05 сарын 12, Ням
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

САЧОТАЧИ- ДАРГА, ЭЗЭД: №2: ХАР ӨВГӨН

Наран нутагт ирээд анхны сарыг үр дүнгүй өнгөрөөгөөд хоёр дахь ажилдаа орлоо. Үр дүнгүй гэхийн учир нь согтуу толгой Нагаяма сан богочооны 11 өдрийн цалин сураггүй, снааканд ажилласан 20 хоногийн цалин найман түм байх ёстой ч өдрийн хоолны мөнгө гэж новшрон суутгаад 6 түмэн төгрөг нэхэл, дагал болж байж хэд, хэд явуулж байж өгсөн юм. Таван түмийн хаалт төлсөн болохоор бүтэн сард ганцхан түмэн төгрөг л хийсэн болж таарч байгаа юм даа.
Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэгчээр эхний хориод хоногт энэ хүнийг дагаад ямар нэгэн юм горьдолтгүй байсан учир ажлаа солихоор шийдсэн минь ч зөв байсан юм.

Ингээд “Хар өвгөн” буюу “Хар эзэн”–ийд гурван сарын арүбает хийхээр болж орлоо. Чадвал жинхлээд үлдэх санаатай. Одоо хир нь би жинхэнэ нэрийг нь мэддэггүй юм. Сачо л гэнэ. Монголчууд хоорондоо бол бүгд л дээрхи хоёр нэрээр ярина. Жар дөнгөж гарч яваа жижиг, шавилхан биетэй, хурдан хөдөлгөөнтэй, гялалзуур өвгөн байсан юм. Байсан юм ч гэж, одоо ч бий л дээ. Яриа нь ч их гялалзуур, хурдан яриатай ч гайжин /гайкюжин буюу гадаадын иргэн, харийн хүн гэсэн үг. Жич өгүүлэхэд: Дээр нэг бичсэн зүйлийн маань сэтгэгдэл дээр “Япон хэлний хичээл заах гэж байгаа биш энэ япон галигаар галиглаж бичдэгээ больмоор юм” гэсэн байсан юм. Миний бодлоор тэр А- хэлтэн орнуудад амьдарч байгаа Монголчууд Yes, No, Wow гэж дуу алдан яриандаа өөрсдөө ч мэдэхгүйгээр өргөн ашиглагддаг үгнүүд байдгийн адилаар энэ Наран нутагт байгаа бидний хүмүүст ч гэсэн байнга хэрэглэгддэг Япон үгнүүд бас их байдаг л даа. Тийм өргөн хэрэглэгддэг үгнүүдийг л би байгаагаар нь бичээд байгаа ухаантай юм/ -гуудтай харьцаад сурчихсан болохоор их товчхон, ойлгомжтой ярьдаг тийм өвгөн байсан юм.

Япончууд ер нь настайвтар, биерхүү бүдүүн хүнд дургүй талдаа. Нас залуу, хөнгөн шингэн биетэй залууст их талтай л даа. Энэ утгаараа энэ Наран нутагт би ажилд орохдоо дандаа арүбаетаар орж, ажлыг нь ухандаж хийж байж жинхэлдэг байсан  юм. Тэр үед 40 шахчихсан, 172 см өндөртэй 95 кг жинтэйн учир хараад л шууд гологддог байлаа. Анх ирж байхдаа нутагт байхдаа ер нь л жолоо мушгихаас өөрийг бараг хийж яваагүйн учир ажил хийж чадах болов уу гэж айдаг байлаа.

 
Гэвч ирсэн зорилго минь ажил, ажиллах л учраас гологдохгүйн тулд биеэ дайчлан зүтгэснийх ганц ч эзэнд гологдож үзсэнгүй хөөрхий. Тэгээд ч бага залуу байхдаа нэг удаа алдсан минь миний амьдралд маш том сургамж болсон нь хаана ч явсан мэдрэгдээд байдаг юм. Тэр ганцхан жилд л хүнтэй харьцаж, хүний аргыг нь олж сурсан минь, мөн ажлыг хар муйхар хүчээр бус зөвхөн эвийг нь олохдоо л байдгийг ухаарсан минь л маш их хэрэг болсон доо.
Хар өвгөнийд хаус /Наран нутагт нэр томъёо нь их өсгөлүүн том байдаг юм.  Хүлэмжийг хаус гэж ярина/ барих ажил байлаа. Хар өвгөнийд нэг эгч хүүхэн ажилладаг байсан юм. Тэр эгчийн хүү нь дөнгөж ирчихсэн, би түүнтэй хамт ажиллах байлаа. Өглөө гарахад “Сачо ойлгогдохоор заагаад өгнөө, бүр ойлгохгүй бол наашаа ирээд асуучихаарай. Өвгөн өөрөө харагдахгүй ч байж магад. Гэхдээ “Япон хүн дөрвөн нүдтэй шүү!” гэж онцгойлон захисан юм. Түүнийг нь ч хэдхэн хоногийн дараа биеэр үзэж билээ. Хар өвгөн нэг хуучин хүлэмж худалдаж аваад түүнийгээ задалж авчран шинээр угсруулж байгаа нь тэр. Овоо том хүлэмж байсан юм.

Эхлээд 2-3 хоног зөвхөн хөрс хуулж, тэгшлэх ажил хийгээд түүний дараагаар бүх хийц төмрийг нь ялгаж салгах гэж 2 өдөр болсон юм. Энд урд өмнө бас нэг үе халуун төмөрчин гэгдэн төмөртэй зодолдож явсан минь, бас зохих хэмжээнд шугам зураг гадарладаг маань маш их хэрэг болсон доо. Би өөрөө шугам зураг зураад байж чадахгүй ч хангалттай уншаад, ойлгоод ашиглаад байж чаддаг минь л энд аминд орсонсон. Үүний дараагаар өвгөнтэй гурвуулаа суурийн хэмжилт хийн шонгийн нүх ухаж бэлдсээр дахиад хоёр хоноод сая нэг юм хаусаа босгоход бэлэн болоход өвгөн арүбает гээд нэг юм яриад байдаг бид хоёр ойлгодоггүй, би ч дотроо ажил нь ингээд дуусчихаж байгаа юм байх даа хэмээн санаа зовнин байтал дахиад арүбаетны 3 хүн ирнэ гэсэн юм байж.
Ингээд маргаашнаас нь тавуулаа болоод үзэж тарваа. 25-30 насны шижгэнэсэн гурван залуу ирлээ. Бүхээгнийхээ ард өргүүр /кран/-тэй 4 тн-ны ачааны тэрэг, ембүү /экскаватор/ хоёроор өргөх ажлыг нь амжуулан угсарч эхэллээ. Нэгэнт ялгаад, бэлдээд тавьчихсан бэлэн хийцүүд угсрах ч юухан байх вэ. Гэтэл мань залуус ам нийлүүлээд л эрэг, боолтыг нь шууд үхлүүт чангалаад явж байхыг хараад “Хүүе хө, амсуулаад, амсуулаад орхичих! Бүгдийг нь амсуулсныхаа дараа чангалъя” гэтэл “Өө, яаж тэгж хоёр ажил хийдэг юм бэ? Галзуурсан биш, нэг л хийнээ” гээд үг авсангүй нөхдүүд эхнээс нь чангалаад явж өгөв.

Уг нь бол ч ямар нэгэн төмөр хийц угсрахад эхлээд бүгдийг нь байг гэхэд хэсэг, хэсгээр нь эрэг, боолтыг нь амсуулаад дараа нь чангалж явдаг учиртай. Удахгүй нүх нь зөрөөд эрэг боолт нь амсахаа байгаад ирэхээр л нөхдүүд миний үгэнд орохгүй яах вэ дээ гэсэн шүү юм бодож байтал тэгсэнгүй. Ирээд дээд тал нь 4 жил, хамгийн бага нь л жил гаран болж байгаа сэмпай /Хууччуул/ -уудтай би ч юу ярих вэ дээ. Өвгөн ирээд юу гэх болоо гэж яс хавталзаж байтал эхнээсээ “мундай” /асуудал/ гарч эхэллээ. Шууд үхлүүт чангалаад явчихсан учир дараа, дараагийн нүх нь зөрөн, эрэг боолт нь амсахаа байгаад иртэл нэг нь “Японд байж байж, иймхэн юманд дарлуулахгүй шүү, техникээр зодноо, саандаа /цахилгаан гуранз/ -днаа!” гээд юу юугүй тайрч хаяснаа, гагнуураар торгоогоод явж өглөө. Мэдээж зарим газартаа илүү гарахад, нөгөө нэг хэсэгтээ дутахад нь төмөр оруулан гагнаад гурилдахыг харин ч нэг үзүүлж өглөө дөө...
Агаа, жинхэнэ байдалд орлоо. Яс юман дээрээ өвгөн бүх юмыг надад даатгачихсан байдаг. Гэтэл сэмпайууд ингэж хийнээ, чамд хамаагүй гээд томроод байдаг...

Нөхөр гурвын хоёр нь бол ч “Халтуурыг халтуурдаж л хийдэг байхгүй юу, хий гэснийг нь хиймэр болоод л авах ёстойгоо аваад явж байвал чамд ямар хамаатай юм бэ” гээд ер тоогоогүй юм. Сүүлд нь янзаа /раам/ зангидчихаад гялгар уутаар бүрэх болоход нөгөө аймаар халтуурдсан газруудад зарим газар нь хунирч, атираад нөгөө нэг хэсэгт нь дутаж, умайгаад үнэндээ хэцүүхэн юм болсон юм. Тэгэхэд “Хар өвгөн” 3-4 хоног огт үзэгдээгүй хирнээ “Тэр нь ажилд сайн гялалзуур, энэ нь худлаа аргацаагаад байдаг, харин тэр нь огт ажил хийгээгүй, хий эргэсэн” гээд яг бүгдийг нь байсан, байснаар нь хэлэхэд л нөгөө Эгээгийн “Япон хүн дөрвөн нүдтэй” гэдэг үг үнэн болохыг өөрийн биеэр үзэж үнэмшсэн дээ. Хожим нь өөр айлд ажиллаж байхад ч ная гарсан убажан /самган, эмгэн/ нь байшингийн булангаас тагнуулдан харж байсныг үзээд өөрийн эрхгүй шал дургүй хүрч билээ.

Нэгэн удаа хийж байсан ажлын маань ганц гол юм болох боолт нь дуусчихаад эгч хүүхэнд хэлбэл “Сая л энд явж байсан, гэртээ байгаа байх. Наад боолтоо авч ороод дуусчихсан гэж хэл дээ” гэснээр гэрт нь орлоо. Хар эзний ээж нь насан өндөр болсон эмээ нэг муу алчуур шиг юм нөмрөн дагжин чичирч суухыг хараад /Хэдийвээр 5-р сар гарсан ч бороотой байсан юм. Наран улсууд ер нь бээрэг талдаа хүмүүс л дээ/ өөрийн эрхгүй өрөвдөн тойфлийн түлшээр халдаг халаагуурыг нь асаатал учиргүй сандран “Даме, даме!” /Болохгүй, болохгүй!/ гээд араас нь баахан юм үглэлээ. Тэр дунд нь “Сачо” гээд хоёр гарын долоовор хурууг духан дээрээ эвэр мэтээр гозойлгоход нь “Чөтгөр” гэж байна гэж ойлгон гайхшраад хүсснээр нь халаагуурыг нь унтраачихаад явж одов. Эргээд эгч хүүхнээс асуувал “Тэгдэг юмаа, Батаа минь! Хамаагүй юманд нь дур мэдэж бүү хүр. Тэр хоёр долоовроо гозойлгодог чинь уурлана гэсэн үг. Байсхийгээд л энэ муу хөгшин сандаргаад түргэн дуудуулахад л эзэн хачин царайлаад:

-Энэ худлаа л даа, үхэхгүй. Баахан мөнгө па- болгоно! гээд хоёр гараа савдаг юм гэхэд нь яагаад ч миний санаанд багтаагүй юм. Нэг л тийм хүйтэн, цэвдэг улсууд байдаг юм. Тэгсэн хирнээ зүгээр нэг уралдаан тэмцээнэнцэр болно. Шалихгүй, юу гэх ч юм бэ дээ. Жишээ нь зүгээр л нэг гүйлтийн ч юм уу, аль эсвэл уртын харайлтын ч юм уу тэмцээн боллоо гэж үзье. Гэхдээ тийм том биш, юу гэдэг юм нэгэн зуслангын 5 айлын дунд ч гэдэг юм уу, хамрах хүрээ нь жижигхэн тэмцээн байлаа ч хожсон нь хожлоо гэж уйлаад, хожигдсон нь хожигдлоо гээд л нэрж өгнө дөө. Тийм уяхан улсууд уу? Үгүй л байхгүй юу! Гэвч, шал худлаа! Миний өөрийн нүдээр үзэж харснаас “Хар эзэн” л лав өөрийн төрүүлж, өсгөсөн эхийг үхэж өгөхгүй их мөнгө па- болгож байна! гээд гасалж ганихарч байсныг лав л энэ яваа насандаа мартахгүй ээ. Зайлуул тэр муу убажаныг талийгч болоход нь би ман /нэгэн түмэн ээнэ/ барьж очоогүй ч, мэддэг хүнээс нь асууж байж яавал зохихыг нь сайтар заалган очиж ёс гүйцэтгэсэн л юм.
Гэхдээ “Хар эзэн” нилээд наймааны ухаантай, сэргэлэн гялалзуур өвгөн л дөө. Дандаа энд, тэндхийн ашиглалтгүй хаясан хуучин хүлэмжнүүдийг зайлуулж өгөх нэрээр цаад эзнээс нь мөнгө авч ачиж ирээд, өөрийн газар дээр эргүүлж босгон Тай ногоо тариад аргыг нь олоод байгаа л өвгөн. Ер нь хуучин юмны хоббитой, түүнээсээ ч мөнгө унагааж чаддаг хүн дээ. Ембүү, ачааны тэрэг тэр ч бүү хэл хоёр ч дэлгүүр худалдаж аваад эргүүлээд нухаж орхисоныг нь би мэднэ л дээ. Наран нутагт өөрийн гэсэн газартай хүмүүс бол ер нь баяндаа ордог юм. Овоохон талбайтай, түүнийгээ газаргүй улсуудад түрээслээд байж байдаг ч хүмүүс бас байдаг л юм. Хар эзэн ч мөн адил зарим талбайгаа түрээсэлчихдэг байсан юм.

“Хар өвгөн” нэг Тай авгайтай, хоёр гэрээний хужаа хүүхнүүд ажиллуулна. Гурван салбартай. Хоёр дээр нь нэг, гурав дээр нь нэг тавь гарчихсан хоёр Япон гоонь эр ажиллаж амьдрана. Хоёулаа ачааны тэрэгний жолооч нар. Ажилгүй үедээ ирж бидэнтэй хүлэмж барилцана. Шими сан нь нэг тийм гудиггүй, Япон хүн гэхэд хээгүй тамхигүй болчихоод тамхи гуйгаад л сууж байна. Орой болохоор ачааны тэргээ /10 тн-ны даацтай/ унаад мань хэдийг чихэж аваад Супа /супер маркет/ явна. Энэ нь орой болоод хаахаасаа арай өмнө хоолнууд нь 50% хүртэл хямдрал зарладаг тэр үед нь мань эр хоолоо цуглуулж авдаг тийм л хээгүй хүн байсан юм. Тийм ядуу юм уу гэхээр том ачааны тэрэгний жолооч нар хангалттай цалин авдаг ч мань эр Pachinco тоглочихдог болохоор мөнгөтэй байхаасаа мөнгөгүй байх нь элбэг. Мань мэтийн гайжингуудаас л мөнгө зээлээд явж байдаг хэнэггүй гар байсан юм. Pachinco бол ер нь Наран нутагт их тархсан автомат тоглоомын газар л даа. Гэхдээ казино биш боловч яах аргагүй мөнгө саадаг л газар байдаг юм. Энд, тэндгүй л алхам тутамд тааралдана. Энэ нь хувь хүмүүсийн гар дээр байгаа их хэмжээний мөнгийг л эргэлтэнд оруулах нэг арга юм болов уу л гэж би боддог юм.

Бүр хүүхэд байхаас нь эхлүүлээд л иймэрхүү тоглоомонд дасгаад байх шиг байдаг юм. Та томхон супер маркетуудын автомат тоглоомнуудаар нь яваад нэг үзээрэй дээ, анзаарагдана даа.
Бид ч бас Шими сангын хажуугийн байранд хоёр дээр нь амьдардаг байсан юм. Заримдаа бороо орсон үед нөгөө эгч хүүхний хүү бид хоёр нэмэгдэл хүч болон өвс зулгаанаа гэж. Самбар дээр “Курянда- 20 кг, Сарана -5кг” гээд доор нь бид хоёрын нэрийг өрчихсөн байна. Энэ хоёр нь хоёулаа Тай- халуун ногоонууд. За даа маш их дургүй хүргэсэн хүнээ “Таван кг Сарана түүмэр!” гээд хараачихвал их зөөлдөнө гээд бодоорой доо! Хэт том нь болохгүй, бас бага нь болохгүй. Яг л нэг тийм дундаж навчнууд түүнэ. Түүж, түүж овоохон болгоод жин дээр тавиад жинлээд үзнэ... 150гр... 250гр... 290гр... гээд боддоо! Үнэн ахихгүй шаар даа. Ахихгүй гээд орхичихож болохгүй, цаана нь нэг зоогийн газар захиалгаа өгчихсөн байгаа... Заавал гүйцээх ёстой.

Нэг өдөр чимшо /Ажлын байр гэсэн үг боловч ерөнхийдөө контор, амралтын байр л байдаг юм/ руу ортол Хар эзэн хайч барьчихсан үсээ хайчлаад зогсож байхаар нь би маргааш засаад өгье гэлээ. Маргааш нь үсний машинаа авч ирээд үсийг нь засаад өгтөл хоёулханаа байгаа хирнээ хоёр сен /2000 иен/ гартаа атгаад нуугаад өглөө. Үүнээс хойш үсээ ургаад ирэхээр намайг утсаар дууддаг болсон юм. Ах ч амтшчихсан нэгээр нь тэдний хажууханд байдаг 1000 ээний үсчинд ороод, нөгөөхөөр нь пиво аваад уучихдаг болсон юм. Уржнан өвөл ажлаа солин энэ Ивай-д ирснээс хойхно нөгөө сен ээний үсчнийг Хар эзэнд зааж өгсөндөө. Япон хүмүүс ер нь их сонирхолтой хүмүүс шүү. Өөрийнхөө эргэн тойрны юмыг ч мэдэхгүй. Хар өвгөн нэхэд л Jusco ороод байдаг хирнээ дэргэд нь байдаг 100 ээний дэлгүүрийг мэддэггүй байсан юм. Нэг удаа хамт явж байгаад дагуулж орсноос хойш зуун мөнгөний дэлгүүрийн хоббитой болсон гэж байгаа. Бүр итгэж өгөхгүй гайхаад байсан юм. Үнэхээр юу ч авсан 100 ээнэ юм уу гээд дахин дахин надаас лавлаж асуугаад, дараа нь худалдагчаас нь асууж байж үнэмшссэн гэж байгаа.

Тэгсээр долоон сар гарлаа. Наадмын өмнөхөн яалт ч үгүй хоёр ч бүтэн, нэг хагас өдөр амарч таарлаа. Дөнгөж ирчихээд хөлөө олох гээд сандарч байгаа хүнд бол ч бөөн гарлага л даа. Гэтэл эгч хүүхэн, хүүтэйгээ бас нөгөө гурван арүбает хийдэг залуутай нийлээд бүгдээрээ Ханамаса- гаас хонины гулууз авч хорхог хийнэ, архи дарс... гээд бөөн тооцоо болсоноо нэг хүнээс шалихгүй мөнгө “Долоохон сен” /7000 ээнэ- далан мянган төгрөг!/ гарах нь гээд юм үзээгүй намайг эгээтэй л харвуулж орхисонгүй. Одоо яая гэх вэ, олны жишгийг дагалаа. Гэхдээ нөхдүүд 12-нд бүтэн амрахаар болж би өдөр нь ажиллаад орой нь ижил сүрэгтээ нийлэхээр тогтлоо. Дөнгөж ирсэн шинэков надад ганц өдрийн зургаан сен ч наддаа л их мөнгө учраас ажил алдаж болохгүй л дээ. Мэдээж одоо хир нь хир баргийн ажил алдаад байхгүй ээ. Харин анх ирснээ бодвол долоон сен гээд ухаан алдаж, харвачих гээд байдгаа бол мэдээж больсон л доо. Жирийн л архиа уухад долоон төгрөг байтугай, арав гаран төгрөгөөр л хусчихсан л байдаг юм.

Наадмын өдөр жижиг хавчаар тааруулаад, дээрээс нь нарийхан хөнгөн цагаанаар даруулж боох нилээн чимхлүүр, чамбай ажил хийж таарсан юм. Зүтгүүлсээр овоо ч явууллаа. Орой нь яах вэ дээ, нэг сайн мах идэж аваад шилтэй, лаазтай шингэнүүд рүү шумбаад орчихов. Маргааш нь нөхдүүд шарталтын байдалтай ажилдаа гарсангүй үргэлжлүүлээд үлдлээ. Миний архи ч сайн гараагүй, согтуу боловч очин нэмэгдэл хоёр шонгын нүх ухах байсан руу дайрч орон гүрийгээд жаал хөлслөөд автал овоо архи ч гарлаа. Тэгээд өчигдрийн ажил руугаа орон бараг дуусах гэж байтал Хар өвгөн ч ирлээ. Дотроо овоо маадгар ажлыг нь үүнээс илүүгээр яаж амжуулах вэ дээ гэсэн шүү юм бодож байтал харин өөдөөс “Муу хийж байна, удаан байна!” гэж дургүй хүргэдэг юм даа. Өө үхсэн баасаа, хатакны /ногооны ажил/ зургаан сенд хоргоддог л гэж байхгүй өөр сайн ажил олж хийнээ гэсэн шаралхуу бодол орж ирэхэд нь цагаа харуулаад “Ваарий!” /дуусаа/ гэснээр гурав дахь ажлаасаа мөн л гарч орхив. Тэр үед ажил олддоггүй хэцүүхэн үе байсан боловч бас л хүнээс үг дуулж сураагүй овоо омголон байж дээ.
Тал, тал тийшээ утас цохин ажил сурсных 2 хоноод Шизоук-д Фужи хайрхны урд бэл рүү “Дуугүй эзэн”-ийд ажиллахаар болон хэдэн хувцсаа цүнхэнд хийж аваад деншядаж одвоо...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-12-15


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.