04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

ЭР ХҮНГҮЙ АЙЛ /Харуусал/

Эх орноос минь, эхнэрээс минь, эгч нараас минь эмгэнэлт мэдээ шил, шилээ даран ирлээ. Элэг эмтэрч, эр бие минь суларч өөрийн эрхгүй хийж байсан ажлаа орхин нэг хэсэгтээ л гэгэлзэн нулимс дуслуулаад бага боловч тайтгарсаны дараа эргүүлэн залгалаа...
Монголчууд маань эрт дээр үеэс билгийн буюу сарны он тооллоо жаран жилээр үечилж ирсэн нь ямар нэгэн маш нарийн утга агуулгатай л байж таарна. Би зурхайч биш болохоор тэр талаар ямар нэгэн мэдлэггүй. Бас хорин таван жилийг нэг үе гэж үздэг. Энэ тал дээр дээшээ, доошоо 12 жил нь нэг үе болдог гэж сонсож байсан юм байна. Миний мэдэхийн л монгол хүний дундаж нас жар гэж сонсож байсан болохоор миний аав, ээжийн үе өнгөрөөд бидний буцах үе эхэлж байгааг, хүний амьдрал богинохон шүү гэж сануулан харанга дэлдэж эхэлж буйг ухаарлаа гэх үү дээ.
... Хүргэн маань, том эгчийн маань нөхөр ердөө л дөчин еснийхээ жил дээр үр хүүхдүүдээ өнчрүүлэн, найз нөхөд, хамаатан саднуудаа уйлуулан өвчний учраас хорвоог орхин оджээ. Ойр дотныхоо сэтгэл нийлэн амьдралд нэгэн зорилго агуулан, мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, зүтгэж явсан хүргэн ахыгаа цагийн эрхийг сануулан өнгөт хорвоогоос халин одоход харамсахгүй, гашуудахгүй байхын аргагүй...

Гэтэл дээрээс нь эгч минь үг алдан намайг бүр нэрвэж орхив оо. “Манайх чинь эр хүнгүй айл болчихжээ. Гэнэт ажил явдал гараад цугласан чинь дандаа хүүхнүүд, юу хийх, яахаа мэддэггүй...” дотор харанхуйлан үг ч гарахаа байн “Нөгөө Батсайхан хаачаа вэ?” хэмээн цахиртууллаа. “Ах та хоёрт хэлж зүрхлэхгүй байсан юмаа, миний дүү чи юм, юм үзсэн ид насны эр хүн шүү. Биеэ бариарай даа, цаадах чинь гэрээс гараад сураггүй болон хагас жил болж байна”...
Эцэг эхээс бид чинь наймаас долуулаа өссөнсөн. Зулай дээр нь гишгэж төрсөн хоёрхон дүүтэй хүн шүү дээ би чинь, дүү минь чи хааччихваа? Чи минь үхсэн, амьд нь хамаагүй хаана байнаа? ...
Одоогоос жил хагасын өмнө /2006 оны наадмын гурав дахь өдөр/, хүн бүр баярлаж цэнгэж байсан наадмын гурав дахь өдөр хүчит бөхийн арвын даваа эхлэх гэж байсан яг тэр үед ийм явдал болсон юм. Ах маань хөгшин европт, дүү маань Сеулд би энд, гурван эгч маань л нутагтаа голомтоо сахин үлдсэн байлаа. Нас биед хүрсэн эр хүн, ид насандаа гучин долооныхоо жилэн дээр хаашаа одов оо?

Эмнэлэг, цагдаа, шорон орон, траншей танк... Эрээд, сураад, хайгаад олдсонгүй гэх. Траншей, шорон оронгоор хайх нь аргаа л барсан, цөхөрсөн хүний ажил. Өглөө болгон ажилдаа явлаа гээд л инээгээд гардаг, орой нь ядарсан, заримдаа халамцуухан инээд алдаад л орж ирдэг дүү минь, тэр өдөр эргэж ирсэнгүй... Маргааш нь ч ирээгүй, бүүр тэр чигтээ ирээгүй гэнэ. Дүү минь, чи минь амьд уу? Яг хоёр жилийн өмнө энэ л өдөр гэрээс гараад сураггүй болсон юм гэсээн.
Халхын минь амьдрал харанхуй байна даа, гэрэлтэх өдөр ирж л таараа. Одоо нутагт минь хоёрхон эгч минь л үлдсэн. Манайх эр хүнгүй айл үлдэж байхад, бас эм хүнгүй айлууд ч мэдээж олноороо байгаа. Миний мэдэхийн л энд эгч дүү дөрвөн хүүхнүүд байсан л юм, нөхрүүд нь нутагтаа. Тэднийх эм хүнгүй айл л болж таараа.

Мянга, мянган монголчууд маань амьдралын эрхээр гадагш тэмүүлсээр л. Сая хориодхон хоногийн өмнөхөн Солонгост зуу гаруй залуус харлаж үлдлээ.Огт хүнгүй Монгол болчихвий дээ. Боловсон хужаа Хангүг, бодлоготой хужаа, хар хятадын шаахай төрсөн нутгийн минь хөрсийг туучиж байна гэнэ. Хар мөр нь он солигдох мөчид 12 эрдэнэт хүмүүний амийг авч одлоо. Араас нь дал, наян хүн хордлоготой гэнэ.
Тиймээ, бид бүгдээрээ буруугүй буруутнууд!
Нийгэм солигдоход зоригтой идэж чадаагүй дээ бид харь нутгийг зорьж хүний газрын шороо идэж, хүнд ажилд нь нухлуулан харьд шигдэж байгаадаа бид буруутан.Идэж, уугаад дээшээ гарсан эрхэмсэг дээдсүүд хамгийн гол буруутнууд.
Уут, уут мөнгөөр
Улсаа худалдаж байна, тэд нар
Богц, богц мөнгөөр
Богдоо худалдаж байна, тэр дээдсүүд маань.

Архины бизнес хэнийх вэ? Ажлаа хийгээд, архиа уугаад явж байгаа энгийн л нэг борчууд уу? Аль эсвэл эх орноосоо алслагдсан харьд хараар зүтгүүлж байгаа бид нар уу? Баяр болох гээд амьтан ах дүүд амсуул гээд гуравхан шил виски илгээмжинд хийхэд илгээмж хүлээж авдаг гаалийн түшмэд ямар олон юм бэ гээд хүчээр зодоод татвар авчихаж байна гэнэ. Энэ холоос тэр өндөр үнэтэй илгээмжинд хийсэн гуравхан шил вискинээс би ашиг олох юм гэнэ дээ. Яруу алдарт гаальчдын алдар бадрах болтугай! Ард иргэдээ ингэж л хамгаалах ёстой, ёстой мундаг. Тийм болохоор бид биш. Арван долоон чингэлэг спирт гээд л сүр дуулиан болоод л байсан, сүүлдээ сураг чимээгүй л болсон.
Элит царайлсан идэмхий муусайн дээдсүүдийг яалтай ч билээ. Эх орныг минь, ард иргэдийг минь хордуулж алж байгаа энэ архины бизнесийн нууц ноёнтнууд нь дандаа л тэд нар байгаа шүү дээ. Доодохыг нь долоочих шахан гүйлдэх гаальчин Баагийнууд ч тэдний л гар хөл шүү дээ. Жирийн л нэгэн ажилчин хүний хүүхэд гаальчин болсон түүх байхгүй л байдаг байхгүй юу.
За яах вэ, цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Цагийн салхи нэг л эргэхэд бүх юм орвонгоороо эргэж байр, байраа олох цаг ирнээ. Бид ч харина, эх орондоо. Ихийг бүтээх хүсэл иргэн Монгол хүнд байгаа шүү, эрхэм дээдсүүдээ!
 
С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-01-06  /s_b_bagi@yahoo.com/
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.