04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ӨР ТӨЛӨГЧ-тэй хийсэн ''АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА?'' Ярилцлага №1

За ингээд Наран нутгийн тэнгэр доор ганцаардсан сэтгэлээ хуурч ганц, нэг юм сараачсан нь уншигчдын санаанд хүрч, сэтгэлд нийцэв бололтой. Бийрбэх-д оруулсан бодрол маань ОРЛОО-д тууж явааг хараад гайхан төгсгөлийг нь харвал нэр устайгаа, авсан эх сурвалжтайгаа байгаад нь сэтгэл амран өөрийн сэтгэгдлээ үлдээснийх ОРЛОО БАГ-ынхантай холбоо тогтоогдлоо. Харьд амьдарч байгаа хүмүүсийн тухай нийтлэл хийж байгаа, та боломжтой бол Наран нутагт ажиллаж, амьдарч байгаа хүмүүстэй ярилцлага хийж өгөөч гэж хүссэнд уншигч олноо хүндэтгэхийн учир татгалзаж чадсангүй. Ингээд ямар ч байсан үзээд алдахаар шийдэж эхнийхээ хүнтэй утсаар яриад уулзсан тухайгаа өгүүлсүү. Урьд өмнө жирийн л найз, нөхөдтэйгөө ярилцаж явснаас ярилцлага авч явсан удаагүй учир алдсан, оносон аль, аль нь л байгаа байх, эрхэм уншигчид болон ОРЛОО БАГ-ынхан өршөөх ажаам уу!
 
...Хүнд ам алдчихсан байдаг. Хэнээс эхлэх вэ? Газрын ойроос л эхэлье гэж бодон цалингаа буухаар сардаа нэг удаа уулзаж бие, биесээ дайлж өрөө төлдөг хоёр нөхрийн ойрынх руу нь утас цохилоо.
-Хай, мооши, мооши? /Байна уу, байна уу?/ За ажил тавлаг уу, сонин дуулгах юутай байна даа?
... Өө ахаар нь юмгүй дээ, ажлаа хийгээд л байж л байна.
... Чи нэг наашаа жийх үү?
... Үгүй яах вэ дээ, ганц нэгхэн пиво ууж жаал буу халах уу?
... Ирэхээс нь өмнө диктафоноо /Надад ямар юмных нь диктафон байх вэ дэ? Хөгжмөндөө 90 минутын хуурцаг хийж ширээн доор бэлдэж тавьсныгаа л бүлтэрч байхгүй юу/ ойртуулчихаад ярилцлагаа яаж эхлэхээ бодон гайхширч суутал манай хүн ч ирлээ.

- Өө, ямар хурдан жийгээ вэ? За дээшээ суу, хүйтэн пиво залгил даа ! Хоол идэх үү?
- Өгөөд үз л дээ, идэх нь үү, яах нь уу харахгүй юу. Хийх юмгүй уйдаад, яг унтдаг юм уу гэтэл та уруу татчихлаа.
- Ах нь ч бас уйдаад л. Тэгээд л хань татаж байхгүй юу. Жаал пан гөрье л дөө. Эндээ хоночихоод өглөө явахгүй юу даа хө...
...-Чи чинь хэзээ ирлээ?
- Жил гаран л болж байна. Яагаа вэ, өнгөрсөн жил таныг хоёр арүбаетны хүүхэд авчирж өгөхөд би дөнгөж ирээд долоо л хонож байсан шүү дээ.
- Аа, нээрэн тийм бил үү? Цаг хугацаа ч гялс юмаа. За тэгээд Наран нутагт аль хир дасаж байна даа, амьдраад байж болохоор байна уу?
- Авгайгаа авчирчихвал ч амьдраад байж болохоор л байна.

- Хүний үгэнд орж бай ! Хүн хэлээд байхад, сая тэр Кёкшю-Зан-аар л оруулж ирэх байсан юм.130 хүн харласан гэж байсан, 131 болгох ёстой байсан юм даа уг нь.
- Харин тэгдэг л байж. Дөнгөж өрөө төлж дуусч байж эргүүлээд 7000 ногоон арай хатуудаад байсан юмаа. Одоо бодоход хусдаг л байж.
- Чи 6 сард өрөө төлж барсан юм уу? Хэдээр орж ирсэн билээ? Нээрээ хаагуур яаж орж ирсэн юм бэ?
- Осакагаар, би гайгүй шүү 5500 ногоонд л. Лааг гонж, монж болж занги шаасан /Яг нөхрийн өөрийнх нь үгээр аваад хаялаа, өршөөх ажаам уу!/ гар бөөн сэлбэг дарахаар ирсэн чинь ингээд голорчиховоо гэж.
-Яагаад голрох гэж, харлахгүй төлөвлөгөөтэй байсан юм уу? -Яалаа гэж дээ, харлах л гэж ирж байгаа нь тэр байхгүй юу.

- Тийм дээ, хүн бүхэн нээрээ лаг, лаг босс царайлаад, нэг л номын жентельмен л орж ирдэг дээ. Ах нь ч бас солих ч хувцасгүй шахуу бас нэг гонжуум, ялааны алуур /зангиа/-аар гангарч дипломат барьсан амьтан л ирж байсан юм. Халуун гэж лүд шиг, буугаад л урсахыг ч нэг үзүүлж өгсөн дөө. Хоёул хөгжилдөн жаал инээлдэв. Би ч байцаалтаа үргэлжлүүллээ.
- Тэгээд чи ийм гайгүй ажил дээр амралтгүй ажиллаж байж иймхэн мөнгө /Хэ-Хэ, хүнийг хэлэлтгүй өөрөө ч энэ байтугай удаж байж өрөө дарсанаа мэдэхгүй би мөн том авч байнаа?/ яасан удаж төлж байх юм бэ? Чинийх чинь өдрийн хэд билээ? Хаалтгүй орсон гээ биз дээ?
- Энд чинь манай дүү ажиллаж байгаад намайг өөрийнхөө оронд оруулаад өөр тийшээ явчихсан юм. Анх зургаагаар /6000 иен/, одоо бол долоо гурван зуу.

- Байр хэрэглээ чинь юу билээ? - Байр ман /түм/ шүү дээ, татвар газ хоёр нийлээд бараг л ман болчихдог юм.
- Гурван долоо хорин нэг гэхэд бараг хорь гар дээр чинь ирдэг юм байна шүү дээ. 14-15 түмийг явуулчихдаг гэвэл 5 хагасыг бол 3 дахин төлчихөөр л болсон байна шүү дээ. Айн?
- Ээ, Баагий ах минь. Хамгийн ихдээ л 13 түмийг л явуулж байсан. Яаж 14-15ыг явуулж чадах вэ дээ? Угаасаа ар нь нимгэн улсууд чинь тал, талаас зулгаах улсууд бас их байх юм байна шүү дээ. Дээр нь цаг тулчихаад хүүтэй мөнгө хусчихсан чинь бас овоо хэдэн бор юм илүү төлөөд л... - Би чамд хэлдэг шүү. Тэр найз нөхөд, ах дүү нараа таг март гэж. Чи гэр бүлээ л гэж бодохоос тэр болгоныг, мөнгө нэхсэн бүхнийг болгоод байна гэж бодвол насаараа энд байгаад ч барахгүй шүү ! Би чамайг дугааргүй дуудлага, холын дуудлага бүү авч бай, өрөнд орно шүү. Гэр лүүгээ өөрөө залгаад ярьчихаж бай гэж мөн олон удаа хэлсэн дээ?

- Харин тиймээ. Утас дуугарахаар нь тэсэхгүй авчих юм. Тэгээд л өрөнд орчихоод байх юм даа.
- Аваад бай, яриад бай, өрөнд өөрийгөө хийгээд бай ! Цаад Халхад байгаа хүмүүс чинь биднийг зүгээр л жаргаж суугаад л бөөн, бөөн мөнгө цохиод байдаг шиг л санадаг юм. Энд байгаа хүн иддэггүй, уудаггүй хэрэглэдэггүй л юм шиг бодохыг нь яанаа, дургүй хүрмээр шүү. Анх ирсэн жил ах нь ч бас тэгж гэнэдэж л байсан юм.
- Та нээрээ намайг "Өндөр бурхан" үзүүлэх юу болсон бэ?
- Чи амрахгүй, би амрахгүй болохоор чинь хэзээ явах билээ дээ? Тохирч байгаад нэг өдөр амарч гадуур жаал хэсэх үү?
 - Тэгье л дээ, харин хэзээ?
- Харин хэзээ вэ дээ? Дээр дүүгийндээ очино гээд байсан очсон уу?

- Үгүй ээ, би хүнээр л хөтлүүлэхгүй бол хаашаа ч гарч чадахгүй шүү дээ. Ирээд л энд хэвтчихсэн юм чинь. Азаар арүбает гарч тантай танилцаагүй бол бүр ч хэцүүдэх байсан байхаа. Эзэн дурактай л сард ганц гарч Гайнц /CAINZ HOME/-аас баасаа цуглуулдаг байсан та өөрөө мэднэ шүү дээ. Та өөрөө ярьдаг биз дээ, ирсэн жилээ шувуу идэж, шулганаа яриагий нь ойлгохгүй зовдог гэж. Харин ч би бэлэн юман дээр ирсэн болохоор гайгүй шүү. Нөгөө энэ зун баригдаад явдаг махны Батаа ах сардаа нэг удаа мах авчраад өгчихдөг байсан болохоор үнэндээ дүү нь шувуу идээгүй ээ.
- Тэр Батаагийн чинь мах /хэ-хэ, Батаагийн биш Батаагийн авчирдаг мах шүү/ ямар үнэтэй байдаг юм бэ?
- Татсан нь 2500-4000 / Энэ нь 10кг-аар савласан/ хүртэл гурван янзын үнэтэй, цул нь хамгийн хямд нь 4500 шүү дээ. Та махаа хаанаас авдаг юм?
- Өө, би ч шууд л Гайнзаас үнийг нь харж байгаад л авчихдаг юм. Энэ тэр хүн, амьтан царайчилж явах гэж гай, гай.
- Тэр ч бас тийм шүү, эзэнтэй явахаар нэг л яарч сандраад, хирхэндээ л юм мартчихгүйг... гэснээ гэнэт дуу алдан: - Өө яанаа, хэдэн өндөг чаначихаад усанд сойж байсан чинь усаа хаахаа мартчихаж. Хоёулаа замаараа эмээгийн дэлгүүр /Хөдөө газруудад байдаг хувийн жижиг дэлгүүрийг манайхан ингэж нэрлэдэг юм/ -ээс хэдэн пиво нэмж аваад манайд очиж хонох уу?
- За тэр ус яавал гэж, гоожоод л хононо биз. Тэгээд ч танайд удаан суух ч мөн анхилуун шүү. Нээрээ чи одоо тэр үнэр танартаа дасчихаад тоохоо больчихсон уу? Чи яг юугий нь хийдэг юм бэ? Баас л арилгаад байх уу?
 
- Хн, бүгдийг нь л хийнэ шүү дээ. Танэн цүкэ /гахай хээлтүүлэх бололтой/-нээс нь авахуулаад төрсөн тоорой засах, шүд, сүүлий нь тайрах, өвдвөл тарих, эдгэхгүй бол алаад гаргаж хаях гээд байр, сав угаах бүгдийг нь л хийнэ шүү дээ.
- Эзэн чинь?
- Яг адилхан зэрэгцээд л дайрна даа.
- Тэр шүдийг нь авдаг нь яаж байгаа юм бэ?
- Хоёр соёогий нь л авдаг юм. Ердөө төрөнгүүт нь л засаад, авчихдаг юм.
- Гахайгаа яах вэ? Өөрсдөө аваачиж өгөх үү?
- Үгүй, нэг дэх, дөрөв дэхэд туракнууд ирээд аваад явчихдаг юм.

- Зиаг, тийм байдаг юм байж. Авгайгаа татаж авч чадахгүй юм чинь эндээсээ нэг сэтгэл нийлэх юм олж авах юм уу?
- Аа,ха-ха-ха. Гэрээс гарахгүй би хаанаас тэр авгайгий чинь олох вэ дээ?
- Чи тэгээд гэрээс гардаггүй байж сардаа явуулж байгаа мөнгө чинь бага л байна даа. Чи тийм хямдхан мах авчихдаг юм бол хоолонд үсрээд л 2 түм хэрэглэнэ. Утсанд үсрээд л ман биз дээ?
- Өө яалаа гэж, 2 түм бол энүүхэнд. 4 түм хүртэл гарч баларсан шүү дээ.
- Үлийгээ хийж задгай /Дараа төлбөрт/ баринаа? Чи ямар утсаар мөнгө хийж байгаа биш кадо /картны/ л хавааск шүү дээ.
- Уг нь ч тийм л дээ. Яг сайхан ярьж байхад л дуусчихдаг болохоор нь л эзэнд хэлсэн чинь аваад өгчихсөн юм. Карттайгаа л байдаг байж.
- Хн, мундаг эрээ бас. Доороо боовтой, догь эр ээ гэж. Ирээд 4-5 жил болсон би хүртэл задгай утас автлаа баяжчихаагүй байхад сард 4-5 түмээр яриад л мундаг юмаа.
- Одоо энэ сар бариад л хаалганаа.

- Эзэн гэснээс танай эзэн аль хир хүн бэ дээ?
- Залуу эзэн ч гайгүй ээ, том эзнээс л жаахан жийрхээд байдаг юм.
- Япон эзэд ч зэвүүн дээ, сайн нь ч сайн л даа, цаанаа нэг ёозгүй гэж үг мэдэх үү? Том эзэн гэж? - Энэ надтай ажилладаг чинь хүү нь, том нь аав нь байхгүй юу даа. - Аан, тэгвэл танайх чинь залуу эзний нэр дээр байдаг ч хамаг юмыг нь аав нь л мэдэж, зохицуулдаг л юм байна шүү дээ.
- Харин тийм, яагаад тэгдэг юм бол доо?
- Яах юу байх вэ, эцэг жар гарчихсан л байхгүй юу. Тэгээд л хуулийн дагуу хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн ч нидэр дээрээ эзэн хэвээр байгаа нь тэр байхгүй юу даа. Нас нь хэдий хирийн юм болоо?
- Залуу эзэн одоо 53-тай гэсэн тэгэхээр дал гарчихсан байхаа.
-Айн, үнэн үү? Ах нь танай залуу эзнийг 30 гаран 40 шахуу л насны гэж хараад байдаг юм.

- Энд аль зэрэг удъя гэж бодож байна даа?
- Уйдаад, өөр ажилд ордог ч юм уу гэж бодоод л байна.
- Чи тэнэг үү? Гахайны ажил чинь мөрөөдлийн ажил байдаг юм даа дүү минь. Чи ирээд л бэлэн юман дээр буучихсан болоод л тэгж галзуурч байгаа юм даа. Чамайг ганц өдөр ногооны ажилд зүтгүүлээд өгвөл чи ёстой дахиж ингэж дуугарахыг чинь харах юмсан.
- Ганцаараа байх чинь үнэхээр галзуурмаар байнаа, өөр олон хүнтэй гайгүй каше /компани/ олж ордог ч юм уу гэж бодоод байх болчихлоо.
- Дэмий тал нь дийлнэ биз дээ. Олон хүнтэй газар онцгүй шүү дээ, манайхан л болсон хойно атаач, жөтөөрхүү дээр нь нийлж архидаад заваарч өгнө. Тэгээд ч олон гайжин /гадны хүн, харийн хүн гэсэн япон үг/- тай газар абунай дешёо ! /аюултай шүү дээ/
- Тэгж бодоод л эндээ гүрийгээд байгаа юм даа. Гарахаар бол аль дээр ч гарчих байсан. Ээгий ах та хоёрыг л болохгүй гэсэн болохоор гүрийгээд байгаа ухаантай.
 
- Монголд очоод гахай хийнэ /гахай үржүүлэх үү/ биз дээ? - Эндэх шиг бүх юм нь ингээд сүлжээгээр бэлэн байдаг бол ч хийх юухан байх вэ, даанч Монголд ийм биш шүү дээ.
- Залуу хүн байж яасан ч гутранги юм бэ дээ, чи бид нар л харьд сурсныгаа эх орондоо аваачиж хийж хөгжүүлэхгүй юм бол хэн хийх вэ дээ, тийм үү?
- Уг нь ч тийм л дээ, гэхдээ л...
- Гэхдээ л юу гэж?
- Юу ч гэмээр юм бэ дээ, Баагий ахаа, одоо Монголд шинээр юм хийхэд их хэцүү болчихсон шүү дээ. Тэр таныг ирж байх үеийн юм байхгүй. Баян нь хэтэрхий тасраад явчихсан, ядуус нь бол хоногийн хоолоо л арай гэж олж байгаа шүү дээ. Шинээр юм бариад авлаа гэхэд хуучцуул нь хавчиж, шахаад л ер нь хэцүү дээ, хэцүү.
- За тийм байдаг юм байж. Би аргүй, татлаагүй гээд байвал энэ эх орныг маань тэгээд хэн хөгжүүлэх юм болж байнаа? Тэр 76-н амьтан уу? Өөр, өөрийнхөөрөө санаа тавих л хэрэгтэй болов уу?
- Уг нь ч тийм л дээ, гэхдээ л...
-Үгүй чи гэхдээ, гэхдээ л гэх юм. Гэхдээ гуай ах нь чамд нэг бяцхаан нууц задалчих уу?

- Ямар нууц? - Энэ чи бид хоёрын саяын ярьсан яриа дэлхийгээр нэг цацагдана гээд.
- Үгүй байлгүй дээ? Би ширээн доороос хөгжмөө гарган хальсаа хэсэг эргүүлж хураагаад тавьж сонсговол:
- Өө, ёстой алдаг юм байна. Та тоглож байгаа байлгүй дээ?
- Яалаа гэж тоглох вэ, хүн хүнээрээ бүү хэл хүүхэд чулуугаар тоглохоо байсан энэ цаг үед ах нь юу гэж тоглох вэ гээд ийм, ийм учиртай гэж тайлбарлаж хэлж өгөөд:
- За та тэгээд ОРЛОО БАГ-ынханд болон уншигч олонд зориулаад үг хэлнэ үү, ярилцлагаа үүгээр өндөрлөе гэтэл:
- Та мөн цусгүй алах хүн шүү. Даанч тийм байхаа, ороод ирэхээр л тэнд тэгээд, энд ингээд, их хуралд ийм юм яригдаад гээд news-дэг хүн чинь даанч их асуумтгай болчихсон байсан юм. Би ямар тэр од, мод лаг гар биш юугаа хэлэх вэ дээ. Та өөрөө л нэг юм олоод хэлчих, гэхдээ нэр, мэр бичихгүй шүү ! гэснээр энэхүү ярилцлага өндөрлөлөө.

Ярилцлагыг хийсэн: С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-09-15


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.