05 сарын 21, Мягмар
°C
USD 3,381.28
USD 3,381.28
EUR 3,676.47
JPY 21.71
GBP 4,292.20
RUB 37.25
CNY 467.55
KRW 2.49

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: ГҮВЭЭНИЙ ЦААНААС "БИТГИЙ ХУЦ!" БУЮУ "COMMENT"

Хазгар Загд хаашаа ч юм явсан эзгүй байгааг сонссон Дальдчаа Даваа эхнэр Гоогормааг нь эзгүйчлэхээр Загдынх руу хэрэг, зориг гарган мордлоо. Харамсалтай нь энэ голдоо бүү хэл аймагтаа, аягүй л бол Ар Халхдаа, магад ч үгүй манай дэлхийдээ, хэн мэдэх вэ харь гаригтаа /Яг одоо энэ цаг үед ГАРАГ гэж бичдэг болсон байна билээ, ярихдаа яах аргагүй ГАРИГ л гээд яриад байгаа юм даа, бүгдээрээ. Миний хувьд гариг гэж ярьж хэлдэг, бас бичдэг түүгээрээ л туулаа, яадаг юм ер нь... Хальт агсан тавихнаа ч яах вэ гэж.../ ч алдартай Агсан Балдантай санаандгүй зам нийлэн, салаад явчихаж чадахгүй дальдичсаар Загдынд ирэв ээ. Эрүүл байгаа агсан Балдангаас айхгүй ч гэсэн аягүйцсаар хэдийгээр агсан нэртэй ч хэлэх гэсэн үгээ эрүүлдээ ч хэлсэн шиг хэлчихдэг хэлэмгий доломгой, ярьж байгаа хэлж байгаа нь гарцаагүй үнэн байдаг Балдангаас бас ч гэж буруулаад явчихаж чадалгүй элдэв яриагий нь сонсож өөрийнхөөрөө энэ нугынхаа бүү хэл дэвэн дэлхийн news -ийг олгой толгойдоо цутган бараадсаар буцах замгүй хүрээд ирсэн нь энээ.

Гоогормаа ч олны яриагаар буруу дуулчихгүй бол буцахааргүй цолондоо эзэн болсон нэгэн болохоор нутгийн хоёр хархүүд 50, 50% хандран эхий нь эцээж, тугалыг нь тураахгүй байхаа бас мэднэ. Агсан Балдангийн заан шиг том бие, өргөн магнайн доорхи хагархай өнө эртний болон өнөө цагийн цаглашгүй баян амьд түүх өгүүлдэг учир хөмөрсөн тогооны гадаах болон дотоод мэдээ сонсохын учир илт нүүр буруулж чадсангүй. Харин Дальдчаа Даваа нь арчаагүй давжаа, доожоогүй биетэй, эр сүвтэн болгоноос дальдчиж, бултсан аймхай халирамхай нэгэн боловч эм биеийг ээнэгшүүлэн жаргаах эрдэмд хосгүй боловсорсон нэгний учир өөрийн эрхгүй хүсэмжлэх махан бодийн зовлонг харгалзан үзэхээс аргагүйн тул мөн л аргыг нь олохгүй бол болохгүй. Гэвч Агсан Балдан айлаас архи амсахгүй гарч байсан түүхгүй, бүр агсан тавихгүй гарч байсан удаа нэгээхэн бээр ч үгүйн учир тогоо нэрэх үйлтэй албандаа шамдан орлоо. Мэдээж аргал, түлшээр хангах бэлээхэн хангалт Дальдчааг байхад энэ бол тийм ч их проблем биш... Гол нь Балдангаас элдэв мэдээлэл авангаа Балданг баллаж орхих галзуу нэрмэл хоёр усаар аван Балданг далдруулан, хөөрхий муу Дальдчаагаар дахиад хэдэн сардаа хүсэхгүй болтлоо юу яалцахаар хичээлгүй яаваа л гэж... Гэвч хорвоо гээч юм хүмүүнийг дандаа хясахын эрдэмд гарамгай боловсорсон нэгэн болохоор Агсан Балданг доргион агсан тавиулж, Дальдчаа Давааг далдруулан хөөрхий муу Гоогормааг дуран дээр нь хясан дөнгөж, Хазгар Загдыг зад хамгаалан, аваалийг нь бусдад гоочлуулахгүйгээ дэндүү сайн мэднээ гэж... Амсаад эхлэхийн төдийд хаанаасаа ч, хэнээсээ ч сонсож мэдсэн байдаг юм бүү мэд, алтан дэлхийн сониноос хүүрнэнхэн, халаад ирэхийн үед хавь ойрын ховыг цувуулан, согтоод ирэхийн цагтаа соотон халтрыг уурлуулан /морь харахаар гарахдаа/, болиод ирэхийн үестээ бөлдөг юугаан магтанхан, тасраад унахын цагтаа Дальдчааг дальдчуулан үргээв ээ гэнэ, мань Агсан Балдан. Харин амжиж амьд гарсандаа баярлаж, санасанаараа Гоогормааг балбаж дөнгөөгүй ч, Гоогормааг дотроо л хий харамлан хөөрхий муу Дальдчаа амжиж мордон зугтааж гүвээ давангуутаа зориг баатарлагаар эргэж харан өөртөө л их дуугаар /гэхдээ үнэн хэрэгтээ шивнэнхэн/: - ЗА МУУ ХАР АГСАН БАЛДАГА МИНЬ, ЧИ БИТГИЙ ХУЦ АА! гэж томорсон гэнэ билээ.

  Та үүнийг мэднэ биз дээ!!! Орлоо Уншууштай булан дээд талын категорууд дээр байрладаг. Түүн дээр хулганаараа очиход доор нь 11-н ангилал (Аялал, Бодит амьдрал, Гэр бүл, Эрүүл мэнд гэх мэт) гарч ирдэг. Та дуртайгаа сонгоод уншиж болно.


Гүвээний цаана шивнэхийн учир нь гай болж хонины хүүхэд ч юм уу, аргалчин бүсгүй ч юм уу ер нь хэн нэгэн нь гай болж сонсчихоод гариг дэлхийгээр тараачихвал Агсан Балданд амьдаараа алуулахын учир буюу. За даа, орчин цагийн үлгэр нэг иймэрхүү л байх шиг вэ. Би яагаад ингэж бодох болов доо? Өөрийн гараар эх барин авч өлүү /илүү/, дутууг өгүүлсэн хэдэн бодролоо эргэж харанхан, өөртөө л таашаанхан эргүүлэнхэн суутал өөдөөс цор, цор хэмээх гүвээний цаанаас "Битгий хуц аа"-г хараад бага зэрэг балмагдаваа. Ингээд бурууг бусдаас хайж сураагүй багын зангаараа өөрийн бичсэнд анализ /Үгүй мөн, айхтар том ярьж байнаа, анализ гэгээд л... задлан шинжлэх- хэрвээ би дэндүү их мэдчихээгүй бол шүү дээ/ хийж үзлээ. Эрдэнэ Баавайн хүүгийн нэгэнтээ хэлсэнээр энэхүү сэтгэгдэлүүдийг харьд байгаа /Гүвээний цаана байгаа/ хүмүүс л бичдэг, харин гүвээ даваагүй нутагтаа байгаа интернетийн дайсан залуу үе маань мөнгө төлөн нетээр сонин болон өөр ямар нэгэн мэдээлэл авдаггүй, авсан ч мөнгө гарздан сэтгэгдэл үлдээдэггүйг санан, санан жаал бодол боллоо.

Мөн манай энэ эрин үеийн миний хүндэлж явдаг нийтлэлч Баабарын нэгэнтээ хэлсэнээр "Нийтлэл хэвлэгдэж дуусаагүй байхад шахуу л хаанаас ч юм ...За муу хужаагийн эрлийз минь битгий хуцаа... гээд л эхлэнэ шүү дээ" гэснийг өөрийн эрхгүй дурсан саналаа. УИХ-ын гишүүн Х.Баттулга бичиж байна... гэсэн нийтлэлүүдийг би таслахгүй уншдаг нэгэн. Мөн л гүвээний цаанаас хөөрхий муу надтай л адилхан дальдчаанууд "Битгий хуцаа" л гэж байдаг юм. Баттулгын мафиоз байх нь надад хамаагүй, нийтэлж байгаа нийтлэлийнх нь гол санаа нь л хамгийн гол нь чухал байдаг юм. Баабар нь ч бай, Баттулга нь ч бай, Бат-Үүл нь ч бай Монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байгаа нь л дэндүү сайхан, та бидэн шиг гүвээний цаана нуугдчихаад "Битгий хуцаа" биш болохоор тэр шүү дээ. ..."Баттулга, муу хар өмхий мафиоз чи муу /Аа яа,яа барьж авч зодох нь ээ/ хэдийдээ бичдэг болчихоо вэ"...

"Үүл чи муу С.Зоригын алуурчин /Паах, яг мэдчихсэн, алуурчныг нь яг, таг олчихсон байж 500 мянган доллараас татгалзчихсан гайхамшигтай мөнгөнд дургүй хүн. Мөнгөнд дургүй юм уу гэхээр гүвээний цаана юу хийж яваа юм бол оо/ битгий солиор"... "Баабараа чи барагтайхан байгаарай, базаад хаячихна /Өө, лайтай. Лаг том гартай эр юм/ шүү, хохь чинь шүү"... гээд л ёстой нэг гүвээний цаанаас нэр усгүй шивнэж өгнө гэж байгаа. Нэр ус бичихээрээ сүүлийн үед хөөрхий муу БААГИЙ-гын нэрийг их барьдаг болсон гэж байгаа. Тэр нь кириллээр сэтгэгдэлээ үлдээдэг хагалан бутаргагч, хатгаасны эзэн жинхэн урд хөршийн захиалгат этгээд байх шиг надад санагдана. Бас БОДРОЛ гэж байгаад гүвээний цаанаас хуцнаа гэж. Энэ хоёр нэрийг онцлохын хувьд гэвэл эрхэмсэг уншигч авхай та нар /За би биеэ тоохын бяцхан үлгэр үзүүлэхээр шийдлээ шүү!/ урьд өмнө сонин хэвлэлээр ч юм уу, ер нь ямар нэгэн мэдээллийн сувгаар үзэж харж, уншиж байснаа санаж байна уу, тэгж байсан удаа байна уу?

Сайн боддоо, би өөрийн бодол эргэцүүллийг БОДРОЛ гэж бичиж эхэлсэн тэр үеээс л "Үгүй ээ, ерөөсөө нэг БААГИЙ, тэр БААГИЙ, бас нэг БААГИЙ гэж хэлж ярьдаг тэр л ярианы хэлээр ярьж бичье" хэмээн ХААЛТ гэдэг бодролоо бичиж эхэлсэн тэр цаг үед энэ нэрийг ямар нэгэн ном зохиол, сэтгүүлээс олж харсан уншсан хүн байна уу... Байхгүй л болов уу гэж би биеэ бяцхан тооном. За даа дээр дурьдсан улсуудын дэргэд би хэн билээ дээ, хэн ч биш. Ердөө л эхлэн бичигч төдий нэгэн. Шинэхэн тоглоом хэзээд амттай, үргэлж тоглуулахын учир өөрийн бичсэнийг эргэж харан сэтгэгдэл үлдээсэн байвал баярлан уншиж буруу зөвөө ялган таашаал авах дуртай гэж байгаа. Нэгэн"Битгий хуцаа"-г санаж байна... "Уа цус гэж, хошгороод хийж үзсэн чинь зүгээр л нэг цэхийсэн браашик л болж байх шив. Удаан айраг уугаагүй чамд л яг айраг санагдсын байхдаа. Завхарсан юм" болон "tegeed hiigeed uzeheer uur bolood bna lee, turuun huushuuraa maionezaar amtlaad geed baihaar n' maionez hiichikhsen chin pijigneed hamag shuus ni goojood, galiin uruuguur neg tos usreed, huushuur n' pid har uranhai um boltson shd. japan huntei tsug hiij baisaniig ch heleh uu, yostoi ichsen gej, zugeer hiidegeeree l hiideg baij gej bodoj bailaa" гэсэн хоёр сэтгэгдэл "Айраг" гэдэг бодрол дээр бичигдсэн байсан юм.

Айргийг яах аргагүй энэ жороор өөрөө исгээд уучихдаг болохоор гүвээний цаана байгаа улсуудтай хуваалцсан ухаантай боловч ингээд хамар луугаа гүвээний цаанаас няслуулчихав. Хуушуур түлэгдэхэд гуриланд өлгийтэй байгаа мах амталсан майнузанд ямар буруу байх вэ дээ гэж би бодох юм. Одоо ч гэсэн би тэр л жороороо хийсээр л... Бас нэгэн гүвээний цаанаас "Битгий хуцаа" ...Галдан /Бошгот/ өвгийн үгэн дээр гацлаа.МИНИЙ НУТГИЙН ГАЗРААС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ!За даа үхэж үрэгдээд өч,төчнөөн жил болсон мунхаг харанхуй өвгөний үгээр юуг хийнэ дээ,өнөөдрөөрөө л амьдаръя.Оюу толгойг хэнд ч хамаагүй өг.Оронд нь өөртөө хэдэн ногоон төгрөг салгаад л ав.Өөр ямар л орд газар байна хамаагүй мөнгө амалсан хэнбугайд нь ч хамаагүй өгч л орхи,яршиг цаашаа. Яасан ийсний чинь Монголын ард түмний эрх ашиг,лай,лай.Ёстой л лай л байна.

ЧАМАЙГ ЧИНЬ ХАРИН ГАЙГҮЙ БИЧДЭГ ЮМ БАЙНА ГЭСЭН ЧИНЬ ХАРИН ШААЖ ӨГДӨГ ГАР УУ ДАА. МУУ ХУЖАА БАТАА ГУАЙ АЯТАЙХАН БАЙГАААРАЙ. ЧАМ ШИГ МУУ ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗҮҮД Л ИЙМ БОДОЛТОЙ БАЙДАГ БАЙХ ШҮҮ. ЦЭВЭР ЦУСНЫ МОНГОЛ ХҮНД БОЛ ЭНЭ ГАЗАР ШОРОО ЧИНЬ ОЛОН ҮЕ ДАМЖИН ӨВГӨДИЙН МИНЬ ЦУСААР ХАМГААЛАГДАЖ ИРСЭН ГАЗАР ШОРОО МИНЬ ЮМ ШҮҮ. ЦААД САНАА ЧИНЬ ХАРИН ЦУХАЛЗААД БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ. ӨНӨӨДӨР ЭНЭ ГАЗАР ШОРООГОО БИД НАР Л АВЧ ҮЛДЭХГҮЙ ЮМ БОЛ ХЭН АВЧ ҮЛДЭХ ЮМ БЭ? АВЪЯ ГЭСНИЙХЭН ТООГООР АЛЬ АШИГТАЙ ШИМТЭЙ ГЭСНЭЭ ӨГӨӨД ДУУСВАЛ ХОЙЧ ҮЕДЭЭ ЮУГАА ҮЛДЭЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ДУРГЙ ХҮРГЭЭД БАЙВАЛ ЧАМАЙГ ХААНААС Ч ГЭСЭН ОЛОН ШҮҮ ХУЖАА БАТАА ГУАЙ. ГАЛДАН БОШГОТ ХААН БОЛОХООС ӨВГӨН БАЙГААГҮЙ. ИД НАСАНДАА МОНГОЛ УЛСАА МАНЖИЙН ЭРХШЭЭЛД ОРУУЛАХГҮЙ ГЭЖ ТЭМЦЭЖ ЯВААД АМИА АЛДСАН ЮМ ШҮҮ.

... Энэ бол миний бичсэн "Бодол"-д ирсэн сэтгэгдэл. Уг нь би битгий өгөөсэй гэсэндээ л бичсэн ухаантай. Энэ гүвээний цаадах эр ширүүн эр байгаа биз? Би өөрийнхөө гүвээ /РС/-нд ч ойртож чадахгүй болтол айгаад нуугдчихсан гэж байгаа. Гэнэтхэн миний гүвээн дотроос зангидсан гар гарч ирээд духан дундуур минь "БИТГИЙ ХУЦАА"-дчихвал би яанаа, ай яа,яа аймаар. Өвөг дээдэс гэснийг минь өвгөн болгож унших, битгий өгөөсэйг минь өг болгож харсан, олно шүү гэж айлгахдаа ч олон гэж ташаарч бичсэн хөөрхий муу гүвээний цаадах энэ хагалган бутаргагч хөөрхий дөө. Уг нь юм уншдаг нь сайхан ч /Миний бичсэн "БААГИЙ"-г уншсан бололтой юм. Тэгээд тэнд багын хочоо биччихсэн чинь түүгээр минь хэзээ нэгэн цагт дайрахаар хэл амаа билүүдэж байтал би гээч тэнэг дээрхийг өгүүлчихсэн нь чухамхүү нэг загатнасан газар нь маажчихсан бололтой/ уншиж эхлээгүй шахуу байхдаа төгсгөлийг нь харахгүйгээр "Битгий хуцаа" нь л жаахан тиймхэн.

Энэ мэтчилэнгээр гүвээний цаанаас "Битгий хуцаа"-г нэг биш нилээн хэдэн удаа сонсоод авсан, гэхдээ нэг их сэтгэл эмзэглээгүй гэж байгаа. Миний эр, эм үсгийн и алдаж бичихийг, боловсролгүй, онгироо сагсууг зарлан дуудах гээд гүвээний цаанаас "Битгий хуцаа". Үнэн л дээ, би боловсрол багатай /Албан ёсны хэллэгээр БҮРЭН БУС ДУНД/, бас хөөрүү сагсуу, онгироо нь ч үнэн, би түүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Бусдаас нуухын аргагүйн учраас тэр шүү дээ. За тэгээд цаашилвал "Би, би гээд л байх юм" гээд гүвээний цаанаас "Битгий хуцаа". Үгүй ер, би чиний тухай "Чи, чи" гээд бичье гэхээр чиний тухай мэдэхгүй юм чинь эрхэмсэг гүвээний цаанаас "Битгий хуцаа" гуйад юу ч гэлтэй билээ. Өөрийгөө дэндүү сайн мэддэгийнх "Би, би"-гээ л бичиж байхаас даа. Дашрамд дурьдахад боловсрол эзэмшсэн ч боловсролынхоо боол нь болж яваа хүн алийг тэр гэх вэ. Бас албан ёсоор боловсрол эзэмшээгүй ч амьдралын хар ухаанаараа жигүүрлэсэн аавын хөвгүүдийг тоолж барахгүй ээ гээд би ч /За тээр хар даа, БИ гэж байгаа биз?/ бас гүвээний цаанаас "БИТГИЙ ХУЦ" гээд аваад хаячихъя, яадаг юм...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-10-07 (s_b_bagi@yahoo.com)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.