04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

БАГЫН ЯВДАЛ: №8: АЛНА ШҮҮ!

Хөлд дөнгөн,данган ороод паацганан алхлах,хэлд дөнгөж л ороод элдвийг шулганах өөдөсхөн үрдээ яардаггүй ээж,аав байдаг гэж үү? Өнгөрсөн зууны ерөөд оны эхэн /1991-92 оны хавьцаа/ үе юмдаг уудаа.Монголд видео тоглуулагч орж ирсээр 4-5 жил болсон ч,одоотой адил айл болгонд байсангүй.Байгаа нэгийгээ "Монел" телевиз /1-рт жижигхэн автобусанд авч явахад амар,2-рт тухайн үед Монголд байсан өнгөт ТВ гээд хэлчихэд нэг их буруудахгүй байхаа/-ийн хамтаар айл хэсүүлж,араас нь элдэв зодоонтой болон адал явдалт Америк кино үзэх гэсэн хүүхэд,залуучууд хушууран дагадаг байсан үед юмсан.

Ганцхан шөнийн дотор ёстой гялалзуулсаар арав,хорин кино үзчихдэг /Үзэх ч гэж дээ,гүйлгэж харсаар энд,тэндээс нь цөмөөд жаахан хараад авна л даа/ байж дээ.Нөгөө нэг түргэвчилсэн дамжаа гэдэгтэй адил ч юм уу... Монел-Видео хоёр манайд анх айлчилсан шөнөөр дүү маань нилээн халамцуу ирж надад нилээн сайн загнуулан /Тухайн үед ажилгүйчүүдийн эгнээнд шилжчихсэн,гудамж метрлэж байгаа хирнээ архи уугаад байсан болохоор нь л ахын хувьд хэдэн хатуу үг хэлээд авсан юм/ байж кино үзмэр болсонсон.Тэр шөнө хаа очиж,аймшгийн болон порно кино байсангүй.Чаки Чан,Брюс Лей гээд зодооны мастеруудын кино голдуу байсан санагдана.Дөнгөж гурван ойтой хүү минь ч бас л кино сонирхоостой...

Шөнөжин нойргүй сууж кино хараад үүрээр 20-30хан минут дуг хийгээд ажилдаа явлаа.Шөнө нь нойргүй,өдөр нь ажилдаа нухлуулсаар мах болтлоо ядарсан хүн гэртээ ирлээ.Хүү минь өөдөөс тосон гүйж ирээд гараараа "Камон,камон!"-дон нэгийг шулганаснаа эргэн гүйж шүүгээний шилэн нүүрэнд өөрийгөө тольдоод янз,янзаар зодолдож эхэллээ.Хоол болон хооллохоор суутал дэргэд ирсэнээ "Ална шүү" гэх шиг боллоо.Чихэндээ ч итгэсэнгүй "Миний хүү,юу гэнээ?" гэтэл өөдөөс яах аргагүй тодоос,тодоор "Ална шүү,ална шүү!" хэмээн зарлан тунхаглалаа.Ямархан эцэг ийм үед шоконд орохгүй байх билээ дээ,дуугаа чангалан "Юу гэнээ чи?Ийм муухай үг хэнээс сурав чи?" хэмээн ширүүлэхэд инээд алдан хөөрч,баярлаж байсан жаахан үрийн минь нүдэнд нулимс цуглаж ирсэн ээ,гомдолтой дорой дуугаар "Ааваасаа сурсан!" гээд намайг нам суулгасансан. Би гээч эцэг алагхан үрээ аавыгаа дуурайж,аавтайгаа адилсах гэж мөрөөддгийг мэдэхгүй,цаг үргэлж намайг даган дуурайж байдгийг тэрхэн үед мэдээгүй байсан хэрэг л дээ.

Тиймдээ ч хүүгийнхээ дэргэд томоо болсон авгыг нь /дүүгээ/ дээрх үгийг онцлон байж загнасныг л тогтоочихсон байсан юм билээ. Ээ дээ,ээж аав нар минь бяцхан үрс маань аав,ээжээ тольдон дуурайж өсөж өндийдгийг яагаад ч умартаж болохгүй шүү! Жич:Онигоо БИ ОДОО 1988 оны намар манай нэг ажилчин залуу "Би одоо" гээд бөөн зодоонтой кино үзсэнээ үдийн цайнаар бидэнд ярьж од болов."Чи хаана үзээ вэ?"."Сансарт үзсэн..."Орой ажил тараад нөгөө киног нь үзэхээр бидний хэдэн залуус явж одлоо."Сансар"-т оросын нэг мелодрам /утга уянгын/ л гарч байна.Ард,Элдэв,Ялалт,Өргөө,Од,Хөдөлмөр гээд бүх кино театрыг тойруулж хайгаад олсонгүй.Хөдөлмөрт "Жаргал даахгүйн зовлон"-г үзээд харьцгаалаа.Маргааш нь ирээд мань эрээс асуутал "Үгүй ээ,тэр чинь айлын зурагтаар гардаг "Би одоо" гэдэг кинонууд байдаг юм байна билээ" гэж билээ.Гэхдээ л мундаг эр ямарч байсан биднээс л өмнө "БИ ОДОО"/видео/-г олоод л үзчихсэн эр дээ... 

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-07-11


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.