05 сарын 21, Мягмар
°C
USD 3,381.28
USD 3,381.28
EUR 3,676.47
JPY 21.71
GBP 4,292.20
RUB 37.25
CNY 467.55
KRW 2.49

АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА:№3: ХУУЧИН ТАНИЛТАЙГАА ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

За ингээд бололцоогоороо Наран нутагт амьдарч байгаа хүмүүсийн тухай ярилцлага хийе гэж бодсон боловч ОЮУНЛАГ ОЮУТАН-нуудтай ярилцах аз намайг тойрч бултсаар л... үнэтэй ч гэж юу гэх вэ??? Энэ удаа хуучин нутгаараа очиж хуучны танил нэгэн дүү хүүхэнтэй ярилцлага хийхээр тохирлоо. Гэхдээ хувь хүний хүссэнээр амьдарч буй газрынх нь тухай болон өөрийнх нь нэр усыг огт бичихгүй гэж тохирсоных үүнээс илүүг бичих боломжгүй боллоо. Нэг гайхал төрүүлсэн зүйл бол ер нь хэнтэй ч ярилцлага хийсэн ийм л болзол өөдөөс тавих юм. Удахгүй нэр, нүүрээ нуухгүй зориг баатарлагаар ярилцлага өгөх нэгэнтэй таарна л гэж найдаж явахаас.

Энэ дүү хүүхний хувьд бол хоёрын хоёр хүний хувь заяа, хоёрын хоёр гэр бүлийн амьдралд хамааралтай учраас эрхэм уншигчид өөрсдөө ойлгоно биз ээ. ... Товлосон өдрөө деншядан /метро/ хоёр ч жил очоогүй хуучин нутгаа зорилоо. Хөдөөгийн жижигхэн эки /ТЗ-ын өртөө/ байснаа орчин үеийн томоо эки баригдан ашиглалтанд орсных деншя өшиглөхөд амар болжээ. Замд явахдаа "Ах нь танайх руу гарсан шүү" гэхэд "Би тосоод авъя, дөхөж ирээд дохичихно биз" гэсэн ч хуучин нутгийн дассан гудамж талбайгаар өөрөө явмаар санагдан, тэгээд ч эрт гарсаных ажил тарахаас өмнө ирсэн учир экин дээрээс ӨӨРИЙНХӨӨ дугуйг авч унан /Наран нутагт ямарч экин дээр байгаа цоожгүй дугуй л бол минийх байдаг юм. Заримдаа цоожтой ч байсан минийх болгох үе гарнаа л гэж/ жийлээ.
Хуучин нутаг сайхан ажээ. Энэ хоёр жил хүрэхгүй хугацаанд орон сууцны барилгууд ч ихээр нэмэгдэж, хуучин бидний хамгийн их босгыг нь элээж орлого оруулдаг байсан "Mini-stop" 24-ийн дэлгүүр хаагдан оронд нь нүдний шилний газар орсон гээд л танигдахын аргагүй өөрчилөгджээ.Гэсэн ч 2 жил гаран амьдарсан нутаг болохоор хуучны дурсамж дурайгаад л... Энд энэнтэй ингэж хөглөж байсан... Тэнд тэрэнтэй тэгж фактлаж байсан... гээд л дурсамж хөврүүлсээр энэ, тэрүүгээр тойрч цаг нөгцөөсөөр гадаа нь ирэн "Тадайма!" /Би ирлээ/ -длаа. Гэрийнх нь гадаа сэмбэгэр "Марк-2" сойлттой байна. Амьдрал дээшилжээ. Амьдарч байгаа газар, нэр усаа тавиулахгүй нэргүй ярилцлага өгөх гол шалтгаан нь энэ "Марк-2" ч юм шиг санагдсан нь үнэн байлаа. Дүү хүүхэн маань "нөхөр" /хамтран амьдрагч/ -тэй болсон юмсанжээ.

- Хай, о сошибүрий десүнээ! /Уулзалгүй удсан байна шүү/ За амьдрал ямар байна даа? -гаа асуусаар хойморт заларлаа. Миний танихгүй гэрийн эзэн үеийн бололтой эр гал зуухаар эргэлдсэншиг, нэг л орж ирэх шинжгүй. Замдаа "Seven-7"-гоор шагайн хоёр сагс пиво авсных гэрийн эзнийг дуудан танилцлаа. Мэдээж ирэхээсээ өмнө урьдчилж дүү хүүхэнд ам гарсаных бас л үүнээс илүүг өгүүлэх аргагүй болов. Гэвч ямарч байсан мань эр ирээд 2 жил болж байгаа, насааар надтай ойролцоо / Уг нь нэг оных боловч цагаан сараас өмнө төрсөн болохоор жилээр нэг ах Туулай жилтэй болохыг мэдсэн л дээ/-г тогтоосон ч дүү хүүхний нас сүүдрийг, бүсгүй хүний насыг асуудаггүй ёсыг бодож асууж байгаагүйн учир бас л мухардав. Гэхдээ ямарч байсан насны хувьд арав гаран насны зөрүү байгааг нь хараад л ойлгож байлаа.

 Та үүнийг мэднэ биз дээ!!! Орлоо Уншууштай булан дээд талын категорууд дээр байрладаг. Түүн дээр хулганаараа очиход доор нь 11-н ангилал (Аялал, Бодит амьдрал, Гэр бүл, Эрүүл мэнд гэх мэт) гарч ирдэг. Та дуртайгаа сонгоод уншиж болно.

 
Ингээд нэг хэсэг бие, биенээсээ жийрхэн, сэм сэмхэн биесээ ажиж байснаа хоол цай, аяга халуун пивоны / Ямар юмных нь халуун пиво байх вэ дээ. Би маазархаараа ингэж ярьдаг юм. Одоо бол ч манай найз нөхөд мэддэг, бас тэгж ярьдаг болчихсон гэж байгаа/ ард гарсаных аргагүй л халуун дулаан яриа өрнөж гурван биений хүлээс аажим, аажмаар алдарч яваандаа илэн далангүй яриа өрнөлөө. Гэхдээ нэгэнт хүнд ам алдсаны учир би өөрийн хуучин танил дүү хүүхнийг ДХ /Дүү хүүхэн/ гэж, хамтрагчыг нь НЗ /Найз залуу/ гэдэг нэрээр нэрлэн оршин сууж буй газрынх нь нэрийг огт дурьдахгүйгээр тохиролцон ярилцлагаа эхэллээ. Учир нь энэ хавьцаа байгаа цөөхөн монголчууд бие, биенээ таних учир хэл, амны дараа гээд газрын болон өөрсдийн нэрийг дурьдахгүй байхыг хүссэн юм. Хамгийн гол проблем нь муу үг модон улаатай гэгчээр монголд байгаа ар гэрийнхнээ дуулчихвий гэж хоёулаа сэргэмжилж байгаа нь тодорхой.Уг нь миний санаа бол ерөнхийдөө хатаке /Ногооны ажил/ -ны ажилчдын жаргал зовлонг хуваалцахаар зорьж ирсэн ч өөрөө ч мэдэлгүй ХАМТРАН АМЬДРАГЧ-дын тухай ярилцлага өрнүүлэн, хүнд ам алдсаных ингээд нэг нэр ус ч үгүй, бүр газар орны ч нэргүй нэг л ийм бүрхэг ярилцлага авах болчихоод баахан бодож, бодож байж өөрийн нерв гуaйг баахан барж байснаа үнэхээр хүний амьдралд тохиолдож болох ХАР АМЬДРАЛ-ын тухай өгүүлэх л болохоор энэ чигээр нь хүргэхээр шийдлээ.

Зөв, бурууг би шүүмжлэх гэсэнгүй, бас ямар нэгэн дүгнэлт ч хийх гэсэнгүй үнэхээр харьд амьдарч байгаа хүмүүст тохиолддог тэр л жаргал, зовлонг байгаагаар нь хүргэх учраас нэр усгүй ч гэсэн хүргэе гэж бодлоо. Үүнийг уншигч та харин зөвхөн өөрийн оюун, ухаандаа тунгаагаад хэн нэгэнд бурууг тохохгүйгээр хүлээцтэй хандвал л ярилцсан би баярлах байна. За ингээд хар амьдралын, заваан гольдролын тухай хэлж ярьсаныг нь нэмж хасахгүйгээр /Өөрсдөд нь хэлж, гуйж байж энэ оройны ярилцлагыг өөрсдийнх нь хөгжмийг ашиглан бичиж аван харьж эвлүүлэхээр тохиролцон/ зөвхөн нэр, усгүйгээр дамжуулахаа амлан байж өрнүүлж дөнгөсөн ярилцлагаа та бүхэнд хүргэе.

Баагий: - За, найзтай санаандгүй сайхан танилцлаа. Яаж яваад ДХ-тэй танилцан нэг гэрт орчихов доо?
НЗ: - Үгүй, юу гэх вэ дээ. Монголоос ирэхэд анх тосч авсан юм л даа. Тэгээд хүн танихгүй, газар мэдэхгүй хүн чинь эднийд байж байгаад л яваандаа учраа олчихсон гэх үү дээ.
Баагий: - Чи ч азтай дамшиг юм даа. ДХ, эгч чинь хаана байгаа вэ?
ДХ: - Уржнан нутаг буцчихсан шүү дээ, та мэдээгүй яваа юм уу?
Баагий: - Өө харлаа, яагаад буцчихсан юм бэ? Ах нь эндээс яваад л энэ хавийнхантай ер нь уулзалдаагүй болохоор мэдээгүй шүү.
ДХ: - Айлын ганц охин хүүхэд болохоор муу эхийгээ амьдад нь очиж өргөе, аавыгаа өнгөрөхөд ч очиж чадаагүй гээд санаа нь шулуусч гэнэтхэн шууд буцсан даа.
Баагий: - Аа тэгээ юу, ээж нь... гээд хэлэх үгээ олж ядан ээртэл
ДХ: - Харин эгчийг очсоноос хойш ээж нь бүр дор орчихсон байсан хүн наашилсан гэнэлээ. Одоо ч гэсэн жаахан арчилгаа шаарддаг ч бие нь гайгүй байгаа гэсэн. Та ч эндээс яваад л усанд шидсэн чулуу шиг чимээгүй болчихсон, утсаар ч ярихгүй шүү.
 
Баагий: - Чи ээж нь гэж яриад байх юм, та хоёр чинь төрсөн эгч дүүс биш юм уу?
ДХ: - Төрсөн бүү хэл, төрөл ч биш шүү дээ. Намайг анх энд тосч аваад л өөрийнхөө ажилд оруулан хамт амьдарсан юм. Одоо бол ч үнэхээр яах аргагүй хуурай эгч дүүс болсон доо. Гэнэтхэн буцчихсан чинь гарсан ч, орсон ч үргэлж хамтдаа байсан эгч маань буцчихсан чинь нэг хэсэгтээ л их эвгүй болсон. Ганцаараа гурван сар гаран болоход ёстой л галзуурахад ганц хуруу л дутсан шүү. Сүүлдээ бүр нойр хоолноос гараад, дав, дувхийгээд л сав л хийвэл цочоод байдаг болчихсон. Нөгөө нэг эгчээр татаж чангаалгаж байж арай гэж босдог, нойртой хүн чинь шөнөдөө нойр ч хүрэхээ байчихаад харанхуй, ханхай гэрт ганцаараа болохоор нэг л битүү айдас хүйдэс төрөөд л... Азаар Монголоос энэ маань ирж, эхэндээ ч нүүр өгөхгүй байснаа, одоо өөрөө ч мэддэггүй юм. Ёстой л нэг л мэдэхэд учраа ололцсондоо. Хүн хүндээ дасдаг хорвоо гэж хэнээс сонслоо доо, нэг нь л дандаа тэгж ярьдаг байсан юм. Үнэн юм билээ Баагий ахаа.

Баагий: - Тэр ч тэгэх байх л даа. Утсаар ярихын хувьд бол ч ёс ёмбогор, төр төмбөгөр. Ах зах хүнийхээ мэндийг бага залуу нь асууж мэддэг болохоос ах нь тэгж доошоо орж намба алдахгүй шүү. Тэгээд ч ингээд хүрээд ирж байгаа юм биш үү?
ДХ: - Тань руу залгаад хуучин утас чинь болохгүй болчихсон, энэ шинэ дугаарыг чинь мэдэхгүй юм чинь би яаж ч залгах вэ дээ. Уг нь шинэ жил, цагаан сар гээд л мэнд мэдэх санаа байдаг ч таны дугаарыг...Баагий: - Өө, тэр аргагүй. Ахынх одоо байгаа газар танайхаас ч хөдөө, бүүр хөдөө Vodafone антен барихгүй, яалт ч үгүй ажлын шаардлагаар ах нь "au" авсан юм. Тэгээд ч хуучин утсаа шар айргаар угаагаад цэвэрлэчихсэн чинь дэлгэцийг нь зад угааж хаяаад яах ч аргагүй болоод л тэр.
ДХ: - Тэгээд миний утсыг яаж олж аваа вэ? Энэ утас чинь задгай /дараа төлбөрт/ юу?
Баагий: - Олно шүү дээ, гэхдээ энэ бол цэргийн нууц. Ах нь бас ч гэж задгай утас автлаа баяжчихаагүй байна өө. За, за тоглосон юм. Ах нь гэртээ утас тавиулчихсан болохоор гадуур гарахдаа л барьдаг болохоор задгайгаар юу хийх вэ дээ. НЗ, чи ямар шугамаар орж ирсэн юм бэ? Өндөр үү?

НЗ: - "Expo" яармаг худалдаагаар /2005 оны/ орж ирсэн, Тэр үедээ л арай үнэтэй 6000 ногоонд ирсэндээ. Биднийг оруулж ирсэн хүн "Та нар ядаж л 7 хоног Монголынхоо павилонд үзэсгэлэнд нь оролцоорой" гэж гуйсан ч яг шүү дээ, бүгд Наритагаас ханараад л алга болж байгаа юм чинь.
ДХ: - Би бүүр орой ажил тараад мама-сан /Ээж- гуай/-г гуйж байж бүүр орой очсон юм. Тань руу утасдсан чинь та манай энэ хавийн баахан хүн дагуулчихсан гурван ч тэрэгтэй Фужи хайрхан луу явж байна гээгүй юу. Тэгээд энэ хавьд гуйчих өөр хүн байхгүй мамаг гуйгаад орой долоо өнгөрч байхад очсон чинь манай хүн нэг л костюм, пиджак болсон дэгжин шаавай ах хар хөлсөө цувуулаад алийгаа алдчихсан С... экиний гадаа сууж байсан юм. Үнэхээр тэгэхэд өрөвдсөн шүү, бас болоогүй ээ хоёр лааз пиво барьчихсан сууж байсан юм.
Баагий: -Өө хө, тэгвэл бараг өдөржин экин дээр суусан байна шүү дээ. Өдөр 1-2 гээд л гаалиар гарчихна. С... хүртэл сайндаа л 20 минут гэхээр чинь бас л хатуу тоглоомоор тоглосон байна шүү. ДХ: - Хэл мэдэхгүй хүн чинь Нарита гээд хэлэхээр хүмүүс эргэж онгоцны буудал руу хоёр ч удаа оруулаад тэр болгонд таксфоноос над руу залгаад...
НЗ: - Сүүлдээ улаандаа гарсан. Одоо бодож байхад тэр үеээ санахаар айх юм даа. Хүн л харагдвал шууд ханцуйнаас нь чирч ирээд л утсаа бариулчихна. 2 удаа тэгж яриулчихаад бас нэг хүнийг татаадахсан утсаар нилээн ярьж байснаа эргүүлж надад өгтөл манай хүн "Наад хүн чинь нэг газар хүргэж өгнө. Тэнд нь хаашаа ч явалгүй хүлээж бай!" гэж үүрэгдсэнээр л хүлээсэн нь тэр. Би хүлээхгүй өөр хаашаа явах вэ дээ?

ДХ: - Хоёр ч удаа Нарита эки гэж хэлээдэхсэн нь эргүүлж онгоцны буудал руу оруулчихаад байхаар нь өөр эки хэлсэн нь тэр л дээ. Манай хүн мянган ээний таксфоны карт авсан нь дуусчихсан, эргээд залгах гэхээр задгай мөнгөгүй болчихсон. Түрийвчэнд нь 5000 ногоон байсан ч хаана яаж солиулахаа мэдэхгүй. Нөгөө сүүлд чангаасан хүн нь бүүр хэрэг болгон өөрөө мөнгийг нь төлөөд С... дээр авчирч буулгаад экинээс гаргаж өгөөд ТА-ТА-ТУНГА-гаар энд хүлээ гэчихээд өөрөө эргэж орон ирсэн зүгрүүгээ буцаад суугаад явчихсан юм гэнэ билээ.
Баагий: - Япон хүний авах зан нь ч тэр мөн шүү. Яг л тэгдэг юм. Өөрөө өөр тийшээ явж байсан ч гэсэн зам мурийгаад л заагаад л өгдөг юм, ах нь түүнийг ч бүр сайн мэднэ шүү.
НЗ: - Түрийвчэнд 400 ээнэ байсан юм. Монголоос явахад манай хүний утсыг надад өгөх гэж ирээд түрийвчэнд үлдчихсэн байж байна, чамд хэрэг болно гээд өгч байсан юм. Энд байж байгаад буцсан авгай нөхөр хоёр ... гээд та таних уу?

Баагий: - Ганц нэг тааралдаж л байсан, тийм ч сайн танилууд биш ээ. Гэхдээ бие, биенээ багцаалнаа.
НЗ: - Тэр хоёр л намайг манай энэ хүнтэй холбож өгсөн юм. Манай хамаатны нэг залуугын багын найз нь гэсэн. Виз гарчихаад л таньж мэдэх хүн хайж байгаад л олсон нь тэр.
Баагий: - Тэгээд тэр 400 ээнээрэй залгахгүй яасан юм бэ?
НЗ: - Харж байтал тэнд хэдэн автомат харагдахаар нь очсон чинь цай, ундааных бололтой нэг, тамхины нэг, дэргэд нь градус заасан юмтай нэг байхаар нь л түүнд нь хандсан нь тэр. Үний нь харсан чинь манайхтай адилхан, бүүр хямд санагдахаар нь 400 ээнээ цувуулаад хийгээд хоёр удаа товчин дээр нь дараадахсан чинь, дараалаад 2 лааз пиво гараад ирсэн юм. Яг л хямд байж харагдаач, бодоод л суугаад байсан чинь Монгол 4000 төгрөгөөр ганцхан литр пиво уучихсанаа ойлгоод өмдөндөө шээх дөхдөг юм даа. Давсаг хагарах гээд аргаа бараад цүнх, чёмoдан хоёроо нэг байшин мод хоёрын завсар тавих гэснээ цүнхээ хамаг бичиг баримт байгаа болохоор орхихоо болиод явж, явж арай гэж хүний нүднээс далд модон дотор оронгуутаа усаа асгаж байтал машин гараад ирдэг юм. Сандрахдаа нөгөөхөө ч далд хийлгүйгээр таслаад цүнхээ урдаа бариад зам гарах гэж байгаа хүн болон жүжиглээд л... Эргээд буцаж ирчихээд чёмoданаа авахдаа хартал нөгөөх байшин чинь жорлон байдаг байгаа. Мөнгө төгрөг төлөхгүй цэвэрхэн сайхан жорлонд бараг цаг гаран сууж онгоцноос авсан сонингуудаа бүгдийг нь уншиж баахан цаг нөхцөөсөн гэж байгаа.

Баагий: - Тэр үед ер юу бодогдож байв даа?
НЗ: - Энэ нөхөр нь ирэхгүй алахвий дээ л гэж айж байлаа. Тэгээд ирэхгүй бол өөр хоёр хүний утасны дугаар надад байсан юм. Нөгөө авгай нөхөр хоёр л энэ хүнтэй... Гэхэд нь би яриагий нь таслан: - Алдарт морины Гангаа, Чинбаа хоёрын л утас биз дээ?
НЗ: - Тийм, тийм гээд инээж байна.
Баагий: - Тэр ч яг өөрийнх нь хамаатан, садан найз нөхөд энд байдаггүй хүмүүст хуучин энд байсан хүмүүсийн өгдөг дугаар шүү. Тэгээд юу гэж байна. Эхлээд Гангаа руу залгаарай, ямар ч гэсэн наанаас чинь холдуулаад ямар нэгэн монгол хүнтэй холбоод өгнө гэж байна уу?
НЗ: - Яг тэгж байсан. Тэгээд болохгүй бол...
Баагий: - Чинбаа руу нь залгаарай гэж байгаа биз?
НЗ: - Яг тэгсэн шүү, чи яаж мэдэж байгаа юм бэ?
Баагий: - Наад хоёр дугаар чинь миний өврийн дэвтэрт ч бас тодоос тод дурайж байгаа, наад яриагы чинь энэ хоёр дэлдэнгээрээ нилээн хэдэн жилийн би өөрөө сонсоод явж байсан болохоороо л мэдэж байхгүй юу. НЗ, чи одоо ямар ажил хийж байна даа?

ДХ: - Манайд ажиллаж байгаа, эгч буцчихсан хүн дутаад байсан нэг халтар /Афканстан, Пакистан, Шриланк, Энэтхэг зүгийн улсуудыг манайхны нэрлэдэг нэр/ авсан гологдоод. Бас нэг Филиффин авсан чинь дуртай үедээ ажил таслаад байсан тэр үед ирсэн болохоор манайд арүбаеталж байгаад л бүр үлдсэндээ. Баагий: - НЗ, хатаке хатуу тоглоом байгаа биз?
НЗ: - Шууд ирээд л бөөн өртэй хүн гүрийснийх одоо сурчихаж дээ. Өр хүнийг ажилд сургадаг гэж үнэн юм байна шүү.
Баагий: - Чиний мэргэжил юу вэ? Монголд ямар ажил хийж байв даа?
НЗ: - Уг нь ч хүүхэдтэй хэрэлддэг хүн, ...ын багш. Сүүлийн арваад жил Эрээн зах хоёрын дунд гүйх шив дээ.
Баагий: - Өө зайлуулаа, цагаан гартай үзэгний бариул байсан юм байна шүү дээ. Эрээнээс юу дардаг байв даа? НЗ: - За даа, миний хийдэг байсан наймааг хүмүүс сонсчихвол гадарлачих учраас чи битгий бичээрээ, ... дардаг байлаа даа. Жаахан ядрана. Гэвч ядрахгүй мөнгө олох ч гэж юу байх вэ. Мөнгө олоод л байх шиг байдаг юм, тэгээд л худлаа шүү. Үнэндээ амрах завгүй, бүтэн нойргүй хил дамнаж хилчид, гаальчдын доодохыг юу яах шахам гүйгээд л байдаг, бахь байдгаараа шүү. Тэгээд л наашилсан. Уг нь хүүхдүүдээ аав, ээж дээр үлдээчихээд хоёулаа наашлах гэсэн ч авгайн виз хоёр ч удаа ороод бүтээгүй юм.

Баагий: - За тийм байдаг юм байж, одоо ямар өвстэй /ногоотой/ зодолдож байна даа?
ДХ: - Сато эмон /төмсний төрлийн ургамал/-оо хийгээд сая дууслаа, маргаашнаас нинжин /лууван/-гийн зэрлэг, мабек /лууван хөрсөө булаацалдаад томордоггүй учир хооронд нь зай бариулж илүүг нь түүж авдаг юм/ л хийх юм ярьж байна билээ. Манай хүн ч яах вэ дээ, хөлс нь асгаад л дөрвөн хөллөөд мөлхөж өгнө дөө.
НЗ: - Яг тонгойгоод явахаар нуруу чилээд байдаг болохоор би анхандаа шууд л дөрвөн хөллөчихдөг байсан юм. Папа, мама энэ хэд эхлээд гайхаад шоолоод байдаг байсан өөрсдөөс нь хоцрохгүй зэрэгцээд хийгээд байдаг болохоор одоо больчихсон гэж байгаа. Гэхдээ одоо ч баргийн бол мөлхөхгүй л дээ, тонгойгоод сурч байна. "Хонгор азарга"-аа гэж сайхан эд дээ.
Баагий: - Бүтэн найман цаг хонгор азарганд зүтгүүлэх ч бас л хатуу даа, хатуу. Мартсанаас цалин хэд билээ? ДХ: - Хоёулаа адилхан өдрийн зургаа /6000 иен. 1 иен манай 10 төгрөг орчим/ шүү дээ. Зангио /илүү цаг/ хийвэл цагийн 850-иар. Яах вэ бид хоёрт болж л байна.

Баагий: - ДХ, чи чинь ирээд л эднийд гээ биз дээ? Тэгээд ингэж удаж байхад нэмдэггүй ээ? Одоо чинь хэдэн жил болж байгаа билээ?
ДХ: - Одоо сарын дараа яг зургаан жил болно доо. Эмэгтэй анх 5000 ээнэ байснаа бодвол энэ ч зөндөө нэмэгдчихээд байгаа нь шүү дээ. Би өөрийгөө эрэгтэй хүнтэй адилхан цалинждаг гээд сэтгэл өег байдаг шүү.
Баагий: - Тэгээд бороо орохоор амрана биз дээ?
ДХ: - Манайх овоо хэдэн хаус /хүлэмж/-тай болохоор бараг амардаггүй юм аа.
Баагий: - НЗ, ямар ч ажил байсан хүний хийх дургүй ажил ч байдаг, бас энэ л арай гайгүй гээд түрүүлээд ч юм уу, түлхүү хийхийг боддог ажил байдаг даа...
НЗ: - Өө тэгэлгүй яах вэ, би ч түнээр /тунель- намхан урт пөмбөгөр хэлбэртэй, явган хүлэмж/ барьж, буулгах дуртай шүү. Бараг бөгтийхгүй, тэгээд ч амархан шүү дээ. Бас хувцас заваардаг болохоос биш маржаан /газраар татаж бүтээгээд цоорхой нүхнүүдэд нь үр суулгаж хэргэлсэн гялгар уут хуулж аван хураах. Эвхээд, эвхээд шатаахад бэлэн болгоно/ хийх дуртай. Ер нь тонгойдоггүй ажилууд нь л гайгүй шүү дээ. Күсүри /эм- гэсэн үг. Химийн бордоо, элдэв хор ч байсан бас л күсүри гэнэ/ цацах ч юм уу...

Баагий: - Энэ зуны халууныг яаж авав даа? Одооноос л жаахан халуун бууж байна шүү.
ДХ: - Өглөө эрт 4-5 цаг гэж гараад өдөр 11-ээс цайндаа ороод зарим өдөр 2-оос, заримдаа 3-аас эргэж ажилдаа гараад 7-8 цаг хүргэчихдэг байсан юм. Өнгөрсөн долоо хоногоос л өглөө 7-оос гарч орой 6 хүргэж байна даа.
Баагий: - Энэ өглөө, оройны хоёр цаг чинь...
НЗ: - Зангиогоор ордог юм. Ирсэн жилээ зангио гэхээр л баас алддаг байсан, одоо бол ч чадвал ганц нэг цаг илүү хийх гээд зүтгээд байна шүү дээ.
Баагий: - Танайх ногоогоо өөрсдөө хийдэг үү, аль эсвэл...
ДХ: - Бүгдийг нь дор, дор нь савлаж баглаад явчихдаг юм. Би ихэнхдээ маматай дотор үлдээд, папа энэ хоёр голдуу хураалтаа захиалгынх нь дагуу хураагаад ирдэг юм.
Баагий: - Ах нь бас хатаке хийж байхдаа савлагаан дээр үүргэлдэг л байлаа. Ядаргаатай ажил шүү.

НЗ: - Баагий, чи бас хатаке хийж байсан юм уу?
Баагий: - Жил гаран хийсээн. Танай энэ байр чинь эзний чинь байр уу, хэдийг төлөх вэ?
ДХ: - Эзнийх бишээ, эгч бид хоёр өөрсөө хайж олсон байр. Тэр үед толгой мөнгө, энэ тэр гэсээр 12 түмийг /монголоор 1 сая 200 000 төгрөг/ төлж орж байлаа. Сарын 3 түм / 300 000 төгрөг/, хэрэглээ нь газ, цахилгаан гээд түм тав /150 000төгрөг/ хавьцаа болно. Жорлон сардаа нэг соруулна. Хэмжээнээсээ болоод 2000-3000 ээнэ болоод л байх шиг байдаг юм.
Баагий: - Бас л хэцүү талдаа л юм байна. Тэгж байснаас та хоёр арай өөр гайгүй цалинтай каше ч юм уу, кожоны /компани юм уу үйлдвэр/ ажил олж хийгээч.
ДХ: - Тэгж азаа үзээд яах вэ, ах минь. Каше аюултай шүү дээ. Ингээд хувь айлд ганц нэгээрээ байсан нь анзен /аюулгүй/ болохоор л тэр. Анхандаа гахай ч юм уу, аль эсвэл үхэр, тахиа гээд малын ажил олж хийдэг юм уу гэж мөрөөддөг байсан. Одоо ч хатакеныхаа ажилд дасчихаж дээ.
Баагий: - Уг нь ч ингээд ганц, нэгээрээ байх нь ч бас зүгээр л дээ. Нинжин дуусахаар юу хийх вэ, танайх ер нь ямар, ямар ногоо хийдэг юм бэ?

ДХ: - Өө, араас нь сацмо эмон /бас л төмсний төрөл урт улаан өнгөтэй төмсөрхүү чихэрлэг ногоо/, яма эмон /энэ ногооны талаар би үнэхээр мэдэх юм алга, өөрсдийнх нь яриагаар чалх сайжруулдаг гээд тэмээн тавагархуу том хавтгай ногоо байдаг гэнэ. Бас их үнэтэй гэнээ/ гобой гээд дандаа чимхлүүр ажилтай ногоонууд байдаг юм.
Баагий: - Би ирсэн жилээ тэр гобойны арүбает нэг хийж үзсэн, харин ч нэг трактороор хөөгөөд алах юм байна билээ.
НЗ: - Трактороор гаргаж байгаа хүнээсээ болдог юмаа. Хөөдөг хүн ч хэцүү л дээ. Манай эзэн бол гайгүй ээ, авч дуустал нь хүлээж байгаад гаргадаг болохоор гайгүй ээ. Гэхдээ эзнээ хүлээлгээд байлтай нь биш, гялалздаг л юм.
Баагий: - НЗ, чи тэр хэдэн тракторуудыг нь хөдөлгөнө биз?
НЗ: - Яг л гекайн /гекай- ямар нэгэн суурь машиныг хэлдэг ч ХАА-н техникүүдийг ч бас ингэж нэрлэж ярина/ дээр сууж харагдаач. Эзэн өөрөө гекай-аар хийхийг хийгээд яг цэвэр гараар хийх нь л бид хоёрын ажил шүү дээ.

Баагий: -Та хоёр цалингаа нэмүүлье гэж үзсэн үү?
ДХ: - Мэдээж, даанч хатакены ханш нь энэ болохоор болохгүй л дээ. Харин манай папа, мама хоёр сайн зангио гаргаж өгдөг болохоор зарим сардаа 21-22 түм авчихаад л байдаг юм.
Баагий: - Хатаке ч хатуу л даа. Ах нь ч бас жил гаран хийсэн л дээ. ДХ чи мэднэ шүү дээ. Гэхдээ манайх танайх шиг ийм олон ногоогүй л дээ. Нас, төмс, лууван, дайкон /цагаан лууван/, байцаа, нагай нэги /ногоон сонгино/, тамо нэги /бөөрөнхий сонгино/ төдий л. Тэгээд ч настай хоёр хөгшин байсан болохоор ихэнх техникийг нь ах нь хөдөлгөөд ажлыг нь амжуулдаг байлаа. Ид хураалтан дээр нь ганц, хоёр арүбаетны хүн авчихдаг байсан болохоор гайгүй л дээ. Аяар ингэсхийгээд муу хоёр хөгшинтэйгөө очиж айсацсүрү нээ /мэнд мэднэ/. За нэг хуучин нутгаар ирсэнийх иймэрхүү сонинтой. Одоо энэ хавьд ер нь хэн, хэн байнаа?
ДХ: - Таны танихгүй, таныг явсанаас хойш ирсэн ганц, нэгхэн хүн байгаа. Хуучцуул баригдах нэг нь баригдаад, өөрсдөө буцах нь ч буцаад, өөр тийшээ явах нь ч яваад одоо таны таних хүн ... л байгаа даа. Баагий: - ... тай ах нь саяхан Ханамасад нэг тааралдсан. Бас нэг залуутай явж байна билээ. Ингээд л хүмүүс бүгд дагуултай болоод л байдаг, хөөрхий муу Баагий л ганцаараа.

ДХ: - Та авгайгаа авчихаач ээ. Баагий: - Уг нь ч анхны яриагаар бол тийм л байсан юм. Даанч ид шилжилтийн насны гурвын, гурван хүүг харах эзэнгүй үлдээж болохгүй болчихоод л...
ДХ: - Танай тэр хавьд чинь монголчууд байдаг биз дээ?
Баагий: - Яг надтай нийлээд гурван гоонь эр байгаа. Үе, үе нэгнийдээ цуглаж нарийн хоол хийж, пиво уунаа гэж байгаа. Ярианы сэдэв нь ердөө л яаж нэг хүүхэн олох вэ шүү дээ. Тэгээд л баахан буу халж байгаад л өглөө болгоно доо. Заримдаа зад халуурцгаана. Тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй ээ гэж, тэгсхийгээд л тас, тас... Нэг л мэдэхэд өглөө. Нэг иймэрхүү л амьдарч байх шив дээ. Харин та хоёр чинь уйдах завгүй аз жаргалтай байгаа юм байна даа. ДХ, НЗ хоёр хоёулаа хэлэлцсэн юм шиг зэрэг, зэрэг нэг нь: - Гэхдээ ганц сексдээ биш л дээ нөгөө нь: - Унтаж хэвтэхдээ гол нь биш л дээ... гэж зэрэг дуугарчихаад бүсгүй нь улайж гурвуул бяцхан хөгжилдөв.

ДХ: - Баагий ах аа, нээрээ хүмүүс бүгд л дуртайдаа л ингэж хамтардаг юм шиг юм бодож элдвээр хэлэхийг нь яанаа. Эгчтэй хоёулаа байхад, та эгчийг мэднэ шүү дээ, тас хийсэн чанга хүүхэн шүү дээ. Эрчүүл эргүүлж ирээд л эгч тас буугаад л тачигнаад л хөөгөөд явуулдаг байсан. Тэгэхэд л гадуур хоёр лесби гэж ярилцдаг байсан гэнэ билээ. Одоо бол ч эхнэр, нөхрөөсөө салаад нийлж сууж байгаа гэж ярьдаг байлгүй. Баагий: - Манайхан ч тэгдэг дээ. Эр, эм хоёр уулзаад зогсож байвал хоорондоо холбоотой ирдэг, очдог гээд л цуурна. Дахиад нэг удаа хамт харагдвал хамтран амьдардаг, тэгээд нэг гэртээ орчихсон бол авгай, нөхрөөс нь бүр салгаад хадуураад явчихдаг юм даа.
НЗ: - Би ч үнэхээр ирээд л үүнтэйгээ учирсаных ганцаардахын зовлон үзсэнгүй гэснээ түй, түй нулиман ширээ тогшиж цээр гаргасанаа: - Үзээгүй гэдэггүй юм гэнэлээ. Энэ маань ч бас чадвал энэ өвлөөс харина гээд л байгаа. Хөгшин нь ч ганцхан өөрөө тэвэрч хэвтэж байх гэж биш, монголд амьдрал хэцүүхэн байгаа болохоор битгий буцаарай гээд л ятгаад л сууж байна.

ДХ: - Зургаан жил хүний нутгийн шороо ухлаа. Насаараа ингэж байлтай нь биш харимаар санагдах юм даа. Муу хүү, охин хоёроо ч их санах юм даа. Муу ханиа ч их санах юм даа. Эхний хэдэн жилд манай нөхөр утсаар хардаад байдаг байснаа яг хүнтэй болчихсон чинь больчихдог байгаа. Сонин юм шүү, амьдралтай эвлэрч л байгаа юм байх даа. Би чинь охиноо гуравхан сартай байхад нь хөхнөөс нь гаргаж хаячихаад л ирсэн хүн шүү дээ гээд сэмхэн санаа алдлаа.
Баагий: - За даа, монголын виз гарахгүй байх дөө. Чи нөгөө Г...г танина шүү дээ. Намайг ирэхэд л энэ өвөл буцна гэж байсан. Саяхан нэг тааралдсан монголын виз гарахгүй байнаа, ирэх хавар яагаад ч гэсэн харинаа гэчихсэн тууж явна билээ. ДХ-ийг буцчихвал миний найз хэцүүдэх юм байна даа.
НЗ: - Харин тиймээ. Битгий гээд ятгахаар зөвхөн өөрийгөө бодсон болчих гээд, нээрээ бүтэн зургаан жил үр хүүхдээ ч үнэрлэж чадаагүй шүү дээ гэж бодохоор яваа л гэмээр. Тэгээд энд, тэнд харьд байж байгаад харьсан улсууд эргэж гарах гээд зүтгээд байгаа болохоор болио л гэмээр, яадаг хорвоо вэ гээд мөн л санаа алдлаа.

Баагий: - Хоёулаа байхад ядаж уйдахгүй, тэгээд ч бас мөнгө нэг их үрэгддэггүй, мөнгө цуглуулж болдог гэж өөр хоёр ч хамтрагчын ярианаас сонсож л байсан юм байна. Үнэн байх л даа.
ДХ: - Ганцаардахын зовлонг гуравхан сар үзсэн ч үнэхээр галзуурмаар байсан шүү. Эзэнд хэлэхээр стресс гээд байсан, эмчид үзүүлсэн чинь даралт ихдчихсэн байсан юм билээ. Эдний эм ч бас сүгой /сүрхий/ шүү. Дор нь л нам болгосон. Тэгээд ч энэ хүн ирээгүй бол ер нь тэгсхийгээд л буцах байсан байхаа.
Баагий: - Ах нь уг нь ДХ-тэйгээ ногооны ажлын тухай л ярих гэж ирсэн чинь ингээд хамтран амьдрагчын тухай ярилцлага болчихлоо. За тэгээд ах нь тохиролцсоноороо нэргүй л бичихээс. Өнөө оройг сайхан өнгөрөөлөө, хай кокоро сама дэсү /үнэн сэтгэлээсээ баярлалаа/. Нээрээ ахынх нь бичсэн "Хаврын 17 бодрол" гээд ном монголд хэвлэлтэнд орчихсон байгаа. Тун удахгүй ирэх байх, авч уншаарай.

ДХ: - Тийм үү? Таныг ингэж юм бичдэг барьдаг гэж сонсоогүй шүү дээ.
Баагий: - Санаандгүй л энэ өвлөөс бодол, эргэцүүлэлээ бичиж эхэлсэн чинь эцсийн үр дүн нь ийм болчихлоо. Ном бичнэ чинээ санасангүй явлаа даа.
НЗ: - Тэгээд юуны тухай ном юм бэ?
Баагий: - Үгүй юуны тухай гэх вэ дээ, хүний араншингийн тухай л гэх үү дээ. За та хоёрт ОРЛОО БАГ-ынханд болон, бусад уншигчдад хандаж хэлэх юу байна даа? Сүүлчийн асуултыг өөрт чинь үлдээе гэдэг билүү дээ, хэ-хэ...
ДХ: - Таны ярианаас гадаадад ажиллаж, амьдарч байгаа улсуудын тухай нийтлэлүүд хийж байгаа гэж ойлгосон. Мэдээж янз бүрийн хүмүүсийн тухай, газар орны тухай гээд сонирхолтой л нийтлэлүүд байгаа байх даа. Бид 2 тэр интернет гэдэг юмыг чинь огт мэдэхгүй ч гэсэн маш их мэдээлэл авдаг, өгдөг л гэж ойлгосон. Ингээд өөрсдөө ярилцлага өгнө гэж бодож байгаагүй шүү. Та харин амласанаа мартав аа.

Баагий: - За сайхан ярилцлага өгсөн та хоёрт ОРЛОО БАГ-ынхан болон бүх уншигчдынхаа өмнөөс баярласанаа илэрхийлээд өрөөлийн эрхээр биш, өөрийн эрхээр буцахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Баярлалаа. Жич: Энэ ярилцлагыг 2007-09-28ны Бямба гаригт хийсэн боловч зав болохгүй явсаар сая л эвлүүлж дууслаа. Мэдээж уулзалгүй удсан танилууд бүтэн оройг хамт өнгөрөөж орондоо орсон хойноо ч халаад л байсан болохоор маш их урт яриа болсон. Тийм учраас гол, гол хэрэгтэй гэсэн зүйлүүдээ түүвэрлэж орууллаа. 90 минутын хуурцаг 2-ыг дүүргээд цаана нь зөндөө ярилцсан гэж байгаа. Ингээд эрхэм уншигч авхай та бүхнээс бас дахин хүлцэл өчихөд нэгэнт хүнд ам алдсаны учир ямар ч нэр усгүйгээр хүргэж байгаа даа бас дахин хүлцэл өчье!

Ярилцсан С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай. Гэртээ эвлүүлэв. 2007-10-05

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.