04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

ЧАРГА

Хоёр дугаар ангид ордог зун манай сургуулийн урд талаар дулааны төвлөрсөн шугамын нүх ухаад төлөвлөсөн хугацаандаа ажил нь амжилгүй өвөл болгоод дулаан орох урин дулааныг хүлээн ажил нь зогсов.2 метр орчим гүн, 4 метр өргөнтэй нүхний хажууд нь овоолсон шороо. Хэсэг яваад хурд сааруулагч бууруулагч трансорматорын тохойрсон дөрвөлжин нүхнүүд. Яг энэ хэсгүүдийнх нь овоолсон шорооных нь оройгоос нь ёроолыг нь хүрсэн арав гаруй метр налуунууд байх.

Өвлийн анхны том,том ширхэгтэй будран хаялсан зөөлөн цасаар байлдаж тоглон, хэн нэгнийхээ нүүрийг угааж, цасан өвгөн хийж наадсанаас хэд хоногын дараа нөгөө налуунууд гулгуур болж хувирав. 1970-аад оны дунд үе хүртэл ихэнх сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг байлаа. Ахлах ангиуд өглөө 8-аас нэг арван тав хүртэл, дунд ангиуд орой нэг гучаас, харин бага ангиуд завсараар нь бага үд дээр 11 цагаас хичээллэдэг байлаа. Сургууль хүртэл тавхан минут алхаад орчихдог ч аав, ээж ажилтай, ах эгч нар хичээлтэйг далимдуулан эрт гарч сургуулийн зүг чавхдана. Хичээл, сурлагандаа яараагүй сургууль дээр очиж амжиж хүүхдүүдтэй бужигнаж авах л гэж тэр.  Хүүхдүүд гулгаад л...Би жаал биеээ барьж зогсоод аргаа барж байтал нэгэн мэргэн арга толгойд харван ороход Архимедийн алдарт "ЭВРИКА"-г хашгирсаар цүнхээрээ чарга хийн харван буулаа. Нэг хэсэг биеээ хүчлэн барьж зогссоны учрыг та бүхэндээ одоо тайлж хэлье. Дотоодын үйлдвэрийн наалт, хадалт муутай ч "ЧАНАР"-ын тэмдэгтэй боловч үнэндээ чанаргүй гутлаараа уллан гулгаад хоёр, гурван удаа хоол нэхүүлэн шүд /Хадаас/-ийг нь ярзайлган ороход аав минь өөрөө хоёр ч удаа нааж, хадаж өгөөд сүүлчийнх дээр нь гуталчинд очиж зан тавиулж өгөөд буцах замдаа "Одоо дахиад ханзарвал хохь чинь шүү! Хөл нүцгэн явна уу, яана уу бидэнд хамаагүй шүү!" хэмээн хатуу сануулсан болохоор тэгж биеээ барьсан хэрэг л дээ...
...Миний ШБОС /Шинэ бүтээл, оновчтой санал/-ыг үеийн анд нар маань тэр доор нь хэрэгжүүлэн бөөн чаргачид бахаа ханатал гулгаад хичээлдээ орцгоов. Цүнхний ар тал гулгасан талаараа сараачигдан зурагдсан ч үүрдэг талаараа болохоор нүднээс далд учир нэг их онцын ач холбогдол өгсөнгүй. Харин ч хичээл ч эхэлж амжаагүй байхад "Хичээл хурдан дуусаасай, гарч сайхан гулсах юмсан" гэж бодон дэвтэр номоо гаргахаар цүнхээ нээтэл...Юу вэ? Бөөн л цэнхэр, ягаан эрээн цоохор дэвтэр, номнууд өмнөөс өнгө алаглаж угтлаа. "Дөрөв"-ийн үзэг минь голоороо хугараад, савтай бэх минь хагаран асгарч дээр нь завсар зайлхайгаар нь чихсэн цас хайлаад балардаг юм даа. Ангийн маань хоёр ч анд надтай адилхан байдалд орчихсон нүд нь бүлтэгнэн, нэг нь бүр нулимс нь дусалж байлаа. Нөгөө ангиудаас хэдэн алдрайхан тийм байдалд орсоныг тэрүүхэн үедээ бид мэдээгүй ч хичээл тараад багш нарын хурлаар орж, хорин нэгүүлээ байснаа мэдлээ. Багш нар янз бүрээр асууж, шалгаасаар хэргийн эзэн, хэнгэргийн дохиурыг тодруулж эцэг, эхтэй "ХАРЬЦАХ ДЭВТЭР"-т минь алтан мутрынхаа бичээсийг үлдээсэнээр хоёр хонго минь урьдчилж хорссоор гэрийн зүг хөлөө дааж ядан гэлдэрсэндээ, би...
Ай даа, гэнэн цайлган алдрайхан нас минь ганцхан цаг ч болов эргэж ирдэгсэн бол би тэрүүхэн хормыг ашиглаад чарган цүнхээ барин сургуулийн зүг жадгадана даа...

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай 2007-08-31 /Маргааш хичээлийн шинэ жил эхлэнэ/ 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.