн дараа /2/20-нд/ өглөө ажлаа эрт эхлүүлчихээд эргэж ирж авсан зурагнууд.
Хироно сантай ярилцсан: С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Тоношо- Хунт нуур 2008-02-18.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.