05 сарын 17, Баасан
°C
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА?:№6:ЗАГАСЧИН БҮСГҮЙЧҮҮД

Шинэ он гарлаа. Шинийн хоёронд ажлаа шахсаар эртлэн бууж Чоши хот руу зүглэлээ. Тэнд хоёр загасчин хүүхнийхээр очихоор урьдчилан тохирсон ч очтол тэр хавийн загасчид, бас өөр газраас ирсэн улсууд гээд овоо олуулаа бужигналдаж байлаа. Ажлаа эртхэн амжуулчихаад буцахын учир хэн нэгэнтэй нь ганцаарчилж ярилцахаар шийдэн ганц, хоёр зуу татчихаад нэг бүсгүйнд нь орлоо. Уг нь тэр олон загасчидтай ярилцвал улам сонирхолтой болох байсан ч баярлаж, хөөрч ам нь халсан тэр олон хүний шуугиан дундаас ямар нэгэн юм олж авахад хэцүү, магад ч үгүй өөрөө дунд нь уусчих учраас ийм шийд гаргасан юм. Ярилцагч маань Д.Дарь, эмэгтэй хүний насыг асуудаггүй ёсыг бодон өөрөөс нь асуухад хэдтэй юм шиг байна гээд дүйвүүлээд өнгөрлөө. Ойролцоогоор 32-35 болов уу. Төв аймгийн Зуунмод хотын уугуул. Баагий:
- За, амьдрал ямар байна даа? Д.Д:
- Үгүй ээ, энэ чинь ямар эвгүй юм бэ дээ, урд өмнө ингэж үзээгүй болохоор... Баагий:
- Зүгээр дээ, нэг их сүртэй юм биш шүү дээ. Энд, Японд ажиллаж, амьдарч байгаа янз бүрийн ажил хийдэг хүмүүсийн аж амьдралын тухай л энд, тэнд байгаа болон Монголд байгаа хүмүүст л бодит мэдээлэл хүргэх зорилготой юм. Би асуугаад л явчихъя, чи хариулаад л байхад болчихно доо. Тэгээд ч яг энэ хэвээрээ биш алдаж, онож хэлсэн илүү дутуу сул үг, энэ тэрийг нь хасахыг хасаад найруулж бичих учраас санаа зоволтгүй ээ. Анх хэзээ ирэв дээ, ямар аргаар орж ирэв? Д.Д:

 
- 2002 оны хавар 3 сарын 12-нд, бизнес аялалын гурван сарын визтэй машин авах нэрээр орж ирсэн дээ. Баагий:
- Өө, надаас яг нэг жилийн өмнө орж ирсэн юм байна. Тэгэхээр энэ хавар сакура цэцэглэхийг долоо дахиа үзэх нь ээ. Чи бид хоёр яг адилхан орж ирсэн юм байна даа. Тэгээд яасан, яагаад өдий хүртэл энд байгаа юм бэ? Машинаа олсонгүй юу? Д.Д:
- Баагий ах ингээд л хүн явуулаад байдаг юм шүү. Ажиллах л гэж ирж таараа шүү дээ. Баагий:
-Аан, би чамайг үнэхээр машин авах гэж ирчихээд машин олохгүй байгаа юм бол энэ унаж яваа тэргээ шахах гэж байхгүй юу. За, за мааз үгээр ч юу хийх вэ. Чамайг энд хүн тосч авч байв уу, аль эсвэл оруулж ирсэн хүн чинь аргыг нь олж өгөөд буцсан уу? Д.Д:
- Яагаа вэ, нөгөө морины Баярбат чинь манай хамаатан юм, тэгээд тосч аваад энд загасанд ажилд оруулж өгсөн л дөө. Баагий:
- Чи чинь тэгвэл ирээд л энд хэвтчихсэн хүн юмаа даа? Д.Д:
- Үгүй ээ, энд биш эндээс өөр загасанд ажиллаж байсан юм. Баагий:
- Аан загасаар л дагнаад, загасаар мэргэшсэн юм байна даа. Д.Д:
- Үгүй, үгүй. Дунд нь Нагояад хоёр жил болоод ирсэн юм.
 
Баагий:
- Сонин юмаа, бараг л надаас бусад хүн болгон л Нагояад ажиллаж байсан байх юм аа. Би тэр жил зүгээр л FORMULA-1 үзэх гэж нэг зорьж очсоноос биш ажиллаж үзээгүй юм байна. Яагаад эндээс загаснаас явах болов оо? Ажил чинь хүнд байв уу? Аль эсвэл цалин муутай байсан юм уу? Д.Д:
- Анх ирсэн болоод ч тэр үү, ажил маань хүнд л санагддаг байсан даа. Цалингийн хувьд цагийн 700 ээнэ байсан. Баагий:
- Өдрийн 5600 ээнэ гэсэн үг үү? Дээр Төрөөгөөс ярилцлага авахад анх өдрийн 8500 байснаа буусаар, буусаар 6000 дээр буусан гэж байсан. Чиний ажиллаж байсан чинь түүнээс ч байгаа  болчихож байгаа юм биш үү? Эсвэл зангио /илүү цаг/, мангио хийдэг байсан юм уу? Д.Д:
- Илүү цаг аймаар их хийнэ шүү дээ, өдөрт арав, марвыг л авдаг байсан шүү дээ. Баагий:
- Өдөрт 12-13 цаг хийж байж тэгж авна биз дээ? Д.Д:
- Яалаа гэж, 14-15 цаг ч хийдэг байсан, орж ирээд л шургаад уначихдаг байсан даа. Баагий:
- Цагийн уртдаа хүнд байв уу, аль эсвэл ерөөсөө хүнд ажил уу? Д.Д:
- Хүндээ, их хүнд ажил. Дээр нь мэдээж ингэж урт цагаар ажилладаг болохоор маш их ядардаг байсан. Би насаараа л ажил хийсэн хүн. Гэтэл энд ирж байж л жинхэнэ ажил гэдэг чинь ийм байдаг юм шүү гэдгийг мэдэрсэн дээ. Монголд ч ажил хийх гэж зүгээр гурилддаг байсан юм байна.
 
Баагий:
- Одоо энэ хийж байгаа ажил чинь цалин нь хэд вэ? Д.Д:
- Цагийн 800, бас л зангиогоор хэдэн төгрөг хийж байна даа. Ер нь л өглөө долоогоос орой долоо хүргэнэ шүү. Баагий:
- Тэр анх ажиллаж байсан кашенд чинь яг юу хийдэг байсан юм бэ? Д.Д:
- Загасчдаас ирсэн загасыг төрөл, төрлөөр нь ялгаад тусгай тавиуруудад болон хайрцганд өрдөг тийм л ажил байсан юм. Хамгийн гол нь маш хурдан өрөх ёстой. Баагий:
- Тэгвэл одоо энд? Д.Д:
- Тэр нөгөө миний өмнө нь ажиллаж байсан салбараас ирсэн загаснуудыг энд хүлээж аваад арилгахыг нь арилгаж, жижиглэхийг нь жижиглэн савлаж худалдаанд гаргахад бэлэн болгоно доо. Зарим загасыг нь ялгаад өөр тийш нь явуулах нь ч бий. Баагий:
- За загас нэг иймэрхүү байдаг юм байж. Яагаад Нагояа явав, Нагояад ямар ажил хийж байв даа? Д.Д:
- Яах юу байх вэ, цалин сайтай гэхээр нь л мөнгө хөөж очихгүй юу даа. Хуванцрын ажил хийж байлаа. Баагий:
- Улсууд, Нагояа цалин сайнтай гэж ярьдаг шүү дээ, ямар цалинтай ажиллаж байв, байр сав ямар юманд байх вэ?
 
Д.Д:
- Цалин бол ер нь гайгүй шүү. Харин хэрэглээний өртөг өндөртэй. Ер нь л дүндээ, дүн дээ. Овоо л цалин авах шиг болдог ч Монгол явуулдаг мөнгө маань энд байдагтайгаа яг л адилхан 15-16 түмийг л явуулдаг байсан. Баагий:
- Хуванцар гэхээр юу хийх вэ? Машин дээр зогсох уу? Д.Д:
- Тэгнээ, тэгнэ. Янз бүрийн машин дээр зогсоно. Би жорлонгын суултуурын доод талд нь байдаг хуванцар хайлуулдаг байсан. Ажил нь тийм ч хүнд биш хирнээ маш их хортой, сүүлдээ хортой нь мэдрэгдээд байдаг болсон. Баагий:
- Тэгнэ л дээ. Хүмүүс Нагояад чинь гуч, дөчин түм гаргаж авдаг л гээд байдаг... Д.Д:
- Тэгж авдаг хүн ч байдаг. Эрчүүд голдуу, гэхдээ тэр болгон тэгж авч чадахгүй ээ. За нэг 27-28 түм авдаг хүмүүс бол бий шүү. Байр асар үнэтэй. Би гэхэд гурван хүнтэй дөрвүүлээ гурван өрөө байранд байсан, нэг хүний гурван түм тавыг л өгч таардаг байсан шүү. Баагий:
- Тэгвэл байранд л 14 түм гэсэн үг үү? Миний нэг танил байр нь үнэтэй 7-8 түм байдаг гээд байсан... Д.Д:
- Тийм байр ч гэж дээ каше, машенийх нь л байр байлгүй дээ. Нагояад чинь байр тэр болгон олдоод байдаггүй шүү дээ. Ажил бол нэг юм, зуучлагчаар дамжаад байж л байдаг юм. Наашаа ирэхээсээ өмнө оёдлын үйлдвэрт нэг хэсэг ажилласан.
 
Баагий:
- За бас үйл хийсээн? Үйлчин бүсгүй байх нь. Д.Д:
- Би яг оёдол хийгээгүй ээ. Машины суудлын бүрээсний ар наадаг байсан. Цавуу нь бас л асар хортой юм шиг санагдсан шүү. Баагий:
- Хэдийг авдаг байв? Д.Д:
- Тэр оёдол ажил нь гоё мөртлөө цалин тааруухан, цагийн 900 ээнэ. Сард 18 гаргаж аваад байр хэрэглээгээ төлөөд хоол, хүнсээ цуглуулахаар гар дээр арван хоёр, гуравхан түм үлдэнэ. Баагий:
- Тэгвэл эндээс ч долоон доор болоод явчихаж байгаа юм биш үү?  Нагояад чинь дугуйны шалгалт, энэ тэр гээд янз бүрийн шалгалт ихтэй гэж сонссон юм байна. Д.Д:
- Тийм шүү дээ, түүнээс чинь л халшираад, айгаад наашаа буцаад ирсэн дээ. Бас тэгж ажиллаж тийм цалин аваад ч яах вэ дээ.Мөн эрүүл мэндээ бодохгүй бол тэндхийн үйлдвэрүүдэд биегүй болохоор юм билээ. Баагий:
- Одоо энд олуулаа юу? Д.Д:
- Овоо хэдүүлээ шүү. Эгч нар, Камиссын хоёр,тэгээд Отгоо бид хоёр гээд. Нөгөө хэд нөгөө кашенд энд би ганцаараа, Отгоо бүүр өөр газар ажилладаг юм. Баагий:
- Танайх олон японтой юу? Эзэд нь ямаршуухан улсууд байдаг вэ?
- Манайх  Тай, Хятад, Япон нийлсэн 60 гаран хүнтэй том каше шүү. Ажилчид нь гайгүй, хоёр эзэн их урусай /Яршиг, төвөгтэй/ хүмүүс байдаг юм. Хоёулаа хоорондоо муудалцчихсан аягүй инээдтэй. Нэг нь тэр дээр сууна, нөгөөх нь үүдэнд суудаг юм.
 
Баагий:
- Үйлдвэр лүү чинь ороод зураг авчихаж болох уу? Д.Д:
- Нэгдэж ирэхэд үйлдвэр амарчихсан цоожтой байгаа, хоёрдож ирэхэд хэн нэг нь харчихвал бөөн юм болно, больж үхье чи минь. Баагий:
- За нэг, загас иймэрхүү байдаг юм байж хө. Нөхөр сүүдэр, үр хүүхэд ... Д.Д:
- Өө, тийм юм байхгүй ээ. Ажил, ажил гэж гүйсээр гэрлэж амжаагүй юм байнаа. Баагий:
- Нас чинь явлаа шүү дээ, хүүхэд чинь хэнзэдлээ энэ тэр гээд л ээж, аав чинь үглэдэг л байлгүй... Д.Д:
- Аав маань дээхэн өнгөрсөөн, ээж минь ч тэгж үглээд ирэх болоогүй юу л гээд байгаа. Баагий:
- Хүнээр хэлүүлэлтгүй оройтох нь байна хө, харьяа ээждээ очъё гэж бодогдох юм уу? Д.Д:
- Энэ жил ямар ч гэсэн буцдаг юм бил үү л гэж бодож байна даа. Баагий:
- Ээждээ мэндчилгээ дэвшүүлсэн ч болно шүү дээ. Бодвол Зуунмодод ч интернет байдаг л байлгүй. Д.Д:
- Тэгж болох юм уу, нээрээ? Баагий:
 - Болноо, болно. Хай доозоо! /За болгооно уу/
 
Д.Дарь:
- Төв аймгийн Зуунмод хотод оршин суугаа ээж С.Майнийдайрийд “Ээжээ охиндоо бүү санаа зовоорой. Охин нь ажлаа хийгээд сайн явна. Энэ жилдээ заавал багтаж ээждээ очиж золгоноо” гэе дээ. Баагий:
- Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд АНУ-ын Вашингтон хотод оршин суугаа ОРЛОО БАГ-ийнхны өмнөөс болон нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье! Санасан хэргээ сэтгэлчлэн бүтээгээд ээждээ түргэн очиж золгохыг хүсэн ерөөе, танд баярлалаа!
 
Ярилцсан С.Б.Бат –Эрдэнэ. Япон, Чоши- Хасаки 2008-01-02 /s_b_bagi@yahoo.com/

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.