05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №6: ДИАГРАММ

...Арван зургаан нас минь
   Ахиж надад олдохгүй ээ
   Аз жаргалтай энэхэн насандаа
   Анхны хайрыг...Үгүй ээ,"АНХНЫ ДЭГ"-ийг үзлээ би... Тиймээ,уг нь энэ нь анхны хайрын тухай "зохиомол дуу" /Гэхдээ би өөрийн мунхаг оюун ухаандаа өөрийнхөөрөө сэтгэхдээ энэ зохиомол дуу,орцны дуу гэгчийг хэзээ,хэн нь ч зохиосон нь бүү мэд ч,бүгдээрээ л мэдээд залуусын дунд дуулагдаад байдаг,залуус гэдэг маань ард түмний л нэг эс ширхэг мөн болохоор орчин үеийн ардын дуу л гэж боддог юм./-ны дахилтыг гуйвуулж орхилоо,бурхан болон мэргэн уншигч авхай та бүхэн өршөөх болтугай! Наян оны /1980он/ намар иргэний паспорт авч амжаагүй мөртлөө гадаад паспорт өвөртлөөд /өвөртлөөд ч гэж дээ,орчуулагч багшийн цүнхэнд хийлгээд/

Аугаа их Коммунизмын материал техникийн баазыг байгуулж байгаа ЗХУ-ын торгон хилийг алхан орвоо,хөөрхий гэж.Хөөрхийлхийн учир нь хожим тодорхой болно л доо. Оросын хөрөнгөтнүүд /За одоо ам цуурч,хадуурч балрах гэж байна,болъё чи минь/ биш ээ,аль хэдийнээ социализм байгуулчихаад одоо коммунизм байгуулах гээд ханцуй шамлан шуудран орсон Зөвлөлт гүрний аугаа их хөгжил цэцэглэлтийг харж,урьд өмнө үзээгүй том,том хот балгадыг 6 хоногын турш мэлмийгээрээ мэрж,мэлтийхээрээ мэлтийсээр зорьсон хот алдарт Ново-Тройцкт ирвээ.Юугаараа алдартай вэ гэвэл Монгол оюутан залуусын дунд жинхэнэ дэг,диаграммтайгаараа гоц байсан хэрэг л дээ.Хэ-хэ-хэ,би анх "Манай очих хот жинхэнэ дэгтэй гэсэн" гэхэд нь  "Зогс,ноомхон,баруунтайший,зүүнтээший,алхаад марш!...Нээг,хоёр,нэг,хоёр..." зэрэг командаар л явах юм шиг бодогдож өөрийн эрхгүй л Гимназ формтой В.Улъянов л нүдэнд харагдаж байсан юм.Догио,догь дэг үзнэ. Ах нар иртэл чухам л нэг нартай өдөр шиг налайж өөр,өөрийнхөөрөө өрөө гэрээ тохижуулж хувцасны шүүгээнд өнгө,өнгийн хувцас гоёл өлгүүрт ирийж,ширээн дээр графин /галуун хүзүүт цэвэр усны шил/-нд зарим өрөөнийхөн цэцэг,зарим нь жимсний ус хийж,чихэр тавгалж тавиад л янзтай тохижлоо.Хөвгүүд охид нийлсэн үеийн 100 хүүхэд замд явсан хэд хоногт ижилдэн дасч хэдийнээ зарим нь хосууд болчихсон байлаа.Манай өрөөний нэг Баагий унтамхай,нойртой гэж юу гэхэв,харин нөгөө 2 Баагий дурламтгай гарууд байлаа.Дурламтгай 2-ын найз охидуудтай 5-уулаа кино үзчихээд эргээд иртэл общежить /дотуур байр/-ын үүдэнд ярайтал эгнэсэн ах,эгч нар /2-р курсынхэн ирчихсэн/ зарим нь ёжтой,зарим нь доогтой,ихэнх нь духаараа духайн муухай харж угтлаа.

Урьд өмнө хэзээ ч төрж байгаагүй сонин сэрэл төрж өөрийн эрхгүй нуруугаар хүйт оргилоо.Манай 2 ч найз охидуудаа хүргэж өгөхөөр охидын байр луу салж би нөхдийн өмнүүр Монгол заншлаараа "Сайн байцгаана уу?" гээд гарах гэтэл нэг нь "Пацаанаа,нааш ир" гээд хажуугийн байрны орц руу чирээд орлоо.Ортол түс,тасхийгээд нүднээс гал манараад л явчихад нь хар эрчээрээ гараад зугтахад "Энэ хаана хүртэл зугтах юм бол оо" гэж ёжтой инээлдэх сонсдоно.Тэр эрчээрээ ах нарын өмнүүр тас дайран гарч харайлгасаар өрөөндөө ороод иртэл унтаад үлдсэн унтаахай Баагий сандал дээр гараад өрөөсөн хөлөө өргөөд хоёр гарынхаа чигчий хуруунуудыг гогцоолдоод өмнөө хөндий өргөчихсөн тэнцвэрээ олж ядан догонцон зогсож байлаа.Ширээн дээр байсан шилэн аяганы нэг хананд хагарсан бололтой шалан дээр будаа болтлоо үйрсэн харагдана.Энэ бүхнийг хараад юу болсныг ухаарч амжаагүй байтал араас нуруу луу годройтож унатал өшиглөөд хэд,хэдэн хүн орж ирээд бүгд нийлэн тал талаас өшигчин,дэвсэж эхлэхэд хоёр гараараа толгойгоо л хамгаалан байдгаараа атирч орон доогуур орохоор зүтгэлээ.Арай гэж орон доор ортол орыг хөмөрч шидээд л үргэлжлүүлэн нүдэхэд л сая түрүүний "Энэ хаана хүртэл зугтах юм бол оо" гэсэн ёжтой яриа санаанд орж хаашаа ч гарах аргагүй болсноо ойлголоо.

Тэгснээ бос гэж босгоод "Жинсээ тайл,цагаа,гутлаа..." гээд өнгөтэй өөдтэй болгоныг минь түрийвчтэй хамт булааж авснаа бүгд гарч одлоо... Харин дурламтгай хоёрыг орж ирэхэд би унтаахайтай хамт сандал дээр өрөөсөн хөл дээрээ тогтож ядан зогсч угтлаа даа. Дурламтгай хоёр "Ах нараа хүүхэнтэй яваагүй байхад өмнүүр нь хүүхэн дагуулж томорсон" шалтгаар мөн л гайгүй сайн гөвүүлсэн байв.Мэдээж эрчүүл болохоор урд өмнө зодолдож,зодож,зодуулж үзсэн ч гэсэн энэ өдрийнх шиг ямарч шалтгаангүйгээр ингэж гүн шоконд ортол зодуулсан нь хэн,хэнд маань ч байсангүй.Бид буруугүй буруутнууд байлаа.Юугаараа тэр вэ гэвэл нэг жилийн хойно төрж,нэг жилийн дараа Тройцкт ирсэнээрээ буруутан болсон байлаа. Хар дарсан зүүд шиг тас харанхуй өдрүүд ингэж эхэллээ.Шөнө унтаж байхад орж ирээд л "Ах нар унтаагүй байхад дүү нар унтлаа",хэрэв сэрүүн байвал "Ах нар унтаж байхад дүү нар унтахгүй юу хийж байна" гээд л зодох шалтаг гаргачихна.

Орой 2-3 нөхөр орж ирээд ганц,ганц шанаадаад өнгөрвөл бараг л зодуулсангүй гэж баярладаг байсан гээд бод доо,аймаар байгаа биз.Уг нь нэг,хоёр дугаар курсынхныг аль болохоор тусд нь байлгадаг боловч ах нар аргыг нь олоод л диаграммдаад байна.Доороос "31-ээ...,29-өө..." гээд өрөөний дугаараар дуудаад л даавуу,бүтээлэг залгуулж өөрсдөөр минь татуулж орж ирээд зодчихоод эргээд цонхоор гараад л явчихна.Хонгилын хаалганы дээд,доод замган түгжээнүүдийг тайлуулаад хаалганы хоёр самбарын завсраар гараа оруулж ирээд "Жаахан цаашаа,жаахан наашаа,дээшээ,доошоо бол" гэж тааруулж байгаад л шанаадна даа.Гэхдээ энэ нь харин хаа очиж шанаадсан дүр л болохоос биш ямар ч хүчгүй,зовиургүй сайхан шанаа байдаг байлаа.Зүгээр байж байгаад хүнд зодуулсанаа сайхан шанаа гээд ярих нь мэдрэл муутай юм шиг сонсогдож магадгүй ч үнэн байдал ийм л байсан юм.

БАЯР ...Байн,байн болдог ч Баяр болгон шинэ Энэ л өдөр дуулсан Эгшиг бүхэн минийх.../Дуучин Номин-Эрдэний дуулсан дуунаас/ ...Байн,байн болдог ч Баяр болгон ГАМШИГ Энэ л өдөр үзсэн Зодуур болгон АЙМШИГ... Хамгийн анхны баяр нь Батсайханы баяр байв.Новотройцкт анхны Монгол оюутнууд 1964 оноос эхлэн суралцсан ба анх 1973 онд Батсайхан гэгч дэг,диаграммыг үүсгэн байгуулжээ.Түүнээс хойш жил болгоны 9-р сарын 17-нд ах нар нь дүү нартаа зодуур үзүүлсээр бидний үед хүрч иржээ.Дараагийн баяр нь "Савхин бээлийний баяр".Хүн болгон л хэдэн рубль болгочих санаатай нэг нь нэг,хоёр нь хоёрыг авчирдаг байсан ч харин тэр нь эргээд ах нарын гарт өмсөгдөж өөрийг нь салам шанаадна гэж бодсон хүн ганц ч байгаагүй ээ.

Ингээд л "Анхны цасны","Октябрийн","Шинэ жилийн" гээд "Цэргийн баяр" хүртэл дэг үргэлжилнэ дээ.Цэргийн баяр өнгөрөөд ерөнхийдөө төгсөх дөхөөд ах нар аргаа өөрчлөн хаяагаа манаад эхэлдэг юм.Эрхэм уншигч авхай та бодож магадгүй л дээ."Тэнэг юм бэ,ямар?Тэр багш,сургуулийн захиргаанд хэлчихэд л болоо юм биш үү?" гэж...Тэгж ч болно л доо.Тэгээд л болчихдог бол амьдрал дэндүү хялбар,амар байхсан.Харамсалтай нь нэг л матаас дээшээ хүрлээ бол өнгөрч байгаа нь тэр дээ,жинхэнэ алуулна даа.Жил болгон л 2-3 нөхөр хөөгдөж Монгол буцдаг байсан юм.Энэ нь голцуу 9-р сард бусдад нь сургамж болгох гэж авдаг арга хэмжээ боловч харин ч эсрэгээр "Хүний амьдралаар тоглосон" гээд нэгийнхэнд жинхэнэ дарамт,дэглүүлэх шалтаг болдог байсан юм.

Сонирхолтой байгаа биз?Зүгээр мөрөөрөө байж байгаад хүнд зодуулчихаад тэр зодсон хүн нь хөөгдөхөд зодуулсан нь хүний амьдралаар тоглосон болноо гэж... Нэг л мэдэхэд хэдхэн хоногт нэгийнхэн миний анх мөрөөдөж байсан "гимназ" формноос өөр хувцасгүй болсон байв.Өнгөтэй өөдтэй хувцсаар минь ах нар гангараад л..."Тэрний өмсч байгаа тийм хувцас минийх" гээд бид хоорондоо шивнэлдээд л.Нэгийнхэн бүгд хэвэнд цутгасан мэт формын хувцас,яг ижил гутал,ижилхэн цамцтай харваас андашгүй л дээ.Хасах 20-иод хэмийн хүйтэнд дан цамц,пиджактай л өвлийг авна.Нормонд ирдэг засаг хүрэм,ноосон цамцыг ах нар харихдаа хүн амьтны ам хаах гээд булаагаад авчихдаг болохоор тэр л дээ.Гэхдээ ах нар дотор ч бас засаг хувцасаар гангардаг арчаагүй гарууд зөндөө байх.Харин тэр дэгийг гардан гүйцэтгэдэг гарууд нь тэр засаг цэнхэрээсээ салж чадаагүй арчаагүй эрчүүд нь байх.

Хоншоортой эрчүүд нь бол нэгийнхнээс дээшээ жаахан овойх гэсэн ангиасаа арай дөнгүүр гэснийг нь сорчилж хандыг нь дарна уу гэхээс хамаагүй доошоо орж намба алдаад байхгүй,нэгийнхэнийг ч,хоёрынхоныг ч нүдний харцаар хөдөлгөнө. 11-р сарын 6-ны орой бүгд ээлжлэн муу засаг цэнхэрээ индүүдэж маргаашийн параданд бэлдсээр шөнө нэг,хоёр болгоод унтлаа.Өглөө босоод хувцаслах гэсэн өмдөнд хөл ордоггүй гайхан харвал урд орой нь индүүдээд тавьсан өмд,хүрэмний минь шуумаг ханцуйг байдгаар нь зангидаад хаячихсан байдаг байгаа.Эрт боссон тулдаа л бүгд нойтон самбай тавьж индүүдсээр арай гэж амжлаа.Тэгээд л бүгд гадагшаа гартал бидний чийгтэй хувцаснууд бүгд цантан бууралтлаа.Мэдээж ах нарын ээлжит явуулга,зодох шалтгаан гаргаж байгаа нь тэр.Уралдаан,тэмцээн юу л зохиогдоно тэр болгон нэгийнхэнд зовлон л болдог байсан юм.

Жишээ нь:Сагсны тэмцээн дээр нэгийн нөхөр бөмбөг аваад эргэхэд л "5 номер оо!" гээд ганц кнопдчихно.Урлагийн үзлэг болно "4-р группийнхэн түрүүлээд үзээрэй!" гээд л гүйцээ.Хэцүү дээ,хэцүү.Зодуулж,зовж шаналж байх даа бүгд хоорондоо "Ирэх жил бүгдээрээ дүү нараа ингэж зовоохгүй шүү.Ямар тэд нар биднийг зодож зовоож байсан биш" гээд л нэг их ухамсарын юм ярьсан хүмүүс.Харин яг тэгж ярьж байсан улсууд л ирэх жил нь жинхэнэ дэглэгчид,жинхэнэ яргачид болдог юм даа,цаг хугацаа л харуулдаг юм билээ. Наяад оны тэр үед ЗХУ-ын маш их олон хотуудад хэд,хэдэн зуугаараа /Жишээлбэл Тройцкт жил болгон 250-иад хүүхэд/ Монголчууд сурдаг байсан ба ТМС-ийнхнийг хооронд нь болон их,дээд сургуулийн оюутнуудтай энд,тэндхийн вокзал дээр тааруулчихгүйн тулд багш нар ёстой жинхэнэ толгойгоо гашилгадаг байж дээ.

Хоёр өөр хотынхон хоорондоо таарчихвал бөөн зодоон,харин их,дээдийн оюутнуудтай таарчихвал хэмх нүдээд хамаг байдгийг нь цөлмөөд л өнгөрнө дөө.Зэрлэг гэхэд дэндүү зэрлэг,мал адгууснаас ч долоон доор доо. Тиймээ,ах нараас сурсан эрдмээ бид ч дүү нартаа дамжуулан зааж өгсөн.Магад ч үгүй,бид ах нараас илүү гараагүй юм гэхэд яагаад ч дутаагүй ээ.

АРМИД ...Будилж явсан багийн зангаа орхиод Буугаа үүрсэн цэрэг эр боллоо би Ардын цэргийн албанд мордлоо Аав,ээж,ахан дүүс,анд найз,амраг чи минь баяртай.../Өврийн дэвтрээс/ ТМС төгсөөд 2 жил ажиллаад 20 настай "хөгшин" эр цэрэгт мордлоо.Энэ удаа дэг,диаграммын тухай хангалттай ойлголттой болохоор нэг бодлын зүрх түгшивч бас ч гэж "Дайнд оролцож,дарийн утаа үнэрлэсэн" гэгчээр аргыг нь олно доо гэсэн өөдрөг үзэлтэй байлаа.АА-ын ...дугаар анги буюу "Барилгын хоёр дугаар хороо"-нд хувиарлагдлаа.Баянзүрх дэх карантин дээр шөнө орой ирлээ.Хуучин цэргүүдийг харвал шкаф шиг,шкаф шиг ханхар биетэй хүрэн бор цэргүүд хаанаас ирсэнийг асуугаад л хотынх бол нэг тийш,хөдөө аймгуудаас ирсэнийг нь нөгөө тийш нь ялгаад байлаа.Учир нь хөдөөнийхөн мөнгөтэй,хотынхон ихэнх нь мөнгөгүй ирдэг учраас тэр л дээ. За энэ ч яах вэ,харин энэ удаа жинхэнэ цэрэгжил гэж юу байдгийг миний нөгөө мөрөөддөг "Номхон,зэргээц...баруун тийш эргэ,зүүн тийш эргэ!" гээд жинхэнэ командаар хөдөлж эхэллээ.

Нэг нөхөр хөл,гар зөрөхөд л "Цэрэг гэдэг үг зэрэг гэдэг үгнээс гаралтай" гээд л шанаа эхлэнэ дээ.Багадаа барилдаж явсных юу билээ гэдэг шиг дэг,диаграммыг ханаталаа биш ч хангалттай үзсэнийх хир баргийн шанаа,зодуураас дальдчиж айгаад байдаггүйнх хал /3 дахь оны/ цэргүүдэд тоогдсон ч асман /2 дахь оны цэрэг/-гуудын дургүйг хүргэжээ.Халуудыг эзгүйчилж гурван асман миний хандыг дарахаар дуудуулжээ.Айж жижгэрч яагаад ч болохгүй,бас хэт гүрийж томорч болохгүй.Гэвч цагийн байдалд л тааруулна гэсэн бодолтойгоор очин: -Нөхөр бага түрүүчид илтгэе,байлдагч...гээд хэлж гүйцээгүй байхад: -Хэдэн онд хаана байлдаж явсан п... вэ гээд 3 талаас дайрлаа.Яавал ч яаг,ийм муусайн юмнууд хэзээ л билээ гээд захын орны банзыг өшиглөн шүүрээд эсэргүүцэн зодолдлоо...Үнэхээр ч миний санаснаар хариугүй эрчүүд байж таарч,гэвч ингэсэн хүн ард нь яадгийг хангалттай мэдэж байсан болохоор би цааш зодолдсонгүй орхилоо.Дараа нь ирэх зодуурыг л яаж ийгээд даван туулах ёстой шүү гэж өөрөө өөртөө сануулж байлаа.

Үдээс хойш жагсаалын бэлтгэл хийж байтал түрүүч нар нэг л сонин хөдөлгөөнд ороод явчихав.Хал голдуу хэд нь алга болоод асмангууд л үлдэж.Анзааран харвал каринтины хэдэн хал цэрэг түрүүч нарыг өмнөө жагсаачихсан дарайсан шар алаг погон /мөр дэс/ болсон 2 нь халимаг үстэй 3 цэрэг асрын сүүдэрт сандал тавиулчихсан сууж байна.Жагсаалаараа явсаар дэргэдүүр нь өнгөрөхдөө харвал хоёр нь яах аргагүй танил хүн,манай Тройцкийн /Нэг нь манай дээд төгсөлтийнх,нөгөө нь манай группийн нэгээсээ хөөгдсөн/ Баагийнууд байна гээч.Би ч буруу хандыг аван шууд жагсаал эвдэн гарч "За,юутай байна?" гэсээр очлоо... За үүнээс цааш янз бүрийн зодуурын тухай нуршаад хэрэггүй биз ээ.Миний хамгийн гол хэлэх гэсэн санаа бол тэр үеийн Армид /Одоо ч бараг хэвээрээ байгаа гэдэгт би итгэлтэй байна/ бусдыгаа барьж,базаж харцаараа хөдөлгөж чадах эрчүүлээр /Тэр дундаа Барилгын цэрэгт бол 100% / жагсаалын дарга болон салаа орлогч гээд бага дарга нарыг тавьдаг байсан юм.

Миний л мэдэхээр энд,тэндхийн анги салбаруудад алба хаасан манай ТМС-ийнхэн /болон ер нь хойно ТМС-д байсан залуус/ дандаа бага дарга нар байсан гээд бодохоор энэ дэг гээч юм бас ч гэж зохих хэмжээнд байх хэрэгтэй юм болов уу гэж санадаг юм.Дайн болоод дайсанд олзлогдлоо гэхэд дэг үзэж хатуужсан эрс ямар байх нь болон дэг үзээгүй цэцэрлэгийн хүүхэд шиг эрхэлсэн шинэхэн цэргүүдийн аль нь эх оронд минь хэрэг болох бол оо??? Цэргийн алба хаасан энэ гурван жилд үнэхээр бие хаа жагсаж жинхэнэ эр хүн болсон доо.Нэг л мэдэхэд халаа авсан хал цэрэг болсон байлаа.Анзаарвал шинэ цэргүүд үнэхээр өхөөрдмөөр,цэрэг хувцас өмссөн жаахан хүүхдүүд шиг санагдаж байна.Гайхан онжавуудаа харвал үнэхээр шинэ цэргүүдийн дэргэд шкаф шиг,шкаф шиг ханхар биетэй хүрэн бор эрчүүд болсон байж билээ.

Цэргийн алба гураваа байг хоёр жил байх хэрэгтэй болов уу.Ганцхан жилд хүн юу хийж,юу сурч мэдэж,яаж ч цэрэгжиж амжих вэ дээ,бодох асуудлын л нэг энэ болов уу??? Дэг хэрэгтэй,миний эсэргүүн ухаанаар бодвол зохих хэмжээнд үнэхээр дэг хэрэгтэй.Сайн,муу сайхан муухай,тэвчээр,тэсвэр хатуужил,эр зоригыг дэгээр л олж авна даа,дэг хэрэгтэй... Аав минь хоёр удаагийн дайнд оролцсон ахмад дайчин байсан.Харин би хүү нь энх цагт хоёр удаагийн дэг үзэж бие сэтгэлээрээ хатуужсан нэгэн...

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-04-14


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.