04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

БАГЫН ЯВДАЛ:№17:БҮТЭЛГҮЙ МӨРДӨГЧИД

/Анх “А” үсэг заасан ачлалт багш Тогоод зориулав/
 
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан гурван оны намар манай ангид час улаан үүрдэг цүнх үүрч, гэзгээ хоёр салаалан модойтол нь сүлжээд хоёр үзүүрт нь ягаан өнгийн тууз цэцэглэн боосон нь яах аргагүй “Урт оймст Пеппи” –г санагдуулсан содон охин шилжин орж ирэв ээ. Нэр нь Алтанцаг. Содон харагдахын учир нь тэр үед хүүхэд бүр хэвлэчихсэн юм шиг дотоод үйлдвэрийн хар савхин цүнх барьдаг, ганц нэгхэн офицер цүнх болон үүрдэг цүнхтэй хүүхдүүд бол хачин дэгжин харагддаг байсан тийм цаг үед час улаан өнгийн “Союз”  үүрдэг цүнх нүдэнд тусч, хараа булаахгүй байхын аргагүй ээ.
Хичээл эхлээд удаагүй байтал нөгөө урт оймст Пеппи маань хоёр, гурав хоног хичээлдээ ирсэнгүй. Хичээлд ирсэн өдрөө ямар нэгэн акт, бичиг баримтгүй ирсэнээр ноцтой  хурц асуудал сөхөгдлөө. Өнгөрсөн зууны далаад оны үед хичээл таслах, тэр дундаа дөнгөж хоёр дугаар ангийн хүүхэд хичээл угсруулан таслана гэдэг бол Аугаа их Социализмын Материал Техникийн Бааз байгуулж байгаа Социалист эх орны иргэн хүний хувьд айхтар хэрэг, огт байж болохгүй зүйл  байлаа. Шаварт унасан шарын эзэн Тогоо багш маань эцэг, эх хоёроо дагуулж ир гэсэн ч чихгүй толгойлон ганцаараа ирэв.

Харьцах дэвтэрт нь бичээд ч хэн, нэгэнд үзүүлж салхи оруулахгүй ирнэ. Багш маань нэг өдөр хичээл тараад мань Пеппиг дагуулан гэрт нь очихоор яваад замаасаа алдчихаад хоосон ирсэн юм байж. Маргааш нь 3-р цагийн завсарлагаанаар Саранхүү бид хоёрт аминчлан “За та хоёр одоо цүнхээ аваад гар. Би жижүүр багшид зурвас бичээд өгье. Та хоёр гараад сургуулийн баруун, зүүн хоёр талд нуугдаж байгаад өөрт нь мэдэгдэхгүйгээр сэмхэн дагаад гэрийг нь мэдэж ир!” гэсэн байлдааны нууц даалгавар өглөө...
Бидний үеийн хүүхдүүд дунд Сергей шиг чика /чекист/, Ганс Колосс шиг мундаг тагнуулч, Тенкейши ахмад шиг дайчин баатар эр болохыг хүсдэггүй эрэгтэй хүүхэд байсан гэж үү дээ. Бүтэн нэг цагийн хичээлийн өмнө гарч ирсэнийх Сараатай хоёул ярилцаад сургуулийн урд талын ногоон цехийн /3-р сургуулийн өөдөөс харсан намхан цагаан байшинд Нийтийн хоолны газруудын ногоог бэлтгэдэг цех байсан юм/ үүдний өрөөний цонхоор харж байгаад гарч ирэхээр нь хоёулаа хоорондоо арай зайтай, тус тусдаа дагах, хэрэв автобусанд суувал нэг нь цуг, нөгөө нь арынхад нь суухаар тохироод хүлээлээ.

Ногоон цехийн жижүүр өвөөгөөс хэрэггүй сонин гуйж аваад хуруугаа норгон инчдэж, имэрсээр хоёр нүх гаргаж авлаа. Уг нь бол ч тагнуултай кинон дээр тамхины галаар л цоолдог доо. Хичээл тарлаа Пеппи ч гарч ирэн хүнсний дөрвийн буудал чиглэлээ. Тохирсон ёсоор би араас нь зайдуу, Сараа замын нөгөө талаар даган мод, модны араас нуугдан шагайж бүр ч зүрх хөөргөж өгөв. Би ч мөн л модны араар нуугдан шагайгаастай... Цинийн цин, цин...Цүн, цүн, цүн цүн... Цирийн, цирийн... тагнуултай, байлдаантай киноны ноцтой хөгжим сэтгэлд эгшиглэсээр...Үйлдвэрийн автобусанд суухаар нь амжин урд хаалгаар нь чикадан ороод хартал өнөөх Пеппи чинь аль хэдийн урд хаалганы дэргэд ирчихсэн яг өөдөөс мэлийтэл ширтэн угтдаг байгаа. Бушуухан эргэж харан, анзаараагүй дүр эсгэн хаалга налан зогсоод дараагийн буудалд зогсонгуут нь үсрэн буугаад хойшоо яаралгүй алхан байснаа ганцхан харайгаад арын хаалгаар үсрэн орчихлоо.

Хүмүүсийн зайгаар сэмхэн шагайн харвал сунадаг улааны /Хоёр хаалгатай “Шкода” автобус/ моторын таг цааш харан сандайлж явахад нь овоо хар аваагүй байна гэж бодон тайвширлаа. Хойд хаалганы суудалгүй хэсэг газрын хаалтны ард нөгөө сонингоо дэлгэн барьж сэм, сэмхэн харж явахдаа арын автобус руу хартал манай нөгөө чекист маань хамгийн урд яг нөгөө Пеппи шиг урагшаа харан мотор сандайлж явахыг хараад хаягийг нь хартал “Зайсан” байлаа. Хэрэв 120 хүрэхгүй буувал ч болох, түүнээс цааш бол зам салах нь ойлгомжтой. Холбоо барих арга байхгүй гайхшаа барж явтал Пеппи ашгүй 120-ын буудал дээр буухад түрүүнд нэг мөргөлдчихсөн хүн хаширлан хэдийвээр хойд хаалганы дэргэд байсан ч араас нь урагшлан урд хаалгаар болгоомжтой буун сүүдрэвчний араар орон нуугдтал арын автобуснаас Сараа бууж ирээд нөгөө Пеппитэй чинь халз мөргөлдчихдөг байгаа. Тэгснээ бантсандаа урагшаа  гүйн нөгөө бид хоёрын сууж ирсэн “Үйлдвэр” –т суугаад яваад өгөв. Би ч ажиглах байрнаасаа ажсаар дайсны тагнуул явсаар 120-ын хүнсний дэлгүүр лүү яваад орчихов. Ажиглалтын байраа солин танктай хөшөөний дэргэдэх сандал дээр сониноо дэлгэн, хөлөө ачин суугаад аль хэдийн цоолж гаргасан шагайвраар шагайж суусаар орой болоход сая нэг гэртээ харин ээж аавд нэг сайн бангадуулж билээ.
 

Хожмоо ажилчин болчихоод гаднаас материал татаад орж ирж байгаад санаандгүй “Урт оймст Пеппи” буюу Алтанцагтай тааралдаад хууч хөөрөн үхтэл инээлдэж, биесээ шоолон унаган багын андуудаа дурсаж сайхан байсан шүү. Аманцар гэж жигтэйхэн, улаан галзуу хүүхэн болчихсон гутлын хуучин үйлдвэрт ажиллаж байхад нь тааралдсан хэрэг л дээ. Тэгэхэд дайсны тагнуул дэлгүүрийн худалдагч ажааг “Дайсны цэргүүд бүслээд /хүүхдүүд дээрэмдэх гээд/ байна” гэж панаалдаад араар нь гараад харьчихсаныг нь мэдэхгүй өдөржин өлсөж, цангаж өдрийг барсанаа одоо дурсахад эргээд хүүхэд болчихсон ч юм шиг, яг одоо Пеппигийн араас дагаад явж байгаа ч юм шиг...
 
С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-01-06  /s_b_bagi@yahoo.com/
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.