05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

САЧОТАЧИ- ДАРГА, ЭЗЭД: №3:ДУУГҮЙ ЭЗЭН –САЙТО САН

Өглөө эртээ гэгч нь гарсан боловч анх удаа хүнээр заалгаж аваад Наран нутагт өөрөө бие даан явж байгаа учраас замдаа хүлээхдээ хүлээж, будилахдаа будилж явсаар орой дөрөв өнгөрөөгөөд хүрэх газраа хүрч тосч авах хүнтэйгээ уулзлаа. Хүлээхдээ хүлээж, будилахдаа будилахын гол шалтгаан нь ирээд дөнгөж гуравхан сар хагас болж байсан үе буюу ердөө л хэлгүйнх байлаа. Мэдээж одоо ч түүнээсээ нэг их илүү гарч шалисан юмгүй ч эрх биш цагийн уртад ийгээсээ арай өөр болоо л доо.
Ингээд хими цэвэрлэгээнд мөн л таван түмийн хаалт төлөхөөр тохирон ажилд орлоо.  Зуучлагч маань дан хими цэвэрлэгээгээр дагначихсан нэгэн, надаас арай дүүмэд хүүхэн байлаа. Эзэнтэй уулзууллаа. Эзэнтэй уулзууллаа ч гэж дээ эзэн авгай нь гээд нэг л их худлаа инээдэг зүдто /үргэлжийн, мөнхийн/ маск нүүрэндээ гэрэлтүүлсэн Филлифин хүүхэнд наймааны хонь мал үзүүлж байгаа юм шиг намайг үзүүлж харуулж үзүүлээд баахан юм ярилцаж байгаад арай гэж намайг “шахчихав” бололтой сая нэг юм “За та юмаа аваад ир” гэлээ. Ярилцаж байх завсраа “Таныг 33-тай гэчихлээ шүү, сүүлд асуухад нь ам зөрөв өө!” гэж сануулан захих захиасаа захих нь инээдтэй ч юм шиг, даруй 6 насаар залуужаад жавхайгаад явчихваа чи минь.
Юмсаад байх ч юу байх вэ цүнхтэй хувцсаа барин дагалаа. Гэр бүлийн хос залуус хоёр, тэгээд бас ганц бие залуу нэг дээр нь би нэмэгдэн зургаан Монгол ажиллах юм байж.

Маргаашнаас нь нэг залууг нь дагалдан өглөө ажилдаа гарлаа. Нэг хэсэг ухнадаад нэг хэсэгтээ завтайхан болдог боломжийн ажил байлаа. Яг миний хийх ажил нь овоохон заваан талдаа. Ирсэн бохир хэрэглэл ялган угаалгын машинд хийж угаагаад заримыг нь хатаагч сэгсрэгч машин руу дамжуулан хийж /зарим машин нь өөрөө шууд сэгсрээд хатаачихдаг/ цаг нь болохоор гарган савалгааны цех рүү оруулж өгөх тийм л ажил байлаа. Тоног төхөөрөмж нь амбасын үеийн хуучны угаалгын машинаас авахуулаад орчин цагийн сүгой /мундаг, сүрхий/ машинууд ч байлаа. Харин ажлын байр нь ерөнхийдөө бөгс эргэх зайгүй давчуу, умгар гэж юу гэх вэ, дээрээс нь халуун гэж ярих ч юм биш. Энэ үйлдвэрийн барилгын элбэг 30-40% нь цэнхэр шито /мяндсан, нийлэг эдлэлэн машины бүтээлэг/ -гоор хучаастай гээд бодохоор сонин байгаа биз. Уг нутгийн маань байгаль, цаг уур нь дулаан учраас тэр шүү дээ. Шинээр хоёр ч машин суурилуулахад мөн л пүрүүс модоор янз  зангидаад л шитогоор бүрчихэж байсан юм. Ажлын байраа тойроод л энд, тэнд нь завсар зайд нь нэг нь нэг, хоёр нь хоёр ор багтчихмаар оготны нүхнүүдтэй, энэ нь ажилчдын байр. Миний амьдрах өрөө доороо гал зуухтай, дээд талдаа дээшээ бараг нь 75 хэмийн босоо шаттай нэг өрөөтэй байлаа. Өрөөнд гурван орны зайтай ч казармаг маягаар давхралсан нийт таван ортой өрөө таарчээ.

Уг ажил нь нэг их хүн ядрахаар ажил биш боловч үнэндээ овоохон заваан ажил байлаа. Энэ хими цэвэрлэгээ нь том жижиг гарын, нүүрийн алчуур болон ванны алчуурнуудаар дагнасан газар байсан юм. Мэдээж харилцагчид нь амралт, зоогын газрууд  болон өндөр настнуудын сувилалууд байх, хүний өтгөн ялгадастай алчуурнууд ч ирнэ. Нэг онцлог нь ёроолдоо болон хажуу бөөрөн дээрээ бариултай тусгай ууттай ирдэг тэр нь дүүрэн бол 40-50кг ч татна. Дунджаар 20-30 кг хүнд. Амыг нь сайн нээж байгаад хоёр бариулаас нь барин саваад машины амруу оронгуут нь ёроолынх нь бариулаас суга татаад уутаа суллаад авчихдаг аргачилалтай. Эхний хоёр өдөр чадахгүй, даахгүй хүч алдан газрын нэг тарааж орхиод тэр заваан ялгадастай алчуурнуудыг фү-фа болон огин байж арай гэж машин руу далдруулж байсан бол гурав дахь хоногоосоо аргыг нь олон барилыг нь авлаа. Цалин хямдхан, цагийн 600 ээнэ. / Тухайн үед 1 иен 9 төгрөгтэй тэнцэж байв/  Өглөө наймаас орой найм хүртэл зүтгүүлж байж л өдрийн цайны нэг цаг хасагдаад 6600 ээнэ бариулна. Байр үнэгүй, татваргүй гэж тохирсон ч хогний мөнгө, нэг тийм жаахаан шимтгэл энэ, тэр гэж аргацаагаад л өдрийн 6000 ээнэ дээр буудаг байлаа. Хямдхан даа, хямдхан л ажил байсан юм. Тэр цаг үе нь одоогоос бараг л таван жилийн өмнө 2003 онд л доо. Ажил авсаар олддоггүй хэцүүхэн үе байсан болохоор нэг юмны үзүүрээс шүүрээд авлаа л бол дуустал нь мушгихыг хичээдэг байсан ч хорвоо гээч юм хүний хүсэл, зоригоор хангалттай нааддаг нэгэн болохоор яаж ийгээд л нэг л өдөр өөрөөс минь ч юм уу, өрөөлөөс ч юм уу болоод хорвоо буруугаар нь эргүүлж орхино. Ч.Лодой-Дамба гуайн хэлснээр “Хорвоо чи хүний зовлонд ханах болоогүй юу?” л гэмээр үе хүний амьдралд аль тохиолдохыг тэр гэх вэ?

Надад ажил зааж өгсөн ганц бие залуу /Мэдээж нутагтаа хань ижил, үр хүүхэдтэй/ болон нэг гэр бүлийн хоёр нь 2-3 хоногоос өөр ажилд орохоор явах оронд нь мөн л 3-4 хүн ирж орох ёстой юм байж.
Хожим нь мэдэхнээ Фужи хайрхныг тойроод л манайхны хэлдгээр “хар мянган” амралт, сувилалын газар, жуулчны баазууд, том, жижиг зоогийн газрууд болон халуун ус, саунууд байдаг болохоор Хайрханыг тойроод л хими цэвэрлэгээний газрууд байдаг юмсанж. Мань зуучлагч хүүхэн ч хэн нэгэн ажил сурсан хүнийг манайхаас эхлэн, санаанд нь нийцсэн хүнээ ч юм уу аль эсвэл шаанстай үед нь цааш нь шат ахиулан дамжуулан хими цэвэрлэгээнүүдээр зуучилж хэдэн төгрөг цохидог сэргэлэн хүүхэн байсан юм. Нөхөр нь ажил хийнэ, мань хүүхэн бол хүүхдээ хараад л утсаар ярьж дээрхи бүхнийг амжуулдаг нь гол ажил нь байсан юмсанж. Нөхрөөр дамжуулж маш олон хүн ажилтай болсон доо. Ингээд халгаа, сэлгээ хийгдсээр уван цуван гурван хүүхэн хоёр залуу ирэн явах нь явсаар найман Монгол боллоо. Энэ хими цэвэрлэгээнд хорь гаран Филлифин, нэг Пакистан, эзэнтэй нийлээд дөрөвхөн Япон хүн байлаа. Нэг настай өвгөн энд, тэнд багаж бариад л засвар, масвархан хийгээд яваад байдаг байсан чинь жинхэн эзэн маань Сайто сан /гуай/ байсан юм байж. Нөгөөх намайг, намайг ч гэж дээ орсон гарсан бүх л хүмүүсийг сорьж, сонжиж авдаг “инээдэг баг”-т Мария сан бол авгай нь буюу Мама сан нь юмсанж. Наран нутагт ямар нэгэн ажил эрхэлж, даргалж байгаа эмэгтэй хүнийг ер нь л Мама сан гэх л дээ.
Инээдэг багны хувьд бол Тай, Филлифин, Индонези гээд ер нь зүүн өмнөд Азийнхны багаасаа сурсан төрөлхийн зан л юм шиг санагдсан шүү, төлгүүд ч мөн ялгаагүй.

Ажилд гарахдаа бүгд тайм-картаа шургуулаад л ажилдаа гарна. Өглөө ээлжийнхэн 8-20 хүртэл ажиллаад заримдаа 22-23 ч хүргэх үе байдаг ч мөнгө л юм чинь гээд зүтгэдэг л байлаа. Оройн ээлжнийхэн 16 цагт ажилд гараад өглөөний дөрөв хүргэнэ. Мөн л ажил ихтэй үедээ өглөө 6-7 хүргээд л бууна даа. Бямба гаригт яагаад ч юм бэ бүү мэд, ажил ер нь л татруухан байдаг байсан юм. Оройн ээлжнийхэн өдөр нэгээс гараад орой 20 цагт бууна. Ингээд л манайхан л болсон хойно долоо хоногын алжааллаа тайлах нэрээр эр, эмгүй бүгд л нийлээд хар усаа гударцгаана. Шизоукад дугуйны шалгалт ихтэй, унадаг дугуйнаас болж чадарсан /баригдсан/ хүмүүс зөндөө байдаг болохоор дэлгүүр лүү алхчихна даа. Ирж очихын яг нэг цаг болно. Нэг мөсөн авчихъя, нахихгүй амтайгаар овоохон юм авчирдаг ч заавал халууран дэлгүүр шогшино. Шогшихдоо архины халуундаа хэнэггүй дугуй унаад л тууна даа, нөгөөх дугуйнаас айдаг хүмүүс чинь. Ээдээ, энэ хар ус уу? Олон ч аавын хүүгийн амьдралаар тоглож, олон ч сайхан авъаслаг аавын хөвгүүдийг “Өвөөгийн хөндий” рүү шидсэн дээ, харамсмаар...

Цалин буулаа. Яах нь ойлгомжтой... Ид халаад байж байтал хоёр залуугын нэг, надтай хамт нэг ээлжинд гардаг залуу “Яг адилхан ажиллачихаад чи яагаад илүү авдаг юм бэ?” гээд агсрах шинжтэй. Уг нь ч шальтай ч юм биш 7000 ээний зөрүү л байсан юм. Цалин зөрөхийн учир нь бид хоёр хоногын зөрүүтэй орсон болон, ажлынхаа арга барилыг олоод ирсэн тэр л үеээсээ тайм-картандаа жаахан ажиллаад эхэлсэнд л байсан юм.  Нэг бүтэн долоо хоног Эдсель гээд нэг Филлифин залуутай хамт ажиллахдаа л мань эрээс сурсан хэрэг л дээ, өөрөө ч нэг их нээлт хийчэхсэн юм биш. Тэгээд нөхдүүдэд зааж өгсөн боловч өөрсдөө хэрэгжүүлээгүй байж дараа нь хэдэн бор юмаа авахдаа цалингын зөрүү ярих  нь ч шал утгагүй л дээ.
Яадаг вэ гэхээр өглөө эртхэн гараад 7:37-38 гээд /40-өөс жаахан өмнөхөн хийчихэд 20 минут орчихно гэсэн үг/ тайм картаа хийчэхээд ажилдаа гарчихна. Өдөр цайнд орохдоо 12:12-13 гээд мөн л картаа хийчэхнэ. Эргэж гарахдаа өглөөтэй адилхан 12:37-38 гэж картаа шургуулж гараад ажил тараад буухдаа худлаа үнэн хог, новш янзалж аргацаасаар байгаад бусдаасаа 10-15 минутын дараа картаа хийгээд буухад өдөрт бүтэн нэг цаг нэмэгддэг байсныг нь л хэрэгжүүлснийх цалин зөрөөд байлаа. Дараа сарын цалин буулаа. Энэ удаа бүтэн сар новширсных түм тав, бараг түм зургаагийн /15800 ээнэ/ зөрүү гарсных нөгөө нөхөр ер нь шатаж үхэх нь ээ. Яриа болгондоо “Дараа сарын уулгыг энэ их илүү мөнгө цохидог арын хаалгатай п...гаар гаргуулна шүү!” гээд сав л хийвэл өдөөд болдоггүй. Хэдийвээр ууж байсан ч хэлсэн үгийг нь чихнийхээ хажуугаар гарган гүрийж суусаар л... Дараагийн бямба гариг боллоо. Байдал давтагдаад л... Түүний дараагын бямбад би гэр бүлийн хоёртой хамт Асахи яваад уулганд орсонгүй. Түүний дараагийн бямба гариг 15-ны өдөр таарч цалин бууж таарлаа. Энэ удаа хэрэгцээтэй туршлагыг гэр бүлийн хоёр болон нэг бүсгүй хэрэгжүүлснийх уулгыг бид дөрөв даах ёстой гэсэн саналыг нөгөөх л нөхөр хэлж байнаа.

Алжаал тайлах ажиллагаа ч эхэллээ. Нөгөө нөхөр шувт өдөөстэй ч дэргэд учирлаад хэлж ярих хамжаа нөхдүүд байгаа болохоор би ч хэлээ хазаад гүрийгээд л байлаа. Сүүлдээ мань эр хирээс хэтрэн боловсролгүй, бүдүүлэг тэнэгээр минь дуудаж өөрийгөө мэдлэг боловсролтой, Оросод Биеийн Тамрийн дээд төгссөн ардийн багш энэ тэрээ гээд л явж өгч байснаа харин ширээн дээр байсан стакануудтай архи пивоны шавхруунууд нийлүүлж нэгэнд нь хийснээ “П... а, чи энийг хүртчихээд өөрөөсөө ман /10 000 иен/ гаргаад уулганд яваад ир!” гэдэг байгаа. Хэдийвээр тэр болгонд зодоон, нүдээн хийгээд яваад байдаг хүн ч биш, нас минь ч биш боловч иймэрхүү доромжлолыг хэн хэрхэн хүлээн авах билээ дээ, тэвчээрийн тэлээ тас үсрэн “Иш чааваас, ийм тэнэг амьтнаар хичээл заалгасан ардын хүүхдүүд хөөрхий еө. Гаръяа!” гээд түрүүлж гарангуутаа гэнэдүүлэн ганцхан хавсарч унагааж авангуутаа угаалгын машины таг хөшиж онгойлгодог хөшүүрэг төмрөөр хэмх нүдэж байтал нөгөө хэд ирж салгалаа. Ерөөсөө минут ч хүрээгүй хоромхон хугацаанд сайн гэхэд дэндүү сайн нүдчихсэн юм. Муу эр мод, чулуу гэдэг ч нас залуу, эрч хүчтэй, чацархаг 180см өндөртэй биеийн тамирын багш гуайг би өөрөөр дөнгөхгүйн учир яая гэх вэ.
Ингээд эрхэм уншигч танаас нэгэн бяцхан зүйл асууя, дээрхи тохиолдолд хэрвээ та миний оронд байсан бол яах байсан бэ? Зорьж ирж, цайны хомсхон боловч амрах цагаа мартан, мартан зүтгэж олсон тав, арван төгрөгөөрөө бидний уух архийг даа, энээ тэрүүгээр дуудаад өдөөд, доромжлоод байвал та яах байсан бэ? Мэдээж ямарваа нэгэн юманд тэсвэр, тэвчээрийн эцэс гэж байдаг болохоор тэр өдөр тэсээд өнгөрсөн ч хэзээ нэгэн цагт заавал тохиолдох л байсан. Аль эсвэл айсан, шээргэнэсэнээ дуудуулан нэг л өдөр сүүлээ хавчин зайлах л болно.

Миний хувьд өт байлаа ч атиралдаж байж л сална уу гэхээс яагаад ч зүгээр нэг сүүлээ хавчаад өөр тийшээ яваад өгөхгүй ээ. Амьдрал гээч юм хар багаас минь өдсөн болгонтой чадахгүй ч, дийлэхгүй ч гэсэн өөдөөс нь заавал шөргөөцөлдөж, маажилцаж байж доор нь орвол орох ёстойг хатуу ухааруулсныг та бүхэн миний бусад тэмдэглэлээс цухас боловч ойлгосон байх гэж найдна. Ноомой, хүлцэнгүй байх юм бол ноолох ноёд шиг олон юм байхгүй, чадахгүй ч гэсэн өөдөөс сөрж байж, зодуулсан ч сарваганаж байж зодуулдаг хүнээс атманууд ч гэсэн яс юман дээрээ жийрхдэг л байхгүй юу! Эцсийн эцэст эрхэм уншигч та бүхэнд хэлэхэд “Амьдрал бол тэр чигээрээ тэмцэл юм шүү!” л гэдгийг хэлэх гээд байгаа санаа минь ердөө л энэ.
 

Нэг санаа зовох асуудал байсан нь Оки /Том гэсэн үг. Хоёр залуу урьд нь барилга дээр хамт ажиллаж байгаад ирсэн залуус байсан бөгөөд хоёуулаа том биетэй сүрлэг залуус байсан бөгөөд Оки нь 185см өндөртэй ч цээжэрхүү бадируун эр болохоор энд ажилд ороод л ийм нэртэй болсон юм/ найзаа өмөөрөөд дайрч орж ирээд хавсайдчих вий дээ гэтэл харин тэгсэнгүй. Маргааш өдөр нь унтаж байтал унтаагаар минь нүдэж эхэлдэг байна шүү. Яг адилхан уучихаад “Согтуугаар далимдуулж зодлоо” гэж шалтгалж байнаа. “Чиний нөгөө их оросод сурсан, орос ёс мэддэг чинь хаана байнаа? Хэвтээ хүнийг зоддог орос ёс байдаг билүү дээ?” хэмээн арай гэж өндийж нөхөртэй үсдэлцэн зууралдаж авангуутаа шатруу дэгээдэн давхралдан нэг давхарт гулган буухад би дээр нь байсных цементэн шалан дээр мань эр тархиараа унан би амжиж дээр нь гарсных нэмээд хоёр, гурван удаа газар мөргүүлтэл Оки “Чи п...а минь, давраарай” гэсээр наашилахад нь ухасхийн босч амжиж зайгаа аван өрөлт авсан ч хэн, хэн маань бие, биендээ эрэлхэхсэнгүй ярилцан учраа оллоо.

Хоёр, гурав хоноод ажлаа хийж байтал хажуугаар гарахдаа гэнэгүй байсан намайг гэнэдүүлэн цохиход цохилуур тааран шууд шоконд орон хөл дээрээ ч тогтож чадалгүй гуйван явтал төмөр багана тааралдан баганаас зууралдан арай гэж тогтон багана тойрон зайгаа авсаар сая л гайгүй болоход нь харвал гарт нь хутга гялалзаж харагдана, дотор ч пал хийгээд л явчихлаа. “Өө зайлуул, иймдээ тулсан уу? Хоёрын хооронд гуя, муянд хэрэггүй шүү, нэг мөсөн гүйцээчихээрэй” хэмээн зайгаа барин гарт барьчих зэвсэг хайж байтал ашгүй Оки ирж хутгыг нь булааж авлаа. Хэн нэгэн нь зодоон хийж байна гээд эздэд хэлсэн бололтой Сайто сан, Мария сан хоёулаа ирэхэд нь “Бид хоорондоо таарахгүй нь, би явлаа” гэснээр мөн л цүнхээ чирсээр хуучин нутаг руугаа явах болов. Мэдээж явахаасаа өмнө нөгөөх нөхөрт “Ахыгаа айлаа гэж бүү бодоорой! Чам шиг юм үзээгүй нусан чавхнаас айж явсан удаагүй. Чамтай хамт байвал нэг л өдөр тэсвэр алдан, чиний өөрийн чинь барьсан хутгаар чамайг нухчихаж магадгүйн учраас, ирсэн зорилго минь зодоон биш мөнгө учраас тайван амгалан ажиллаж болох газар луу явлаа шүү!” гэж хэлээд бусадтайгаа салах ёс гүйцэтгээд явсан даа. Үнэхээр ч нэг бол өөрөө өрлүүлэх, аль эсвэл өөрийг нь өрлөчих нигууртай учир явсан минь зөв болсон доо.  Эндээс явах гол шалтгаан нь ерөөсөө л нөгөө манайхны тамын тогооны үлгэр буюу барьцамхай, бусдыг илүү хардаг тийм л атаархуу зангаас л болсон доо. “Энэ п…а илүү аваад байна, би яагаад тэгж болдоггүй юм бэ?” гээд өөрөө хичээн зүтгэхийн оронд тэр хүний зүтгэлээрээ илүү олсон тав, аравхан төгрөгийг л лазагнаж суугаад хуваагаад хүртчихье гэсэн өчүүхэн үзэл бодлоос л эх авсан даа. Харамсмаар Монгол зан гэж…

Харин дуугүй эзэн буюу Сайто асан гуай өдөр, шөнө хэзээ ч гэсэн угаалга ажиллаад хүмүүс ажиллаж л байвал заавал хамт ажиллаж байдаг амрахыг мэддэггүй өвгөн байсан юм. Нэг харахад тэнд хүүхнүүдтэй алчуур эвхээд зогсож л байна, нэг харахад тэнд савалгааны машин дээр ажиллаж л байна. Хүн харахад удаан, жингүйдлийн юм шиг хөдөлдөг хирнээ яах аргагүй бусад хүмүүстэй зэрэгцээд л ажиллаад байдаг, дамжлага байлаа гэхэд урд, хойд хоёр дамжлагануудаа яагаад ч сул зогсоохгүйгээр амжуулаад байдаг сонин хүн байж билээ. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй, хүн амьтан загнаад байхгүй нэг тийм дуугүй хүн байсан юм. Бид өглөө, оройны ээлжинд гарч ирчихээд хэзээ амардаг хүн юм болоо гэж үнэхээр гайхдаг байсан юм шүү. Уржнан жил талийгч болсон гэж сонссон доо, аръябулам- ум- ма-ни- бад- ми- хум!
 
С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-12-21


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.