05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Улаанбаатар хотын хөгжил ба уруудал 3

Ид өвлийн хүйтэн улирал дуусаж Монгол нутагт маань хавар иржээ. Эрс тэс уур амьсгалтай манай нутагт  нэг өдөрт нь +9 хэмийн дулаантай маргааш нь -5 хэмийн хүйтэн болоод цас хаялан шуурах нь ердийн үзэгдэл. Шороо тоос нь бужигнаж байсан өчигдрийг бодвол цас хаялаж арай л чийглэг сайхан агаар сэнгэнэх шиг санагдана.

Ийнхүү Монголынхоо хаврын улирлаар ирсэн болоод тэр үү, олон жил эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй гээд ажлаа эхлүүлэхийн өмнө биеэ нэг тэнхэрүүлэх санаатай  эмчилгээ хийлгэе гэж бодоод одоо нэгэн хувийн эмнэлэгт хэвтээд хэд хоноод байна.

Ирээд найз нөхөдтэйгөө ярилцаж байхад эхний үед биеэ эмчлүүлнэ гэснийг маань сонсоод Улаанбаатар-Сонгдо гэдэг оношилгооны  эмнэлгийг санал болгох хүмүүс олонтаа юм билээ. Шинжилгээ сайн хийдэг, хэзээ ч очоод хэвлүүлээд авдаг олон давуу талтай гэх мэтээр магтах нь олон хүний амнаас сонсогдож байлаа.

Миний хувьд Монгол эзэнтэй хувийн эмнэлгийн зүг ахтайгаа хоёул ирсэн юм.

Монголдоо эхний 10-т багтах энэхүү эмнэлэг нь нийт 46 ажилчинтай олон жилийн турш үзүүлсэн үйлчилгээ нь олны тааллыг авсан олон арван шагнал өргөмжлөлүүд авсныг нь үүдээр ороод л мэдээллийн самбараас нь харж болно.  Дотрын эмчид үзүүлэн зовиуруудаа хэлж ярилцан үзүүлсэнийхээ дараа шинжилгээ ёс журмынхаа дагуу хийлгэж хариуныхаа дагуу эмчилгээнд ороод байгаа билээ.

Оношилгоо, эмчийн үзлэгийн анхны хөлс 30 гаран мянган төгрөг болж байлаа.
Харин бусад эмнэлэгтэй харьцуулахад жишээ нь Баянгол гэх хувийн эмнэлэгийн үнэ ханш нь өдрийн хэвтэж эмчлүүлэх орын хөлс 58000 төгрөг, Эход харуулахад 22000 төгрөг, зүрхний бичлэг 8000, дотрын эмчид үзүүлэхэд 15000 гээд шинжилгээ шаардлагаар хийлгэхэд ойролцоо 80000 төгрөг болсон гэж хамт байсан ах өмнө хэвтэж байсан эмнэлэгийнхээ тухай хуучиллав. Тэрээр өндөр настны тэтгэвэртэй нэгэн бөгөөд тэнд үнэтэй гээд энэ эмнэлэгт ирж эмчлүүлж байгаа нэгэн. Тэрээр хэлэхдээ эмчилгээний хөлс үнэтэй байна, бид ч яахав хүүхэд энэ тэрээ гээд болгоод ирнэ. Харин надаас доор байгаа ядуучууд яаж байдаг гэж бодож байна, энэхүү үнэ хөлсийг дийлэхгүй, дүүргийнхээ эмнэлгийг бараадана тэнд ч дээ гэж билээ.

АНУ-д олон ч удаа эмнэлэгт очиж байлаа өөрийн эрхгүй тэр орчинтой харьцуулаад ирдэг юм билээ. Ерөнхийдөө бол муу ч сайн ч их зүйл байна заавал энд бүхнийг тоочоод байх шаардлагагүй байх. Харин байх зохистой гэсэн хэд хэдэн асуудлуудыг энд бичмээр санагдаад байгаа юм л даа.

Хувийн эмнэлэг

Улсын эмэнэлэгт олон жил хөдөлмөрлөж ирсэн хүний их эмч энэхүү хувийн эмнэлэгий г нээн ажлуулаад өдгөө 10 жилийн нүүрийг үзсэн байна. Өдөртөө олон арван хүнийг хүлээн авах чадалтай 5 давхар байртай эмчилгээ, хагалгаа, сувилалын чиглэлтэй томоохонд тооцогдoхоор эмнэлэг ажээ. 1-р давхартаа эмч ажилтнууд байрлах бөгөөд өдрөөр холхилдох өвтнүүд ирж үзүүлж байгааг харахад хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олоод авсан эмнэлэг санагдaна.

Эмнэлэгт хэвтэхэд нэг их асуудал болоод байхгүй эмчдээ үзүүллээ, шинжилгээ өглөө, хариугаа өдөртөө аваад хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл шууд л ор байгаа эсэхээ  асууж өдрийн төлбөр 2 хүний ортой 45000 төгрөг, 4 хүний ортой өрөө нь 35000 төгрөг болдог нь даатгалтай хүмүүсийн тариф юм байна. Энэхүү үнэнд өдрийн гурван хоол, ор, эмчилгээний бүх зардал багтсан байдаг юм байна. Хоолны хувьд боломжийн санагдсан шүү.

Харин энэ үнэнд багтаагүй олон зүйлс байгааг дурдвал, гар нүүрийн саван, ор хөнжлийн даавуу, нойлын цаас гээд ер нь бол бүх хэрэглээний зүйлсээ өөрсдөө авчрах хэрэгтэй болсныг анх сонсоод гайхаж л байлаа.

Эмчилгээ эхэллээ за долоо хоног эм тариагаар бөмбөгдүүлж эхлэж байгаа нь тэр. Би ганцаараа ийм их дусал тариа, эм уугаад байна уу гэхээр тийм биш юм хүн бүр дусалтай өөрсдөдөө зориулагдсан тохирсон хэмжээний эмнүүдээр бөмбөгдүүлнэ гэдэг нь болж байна. Сувилагч нaр нь үнэхээр хурдан шаламгай хийж ажиллаж байгааг харахаар бахархмаар ч сайны хажуугаар саар гэгчээр нэг хүний тариа хийчихээд гараа ариутгаж байгаа зүйл харагдахгүй нь жаахан тиймэрхүү санагдаад байгаа юм. Эмнэлэг байж гар ариутгалын хөөс ядахдаа байх ёстой гэдгийг энд дурьдах хэрэгтэй болов уу!

Ариун цэврийн тал руу ороод явбал дутагдалтай зүйлүүд олон байгаагийн зарим нэгээс дурдвал асрагчийн цэвэрлэгээ хийж байгааг хараад үнэхээр гайхсанаа энд хэлэх нь зүйтэй байх. Юу вэ гэвэл манай өрөөнд оройхон орж ирсэн асрагч гартаа нэг алчуур барьчихсан өрөөнд буй угаалтуурыг тойруулан арчиж байснаа дуусав бололтой өрөөнд байдаг хоолны ширээг тэрхүү алчуураараа арчаад эхэлдэг юм байна. Тэгээд ч бас болоогүй миний ууж байсан аяганы бариулаас нь барьж холдуулахгүй хуруугаа дээрээс нь оруулан шууд л холдуулж байгааг харсан би ямар их эвгүй оргисон гээч. Тэгээд цааш тэр алчуураа барин шууд жорлонгийн өрөө лүү яваад орлоо. Тэрхүү алчуураа базаж угааж байгаа зүйл харагдаагүй болохоор үнэхээр сонин санагдаж байлаа. Манай өрөөнд орж ирэхээсээ өмнө хэдэн өрөө тэрхүү алчуураараа цэвэрлэсэн бол гэхээс л ...

Иймэрхүү зүйлсийг харсан би өрөөндөө байсан хүндээ та анзаарав уу сая ингээд гараад явчихлаа гэсэн чинь тийм үү би анзаарсангүй. Чи ч гярхай байна шүү гэх нь тэр. Үнэндээ манайхан бол яг ариун цэвэр ямар түвшинд байх ёстой гэдгийг мэдэхгүй байгаа нь харагдаж байна л даа. Хувийн эмэнэлэгт ийм байгаа юм чинь бусад газар ямар байдаг бол гэж бодогдоно.

Би угаасаа АНУ-д байхдаа жижиг бизнесийн удирдлагаар төгссөн нэгэн л дээ. Тэгэхлээр энэ эмнэлэгт хэвтэх хугацаандаа харсан үзсэнээ сайн тунгаагаад харж болохгүй байгаа зүйлсийг нь олж хараад удирдлагуудтай нь уулзаж аятайхан өөрийгөө ойлгуулж зарим зүйлсийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг нь хэлэх санаатай байгаа. Бас хэвтсэн хүмүүсээсээ санал асуулга авах маягаар өөрсдийнхөө дутагдалтай талаа байнга анзаарч засаж залруулж болно шээ дээ гэсэн санал тавья гэж бодном. Хэрхэн хүлээж авах нь хамаагүй.
Хүнд хэлэхээс нааш ойлгохгүй
Цааш чичихээс нааш цоорохгүй гэдэг үг байдаг даа.

Жишээ болгож хэлэхэд:
- Анх орж ирээд харсан зүйл бол хэн нь хэн бэ гэх ойлголт байхгүй их эмч, сувилагч, асрагч гэх нэрийн тэмдэглэл байхгүй байгааг шууд л анзаарлаа

- Эмчлүүлэхээр ирсэн, хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүст зориулсан гарын авлага байвал их зүгээр санагдлаа
- Зөвхөн сувилагчийн өрөөнд харагдах гар угаах зааврын плакат бүх өрөөнд байвал зүгээр юм шиг санагдлаа
- Ариун цэврийн асуудлаар нэлээдгүй зүйл хийх шаардлагатай гээд бичвэл их жишээ авахаар байгаа юм
- Эмчлүүлж байгаа хүмүүс нойлийн өрөөнд тамхи татаад байхад шаардлага тавьж байгаа нэгэн алга байна

Эдгээр зүйлсийг хэлэх нь зөв болов уу гэж бодлоо. Учир нь энэ чинь хувийн эмнэлэг, эдгээр зүйлсээ зөв ойлгож засвал өөрсдийн бизнест нь л нөлөөлөх учраас хүлээж авч сайжруулна байх гэж найдаж байна. Ганц энэ эмнэлэг биш маш олон жижиг дунд бизнесүүдэд менежментийн туслалцаа дэмжлэг үзүүлдэг үйлчилгээний бизнес эрхэлж үзүүлвэл зүгээр юм шиг санагдана.

Иймэрхүү жижиг зүйлээс авахуулаад бид шинэчлэлийг эхлүүлэх нь маш их ач холбогдолтой гэдгийг энд давхар хэлээд байна!

Монголын хөгжлийн түлхүүр гадаадад суугаа Монголчуудаас маш их хамааралтай! гэдэг маань улам бүр баталгаажиж байгаагийн нэг жишээ энэ.

Эрүүл биед саруул ухаан оршино гэгчээр эмчилгээгээ сайхан хийлгээд хийе гэсэн олон ажлынхаа зах зухаас эхлүүлнэ дээ.

Үргэлжлэл бий...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.