05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

БАГЫН ЯBДАЛ: №4: ХАТГАМАЛ

Бага байхад хамгийн дуртай хичээл маань зураг,хөдөлмөрийн хичээл байсансан.Харамсалтай нь энэ 2 хичээл 7 хоногт ганц,ганцхан л тохионо.1-р ангид байхад юмдаг,багш: -Хүүхэд бүр хааш,хаашаа 20см цагаан даавуу,өнгө өнгийн утас болон хайч зүү авчир гэсэн багшийн даалгаварыг бүгд л биелүүлжээ.Багш хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийг шалгаснаа: -За хүүхдүүдээ,өнөөдрийн хөдөлмөрийн хичээлээр бүгдээрээ хатгамал хийнэ гээд хонин холбоо яаж хийхийг зааж өгөөд,авчирсан даавуун дээрээ өөр,өөрсдийн дуртай цэцгээ оёцгоо гэлээ.

Бүгд л дор бүрдээ өөр,өөрийн дуртай цэцгээ зураад хатгаж эхэллээ.Зурж байхад нь ойр хавийн хүүхдүүдийн зурж буй цэцгүүдийг ажвал хүүхдүүд голдуу л ваартай цэцгүүд зурах ажээ.Тэднээс тэс өөр цэцэг урлах зөрүүд санаа минь надаар зүгээр л "Алдрын навч" зурууллаа.Ширээний минь анд миний зурж байгааг харсанаа: -Багш цэцэг гэсэн,чинийх цэцэг биш,навч л байна шүү дээ гэхэд нь би өөрийнхөөрөө зүтгэн: -Багш өөрийнхөө дуртайг /Энд анзаараарай "Дуртай цэцэг" гэдэг үг амнаасаа гаргахгүй байгаа юм шүү!/ оёж,хатга гэсэн. Би өөрийн дуртайг л оёно доо гээд нөхрөөс зүг буруулан хана руу харан хөлөө ачин сууж өвдгөн дээрээ даавуугаа тавиад /Ээж,эгч нараа ч дуурайсан уу аль эсвэл их л догь үйлчин болж харагдах ч гэсэн үү бүү мэд.Ямар ч гэсэн ангийнхнаасаа содон,сондгой харагдах гэсэн этгээд,адын бодол л дийлсэн хэрэг л дээ/ хичээнгүйлэн оёж эхэллээ.Хүүхэд бүр л өмнөө ширээн дээр тавиад зарим нэг нь нусаа шурдхийтэл татан ажилдаа улайрчээ... Хичээлийн 45-хан минут хэзээ л билээ,нэг их удсан ч үгүй багш маань: -За хүүхдүүд ээ,оёж байгаагаа хураалгацгаагаарай!

Дараагийн 7 хоногийн хөдөлмөрийн хичээл дээр гүйцээцгээе! гэсэн дуугаар өөрийн урлаж буй хатгамалаа харвал үнэхээр донжтой гоё болж байна шүү.Өөрийгөө мундагт тооцон амьхандаа биеэ тоон хатгамалаа хураалгахаар босох гэтэл...Юу вэ,энэ чинь?Өнөөх сайхан хатгамал маань өмднөөс салдаггүй,сэмхэн буцаж суун сөхөж харвал өмдтэйгээ оёчихжээ.Өндийн харвал хүүхдүүд бүгд л өөр,өөрийнхөө хатгамалыг хураалгахаар багш руу очиж байна.Юу,юугүй хайчаа шүүрэн авсан боловч хаагуур оруулж хэрхэн хайчлах учраа олдоггүй.Өмдөө хайчлъя өвдөг цоорох,хатгамалаа хайчлъя хайран хөдөлмөр талаар болох гээд үнэхээр сандаргалаа.Хамгийн хоржоонтой нь би бусдаас их л содон хүн болох гээд сондгойроод буруу харан сууж,өвдгөн дээрээ тавьж оёж,хатгаж гангарсан болохоор бусад хүүхдүүдийн өөдөөс харж ч чадахгүй "Жинхэнэ шараа" болж өөрийн эрхгүй 2 нүдийг өөрөө өөртөө гомдох,гомдол харууслын нулимс бүрхэж билээ.

С.Б.Бат-Эрдэнэ.2007-04-16.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.