05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

БАГЫН ЯВДАЛ: №7:ҮҮЦ

Аугаа их Октябрийн хувьсгалын 60 жилийн /1977 оны 11-р сар/ ой дөхөж байлаа.1-р улирлын амралт эхлэхэд 3 хоног дутуу байхад аав минь багштай уулзаж чөлөө аваад өөр гурван хүнтэй нийлж тавуулаа болоод Улиастайн эх өөд Шунхлайн амыг зорилоо.Өвдгөөр татсан цастай ч өнтэй дулаахан байлаа.Очсон оройгоо майхан саваа барьж отоголж буугаад таарлаа.Маргааш өглөө аав бид 2 нэг болж нөгөө гурав маань нэг болоод 2 тийш самранд явлаа. Аав маань нүдээрээ нэгийг эрэлхийлэн хэсэг явснаа эрсэнээ олов бололтой намайг дуудлаа.

Очтол мод түшүүлэн босоогоор нь тавьсан босоо хүнээс өндөр иштэй томоо муна байна.Би гайхан "Та урд нь ирж байсан юм уу,энэ муна таных юм уу?" гэхэд "Үгүй ээ хүү минь,энд анх удаагаа ирж байна.Самарт явах болгондоо явсан хүн болгон мод унагаж муна хийгээд байвал энэ ой маань юу болох вэ?Чамайг харахад барагдахгүй л их мод санагдаж байгаа байх.Гамгүй эдэлвэл хэдхэн жилд л хувхайрна шүү хүү минь,хайрлах хэрэгтэй.Ингээд босоогоор нь тавьсан муна хэдэн жил ч хэрэглэж болно.Ядаж л нүдэнд ил харагдана.Харин хэвтээгээр нь хаячихвал нэгдэж хүнд харагдахгүй тэгээд ч ирэх жил гэхэд л өмхрөөд хэрэглэхийн аргагүй болно. Үүнийг хар л даа,элбэг 5-6 жил болсон байна.Дахиад ч хэдэн жил хэрэглэхээр л байна" гээд аав минь мунаа үүрэн хамгийн эхний нэг хушийг тоншоод өөрөө мунан доогуураа толгойгоо нуулаа.Мөндөр шиг сар,сар хийгээд баахан самар асгарлаа.

Тэгшхэн газар болохоор түүхэд амар ажээ.Цасан дээр гарсан мөр лүү нь гараа хийгээд л болоо.Нэг модноос ойролцоогоор 30-70 орчим боргоцой гарах аж.Нэг модноос 121 ширхэг шошгой унасан нь рекорд боллоо.Явахаасаа өмнө хийсэн самрын машинаар самраа цайруулан 4 хоногт тавуулаа 20 гаран шуудай самар түүжээ.Гурав дахь өдрийнхөө үд дээр аав минь уулын таг дээр тамхиа татан тал бүр тийш хараа билчээн жаал сууснаа "Тэр хэвгий дээр байгаа ганц модыг харж байна уу?Миний хүү очоод эргэн тойрон сайн хараад ир дээ" гэлээ.Уулын тагийн асган дунд мөчир гэхээр юмгүй орой нь шатаж байхгүй болсон ганц мод байлаа. Эргэн тойрон хараад онцгой гойд юм олж харсангүй буцах гэтэл аав минь өөрөө ирсэнээ "За юу олж харав даа?" гэнэ.Би юу ч олж хараагүйгээ л хэллээ.

Гэтэл аав минь ёроолынх нь цасыг гараар зайлуулаад гараа лавхан шиг шургуулан хөвдий нь хуултал нарны гэрэлд ямар нэгэн зүйл алтран шаргалтаж харагдлаа."За юу байна даа?Миний хүү ойртоод хар" гэхэд нь ойртон харвал будаа ч юм шиг...Тэгтэл аав маань атгаад өгөхөд нь л цөмчихсөн самар байсныг нь мэдлээ.Хальсийг нь гэмтээгээгүй бүтнээр нь цөмчихсөн болохоор тэгж алтарч харагдсан юм байжХэрэмний үүц ажээ.Аав минь дахиад нэг атгыг авч өгөөд өөрөө нэг хэсгийг амандаа хийснээ хөвдийг нь буцаан хийгээд эргүүлээд цасаар дарлаа... Маргааш нь үдээс хойш тохирсон ёсоор машин ирж авах байсан тул үд дээр отог дээрээ ирэхээр тохирон самартаа явлаа.

Аавын цохисон самрыг түүж байтал намайг дуудлаа.Очтол цаг үргэлж инээмсэглэж явдаг аавын минь царай хүрлийгээд нэг л ширүүн "Чи юу хийснээ хар,хаана байна тэр самар?" гэснээ хажуу тийш савтал алгадлаа."Үүнийг хар чи" гэхэд нь хартал хялгасаар хоолойгоо боон хоёул хоёр тийш эргэсээр боож үхсэн 2 хэрэм байх нь тэр! Аавыгаа тэгтэл уурлаж байхыг би урд өмнө ч,түүнээс хойш ч үзээгүй билээ.Би урд орой нь нөгөө модыг олж очоод 10 литрийн бортог /бидон/ болон 5 литрийн гуулин данх дүүргээд авчихсан юм л даа.Өвлийнх нь үүцийг цөлмөчихөөр хэрэм тэгж амиа хорлодог ажээ. Өвөг дээдэс маань байгалиа хэрхэн хайрлаж,хэрхэн шүтэж аж төрж байсныг тэгэхэд л би яс махандаа хүртэл ойлгосондоо.

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-05-31
s_b_bagi@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.