05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ХҮЛГИЙН ТООСОНД ӨНГРҮҮЛСЭН НЭГЭН ӨДӨР

Тэргээ барьсан шиг, FM араажав сонссон шиг давхиж явтал “2014 оны 6-р сарын 8- ны өдрийн ням гаригт Баруунтуруунд Хурд- Мастер кросс 2014 болно...” гэсэн зар яаж ч чихний хажуугаар сүнгэнэж өнгөрөх вэ дээ, шууд цээж өөд ямар нэгэн юм өгсөж “ Мөн ч удаан үзсэнгүй дээ, очиж үзнээ!” гэсэн бодолөөрийн эрхгүй төрснөөр өдрийн сайныг өнжин хүлээсээр билэгт сайн ням гаригтай золгов оо. Хүү, дүү, дүүгийн найз гэсэн бяцхан баг бүрдүүлж аваад гараад давхичихав.

Очлоо. Үзлээ. Хэдийвээр моторт хүлгийн дуу, тоосонд хиймор сэргэсэн ч зохион байгуулагчид, болон ивээн тэтгэгчид зэрэг хүмүүсийн сэтгэл гаргаагүй тэмцээн тэгтлээ сэтгэлд хүрсэнгүй. Нэг л урамгүй. Зохион байгуулалт ер нь бол зеро.

Үзэгчид хэн дуртай нь техникийн талбайд чөлөөтэй нэвтрээстэй. Арай л уралдааны үед уралдааны замруу орчихгүй юм даа. За тэгээд тэмцээнийг бол үзэгчид ерөнхийдөө ямар нэгэн тайлбаргүйгээр бор зүрхээрээ үзсэн гэхэд ер нь хилсдэхгүй дээ. Техник хэрэгсэлд ерөнхийдөө сэтгэл гаргасангүй.

Хэн хэн, хэд хэд дугаартай уралдаж байгаа, хэн алдаа гаргаж торгуулийн тойрог тойрч байгаа, хэд дэх тойрог явж, хэн хэн дайралт хийж, дайралт амжилттай болсон эсэх... гэгээд мэдээлэлгүй л үзсэн дээ. Мэдээжийн хэрэг радио узель энээ тэрээ байсан ч тэр нь үнэндээ үзэгчдэд хүрч үйлчилж чадаагүй. Тэмцээн үзэж байгаа хүмүүс мэдээжийн хэрэг уралдаан тэмцээнээ бүтнээр нь, бүгд л харагдах тийм л газрыг сонгодог нь хэнд ч ойлгомжтой. Бид ч гэсэн бусдаас ялгарах юу байх вэ, мөн л салхиных нь дээр, энгэр газрыг сонгосон ч уралдаан тэмцээн бүгд яг л алган дээрхи шиг сайхан харагдаж байсан ч хаа нэг салхины чөлөөгөөр бүдэг бадаг ганц нэг үг л чанга яригчны зүгээс шивнэх нь харамсалтай. Уг нь бол энэ нано технилогын 21-р зуу шүү дээ. Улаанбаатараар дүүрэн байгаа аль нэг FM радиотой ярьж тохироод л уралдаан зохиогдож байгаа газарт явуулын станц авчраад л шууд дамжуулахад л үзэгчид ямар явган ирсэн биш бүгд л тэрэгнийхээ радиогоор хангалттай мэдээлэл авахаас гадна хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөөд ч болтугай үздэг наадмыг ажилтай болон боломжгүй таарсан азгүй нэгэн нь ч гэсэн шууд сонсоод сэтгэлийн таашаал эдлээд авах боломж ч байгаа л байхгүй юу.

Би гээч хүн тэгтлээ авто спортод унан тусан амиа өгөхөөр хоббигоор шунан дурладаггүй ч гэсэн боломжтой үедээ энэ авто ралли гээчийг ер нь бол таслаж үзээгүй л нэгэн. Тэр жилийн хамгийн анхны Улиастайд зохиогдсон “Батхүлэг- ралли”- гаас эхлээд 2003 оны Нисэхэд болсон өвлийн уралдаан, бас нөгөө эксэелийн- жижиг тэрэгний, жолооны багш нарын гээд Толгойтод болсон уралдаан гээд ер алгасаагүй үзсэн л.
Энэ удаагын уралдаан бартаат замын гэдэг нэр нь ахадсан санагдаж өөрийн эрхгүй гологдоод байсан нь зам нь үнэндээ ямар ч бартаагүй, УАЗ-469- ын хувьд инээд хүрмээр цагаан замын л уралдаан болсон. Тэмцээн дууссаны дараа өөрийн унаж яваа муу седан тэргээрээ тойрсон үнэндээ суудлын седан тэргэнд ч тулах, торох юмгүй байсан нь үнэндээ сэтгэлд нэг л тиймхэн. Ядаж л тэр цаана байгаа жалгаар цаашаа нэг, наашаа нэг гаргаад маршрутаа тогтоочихсон бол бас ч гэж бяцхан сонирхолтой л болохоор байсан. Сэтгэл байсан бол тэр жалганд зохиомлоор шавар- намаг үүсгэхэд л жинхэнэ утгаараа сонирхолтой болох байлаа. Миний хувьд шүү дээ, ер ь бол дахиад Баруунтуруунд уралдаан болно гэвэл зүглэх ч үгүй, ердөө л цаг завын гарз болохын учир тэр шүү дээ.

Харин Уластайд гэвэл хамгийн түрүүнд гүйгээд хүрнэ л. Учир нь Улиастайн раллийн зам бол ёстой цаанаасаа байгалаасаа заяасан газар гэмээр. Баруун урд уул нь тэр чигээрээ байгал ээжийн бэлдэж өгсөн зеритль л гэсэн үг. Хэдэн мянган хүн ч эгнээд суусан хангалттай “суудал”- тай. Бас уралдааны зам тэр чигээрээ яг л алган дээр тавьсан мэт нүднээ илхэн. Барианы тэрүүхэн доор буюу зеритлийн зүүн доод талын жалга өөрөө устай, жинхэнэ авто хүлгийн чанарыг шалгаж сорьдог байгалын сорилго л гэсэн үг. Эхний хэдэн тойрогтоо тэрэгнүүд энерцээрээ гараад явчихдаг бол аяандаа идэгдсээр өөрсдийн чадал, авхаалж самбаагаараа туулах уралдаанчид сүүлдээ ховордож ихэнх нь том тэргээр чирүүлж гараад цаашаа уралдааны замаа хөөдөг нь цаанаа л тэмцээнийг үзүүштэй болгодог л.

Мөн тухайн үедээ радио узелийн тийм сайн техниктэй байсан юм уу, эсвэл байрлал нь үзэгчиддээ шууд хүрэхээр байсан ч юм уу ямар боловч уралдааны явцын талаар шууд мэдээлэл чихэнд хүрдэг л байсан санагдана.
Энэ удаагын Хурд- Мастер кросс дөрвөн гараатай. Эхний хоёр гарааны болон сүүлийн хоёр гараанаас түрүүлсэн тамирчид хоорондоо хоёр гараанд хурд хүч, авхаалж самбаагаа сориод шалгарсан тамирчид финалд өрсөлдөж аваргаа шалгаруулсан. Ямар боловч эхний гараанд ОУХМ Д.Болдбаатар түрүүлж финалын уралдаанд 12 дугаатрай Халиунболд түрүүлж, 68 дугаартай Гомбодорж удаалж 24 дугаартай ОУХМ Болдбаатар гуравт орж дараах хоёр байрыг 70дугаартай Сод-Эрдэнэ болон 40дугаартай Батбаатар нар эзэлсэн.

Ямар ч байсан өчигдрийн өдөр тэнгэр хангай сайхан байсан болохоор хээрийн эрүүл агаараар амисгалангаа моторт хүлгийн тоосонд дарагдаж чихнээ хүнгэнэх моторын дууг сонссон шигээ нэгэн өдрийг өнгөрүүллээ. Энэ сарын хорьдоор удаах тэмцээнүүд нь зохиогдох юм яригдаж байсан, дур дураа голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэгчээр бас л дагаад далдаганах байхаа даа, би гээч хүмүүн...

 {gallery}fotomedee/khulgiin_toos2014{/gallery}

Сартуул Б.Бат-Эрдэнэ. Төв, Баруунтурууны даваа 2014-06-08


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.