04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №4:ЧОНО ДАГУУЛСАН ШӨНӨ

Манай өглөө ингэж эхэлдэг Маргаашын өглөө ч ингэж эхэлнээ.../Хүүхдийн дуунаас/ ...Даараад сэрлээ.Сэрэх ч гэж дээ,хальт ухаан орлоо.Гэхдээ нүдээ нээж ч чаддаггүй,чадал ч хүрэхгүй шинжтэй.Тархи задарчих шахан янгинан өвдөж,дотор муухайран дээр нь ам цангах нь тэсвэрлэхүй еэ бэрх ажээ.Ядаж байхад доороос нэвт жиндүүлэн хайрна...Ямар нэгэн хучих,нөмөрчихмөөр юм бас хоолой давуулчих шингэн юм хайн гараараа тэмтэртэл... Цочоод сая л бүрэн сэрлээ.Энэ чинь юу вэ,би хаана байнаа??? Гэхдээ ингээд бүрэн бүтэн сэрж байгаа нь сайн хэрэг л дээ.Сэрж чадахгүйгээр тэр чигтээ эргэж ирэхгүй аяндаа мордсон хүмүүс бас ч гэж тийм цөөнгүй шүү дээ.Ялангуяа өвлийн улиралд хөлдөөд осгочихсон хүний тоог гаргах амаргүй л болов уу.Бас сархадын халуунд бие,биенээ барьж авч зодож нүдээд хутга,шөвгөндөө тулж хэн нэгнийхээ амийг хөнөөсөн тохиолдлууд гээд тоочвол барагдахгүй дээ.Аав нь хүүгээ,ах нь дүүгээ,дүү нь ах аа,ааваа гээд тоочвол тэр цагдаагын мэдээнээс чамгүй л юм сонсогдоно доо.

Сонин сэтгүүл дээр хэн нь хэзээ анх хэлж,бичсэн юм "Нэг нь шоронд,нөгөө нь шороонд" гээд л нэг их цэцэн цэлмэг зүйр үг хэлчихсэн мэт сонин болгон шүүрч аваад л бараг л бахархалтайгаар бичнэ.Ээ дээ энэ хар ус уу???... ... Тийм ээ,энэ бол мянга,мянган монгол эрчүүдийн маань жирийн л нэгэн өглөөний дүр зураг билээ.Араас нь "За би чинь өчигдөр яалаа,хамгийн сүүлд хаана,хэнийд,хэнтэй яаж байлаа? Түүнээс хойш...яасан бол оо??? Хэн нэгэнтэй муудаж,сайдаагүй байгаа???...Яанаа,яасан бол оо???...гэсэн мянга,мянган яагаад,яанаа хоёр толгой дотор чинь эргэлдэж тэртэй тэргүй дотор муухайран,тархи задарчих гэж байхад дээр нь хөөрхөн гэгч нь нэрвээд авна даа. Гэхдээ та өдөр болгон биш ч гэсэн аль нэгэн өглөөг ингэж эхлүүлж байсан л байж таараа. Та улсад ч юм уу,аль эсвэл ямар нэгэн пүүс,компанид ажилладаг бол цалин буусны маргааш,хэрэв та аль нэгэн зах дээр зогсдог жижиг наймаачин бол цөм хийсний маргааш,хэрэв та томоохон бизнесмэн байгаад ашигтай гэрээ хэлцэл хийсэн бол маргааш өглөө нь,хэрэв та ямар нэгэн нам,эвсэлд харъяaлагдсан бяцхан улс төрч /магад ч үгүй лаг ЛИДEР/ байгаад улс төрийн томоохон хор,жор найрууллацсаны маргааш өглөө ингэж сэрдэггүй гэж үү?Битгий л үгүй гэж үзээрэй,энэ бол маргахын аргагүй гашуун үнэн шүү!!! Энэ удаа ч миний хувьд мөн л адил ухаан орлоо.Харин энэ удаад өглөө ч биш,гэртээ ч биш бас айлд ч биш эзгүй хээр тал дээр гав ганцаарханаа байлаа."Нөхөд маань хаана байна?Тэд яасан бол оо?Би яагаад энд ганцаараа байна?Яагаад ч намайг хаях учиргүй дээ.Ойрхон л байгаа даа" гэсэн нөгөө л олон асуулт,таамаглалууд тархин дотор эргэлдэнэ."Баагий,Боогий,...,. .." гээд бүгдийг нь нэрлэн дуудлаа,хариу алга.Босоод тал бүр тийш ямар нэгэн юм олоод харчих санаатай баахан ширтлээ.

Ширтлээ ч гэж дээ,ёстой л нэг нүх шиг харанхуй ёрын шөнө байлаа.Энүүхэн толгойн цаана хот,суурин байгаа бололтой тэнгэр бүгтхэн гэгээрнэ.Одоор баримжаалвал тэр зүг зүүн зүг болж таарч байна.Бас оддын байгаа багцаагаар 10-11 цаг болж байгаа бололтой.Тэгэхээр тэр бол Эрдэнэ сум болж таарлаа.Би Эрдэнэ орж яах нь вэ гэж,баруун тийш хот орохоор алхаж эхэллээ.Удаан ч явсангүй замд орлоо,замд ойрхон байжээ.Тэр үед зүүн аймгуудын зам тавигдаагүй,засмал зам дөнгөж л 100 мод хүрэх гэж байсан юм.Энэ нь 1996 оны 8-р сарын хорьдоор байлаа.Намрын шөнө жихүүн гэж юу гэхэв,жиндүүлж байна.Ядаж гадуур өмсөх юм аваагүй өдөр байснаараа гарсных дан футфолктай,2 гараа өмднийхөө халаас руу шургуулаад аль болохоор жигдхэн алхахыг хичээлээ.Хаана ч хүртэл алхаж магадгүй,магад ч үгүй Налайх хүртэл алхах учраас аль болохоор жигдхэн алхахыг хичээсэн хэрэг л дээ.Хүн өдөрт дунджаар 45-50км алхаж чаддаг юм.Тэгэхээр Эрдэнэ сумаас Налайх хүртэл ойролцоогоор 40км гэж үзвэл өглөө л Налайх орно гэсэн үг.

Тийм болохоор эхлээд жигдхэн алхаж эхлээд ягуу,ягуухнаар хурдаа нэмсээр цаашаа нэмэх аргагүй болоод ирэхээр нь тэр хурдаараа л алхах хэрэгтэй.Нэг сайхан булуу халчих юм зогсох ч үгүй л дээ,зогсож ч болохгүй.Хэрэв зогслоо л бол дахиад тэгж жигдэрч чадахгүй нь теором. Араас машин ирэх чимээнээр эргэж харвал толгойн цаанаас машины гэрэл нэг тодорч,нэг бүдгэрсээр удалгүй гарч ирлээ.Баярлан гар өргөтөл холуур тойроод явж одлоо.Дахиад 2 ч машин алсуур тойроод өнгөрлөө.Энэ нь ч бас аргагүй л байсан хэрэг л дээ.Би гээч амьтан халуун үзэж чаддаггүй,хөлсөрхүү нэгэн болохоор зуны хэдэн сард үсээ гялайтал хусчихдаг юм л даа.Тийм болохоор харанхуй шөнө эзгүй хээр ганцаараа яваа надаас айсан л юм болов уу.Ядаж байхад би хар жинсэн өмд,зах дээр амархан хиртэхгүйг нь бодож хар сааралдуу футофолка өмсдөг байсан юм.Гэхдээ гонжуум /костюм/ зангиа болоод дипломат цүнх барьсан байсан ч тэр эзгүй хээр зогсоод авах хүн байсан гэхэд итгэхэд бэрх л дээ.Дахиад нэг машин ирэх чимээнээр аргаа өөрчлөн замын хажуу руу гаран нуугдаж хэвтээд дэргэдүүр өнгөрөнгүүт нь араас нь ухасхийгээд гүйтэл машинд хүрсэн ч үгүй таварцаглаад уначихлаа.

Өрөөсөн өвдөг,өрөөсөн тохой будаа.Овоо хүчтэй ойчсон юм болов уу нэг хэсэгтээ л цус гоожоод яваандаа тогтлоо. Одоо бол ерөөсөө 2 хөлдөө л найдахаас өөр аргагүй болжээ.Алхаагаа жигдлээд алхаж гарлаа.Дахиад урдаас ч,хойноос ч машин тааралдсангүй.Алхаж байтал гэнэтхэн дотор палхийн өөрийн эрхгүй өвдөг чичрэн нуруугаар хүйт даагаад ирлээ.Доошоо явган суугаад тал бүр тийш ямар нэгэн олж харахыг хичээлээ.Юу ч олж харсангүй,бас юу ч сонссонгүй.Юмыг яаж мэдэх вэ,гээд зэвсэглэхээр гарт барьчих юм хайж газраар тэмтрээд хүний урманд хуруун чинээ ч чулуу олсонгүй.Тэгсхийгээд түгшүүр намдаж гайгүй болоод ирэхээр дахиад л алхаж эхэллээ.Ойролцоогоор 20-иод минут алхаж байтал дээрх явдал давтагдлаа.Бас л юу ч олж харж,сонсож чадсангүй. 3 дахь удаагаа мөн 20-иод минутын дараа давтагдлаа.Харин энэ удаа нүд харанхуйд үнэхээр дассаных уу,айсандаа үнэхээр маш их хүчилж харсаных уу ямар ч байсан байгалийн зүгээр баруун хойно,харин минийхээр бол баруун урд зүгт ойрхон саахалт хиртэй газар ямар нэгэн амьтан сүүтгэнэхийг олж харлаа.

Гэхдээ энэ үнэхээр сонин юм шүү.Би яаж үүнийг мэдэв ээ?Би тийм хурц хараа,тод сонсголтой,үнэрлэх эрхтэн минь тэгтлээ хөгжсөн гэж үү дээ,би чинь ямар нэгэн араатан амьтан гэжүү дээ?Үгүй шүү дээ.Би сонсоо ч үгүй,хараа ч үгүй,бас үнэрлээ ч үгүй л байхгүй юу! Цэвэр зөн,совингоороо л мэдэрсэн байлаа.Олж хараад л чоно нохой юуг нь бүү мэд ч айсан маань улам нэмэгдэн өмдөндөө муу усаа дусааж алийгаа алдаж байна.Гаргаад шээчих гэхээр шээс гарахгүй тэгсэн мөртлөө дусагнаад л...Тэрүүхэн тэндээ хэсэг сүйтгэнэсэнээ алга боллоо. За ингээд алга болж байгаа болохоор нохой биш болж таарлаа,тэгэхээр хээрийн амьтан гэж үү?Хэрвээ би халимагтай байсан бол үс яг л боссон байх.Нуруу дагаад хүйтэн хөлс асгаж,2 өвдөг өөрийн эрхгүй чичрэх ажээ.Ямарч байсан гартаа нэг юм олж барих хэрэгтэй гээд дахиад л газраар баахан тэмтэрсэн боловч бас л юу ч олж чадсангүй.Анх удаагаа огт тамхи татдаггүйдээ харамсав,татдаг байсан бол ядаж л галтай явах байж.Футфолкoo урж цуулаад л гал үүсгэх байлаа.Харамсалтай нь амьдралдаа тамхи татаагүй би яаж ч гал авч явах вэ дээ.Надад юу байна?Юу ч алга,ядаж тэлээ ч алга.

Өмдний арын халаасанд ганц ширхэг /хэдийг нь бүү мэд,өглөө үзэхэд ганц 1000төгрөг байсан юм/ цаасан дэвсгэрт байсныг түрүүнд үзсэн юм.Ингээд ёстой нөгөө "Нохой явган,гахай нүцгэн" гэгчээр тулж ирсэн аюулыг улаан гараараа сөрөхөөс өөр аргагүй болсон байлаа. За энд ийм нэг асуудал гарч ирж байгаа юм.Бид уг нь тавуулаа хотоос тарваганы мах идье гэж гарсан юм.Зах дээр зогсож байсан ер нэг олигтой наймаа хийж шальсан юмгүй байж байтал "Боодог авах уу" гэж шивнэсээр нэг эр орж ирлээ.Үнийг нь асуутал 5000төгрөг гэж байна.Уг нь тэр үед 3000-4000 төгрөгөөр зардаг байсан үе л дээ."Яагаад ийм үнэтэй байгаа юм бэ?Уг нь 3-4 мянга л байдаг шүү дээ" гэтэл "Өнөөдөр надаас өөр хүн махаа оруулж ирж чадаагүй,тэгээд л ганцаараа болохоор тэгж байгаа юм" гэж дургүй хүргэж байна.Бид хэд ч "Тэртээ тэргүй өнөөдөр ер нь юм орохгүй өдөр шиг байна.Хэдүүлээ сум аваад энүүхэн лүү салхинд гарангаа ганц боодог хийж идчихээд ирье.Дандаа шунал царайлж зогсоод яах юм" гээд л би 2 найзтайгаа тэдний нэг хүр дүү,бас миний дүүтэй хамт явсан юм.

Хоёр дүүгээр бол морин жолооч хийж бид 3 архиа уух гэж л тэр л дээ.2 найз маань гэрт сум байгаа,гэрээр ороод авчихъя гээд гэрээрээ орсон 2 шил Л.Толстой гээд литрийн архи бариад гараад ирлээ.Би ч дутах юу байх вэ замаасаа 2 шил АПУ авлаа.Тэднийхээс хөдлөхдөө л аль хэдийн нэг шилийг нь задлаад эхэлсэн юм.Бид товчоогоор нууж авч гарч,ороход төвөгтэй гээд өөрсдөө буу авсангүй.Эрдэнэ сумын тэрүүхэн тэр урд гүү барьсан айлаас айраг авангаа яриа өдөж байгаад гэрийн эзэн өвгөнийг буутай нь аваад хээр гарлаа.Дүү маань нэг,найз маань 2 тарвага унагаагаад өвгөнөөр 2-ыг нь боолгож нэгий нь өвгөнд өгөөд үлдсэн сумаар нь шав буудаад л таарлаа.Тэр өдөр би 2 ч буудаад юм унагаж чадаагүй аз нь харьсан өдөр таарчээ.Өвгөн ч нөгөө хоёрыг чинь тулмалж өвчөөд арьсыг нь авангуутаа шар маханд нь боочихдог байгаа.Тэгэхэд л тарвагыг арьсанд нь биш маханд боож болдогыг үзсэн дээ,үнэхээр гайхалтай шүү.Амтны хувьд юм яриад ч яах вэ.Өвгөн ганц,хоёрхон хундага татаад бид 3 нөгөө их санагдаад байсан 3литр архийг дээр нь 20литр айрагтай цөлж орхилоо.

Хоёр дүү эртхэн дээ л жаал айраг ууж авсан юм.Өвгөнийг догиож байгаад 4 бидонтой нэрмэлийг нь гайтуулж байснаа л би санаж байна.Хожим дуулах нь ээ Эрдэнэ сум орж 2 ч шил архи нэмж авсан гэсэн би түүнээс уусан үгүйг ч бүү мэд.Түүнээс хойш ямар нэгэн бичлэг байдаггүй.Энэ хооронд юу болсон,ямар ший жүжиг тоглогдсон бүү мэд. Жич өгүүлэхэд: Би 80-аад оны үед анх ажилчин болоод л архи ууж эхэлсэн нэгэн.1-рт Би насанд хүрсэн том эр болох гэж.2-рт Хуучин ажилчин ах нар бол чухам л цалин буунгуут архиар амлуулаад авсан юм.Тэгэхдээ тэр үеийн архины үйлчилгээ нь тийм байсан юм уу,аль эсвэл залуу бие махбодь эсэргүүцэл сайтай байсан юм уу архи уугаад халж байгаагаа мэддэг,согтож байгаагаа мэддэг тэгээд ухаан нэг орж,нэг гарч байгаад сая тасарч унадаг байж.Харин одоо энэ цаг үед бол сайхан ид халаад л,одоо ганц юм гээд бодож байхад л нэг мэдэхэд шууд маргааш өглөө...Энэ хооронд юу болсон дахиад хэдийг уусан,хэнийд очсон ямарч бичлэг,ганц ч кадр байхгүй.Энэ үнэхээр аюул биш гэж үү?

...Нэг хэсэг алга болсоноо дахиад л түгшихэд түрүүнд харагдсан зүг рүү нь хүчлэн хараад юм олж харсангүй.Эргэн тойрон хайтал энэ удаа харин миний зүүн хойно мөн л түрүүний хирийн зайнд явааг нь арай гэж олж харлаа. Энэ мэтчилэнгээр нэг хэсэг алга болоод л эргэж гарч ирэхдээ нэг баруун талд,эсвэл тээр тэр зүүн урд ч юм уу хаанаас ч хамаагүй тал,талд гарч ирээд байлаа.Сүүлдээ харин харагдаж байгаа үед нь жаал тайвшраад үл үзэгдэх үед нь түгшүүрлээд байх боллоо.Чоно тааралдаад шууд дайрдаггүй,яг үүр цайх үеэр дайрдаг гэж сонсоогүй хүн байхгүй л болов уу.Одоохондоо ч арай болоогүй,үүр цайхаас өмнө амжиж л айл амьтны бараа харах хэрэгтэй болохоор аль болохоор хурдан алхаж байлаа.Гүйж бол яагаад ч болохгүй,түргэнд нь оруулчихна.Гол нь хорооцтойхон жигдхэн... Сая анзаарвал анх харагдаж эхлэхдээ байсан зайнаас нилээд ойрхон явах болсон байлаа.Цамцны ар тал хөлсөнд /гэхдээ халууцсанаас биш айхад үнэхээр хүйтэн хөлс цутгадаг юм билээ/ норж хайраад,жинсэн өмдний салтаа муу усанд норж дарайгаад аль хэдийнээ цавь холгогдоод алхахад улам бэрх болсон байлаа.

Гэвч жигдхэн алхах л хэрэгтэй. Одоо бол зай нь ч ойртсоноос тэр үү,үнэхээр нүд харанхуйд дассаных уу 2 боохой явааг ямар ч байсан мэдэж байлаа.Алга болох хугацаа нь ч,харагдах хугацаа нь ч ойртож богиноссоор байснаа гэнэт бүүр алга болчих шиг боллоо.Харин тайвшрах биш бүүр ч түгшиж байна.20-иод минутын дараа гэнэтхэн миний баруун урд талаас гарч ирсэнээ юу,юугүй миний урдуур зүүн хойшоо чиглэн 20-иод метрийн зайтай гүйж өнгөрлөө.Золтой л зүрх зогсчихсонгүй,ингээд л дууслаа гэж бодлоо.
Ойролцоогоор 5-6цаг алхсан,одоор баримжаалахад 7 бурхан орой дээр ирчихсэн 4 цаг дөхсөн бололтой.Одоо үүр цайтал сайндаа л цагийн зай үлдэж. Дахиад л миний баруун урдаас түрүүний адил зүүн хойшоо шогшиж өнгөрлөө.Энэ удаа 10 гаран метрийн зайтай байлаа.3 дахь удаагаа бүүр ч ойрхон өнгөрлөө.Энэ удаа би анх удаа л хөлийнх нь болон айхлах чимээг нь сонслоо.Уртхан таягаар хатгаад авахаар зайнд өнгөрсөн хэрэг.Би одоо бол аль хэдийн өөрийн ухааныг алдчихсан рефлексээрээ л явж байлаа...

Нилээд хугацаа өнгөрлөө,яг одоо л дахиж ирэх болсон баймаар юм гэсэн нэг л сонин өөрийн биш ухаанаар бодож нөгөө 2-ыг хүлээгээд ч байх шиг,гэвч явсаар доор ямар нэг юм шаргих ч шиг,За даа өмдөндөө задгай авч байна даа гэсэн шүү бодон хүүхдүүдээ бодон өөрийн эрхгүй нулимс сулдаа асгарсаар "32-хон нас,арай л залуугаараа харамсалтай ч юм уу,муу хань минь хүүхдүүд минь..."гэсэн есөн шидийн бодол л толгой дотор эргэлдэж байсан санагдана.Гэвч хөл доор яах аргагүй л чулуу байна даа...Нүднээс гал бутраад л явчихлаа.Уг нь шууд хоолой руу л асдаг гэсэн,яагаад шууд нүүрлүү дайрч байгаа юм бол оо гэсэн шийдсэн хүний тайвширсан ухаанаар бодоод цааш алхтал нүүрээрэй нүднээс гал гартал төмөр хана мөргөж байгаагаа ухаарлаа.Ус ууж,шороо хөдөлгөх цаг минь болоогүй байсан ажээ.Зуун модны элсний карерь руу аль хэдийн ороод ирчихсэн байлаа.Өөрөө ч мэдэлгүй аль хэдийн ухасхийгээд нэгэн комбайны цонхоор нь орчихсон хаанаас олсныг бүү мэд,гартаа метр хэрийн төмөр барьчихсан буланд шигдээд асгартал уйлж байлаа... Би уг нь итгэлтэй 2 найзтайгаа,өөрийн дүүтэй бас найзынхаа дүүтэй 5-уулаа явсан шүү дээ гэж бодохоор одоо хир нь дотор муухайрдаг юм.

За хоёр найзтайгаа согтоод сайдаж муудсан гэж бодъё л доо.Тэгвэл тэр хоёр 26-27 настай огт архи уугаагүй эв эрүүл,сав саруул хоёрын хоёр хүн /нэг нь бүүр миний зулай дээр нь гишгэж төрсөн,төрсөн дүү минь шүү! / эзгүй хээр өөрийн ухаангүй болчихсон хүнийг хаяад явчихваа??? Хэрэв би алхаж сураагүй нэгэн байгаад боохой хооллочихсон бол яах байсан бол...???Хэрэв намар оройхон байгаад цочир хүйтрээд осгочихсон бол...???Хэрэв говьд байгаад ангаж цангаад цаашаа харчихсан бол...???Хэрэв хөвч,тайгад байгаад төөрөөд тэр чигтээ алга болчихсон бол...??? ...Ер нь яах байсан юм бол???Юугаа хэлж хуйхаа маажих улсууд байсан юм бол??? Гэвч энэ олон "хэрэв"-ээс гадна бас нэгэн "хэрэв" байсан юм.Тэр нь "Хэрэв би архи уугаагүй бол..." ийм явдал яагаад ч болохгүй байлаа. Манай Монголчууд "Чоно ижил тэнгэртэйдээ үзэгдэж,илүү тэнгэртэйд нь алуулдаг" гэж ярилцдаг.Тэгвэл би тас харанхуйд бүдэг бадаг дүрсий нь харсан болохоор ижил тэнгэргүй юм гэхэд бүдэг,бадаг тэнгэртэй юм байна.

Би түүнийг агнаагүй,тэд намайг дөнгөөгүйг бодоход би бас ч гэж ижил хиймортой нэгэн болж таарлаа.За энэ ч яах вэ гэж. Хожим хууччуулын амнаас сонсоход "Хээрийн амьтан хэзээ ч /хэрэв галзуу биш бол/ шууд дайрдаггүй,тэгж дасгаж байж үүрээр гэнэдүүлж дайрдаг" гэнэ.Бас анхлан харагдахдаа байгалийн зүгээр "Зүгийн сайн баруун хойноос",харин миний явж байснаар "Эр хүний сайн зүг баруун урд зүг"-ээс харагдсан нь маш их учиртай байсан гэх юм билээ.Нэг нь "Урьдчилж бага боловч цус гарсан нь маш их том юмны ам хааж,барцадыг нь арилгасан байна" гэхэд нөгөө нь "Тэр өвдөг,тохойноос чинь гарсан цусны үнэрээр чинь олж ирсэн" гэх зэргээр янз,янзаар л тайлж ярьж байлаа.Мөн анхлан дөтөлж ирж гүйхдээ ч бас миний "Эр хүний сайн зүг баруун урд"-аас гүйж,зүгийн муу зүүн хойд руу чигт чиглэн энгэр өвөрлөж өнгөрч байсан нь амьд үлдэхээр барахгүй,олзны үүд нээж байсан байх ёстой гэж ярилцаж байсан юм.

Гэхдээ тэгж нэг их олзны үүд нээснийг би санахгүй байх юм.Гэвч амьд үлдсэн минь л юугаар ч солихооргүй маш том олз байсан биз ээ. Энэ явдлаас хойш хашир суугаад намайг архи уухаа больсон гэж бодвол маш том эндүүрч байгаа нь тэр дээ.Үүнийг үзэглэгч миний өмнө,яг одоо ч гэсэн хугасалсан "Столычный" шилэн жүнзний хамт,харин хөлд аль хэдийн талдаа орж зарим нь хоосорсон сагс "KIRIN"-ий хар луут хэвтэж л байна.Тиймээ,би архичин.Эрхэм уншигч та ч,чи ч,бид бүгдээрээ адилхан... ...Манай өглөө ингэж эхэлдэг Маргаашийн өглөө ч ингэж эхэлнээ...Үгүй ээ,хүмүүсээ!!!Миний Монголчуудаа!!! ...Манай өглөөг ингэж эхлүүлмээргүй байна Маргаашийн өглөөг ч бас...

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-04-01


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.