04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №14: АЙРАГ

Айргийн амт нь чимчигнэсэн Алтан намрын өнгө юм аа... Айраг.Энэ ганцхан үг ямарч Монгол хүний,тэр дундаа эр хүний арааны шүлсийг асгахгүйгээр өнгөрнө гэж үү дээ? 1990 оны цагаан морин жилээс өмнө айраг гээч амтат ундааг зун,намрын за зун ч гэж дээ наадмын маргааш намар гэдэг болохоор ерөнхийдөө намартаа л өрсөж ууж,амжиж цадаж авдаг байж дээ.Жил болгоны зун наадмаар л анх наадмын талбай дээр айраг анхлан амсдагсан.Хотын ойролцоо гүү барьсан хувь хүмүүстэй албан газрууд гэрээ хийж намартаа ажилчиддаа авчирч зардаг байж дээ.Төв аймгын айраг бол яагаад ч байхгүй,хотод олж үзэхгүй ховор айраг бол Төв аймгийнх.Учир нь Улаанбаатараар дүүрэн Булганы,Дундговийн,Ар,Өвөрхангайн л айраг байдаг юм.

Одоо хир нь адилхандаа.Гэвч муу нэртэй,луу данстай Шанаган тавынханы айраг үнэхээр тийм уухааргүй муу айраг байдаг гэж үү? Үгүй л байхгүй юу.Төв аймгийн Өнжүүл /Баян-Өнжүүл/,Бүрэн гээд сайхан,сайхан айрагтай газрууд зөндөө л дөө.Намар оройхондоо бол Бүрэнгийн айраг уу,ээ дээ сайхандаа.Ерөнхийдөө говирхуу сум болохоор жинхэнэ тааны айрагтай...Одоо ингээд л бичээд сууж байхад арааны шүлс өөрийн эрхгүй асгарч байна шүү.

Золиг гэж,маргаашнаас "Супа" /Супермаркет/ явж материал цуглуулж ирэн нэг сайхан айраг исгэж уухаас... Харин эрхэм уншигч авхай та "Будаач,будаач гэхээр сахлаа будах нь уу даа,энэ Баагий чинь" гэж бодов оо.

Баагий нь худлаа бүлтрээгүй шүү!Интернет гэж нэг сайхан юм байхад даян дэлхийн өнцөг булан бүрт хар,цагаанаар ажиллаж,сурч амьдарч суугаа нутаг нэгт та бүхэнтэйгээ өөрийн мэддэгээ л хуваалцъя,эх орон элгэн нутгаа санаж бэтгэрсэн сэтгэлээ түр ч гэсэн мартан нутагтаа байгаа юм шиг чимчигнэсэн айраг уугаасай л гэхдээ үүнийг бичиж байгаа юм шүү!Айраг хэрхэн исгэх жор,орц,аргыг төгсгөлд өгүүлье. ...За тэгээд цагаан сараар азтай шинэлвэл ганц нэг айлд ховрын юм,ганц хул айраг олж уудагсан.Зах зээлд шилжсэн тэр цаг үеээс хойш бол өвөл зунгүй,ерөөсөө эргэх дөрвөн цагтаа л хэзээ хүссэн үедээ айраг уудаг болж дээ.Мэдээж өвөл зунгүй гүүгээ бариад саагаад байдаг гэвэл худлаа л даа.Намар оройших тусмаа саам нь өдөр,өдрөөр багасаад гүү улам л ааштай болоод гар хүргэх ч аргагүй болдог юм чинь.

Тэгвэл намар эртхэндээ хураагаад авчихдаг юм болов уу гэвэл бас л худлаа болно.Халуун дулаан үед 3-4 хоногт хатуураад хахраад ирдэг юм чинь.Эсвэл асар том зоорь,хөргөгч хэрэглээд байдаг юм болов уу?Зардал өндөртэй,ээ дээ үгүй л болов уу? Тэгвэл ямар аргаар дөрвөн цагийн эргэлтэнд шинэхэн айраг байлгаад байнаа? Одоо байдаг үгүйг би мэдэхгүй юм.Өдгөөгөөс 4 жилийн өмнө Вокзал /Улаанбаатар өртөө/ -ын ард нэг цагаан идээний зах байсан юм.Нэрийг нь мартчихжээ,би тэндээс л айргаа авч уудаг байсан юм.Өвөл,зунгүй айраг бялхуулж байдаг нэг арга бол одоо юу ч гэмээр юм бэ дээ,хулхи айраг гэх үү дээ.Тиймээ,ХУЛХИ АЙРАГ гэж хэлж болох юм байна. Анх Японд ирсэн жилийнхээ намар хими цэвэрлэгээнд ажиллаж байгаад айраг исгэлээ.Яг л 3 хонодог юм.Гурав дахь өдрийнх нь үдийн цайнаар таньдаг хоёр Баагий ирж уулзлаа.

Машинд нь хэд,хэдэн шинэхэн сонин харагдана.Ганц сонин өгчих гэсэн чинь зангүй шүү.Тэгэхээр нь аргаа өөрчлөн "Орж ганц,ганц аяга айраг уугаад гар даа" гэтэл хоёулангынх нь нүд бүлтэрчихвийдээ гэмээр болж ирсэнээ зэрэг,зэрэг "Айн?" гэж дуу алдлаа.Би ч инээмсэглэн "Та хоёр буруу дуулаагүй ээ,орж айраг уугаад гар даа" гэхэд сая намайг дагаж орлоо.Тос нь хөвж /тарагнаасаа болдог юм шиг байгаа юм,заримдаа үнэхээр тос хөвдөг юм шүү/ шуугисан айраг хоёр,хоёр аяга ууснаа "Яасан Монголоос хүн ирсэн юм уу?" гэж байна.Би ч жаал явуулахаар шийдэж "Энүүхэн энэ доор морины богочоо /жүчээ/ байдаг юм байна.Эзэнтэй нь ТА ТА ТУНГА-даад өөрийгөө Монгол хүн,гүүг чинь сааж сүүгий нь авч байя гээд ойлгуулсан юм.Тэгээ л гэсэн юм.Жаахан ааштай болохоос биш энэ том,том томскноос чинь их сүү гардаг юм байна" гэсэн чинь нэг нь "Худлаа яриад л нөгөө Солонгост байдаг бэлдмэл найруулсан юм биш үү?" гэж их мэдэж билээ.

Явахдаа ундааны саванд нэг хийж аваад нөгөө харамлаад байсан сонингуудаа бүгдийг нь үлдээгээд 2-3 хоногоос ирж авна шүү гээд явж билээ. За ингээд айрганд нугасгүй залуус минь,наашаа суугаад,намайг дагаад цэнгэ дээ...

ЖОР Орох зүйлс: Тараг 3 литр,лаазтай өтгөрүүлсэн сүү /молоко/ 1лааз,элсэн чихэр 1-2 кг орчим,исгэгч /дрож/ цайны халбагаар 2-3,ус 5литр. Хийх арга: Усаа буцалгаад халуун бүлээн үед нь /гэхдээ хэт халуун үед нь бол дрож чинь үхчихнэ шүү!Нэг гэм нь би өөрөө дандаа баримжаагаар хийдэг болохоор тэдэн хэмийн халуун гэж хэлж чадахгүй юм байна/ тараг молокогоо сайтар хутгаж задалж хийгээд дээрээс нь 500гр орчим сахар,исгэгчтэйгээ хийгээд даарахааргүй газар тавиарай.Хучсан ч болно шүү,дааруулж яагаад ч болохгүй.Ингээд өглөө боссоноосоо эхлээд ойролцоогоор 2 цаг орчим болоод порцны халбагаар нэг сахар нэмээрэй. Анхаарах зүйл: Үе,үе хийг нь гаргаж байгаарай.Бага зэргийн хий гарчихаар нүхтэй байхад гэмгүй шүү.Сахар нэмэх үедээ зайлаад хөдөлгөчихөөд байгаарай.Орой унтах хүртлээ сахар нэмээд өглөө босоод,боссоноосоо эхлэн ойролцойгоор 2 цагийн зайтай сахар нэмээд байгаарай.Ингээд 3 дахь хоногтоо л яг сайхан айраг бэлэн болно доо.

Бас нэг анхааруулах зүйл бол би 5 литр ус гэсэн байгаа биз? Тэгвэл энд Япон молоко,тарагаар исгэхэд их өтгөн болдог учир бараг 8 литр усаар исгэхэд таараад байдаг юм.Ерөнхийдөө бол сүү,тарагаар л барашик исгэж байгаа гэсэн үг шүү дээ.Тийм болохоор магад ч үгүй таны байгаа нутагт тараг байдаггүй хоормог л байдаг байж ч болох юм.Тэгвэл орцыг нь нэмээд үзээрэй.Наран нутагт бол тараг,хоормог аль,аль нь л байдаг юм. За тэгээд айраг исгэчихээд Баагийг дуудахаа мартав аа!Цаадах чинь гоморхуу гэж жигтэйхэн,ёстой л нэг насаараа гомдох хүн шүү...

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-05-29


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.