04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

Улаанбаатар хотын хөгжил уруудал-13

Хандгайтын уулнаас авсан зураг

Улаанбаатрын хөгжил уруудлаа бичээгүй уджээ. Яагаад ч юм заавал бичихгүй бол санаа амрахгүй нэг зүйл тохиолдов.
Би  Монголдоо ирээд бараг жилийн нүүрийг үзэх гэж байна. Одоо бол хэзээ язааны гадаадад олон жил болоогүй хүн шиг болоод дасчихжээ. Жижиг сажиг зүйлд нэг их санаа зовоод байхгүй урдах ажлаа барах гэсээр өдөр хоног хурдан өнгөрнө. АНУ-д амьдарч байсныг бодвол Монголд цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм.  Нэг л мэдэхэд ажлын өдөр, нэг л мэдэхэд амралтын өдөр.
Энд ирсэнээс хойш бүтэн сайн болгонд ууланд гарч уулаар аялах дуртай хүмүүстэй нэгдэн аялах болоод 7 сар аль хэдийн өнгөрчээ. Үнэхээр сайхан л даа, ажлын өдрүүдэд гарсан дарамт стресс бүх юмаа мартан цэвэр агаарт шинээр танилцсан анд нөхдүүдтэйгээ бүтэн сайн өдрийн хэдэн цагийг хамт өнгөрүүлэх нь үнэхээр гоё. Энэнийхээ ачаар ч Монголынхоо өвөлд өвдөхгүй яваа гэж би ойлгодог. Одоо бол би ууландаа жаргалтай гэдэг мэдрэмжийг аваад сурчихсан нэгэн болоод байна. Тиймээ бүтэн сайн өдөр болгон ууланд явдаг хүн чинь нэг өнжихөөр бие нэг л сулраад ирдэг болчих юм билээ.

Монголд маань дулаараад эхэлчихсэн уржигдар, өчигдөр өдөртөө бараг л -7 хэм хүйтэн байв. Өчигдөр манай уулчин клубийн гишүүд Хандгайтын аманд очиж ууландаа гарчихаад цасныхаа баярыг тэмдэглэхээр мордсон юм.

Угаасаа Жигжидийн аманд бага насаа өнгөрүүлсэн надад зуслангийн зүг явна гэдэг маань бага насаа дурсан санах сайхан сэтгэгдэлийг төрүүлдэг л дээ. Хамт яваа хүмүүстээ хэзээний танил газруудаа ярин явах сайхан санагдаж байлаа. Тэгэхдээ зуслангийн өнөөгийн байдал бол урьд бидний бага байх үетэй харьцуулахын аргагүй өөр болсон гэж бичиж байсан даа. Битүү хашаа татсан одоо бараг л хоосон газар үлдээгүй, энд тэндгүй байшингүй газраа хашаа хатгасан байдалтай. Хуучин олон жилийн өмнө баригдсан амбаар ч байна, шинээр сүндэрлэсэн тансаг гэж хэлж болохоор хаусууд ч байна. Бүүр гаднаа газрын теннисний талбайтай, сагсны шийдтэй амьжиргаатай айлууд ч байна. Сайхан дэндүү сайхан ч саар юм олон. Нөгөө нэг хотын хорт утаанаас хол цэвэр агаартай гэж бодож байсан зуслан маань тэр чигтээ утаан дунд байдаг болсон байх юм. Нам доор байгаа хүн анзаарахгүй л дээ. Уулан дээрээс харахаар үнэхээр тэр тунаж тогтсон, нүсэр хотын гэр хорооллуудаас салхинд туугдан зуслангийн амуудаар дүүргэсэн бөглөсөн утааг хараад үнэхээр л арай дэндэж дээ гэж хамт явсан хүн бүрийн сэтгэл гонсойно.

IMG 7466
Тиймээ урин дулаан цаг ирж байгаа болохоор манай аялагч клубийнхэн цасны баяраа хийхээр  3 цаг орчим уулаар явцгаачихаад буцах замдаа Хандгайтын аманд чаргаар гулгахаар бүгдээрээ очив. 30 гаран хүмүүс явж байсан ч би гулгахгүй гэж бодож байлаа Учир нь хэдэн долоо хоногийн өмнө ууланд явж байхдаа бөгсөөрөө унаад жаахан хөндүүр байсан болохоор тэр л дээ, тэрнээс чаргаар гулгах сайхан шүү дээ.

Тэндээс гулгах хүн бүрээс мөнгө хураан чарга түрээслэн авлаа. Би өөрөө гулгана гэж бодоогүй учраас яг ямар үнээр чаргаа түрээслэн авсныг анзаараагүй юм.

Бүтэн сайн өдөр болоод тэр үү, дулаан болоод ч тэрүү байгууллага хамт олноороо, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цугласан хүн ихтэй, амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлж байв.  Бид ч хүлээн авсан чаргаа авцгаан дээш хөдөллөө. Гулгаж буй хүмүүсийг харан баясаж, аж жаргалыг хэдэн цагийн дотор маш ихээр мэдэрч байсан ч гай газар доороос гахай модон дотроос гэгчээр явахын алдад бидэнтэй хамт явж байсан залуу цанаар гулгаж байгаад гулгадаг талбайн хажуу талын хамгаалалтын бололтой зоосон модон багана мөргөн зүүн хөлнийхөө шилбээр цохин маш эвгүй байдалтай унав. Манайхан ч гүйлдэн очтол зүүн хөл нь тэр чигтэй маш эвгүй далийсан байв. Бүгд л сандран Хандгайтын цанын баазад байсан түргэний машин руу 2-3 нь гүйж, хотын түргэн 103 утас цохисон ч "Эндээс наад руу чинь очиход хүндрэлтэй цаг алдана, өөрсдөө аргаа олоод гэмтэл рүү очсон нь дээр" гэсэн хариулт авлаа.

IMG 7795

Тэнд байрлаж байсан эмнэлгийн машин дээр очсон хүмүүс анхны тусламж үзүүлдэг эмчийг дагуулан ирлээ. Тэрээр өвчин намдаагч тариа хийн хөлийг нь боож хот руу өөрсдийнхөө машинаар авч явахыг зөвлөв. Тэнд байгаа түргэний машин зөвхөн гэмтсэн хүнд анхны тусламж үзүүлэхээс зөөх учиргүй гэнэ. Өвчиндөө шаналсан тэрхүү залууг носилкэн дээр аятайхан хэвтүүлэн машин руу арваад залуучууд дамжлан машинд аваачин оруулав. Маш их өвдөж байсныг нь бид мэдэрч байлаа. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг рүү жирийлээ дээ.
Тэрхүү тариа хийсэн эмч бололтой нөхөр өнөөдрийн тав дахь хөлөө хугалсан хүн гэж хэнэг ч үгүй ярина.

IMG 7801

Үнэхээр толгой сэгсэрээд ч барахгүй өөрийн эрхгүй бачуурч байлаа, бүхэл бүтэн 1 хүний хөл хугарчихаад хөдлөж чадахгүй бас түнхээрээ өвдөөд байна гээд байж байгаа хүүхдийг яагаад тэр түргэн тусламжийн тэргээр хүргэж өгч болохгүй гэж?

Яагаад тэрхүү цанын баазыг ажиллуулж байгаа хүмүүс аюулгүй байдлыг нэн тэрүүнд тавихгүй байна вэ? Тэр олон хүнээс чарганы түрээсийн мөнгө авч байж аюулгүй байдлыг нь хангахгүй, цана чаргаар гулгаж амралтаа өнгөрүүлэх гэж буй хүмүүст аюулгүй байдлын танилцуулга өгч болохгүй байна вэ? Дээрээс нь гулгаж буй хүмүүс холдоорой гэж чарлах, хурдтай яваа хүмүүсийн чарганд олон хүн дайруулж буй дүр төрх хаа сайгүй байв. Яагаад зохион байгуулалттайгаар гулгаж буй хүмүүс энүүгээр, дээш явж буй хүмүүс энэ талаар гэсэн энгийн зам гаргаж, зааварчилгаа хийж чадахгүй байна вэ? Тэр олон хүн гэмтдэгийг мэдсээр байж ийм байдалтай үйл ажиллагаа явуулан хамгаалалтын шонгоо өдий болтол энэ хэвээр нь байлгаж байгаа нь сонин.
Би гомдолтой байна, үйл ажиллагаа явуулж мөнгө олж байгаа бол хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг нэг номерт тавих хэрэгтэй! Одоо хэнийгээ буруутгахав дээ! гэгчээр бид хэдэн хүнийг тахир дутуу болгох вэ? Хэдэн хүний амиар тоглох вэ? Энэ тал дээр бид нэгийг бодох болсон байна!

Улсдаа ганцхан гэгдэх гэмтэл согогын нэгдсэн төв эмнэлэг, шинэ гэмтлийн эмнэлэг гэх нэрээрээ олны танил болсон эмнэлэгийн хүлээн авах тасагт очоод дотроос нь өөрсдөө носилкийг нь гуйн гарган ирнэ.

Бүхэл бүтэн Улсын гэмтлийн эмнэлэг гэхэд үнэхээр хэцүү, үнэхээр л алтан дээр суусан, авилгалд автсан, дарга нарыг өөхшүүлсэн тэнэг улсаа бид гэж өөрийн эрхгүй бодогдуулам замбараагүй газар угтана. Жижигхэн умгар өрөөнд ганц ширээ тойрон суух халаттай хүмүүсийн эмч сувилагч асрагчийг нь танихад бэрх. Бүх ирж буй хүмүүс тэрхүү өрөөгөөр л дамжина. Орчин нь тийм боловч тэнд ажиллаж буй эмч сувилагч нар ачааллаа хайхрахгүй ирж буй хүмүүсийг эмч нь өөрөө анкетийг нь бөглөн хүлээн авах нь харагдана. Тэдгээр жижүүрт гарч буй эмч нар сэтгэл зүрх бор зүрхээрээ тулан ажиллаж буйг тэндээс анзаарч болно. Орчин бол авах юмгүй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Өвчтөн дагаж ирсэн хүмүүс нь бас дагаж үймсэн хөл толгой нь мэдэгдэхгүй газар шиг л байна.

Их л эвгүй газар угтана даа 🙁 нөгөө манай залуугийн шилбээрээ 2 яс нь хугарсан, бас түнх нь мултарсан байдалтай хүргэгдсэн нь зураг авалтаас улам тодорхой боллоо.
Тиймээ, бид чинь цөөхүүлээ, бие биенээ амьдад нь хайрлаж халамжилж явахгүй юм бол Монгол улс оршин тогтнохын утга учир байна уу? Бүхэл бүтэн улс байж ард олныхоо төлөө хамгийн түрүүнд манаанд зогсож буй эмч сувилагч нарын ажиллах орчинг бүрдүүлж дэд бүтцийг нь дахин харах цаг болсон, бүүр оройтсон харагдана. Мөнгө л бодон үйл ажиллагаагаа явуулж буй тэр хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэйг энд дурдах нь зүйтэй болов уу!

Тэнд амрах гэж очсон хүмүүсийн буруу гэж бодохгүй байна, азгүй тохиолдол боллоо ч гэж бодохгүй байна.

Ийнхүү бидний зохион байгуулалтгүй, иргэнээ хайхардаггүй, тэдний төлөө тавих анхаарал сул дорой байсаар байх уу!!!  гэсэн асуултыг  та бүхэнд орхин нийтлэлээ өндөрлөе!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.