05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

БАГЫН ЯВДАЛ: №2: ШУДАРГА ЖУРАМ

/Ангийн анд асан С.Алтан-Авдарын гэгээн дурсгалд зориулав/
Жирийн л нэг өглөө,жирийнхээрээ л хичээлдээ явахаар гарлаа.Харин энэ өдөр ер бусын өдөр байсныг тэрхэн цаг үедээ мэдээгүй байсан юм.Хүүхэд бүр л өглөө болгон нэг,нэгнийхээрээ дайран нийлээд хичээлдээ явдаг тэр л ёсоороо Мөнхөөгийн гадаа очоод шүгэлддэгээрээ шүгэлдчихээд хүлээн зогстол ард тас,няс хийх чимээ гарлаа.Сониучирхан эргэж хартал арын айлынх нь гэрийн тооноор өтгөн хар утаа савсаж үзэгдлээ.

Хамгийн түрүүнд л "Яана аа,2 хүүхэд байгаа шүү дээ!" гэж бодож амжаагүй байхдаа л аль хэдийнээ цүнхээ хөсөр чулуудсаар харайлган хүрч,хашаагий нь даван орж үүдний амбаар гэрийн хоорондох банзыг суга татан хаяад орох үед нүдний буланд нэгэн хүн наашлан гүйх харагдлаа. Энэ үед өөдөөс бөөн хар утаа пүнхийн цохиж,нүүр лүү галын дөл цоргин хөмсөг,үс ширтхийн хуйхлагдахыг мэдрэн өөрөө ч мэдэлгүй доошоо унан дөрвөн хөллөн мөлхөхдөө чимээ чагнавал баруун талын орон доороос бололтой хүүхдийн уйлалдах сонсогдлоо.Зүтгэсээр хүрч очин тэмтэрсээр хөлөөс нь барьж автал тэрбээр хаяа руу тэмүүлэн ханын шийрнээс зулгаан цаашаа зүтгэхэд /13-хан насанд байхааргүй ер бусын их хүч гарсан юм/ хүчээр угз татан эргэж мөлхсөөр хаалгаар дөнгөж гартал гэр тар,нярхийн дотогшоо цөмрөн унаж галын эрч улам нэмэгдэн гутлын ул хөл,ар нуруу руу төөнөх мэдрэгдлээ."Нэг нь үлдчихлээ дээ,яанаа" гэж гаслан бодсоор өөрийн чирж гаргаж ирсэн хүүхдээ харахад эгч нь дүүгээ тас тэвэрснийг хараад "Ашгүй дээ,ямарч байсан хоёулангий нь..."гэж хальт бодоод л нүд харанхуйлан цаашид юу болсныг мэдсэнгүй. ...Ухаан орлоо. Цас шиг цавцайсан цагаан адар ширтэн хэвтэх ажээ.Хамгийн түрүүнд балчирхан насны минь гэнэхэн ухаанд орж ирсэн бодол бол "Пионерийн үнэн"сонин,"Залгамжлагч" сэтгүүлд зурагтайгаа гарч "ШУДАРГА ЖУРАМ" медалиар энгэрээ цоолох гэгээн мөрөөдлийн завсраар "Гоё доо,гоё би эмнэлэгт хэвтэж байна" гээд эргэх гэтэл золтой л уначихсангүй.Жижигхэн хавчиг өрөөнд вандан сандал дээр хэвтэж байгаагаа ухаарч амжаагүй байтал "За,залуу босч суугаад болсон явдлыг үнэн зөвөөр нь эхнээс нь ярь!Яагаад,ямар зорилготой,яах гэж айл шатаасан бэ?" гэх ширүүн дуу чухам л цохиод авах шиг боллоо.

Өндийж суугаад ажвал том,жижиг 2 нууцын төмөр шүүгээ ганц дарга ширээ,сандал /ширээн дээр миний өрөөсөн гутал байхыг хараад гайхсан гэж юу гэхэв/ болон миний хэвтэж байсан вандан сандлаас өөр хогшилгүй умгархан өрөөнд ягаан дамран малгай,цэргийн даргын хувцастай хүний өмнө байж байлаа.Хамгийн түрүүнд аманд орж ирсэн: -Нөгөө хоёр хүүхэд...гээд цааш асуух гээд хэлэх үгээ олохгүй түгдэртэл над руу духаараа харан бичгийн цаасан дээр ямар нэгэн юм бичингээ: -Хоёулаа үхчихсэн.Чи хүн алж,айл шатаачихаад... гээд ам нь ангалзан юм ярьсаар,миний 2 чих шуугин нүд бүрэлзээд ирэхэд "Яагаад ч үхсэн байх учиргүй" гэсэн ганцхан бодол толгой дотор минь эргэлдэж байлаа...

Үүнийг үл өгүүлэн яагаад намайг гал тавьсан хэрэгт сэрдэх болсон шалтгааныг өгүүлье.Гайтай зуруул,чүдэнзнээс болсон юм.Өөрөө огт тамхи татдаггүй мөртлөө ах нарыг дуурайж /янжуурны шүүлтүүрийг шатаагаад хайлангуут нь гутлынхаа өсгий ч юм уу бөөрөн дээр тавиад чүдэнзний зуруулаар дарахад гуталд зуруул нь үлддэг юм/ гутлынхаа бөөрөнд зуруул хийж,богиносгож тайрсан чүдэнз гутлынхаа дотор гадрын завсар хадгалж явснаас хардаж,сэрдэхээс өөр аргагүй болгосон байж билээ.Миний өмсч явсан хувцасны халааснуудыг бүгдийг нь эргүүлж үзэхэд ширхэг ч тамхины үйрмэг хог гараагүй нь улам нэрвэж морий нь эмээллээд өгсөн хэрэг л дээ.Хардахаас ч өөр аргагүй.Юун тэр "Шударга журам",хэд хоног нус нулмистайгаа холилдож загнуулж,зандруулж,аргадуулж,панаалдуулж аав,ээж ,багш болон бас бус найз нараа хөөрхөн чиргэдүүлээд авсан юм.Хэдийвээр "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэдэг ч бас хүний нас хүрэхгүй үнэн гэж байдаг юм билээ.
 
С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-04-09


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.