05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

БЭСРЭГ ЯРИА: №2:ТАМХИЛАХ ЁСОН

Хүний нутагт ганцаардаж байхад сэтгэл маш их эмзэг болдог юмсанжээ. Нэтэд хальт холбогдоод л манай хэвлэлийн магнат гэгддэг Ц.Балдорж гуай өвчний учир унасныг харчихаад өөрийн эрхгүй нэрж суутал нутгаас бас давхар хар мэдээ ирэн миний аав, ээжийн талаас ганц үлдсэн нагац маань, хоёр дайнд оролцсон ахмад дайчин, 4, 5, 6-р таван жилийн гавшгайч,Байлдааны гавъяны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одонт, Ахуйн үйлчилгээний тэргүүний  ажилчин П.Цэрэнсодном агсан 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг сонсоод нэг хэсэгтэй л нэрэхийн туйлыг үзүүлэн төмс хэрчин зул өргөчихөөд ганц мэддэг талийгчийн хойноос уншдаг “Аръябулам, ум- ма- ни- бад- ми- хум!” –аа мэгзэмдэж байтал зочин ирлээ. Хүний бараанаар овоо тайвшран нус, нулимсаа нуухтайгаа болчихоод  зочноо угтлаа. Зочин маань М.Чулуун, нас 30, Наран нутагт одоогийн байдлаар жил хагас л болж байгаа.
Мэдээж хүн л юм чинь мэнд мэдээд хөөргөө гарган тамхилваа. Тамхилахдаа эхэлж өөрөө тамхилсангүй, хөөргөө өгөхдөө ч толгойгий нь сугалсангүй, бүр толгой дээрээс нь эрхийгээрээ дарж байгаад тамхилав. Манай хүн ч бас л адилхан эрхийгээрээ толгойг нь дараад буцаахад бүгдийг ойлгож дээ гэсэн бодолтойгоор яриа хөөрөө үүсгэлээ.

Гэтэл мань эр жирийн л өдөр тутмын юм яриад эхлэхэд нь зөөллөж асуух гээд бэргээд байгаа юм болов уу гэж жаал хүлээсэн ч үгүй бололтой юмаа. Ингээд л бас нэгэн бэсрэг яриа өрнөв өө. Баагий:
-         Чи сая яагаад хөөргөний толгой таглаад, эрхийгээрээ дарж өгөв өө? /Уг нь бол би ч адилхан тэгсэн хэрэг л дээ/

М.Ч: - Өө, таныг л тэгж өгөхөөр тэгдэг юм болов уу гэж бодоод л, дүү нь үнэхээр ёс мэдэхгүй, балрах хүний нэг шүү! Гэж байна. Баагий:
-         Би уг нь ахад нь нэг тийм муу юм тохиолдоод оо гэж жаргал зовлонгоо хуваалцах гэж л тэгж дарж өгсөн ухаантай юм. Чи хөөрөгний толгой хагас сугалж тамхилдаг ёсыг мэдэхгүй гэж үү?

М.Ч: -Ер огт мэдэхгүй юм байна. Гэхдээ би таныг хөөрөгнийхөө толгойг хагас сугалж тамхилахаар яг адилхан эргүүлж бариад байдаг ухаантай юм. Өнөөдөр таглаад дээрээс нь эрхийгээрээ дараад өгөхөөр нь тэгэх л ёстой юм байх гэж бодоод...
Зөвөө, зөв! Залуу хүн болов ч ийм л ажигч байх ёстой. Гэхдээ тэр болгонд ямар утга агуулагдаж байгааг сайтар ухах ёстой. Хэрэв өөрөө мэдэхгүй бол асуучихад буруутах юм байхгүй. Энэ хөөрөгний толгойг сугалахгүй тамхилах, эрхийгээрээ дээрээс нь дарж тамхилах нь “Миний хувьд маш муу юм тохиолдлоо шүү!” гэж илтгэж байгаа ухаантай. Бүүр даалинтай хөөрөгөө тэр чигт нь задлахгүйгээр тамхилах ёсон ч бий. Намайг жаахан хүүхэд байх үед манай авга /аавын талын, нагац- ээжийн талын хамаатнууд/ -ын талын нэгэн хүн ирээд аавтай мэнд мэдэнгүүтэй хөөрөгөө дайлантай нь тамхилахад би анх удаа хараад гайхаж байсан юм. Аав минь инээмсэглэж суусан хүн чинь гэнэт царай нь орох борооны тэнгэр шиг болон хувирч, дуу нь цахиртан:
-         Хэзээ тэр вэ? гээд нулимс нь өөрийн эрхгүй гоожиж эхлэхэд нь миний балчирхан ухаан хүрэхгүй асууж, шалгааж сууснаа бодоод тэр л бүх ёс, заншлыг залуу үедээ, хойч залгамж үедээ өртөөлөн зааж үлдээх ёстойгоо одоо л ухаарч байна гэх үүдээ. Тэр үед аавын маань ганц эгч нь /1971 оны өвөл цаг/ талийгч болоход хэл хүргэж ирсэн нэгэн тэгж тамхилсан юм. Тэр л үед хүүхдийн сониучхан зангаараа ааваасаа асуухад зааж сургасныг нь л залуустайгаа хуваалцах гээд байгаа ухаантай юм.
Хүнтэй тамхилахын өмнө өөрөө заавал өөрийн тамхинаасаа хүртэх ёстой. Учир нь би өөрөө хэргэлдэг учир ямар нэгэн буруу, зөрөө санаагүй гэхийг илтгэхийн учир тэр.
Хөөргөө заавал толгойг нь хагас сугалж өгнө. Энэ нь би таныг хүндэлж байна, ямар нэгэн буруу зөрүү санаагүй гэсний илэрхийлэл.
Харин толгойг сугалахгүй, эрхийгээр дарах, хөөргөө даалинтай нь тамхилах нь миний хувьд маш муу юм болсон шүү! гэж сануулах учиртай бөгөөд тухайн үед нь түүнийг нь ойлгосон болохоо илэрхийлж хариу адилхан барьдаг учиртай. Тэгээд араас нь “За хө, юу болов доо?” хэмээн нам дуугаар асууж ямар учрал болсныг асууж мэддэг ардын ёсон байдаг ажээ.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-12-18


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.