04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

БАГЫН ЯВДАЛ: №4: АЖИЛСАГ ХҮҮХДҮҮД

Бидний багад айл болгон өглөө,өдөрт талх цай юм уу,эсвэл боов,боорцогоор харин үдэш орой нь гурилтай хоолоор л болдог байж дээ.Хааяа нэг бууз,хуушуур, цуйван хийнэ.Энэ нь өдрийн од шиг.Хүн амьтан зочилж ирэхэд дэлгүүр гүйлгэн 90 мөнгөний гоймон авчруулж гоймонтой хоол хийж дайлахад мэдээж бидэнд хувь хүртэж л таараа.Энэ гоймонтой шөл л гэхэд өдөр бүр иддэг лапша /тасалсан гурилтай шөл/ -наас минь хамаагүй амттай санагддагсан. 3-р анги төгсөх хавар юмсан.Хичээл дуусчихсан,шалгалт эхлэх арай болоогүй өдөртөө 1-2 цагийн давтлага хийгээд л тардаг байсан тэр үед энэ явдал болсон юм.

Өглөө ганцхан цагийн давтлаганд суучихаад 4-үүлээ харихаар явж байтал гудамжинд нэг тахиа тааралдлаа. Манай тэр хавьд тахиатай айл байхгүй боловч хаанаас гарч ирснийг нь бүү мэд.Бид сахилгагүйтэн хөөрч хөөцөлдөж тал,талаас нь шахаж хашсаар гудамжны доголд шахан бариад авлаа.Тэгтэл Эрдэнээ: -Бүгдээрээ манайд очиж чанаж идэх үү? гэж байна.Өлзий тэндээс "Шарсан нь гоё шүү дээ" гэнэ. Харин яаж алах вэ гэдэг асуудал гарч ирлээ.Эрдэнээ: -Бодвол хонь,ямаа шиг алдаг байхаа,манай өвөө хонь гаргахдаа надаар 2 хөлий нь бариулсан би чадах байхаа гэж байна шүү.Миний инээд хүрэн: -Ха-ха-ха.Тахиаг тэгж алдаггүй юм.Би тахиа алж чадна гэсээр тэднийд ирлээ.

Эрдэнээ: -Та нар наанаа нуугдаад хүлээж бай,би 2 дүүг айлд оруулчихаад ирье.Аягүй л бол аав,ээжид хэлчихнэ гээд явчихлаа.Гэрт ороод тахиагаа янзлах гэтэл Эрдэнээ гэнэт хаширлан: -Тахианы мах ямар үнэртэй бол оо? гэж байна.Урьд өмнө тахиа идэж үзсэн хүн нэг ч байдаггүй,идээд үзчихмээр байдаг.Тавиад явуулчих хайран санагдаад.Тэжээе ээж,аав нар зөвшөөрөхгүй дээр нь хаанаас авсан юун тахиа вэ шалгаагаад унана.Олсон гэхэд үнэмшихгүй.Гэтэл Эрдэнээ: -Заавал гэрт янзлах алба уу,гадаа пинд алаад пинд чаначихъя гэсэн мэргэн санаа гаргаад шууд л ажилдаа орлоо.Тэгснээ нөгөө 3 маань над руу зэрэг харсанаа: -Чи яг алж чадах уу?Алж үзсэн юм уу? гэж байна.

Би ч: -Яаж алж байхыг нь бол харсан.Одоохондоо өөрөө алж үзээгүй.Гэхдээ амархан юм байна билээ гэж үнэнээ л хэллээ.Үнэхээр ч яаж алдагийг нь үзсэн л дээ.Манайхтай ойрхон Хуучин Циркийн /Одоогийн Зүүн хүрээ буюу Дашчойлон хийд/ урд талд Хятад сургуулийн тэнд /Сүүлд нь Польтехникийн их сургуулийн 2-р байр ,мөн Дүрслэх Урлагийн дунд сургууль байсан,одоо юу байдгийг мэдэхгүй/ байсан юм.Хүүхдүүдтэй тоглож яваад хашаан дээрээс нь харахад хоёр хужаа өмнөө нэг,нэг тайрдас тавьчихсан төмөр торноос тахиа аваад заазуураар толгойг нь тас цавчаад л өөр торлуу шидээд байхыг харсан болохоороо л тэгж хэлсэн юм. Гаднаас түлээний тайрдас оруулж ирээд Өлзийгөөр бариулж байгаад толгойг нь тас цавчиж орхилоо.

Гэтэл,гэтэл...сүр,сархийн нөгөө толгойгүй тахиа чинь наашаа,цаашаа дээшээ,доошоо цусаа асган хана таазаар гүйлээ.Бид хэд хэн нь ч хөдөлж чаддагүй бүгд хөшчихөв.Харин толгой нь хэд ангалзаад хөдөлгөөнгүй болсныг нүдний булангаар харсанаа санаж байна.Толгойгоо тасдуулж байгаа амьтан хүчтэй ухасхийхэд нь Өлзий цочоод алдчихсан хэрэг л дээ.Хэдий хир удсаныг мэдсэнгүй бие нь хөдөлгөөнгүй болоход л сая бид хэд амьсгаа авлаа.Ээ бүү үззгд гэж хана,тааз шал тэр чигтээрээ цус болчихжээ.Юун тэр тахиа чанаж идэхтэй манатай.Бүгд цэвэрлэгээнд орлоо.Шал ч яах вэ,угаагаад л болоо.Харин тэр хана тааз! Азаар хана тааз нь сонингоор доторлочихсон байж.Эрдэнээ жонхуу буцалгахаар үлдэж бид 3 тахиагаа холдуулж хаяад хуучин сонингууд олж ирэхээр гарлаа.

Тэр үед айл болгонд л захиалсан сонингууд нь энд,тэнд нь тоосонд даруулаад хэвтэж байдаг байсан болохоор сонин олоход ядах ч юм байсангүй.Өдөржингөө ноцолдоод арай гэж дуусч байтал аав ээж хоёр нь орж ирж шинэхэн доторлосон хана таазыг харсанаа: -Ямар сайн хүүхдүүд вэ,харин хоорондоо зодолдож,цохилцдог чинь л муу байна даа гэж билээ.Бид 4 пингийн доторхи цусыг л далдлах гээд улайрснаас өөрсдийн хувцас руу цус үсчиж халтар болсныг хэн маань ч их юманд бодоогүй байж.Харин аав,ээж нь биднийг хоорондоо зодолдчихоод түүнээ булах гэж энэ их ажлыг хийсэн гэж бодсон юм гэнэ билээ.
 
С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-04-17 0


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.