05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №30:ДАВАХГҮЙ ГЭСЭН ДАВААГААР...

Шинэ мянган гарч байлаа. Өөрийн хэдэн зулзагаа, бас газар дээрх ганц найзынхаа гурван зулзагыг дагуулан талбай дээр наадаж явтал найзын маань том охин "Ээж гэж нэг юм, тэнэг тэнэг юм яриад" гэж манай эхнэртэй буу халах нь сонсогдоно. Амьхандаа хүүхнүүд хошуу холбож байгаа ухаантай юмсан уу даа. Бусад нь дандаа эрчүүд болохоор бидэнд баригдахгүйгээр мөсөн гулгууруудаар гулган тарж одсон тэр үед л дээ. Би ч хэрэгт дурлан "За, тэгээд ээж нь юу гэж тэнэгтэж байх юм бэ дээ?". "Өө, дөчин тав хүртлээ эмээ, болохгүй шүү! гээд л тэнэг, тэнэг юм яриад л" гэж байсан юм. Энэ яриа ч тэгсхийгээд мартагдав. Аав, ээж нь харьд /Өмнөд Солонгост/ ажиллаж байсан болохоор баяр ёслолоор дагуулж явж наадуулдаг нэг тийм хэлэлцээгүй, ярилцаагүй бас хуульчлаагүй хуультай байсных үүргээ гүйцэтгэж явсан нь тэр л дээ.

2004 он гарлаа. Найз бид хоёр "Дөрвөө дарсан ат, дөч хүрсэн эр"-с боллоо. Найзын минь эхнэр ч бидэнтэй чацуу л даа. Гэтэл нөгөө "Ээж гэж нэг юм"-ны яриад байсан "Тэнэг, тэнэг юм" нь биелэлээ олон найз нарыг минь өвөө, эмээ болгож орхив. Юун тэр дөчин тав, мав вэ гэж. Утас цохилоо. Өвөө авч байнаа. Мэндийн зөрөө гаргаад сонин сайхан дуулах юу байгаагаа ярилцав. Зээгээ үзэхээр яаран хоёулаа харихаар болсон гэнээ. Найз минь хүүхдүүд яах вэ байж л байх юм чинь, Монголд очиж юу хийнээ? Мань мэтийн улс нэг олдсон боломжоо ашиглах л хэрэгтэй байж байвал дээргүй юу гээд жаал хатгаад барсангүй.

Найзаараа баахан тогломоор санагдаад:
- За найз минь, өвөө болох ямар байна даа?
- Үгүй яах вэ дээ, очиж зээгээ тэвэрмээр л санагдаад байх юм хө.
- Тэр ч тэгнэ л дээ, гэвч өвөө болох ямар байна даа?
- Сайхан л байхгүй юу.
- Үгүй ээ, би өөр юм асуугаад байна. Чи өөрийгөө эмээ тэврээд хэвтэж байна гээд бодоод үз дээ!
- За чи битгий нохойтоод бай!
- Үгүй чи хариулал даа, эмээтэй унтах ямар байнаа?
- Өөрөө унтаад үзэхгүй юу?
- Чи надад эмээгээ зээлэх юм уу?
- Өөрийнхтөөгөө унтахгүй юу.
- Манайх эмээ болоогүй ээ, дор хаяж л 5-6 жилийн зай байгаа гээд жаал найзаа цаашлуулсансан.

Миний муусайн наз нар ингэж л давахгүй гэсэн даваагаараа төлөвлөсөнөөсөө ч бүүр өмнө эмээ, өвөө болсондоо. Зээ нь энэ жил гурван ой хүрч өвөөгийн энгэрийн зүүлт, элэгний наалт болчихсон хэргийн эзэн хэнгэргийн дохиурын бичлэг саяхан ирсэн билээ.Энэ ч бас яах вэ, хувь хүн.
Тэгвэл бүхэл бүтэн улс орноороо, нийгмээрээ ч бас давахгүй гэсэн даваагаараа давдагийн үлгэрийг хуучин Соц-системийн орнууд гэгдэж байсан улсууд одоо давж явах шиг. Манай монголчууд "Эв хамт" гэсэн хоосон мөрөөдлөөр жигүүрлэн муу "Хавьтаалист /капитал-хөрөнгө, капиталист-хөрөнгөтний нийгэм/" нийгмийг том цагаан мориор алгасан харайн гараад л цаашаа хатирч байснаа гэнэтхэн цагийн аясаар даваа, гүвээ болгоныг алгасахгүй давах учиртайг ойлгон нөгөө л нэг хөлөглөн авч давхисан цагаан морин жилдээ төрийн эргэлт тайван замаар хийж хавьтаалист нийгмээ байгуулж эхлэх шив. Өнгөрсөн зууны 30-аад оны үед нөгөөх л үл бүтэх хөрөнгөтөн нийгэмд гарч байсан элдэв асуудлууд / Хадгаламж, зээлийн хоршоо гэх мэт/ яг одоо манай цаг үед давтагдсаар.

Хүн гээч амьтан хэзээд нийгмийн бүтээгдэхүүн байдаг тэр л утгаараа "Давахгүй гэсэн даваагаараа заавал эргэж давдаг"-ийг л эрхэм уншигч та, бид яс ойлгох хэрэгтэй шүү!
Зах зээлийн эдийн засагтай, хөрөнгөн дээр тулгуурласан энэ нийгэмд зальхай, луйварчид хаяагүй байгааг анхаарч ямар нэгэн зүйл хийвэл сайтар тооцож долоо хэмжин нэг огтолж, наад цаадахыг нь сайтар нягтлан үзэж байвал тойрон өнгөрсөн даваагаа эргэж давах хэрэг гарахгүй амар байх болов уу?
Эрхэм уншигч танд ч гэсэн бас "Давахгүй гэсэн даваа" тааралдаж л байсан, та ч нэг биш долоон удаа давж явсан удаа байгаа л байх. Сайн нягтлаарай даа. Үнэхээр давахгүй даваа ч гэж бас байж болох л шүү л дээ.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-10-05


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.