03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

БАГЫН ЯВДАЛ: №1: "БАРБАРОС" төлөвлөгөө

       Дүрсгүйхэн багадаа цагаахнаар дэггүйтэн, зүггүйтсэн мянга, мянган түг түмэн алдрайхан жаахан үрсийн нэг байж дээ.Ээждээ зэмлүүлж,аавдаа загнуулан алган боов хүртэж үзээгүй алагхан үрсийг хайгаад ч хэн гуай ч олохгүй биз дээ. Би бол алган боовонд нугасгүй гэж болохоор нэгэн байлаа. Дуртайдаа биш хөдөлгөөнтэйдээ өөрөө ч мэдэхгүй дүрсгүйтээд л нэг л мэдэхэд алган боов хүртэх эрхээр шагнуулах болзлыг хангачихсан байдаг байж дээ.

      Сургуульд ордог жил юмсан.Яасан ч билээ /олон жилийн өмнө болоод мартчихаж,одоо санахгүй байна/ бас л нэг хэрэг тарьчихаад ээжээс гайгүй сайн жавтий хүртэв ээ,хөөрхий. Тэгэвч өөрөө үймүүлж,хэрэг тариад шангаа хүртэж байгаагаа ухаарахгүй ээжээс хариу авах "МАСТЕР" төлөвлөгөө боловсруулахаар орон доогуур мэгшин, мэгшин нулимсаа дуслуулж хэвтлээ.Муу ээж минь намайг ардаа орон доор байгааг мэдэхгүй л "Муу хүүгээ арай дэндүүлчихэв үү дээ,нялх юм шүү дээ" гэж амандаа үглэсэнээ "Миний хүү ээ,за наашаа ээждээ хүрээд ир" хэмээн аргадангүйгээр дуудна.

Би гуай ч ээждээ мөчөөрхөн,дотроо шарлахан "Тэр чигтэй бүр эргэж ирэхгүй яваад өгвөл яах болоо,уйлж унжаад бөөн юм болно доо" гэсэн мөчидхөн бодлоор өөрийгөө цатган чив чимээгүй хэвтэж байлаа. Ээж минь хэсэг байснаа гарч зоорьноос /миний багад хөргөгчтэй айл өдрийн од шиг цөөхөн байсан юм.Өвөлд орон сууцны айлууд сүүдэр талынхаа цонхны салхивчинд байрлуулсан төмөр хайрцагаар л хөргөгч орлуулдаг байсныг миний үеийнхэн эрх биш санах байхаа/ сүү оруулж ирсэнээ "Өө хө,ердөө л аягахан цайны сүү үлдэж дээ.Ганц сайхан цай чанаж ууя" гээд галаа түлж байна.Хараад байсан ганцхан шанага хүрэхтэй үгүйтэй усаар цай чанахыг үзээд жинхэнэ "БАРБАРОС" төлөвлөгөө орой руу зурсхийн ороход хоёр хөл аль хэдийн хэрэгжүүлэхээр гадагшаа жирийж байлаа.
-Давааням эгчээ,ээж таныг ирж цай уу гэж байна... -Пагма эгчээ,ээж таныг ирж цай уу гэж байна...гэсэн аман урилгыг тэр хавийнхаа айлын эзэгтэй нарт тараан баяртай гэгч нь гүйж явлаа.Харин мэдээж дараа нь ёстой нэг бахаа ханатал алган боов хүртсэн дээ. Тэгэхэд муу ээжийгээ олон авгайчуудын өмнө арай дэндүү түлсэндээ одоо хир нь харамсдаг юм.

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-04-07.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.