05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Улаанбаатрын агаарын бохирдол хамгийн ихтэйгээрээ дэлхийд 2-т жагсаж байна

Тайм.ком-н мэдээлж байгаагаар Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний хоёрт орж байгаа юм байна. Дэлхийн агаарын бохирдолтой 10 хотыг жагсаасаныг нь хүргэж байна.
1. Ахваз, Иран Улс
2. Улаанбаатар, Монгол Улс
3. Санадаж, Иран Улс
4. Лудхиана, Энэтхэг Улс
5. Күвита, Пакистан Улс
6. Керманшах, Иран Улс
7. Пешавар, Пакистан Улс
8. Габерон, Боцвана
9. Яасойж, Иран Улс
10. Канпор, Энэтхэг Улс зэрэг ороод байна.
Уг нийтлэлийн зурганд Улаанбатрын цахилгаан станцыг дээрээс нь авсан зураг байрлуулсныг энд бас тавьлаа. Ийнхүү онлайнаар Улаанбаатарын утааны гамшгийн талаар цуглуулсан мэдээллээ давхар хавсаргаад оруулж байгааг та бүхэн сонирхоно уу.
Агаарын бохирдол

ХХ зууны уур амьсгалын дулааралтын нэг үндсэн шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа явдал юм. Аж үйлдвэрийн хувьсгалаас (1750 оноос эхлэн тоолно) хойш агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 31%-иар, намгийн хийн агууламж 151%-иар, азотын дутуу эслийн агууламж 16%-иар өсөж гучаад он хүртэл байгалийн нөхцөлд байгаагүй фреоны төрлийн хийнүүд гарч ирснээс дэлхийн уур амьсгалын дулааралт болж байна. Агаар мандалд хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа нь ой мод огтолсон, газрын хөрс хагалсан, далайн усыг бохирдуулах зэргээс нүүрстөрөгчийн байгалийн эргэлтийн тэнцвэрийг алдагдуулж байгаатай ч бас холбоотой.
Агаар мандлын дээд давхарга буюу дэлхийн гадаргаас 20-50 км өндөрт байрлах 3-5 орчим мм зузаантай нэг үе давхарга дахь хийн найрлаганд хүчилтөрөгчийн гурван атом агуулсан тунгалаг хий хамгийн их хэмжээтэй байх учраас “озоны давхарга” хэмээн нэрлэдэг. Озоны давхарга нь дэлхий ертөнцөд оршин байгаа байгалийн бүхий л амьд бодгаль, ус, ургамал, экосистем, түүний бүрэлдэхүүн, шим мандлыг нарны хамгийн богино долгионтой, хүн амьд биест хортой туяанаас нэн ялангуяа хамгийн хортой туяаг дэлхийн гадарга руу нэвтрүүлэхгүй хамгаалж байдаг. Гэтэл, хүний нийгмийн хөгжил дэвшлийн үр дүнд олон төрлийн химийн бодисыг үйлдвэрлэл, ахуй амьдралд хэрэглэн “хүлэмжийн хий”-г агаарт дэгдээх замаар озоны давхаргыг нимгэрүүлэн сиймхий цоорхой үүсгэхэд нөлөөлж буй үзэгдэл нь ХХ зууны уур амьсгалын дулаарлын хамгийн гол үндсэн шалтгаан гэдгийг эрдэмтэд нотолж, тандан судалгаа явуулж байна.
Хүлэмжийн хий нарны богино долгионт цацрагийг өөртөө бараг шингээхгүй дэлхийн гадарга руу шууд нэвтрүүлдэг боловч, дэлхийгээс туяарах дулаан цацралыг шингээн авч дэлхийн гадарга руу буцааж ойлгон үүгээрээ газар орчмын агаарын үе давхаргад нэмэлт дулааралт үүсгэдэг.
Дэлхийн озоны давхаргын хэмжээ дунджаар 300ДН байгаа боловч, Антрактидын өмнөд туйл дээр үүссэн озоны цоорхой 2000 оноос хойш жилээс жил тутам ихсэж, БНХАУ-ын газар нутгаас 3 дахин том буюу 28.3 сая ам дөрвөлжин км хэмжээтэй болсныг хиймэл дагуулаас ажиглаж байна.
Харин Монгол Улсын газар нутгийн дээрхи агаар мандлын озоны дундаж агууламж 320-360 ДН хэмжээтэй байна гэж тогтоосон. Антрактид дээр озоны цоорхой үүссэний дараа улс орнууд хуралдаж, Озоны давхаргыг хамгаалах тухай “Венийн Конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын хэрэглээг хязгаарлах тухай “Монреалын Протокол” –д улс орнуудыг нэгдэх тухай хэлэлцэв. Энэхүү конвенц болон протоколд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, 1999 оноос Озоны давхаргыг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж, олон улсын конвенц, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч байгаа болно.
Дэлхий нийтэд өнөөдөр хлортфторт нүүрстөрөгч (CFC) буюу фреоны үйлдвэрлэл, худалдаа, импорт, экспортыг зогсоож, гидрохлорт нүүрстөрөгч (HCFC) -өөр орлуулж байна. Фреоны озон задлах чадвар 1.0 нэгж буюу хамгийн өндөр байдаг учраас озон задлах чадвараар түүнээс хамаагүй бага буюу 0.055 нэгж чадвартай бодис гидрохлорт нүүрстөрөгчөөр орлуулан хэрэглэх замаар озон хомсдлыг багасгах арга юм.
Манай орны хувьд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд АНУ-ын агаар мандал, далай судлалын үндэсний газар (NOAA)-ын шугамаар 1992 оноос агаар дахь хүлэмжийн хийн байгалийн дэвсгэрт хяналт тавьж байна.
Байгаль экологийн тэнцвэрт байдал, юуны өмнө дэлхийн уур амьсгалын системд агаар мандал дахь хийнүүдийн хэмжээ, тэдгээрийн хоорондын харьцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хүний нийгмийн хөгжил, үйлдвэржилтийн явцад агаар мандлын бүтэц, түүн дэхь хийнүүдийн харьцаа өөрчлөгдсөний улмаас дэлхийн уур амьсгал, байгаль экологийн тогтолцоо алдагдах нөхцөл бүрдээд байгаад дэлхий нийтээрээ түгшиж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол

Улаанбаатар хотын агаарын бохирдол 10 дугаар сараас эхлэн дараа оны 3 дугаар сар хүртэл ихэсдэг байдал ажиглагдаж, цаг агаарын тааламжгүй нөхцөл /температурын инверси, хүйтэн өвөл/ бүрэлддэгтэй холбоотой. Агаар дахь хүхэрлэг хийн агууламж харьцангуй нам дор байрлах хотын төв болон гэр хорооллын орчинд их байна. 2004 онд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж хотын хэмжээнд 14 мкг/м3, хоногийн дундаж хамгийн их агууламж болох 96 мкг/м3 Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын орчинд /УБ-4/ 1-р сард ажиглагдсан. Ялангуяа энэ 2009 оны 1,  2, 12-р сард бохирдол эрс ихэсч, эдгээр сард нийт ажиглалтын 50 орчим хувьд MNS-4585-98 “Агаарын чанарын стандарт”-аас давж бохирдон, өмнөх оноос хүхэрлэг хийн агууламж агаарын чанарын стандарт хэмжээнээс давж бохирдох тохиолдлын тоо нь ихэссэн байна.
Азотын давхар ислийн агууламж хотын төв замын ойролцоо буюу баруун 4 замын уулзварын орчимд хотын бусад хэсгээс бараг 2 дахин их байна. Хотын хэмжээнд азотын давхар ислийн жилийн дундаж агууламж 30 мкг/м3, хоногийн дундаж хамгийн их агууламж 104 мкг/м3 баруун 4 замын уулзварын орчимд (УБ-2 харуул) 2-р сард ажиглагдаж, Агаарын чанарын стандартаас давж бохирдох тохиолдол баруун 4 замын уулзварын орчимд нийт ажиглалтын 57 хувьд хүрч байв.
Агаар мандлыг бохирдуулагч эх үүсвэр

Улаанбаатар хотын агаарыг бохирдуулах гол эх үүсвэрүүдэд дулааны цахилгаан станц, халаалтын болон уурын зуух зэрэг цэгэн үүсвэрээс эхлэн хогийн цэгүүд, гэр хорооллын айлууд, элэгдэл эвдрэлд орсон газраас дэгдэх тоос, шороо зэрэг талбайн эх үүсвэр болон автомашин бусад тээврийн хэрэгсэл зэрэг хөдөлгөөнт эх үүсвэрүүд орж байна.
Улаанбаатар хотын агаар мандлыг бохирдуулах олон тооны аж үйлдвэрийн эх үүсвэрийн дотроос дулааны цахилгаан станц тэргүүлэх бөгөөд агаар мандалд нүүрсний шаталтын утаатай хамт хүхэрийн ангидрид (SO3), хүхэрлэг хий (SO2), азотын нэгдлүүд (Nox), нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) болон үнс хөө мэтийн хатуу хэсгүүд, цацраг идэвхит зарим бодис хаягдаж байна.
Улаанбаатар хотын агаар бохирдуулагч бодисын жилийн дундаж агууламж, мкг/м
оронд агаар мандлыг бохирдуулагч 4 гол эх үүсвэр байна. Үүнд:
1. Эрчим хүч.

Эрчим хүчний салбарт малтмал түлшний 80 хувийг  хэрэглэх дулааны цахилгаан станц гол  эх үүсвэр болно. Монгол орны  эрчим  хүчний үйлдвэрлэл, хэрэглээ нэлээд доод түвшинд байгаа боловч хэдхэн  цахилгаан станцаас ялгаруулах агаар бохирдуулагч бодис том хотуудад онцгой хурц асуудал болоод байна. Улаанбаатар хотын дулааны станцууд жилдээ 3,6 сая тонн нүүрс шатаадаг, эдгээр нь өвлийн улиралд цаг тутамд 4.5 сая шоо метр утаа, 4.14 тн үнс, 6,762 кг хүхэрлэг хий агаарт хаяж байна. Агаарт дэгдэх хүлэмжийн хийн 64 орчим хувийг зөвхөн дулааны цахилгаан станцууд гаргадаг. Иймээс эрчим хүчний үйлдвэрлэлийн технолог, хэрэглээ, үр ашгийн түвшинг дээшлүүлэх, тухайлбал, нар, ус, салхины сэргээгдэх, байгаль орчинд ээлтэй эрчим хүчийг ашиглах эсвэл нүүрсийг  цэвэршүүлж хэрэглэх гэх мэт асуудалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй.
Улаанбаатар хотын 450 гаруй нам даралтын уурын зууханд жилд сая гаруй тонн нүүрс, гэр хорооллын 140 мянга гаруй айл өрх жилдээ 600 гаруй тонн нүүрс, 200 гаруй мянган шоо метр мод түлшиндээ хэрэглэдэг. Гэтэл ганцхан тонн нүүрс шатаахад арван хүний бүтэн жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг, Улаанбаатар хотод жилдээ 5,2 сая тонн нүүрс (3 дугаар зураг)
шатааснаас хотын агаар дахь угаарын хий буюу нүүрс хүчлийн дутуу ислийн агууламж заримдаа зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин давдаг гээд бодоход нийслэлчүүдийн маань уушгинд юу гээч орж байгааг төсөөлөхөд бэрх биш.
2. Тээвэр.

Агаарын бохирдлын нэг гол эх үүсвэр нь тээврийн хэрэгсэл болж байна. Манай улсын томоохон хот сууринд сүүлийн жилүүдэд автомашины тоо эрс нэмэгдэж, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 6,3 хувийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд түгжирэл үүсгэж байгаа 110000 гаруй авто тээврийн хэрэгсэл “үйлдвэрлэж” байна. Нисэх онгоцны хөдөлгүүрт хэрэглэх нүүрсустөрөгч агуулсан шатхуунаас агаарт азотын исэл, нүүрсустөрөгч, нүүрстөрөгчийн исэл, хөө тортог, бусад хорт бодисуудыг ялгаруулах тул нисэх онгоц бас л агаар бохирдуулах эх үүсвэрт ордог.
3. Аж үйлдвэр.

Агаар бохирдуулах төрөл бүрийн хий, хатуу хог хаягдал гаргах бас нэг эх үүсвэр бол аж үйлдвэр, ялангуяа эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэр агаарыг ихээр бохирдуулна. Зарим оронд агаар дахь хүлэмжийн хийн нөлөөний дөрөвний нэг нь аж үйлдвэрийн салбарт оногддог. Аж үйлдвэрийн салбар байгалийн баялгийг ашиглахын хэрээр эргээд байгаль орчноо бохирдуулдаг.Тухайлбал, нефть боловсруулах үйлдвэрээс агаарт их хэмжээний нүүрстөрөгч, хүхрийн исэл,  азотын исэл, хүхэрт устөрөгч, аммиак, хлорфенол, формальдегид, ацетон, бензол, толуол болон бусад төрлийн бодис ялгарна. Химийн үйлдвэрээс агаарт янз бүрийн хорт бодис, хүхрийн исэл, нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, аммиак, хүхэрт устөрөгч, хүхэрт нүүрстөрөгч, хлорт ба фторт нэгдлүүд, цахиурын исэл зэрэг бодисууд ялгарна.
4. Газар ашиглалт.

Тоос шороо газраас агаарт дэгдэх боловч нөгөө талаар ургамлын бүрхэвч, ой, ургамал,  ногоон биетүүд зэрэг бүхнийг тэтгэгч хүчилтөрөгч хий үйлдвэрлэн байгалийн агаарыг цэвэршүүлж байдаг. Гэтэл хөдөө аж ахуйн салбар дэлхийн агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийн дөрөвний нэгийг эзэлж байна. Тухайлбал  хагалсан газар, малаас хүлэмжийн хий агаарт дэгддэг. Нийслэл хотын эргэн тойрон дахь  барилгын талбай, элс, хайрганы карьер, олон салаа зам зэрэг нүцгэрсэн газраас их хэмжээний тоос, шороо агаарт дэгдэн агаарыг бохирдуулах зовлонг бид бүгдээрээ амссаар байдаг билээ.
Агаар бохирдуулах  хувь
1  Цахилгаан станцууд  48.8
2  Авто тээврийн хэрэгслүүд  6.3
3  Уурын зуух  8.0
4  Гэр хороолол  36.9
Бүгд  100.0

Норвег улсын агаарын чанар судлах хүрээлэнгийн судлаач Штейнер Ларсены судалгаанаас үзвэл бичил тоосонцор (РМ10)–ын хэмжээ Улаанбаатар хотод 2006 оны байдлаар нэг шоо метр агаарт 30-35 мг байх ёстой атал 250-300 мг-д хүрч 8-10 дахин их болсон нь байдал ихээхэн хүндэрснийг харуулна. Энэ бичил тоосонцор хүний амьсгалын замын эрхтэнээр дамжин уушиг, зүрхийг хордуулж, даралт ихсэх шалтгаан болдог. Гэтэл үүнийг хэмжих цэг харуул, мониторингийн хяналт манай улсад байхгүй байгаа бөгөөд эдгээр бичил тоосонцор (РМ10 , РМ2.5) –ын хор уршигийг хүн болгон тэр ч байтугай манай дээд удирдлага, түшмэдүүд ч анзаардаггүй бололтой. Агаарын бохирдлын иймэрхүү хор уршигаас үүдэн Англи улсын  Лондон хотноо 1952 оны 12 дугаар сард дөрвөн мянгаад хүн амь насаа алдаж байсан.
Агаарын бохирдлын хор уршиг

Өнгөрсөн зууны дөчөөд оноос Улаанбаатарынхан 1,2,3,4 гэсэн дөрвөн цахилгаан станцаас дулаан, цахилгаанаа авч, орон сууцныхан дааралгүй, халуун бүлээн устай тохитой байгаа  мэт боловч тэдгээрийнхээ утаа,тоосонд жил бүр дарагдаж, хорт утаанаас угшилтай олон төрлийн өвчнөөр өвчилж, Монгол орны эдийн засгийг өнөө хүртэл авч яваа Эрдэнэт үйлдвэрийг л гэхэд 4 дүгээр цахилгаан станцаас эрчим хүчээр хангаж, хорт утаагий нь улаанбаатарчууд  “зооглосоор” ирлээ. Мөн Багануурын уурхайн хамаагүй өндөр цацраг идэвжилтэй нүүрсээр 4 дүгээр цахилгаан станцыг тэжээн цацраг идэвхт бодистой үнсийг нь Улаанбаатарын хаа нэгэн газар хадгалан аривжуулсаар байна. Хаврын хавсрага салхиар хийсэх цацраг туяат үнс хотынхныг хэрхэн яаж хордуулдагийг хүн болгон мэдэхгүй. Энэ асуудлыг хөндсөн, өөр арга чарга хайсан хүн одоогоор тодроогүй. Сүүлийн үед 4 дүгээр цахилгаан станцаас хаа холын Оюу толгойг эрчим хүчээр хангах ухааны юм ярих боллоо. Тэгвэл Улаанбаатарынхны залгих утаа, зооглох хорт хийн хэмжээ төдий чинээ нэмэгдэнэ. Уг нь Өмнөдговьд Таван толгой, Цагаан толгой зэрэг нүүрсний орд газрууд бий.Тэдгээрийг түшиглэн өндөр хөгжилтэй орны тусламжтайгаар орчин үеийн хорт утаагүй технологитой цахилгаан станц бариулаад тэндээсээ наашаа өндөр хүчдэл татан Улаанбаатарыг хангавал нийслэлчүүдийн аюулгүй байдал тодорхой хэмжээгээр баталгаажна. Сүүлийн үед улсын өмчийн цахилгаан станцынхан агаар бохирдуулж буй буруугаа гэр хороолол руу чихэж, өөрсдөө ямарч өө сэвгүй мэтээр харагдахыг оролдох болсныг хариуцлагаас мултрах, техник, технологоо шинэчлэх, бохирдлыг багасгах арилгахаас бултах гэсэн санаа гэхээс өөрөөр юу гэж үзэх юм. Нэгэнт улсын үйлдвэр болохоор тэдэнд ямарч торгууль шийтгэл үйлчилдэггүй,  байгаль орчны улсын байцаагч тухайн үйлдвэрийг агаар бохирдуулсных нь төлөө торголоо гэхэд мөнгө нь улсаас, өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн халааснаас л гарна. Манай хуулинд торгуулийн дээд хэмжээ 250000 төгрөгнөөс үл хэтрэнэ. Үйлдвэрийн дарга нарын халааснаас сохор зоос ч гаргахгүй болохоор утаагаа багасгахын төлөө тэд санаа зовох юмгүй, торгууль ийнхүү манайд зөрчлийг арилгах хөшүүрэг болж чадахгүй. Гэтэл Америкт цахилгаан станц стандарт зөрчвөл нэг удаа 25000 ам. доллароор торгодог болохоор нь тухайн үйлдвэрийн ашигт ажиллагаанд нь шууд нөлөөлөх учир тэд ямагт бохирдлыг багасгах, арилгах арга зам, шинэ дэвшилтэт технологийг эрэл, хайгуул хийнэ, үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Манайд өнөөг хүртэл чухам ямар эх үүсвэр нь агаарыг хэдэн хувиар, юугаар бохирдуулаад байгааг нарийн тооцох аргачлал алга аа. Үүнээс гадна  нийслэлд чигжирсэн 140 000 шахам гэрийн  зууханд жилдээ хагас саяаас илүү тонн нүүрс түлж, газар орчмын агаарын давхрагад (хүний амьсгалах түвшний) хорт утааг өдрөөс өдөрт нэмж үйлдвэрлэсээр байна. Хүн төрөлхтөн аль хэдийнээ илүү дэвшил хөгжлийнхөө XXI зуунд шилжээд байхад манайх шиг түүхий нүүрсээ байгалийн натураль байдлаар нь хэрэглэдэг улс орон тун цөөхөн болсон. Түүхий нүүрс түлдэгээрээ бид хүй нэгдлийнхээ нийгмээс салаагүй, хүн амынхаа эрүүл мэндийг үл хайхардагаараа дэлхий дахинд дээгүүр байранд орж явна. Түүхий нүүрсний шаталтаас ялгарах хүхэрлэг хорт хий хүний уураг тархийг гэмтээж, уушиганд сэв суулгадаг, түүний хэмжээ хуулиар зөвшөөрөгдөх хэмжээнээс  өдөр бүр  давсаар л, бид түүнийг залгисаар л байна. Бас угаарын хий хэмээн нэрэлдэг дутуу шатсан нүүрсхүчлийн хийн хэмжээ хуулийн зөвшөөрөгдөх хэм хэмжээнээс эрс хэтрээд мөн адил хотын гудамж талбайг бүрхэн хүн амыг хордуулсаар байна.Агаарын бохирдлын хор уршиг хэнийг  ч үл ялган хүн бүхэнд адилхан шууд тусна. Ингэхээр баян тарган, ядуу зүдүү, дарга цэрэг, энгийн иргэд гэж ялгах юмгүй бүгд л адилхан нэрвэгдэнэ. Нийслэлийн оршин суугчид амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл, артерийн даралт ихсэх, астма, бронхит, харшил, уушигны цэврүүт өрөвсөл зэрэг өвчлөлд байнга нэрвэгдэж байна. Олон өвгөд хөгшид агаар дахь хорт утаанаас угшилтай өвчлөлд нэрвэгдэн шаналсаар зарим нь хорвоог орхисоор буй нь нууц биш.  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах утаа яг хүний амьсгалах түвшиний ойрхи өндөрт  цацагдах бөгөөд түүний найрлагад амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн системийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, нүүрс устөрөгч, хүхэрлэг хий, хар тугалга зэрэг 200 гаруй төрлийн хорт бодис байдаг.
Улаанбаатар хотын зарим хорооллын агаар дахь бохир бодисын агууламжийн явцаас харахад Толгойт, Баянхошуу, Сүхбаатар дүүргийн долоо, аравдугаар хороо, Яармаг, Зурагт орчмын агаарын бохирдол хотын бусад хэсгийнх их хэмжээтэй байдаг байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын дунд амьсгалын замын зарим өвчин улсын дунджаас 1.6-2.2 дахин, уушигны хавдар улсын дунджаас мэдэгдэхүйц нэмэгдсэнийг агаар бохирдуулах хорт бодисын хэмжээ, нэр төрөл өссөнтэй холбоотой хэмээн үзвэл зохино.
Хүүхэд насанд хүрсэн  хүнээс хурдан амьсгалж биеийн нэг кг жиндээ амьсгалаар авах хортой  бодисын хэмжээ илүү байдагаас бага насны хүүхэд агаарын бохирдолд илүү  өртөмтгий байдаг. Нөгөө талаас хүүхэд хөдөлгөөн ихтэй учир амаараа илүү амьсгалдгаас агаар дахь хор хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, намираа хучуур эдэд шүүгдэлгүй тэдний хөгжиж гүйцээгүй уушигны эд, эсэд шууд ордог. Судалгаагаар Улаанбаатар хотод хүүхдийн нийт өвчлөлд агаар дахь тоос хамгийн их  буюу 38.3 хувь,  амьсгалын эрхтний өвчлөлд агаарыг бохирдуулах хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 93.7 хувь байгааг тогтоожээ. Манай оронд жилдээ олборлож байгаа 8.2 сая тонн нүүрснээс 5.2 сая тонныг Улаанбаатар хотод тээвэрлэн ирж утаа болгож байна.
Нийслэлийн есөн дүүрэгт бага болон дунд оврын нам даралтын зуух 1378, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ердийн зуух 128100, дулааны цахилгаан станц гурав, тээврийн хэрэгсэл 1100000  гаруй байна. Үүнээс гадна тоосгоны 19 үйлдвэр, хайрганы 32 үйлдвэр, арьс шир боловсруулах 76 үйлдвэр, автомашин засварын 314 газар, асфальтын 4 үйлдвэр, шатахуун түгээх, нефть хадгалах 166 агуулах мөн л хотын агаарыг бохирдуулах эх үүсвэр болно.
Нийслэлд голдуу хэрэглэж байгаа Багануур, Налайх, Алаг толгойн нүүрсний шаталтаас өглөө бүр хотыг битүү хучих их утаанд хүний биед хортой мөнгөн ус, хар тугалга хүртэл агуулагдана.  Нүүрснээс жилд дунджаар силициум 134.81 тонн, мөнгөн ус 0.0038 тонн, хар тугалга 0.086 тонныг агаарт цацаж бидний уушиг, хүрээлэх орчинд шингэдэг гэсэн үг. Эдгээрийн кадми, хар тугалга, мөнгөн ус, никель, диоксин  хавдар, хром, мөнгөн ус, зэс, диц, берилли харшлын өвчлөл үүсгэгч аж.
Судалгаагаар Улаанбаатар хотод зөвхөн 2005 онд 36400 хүн амьсгалын замын өвчинд өртөж, тэдгээрийн  эмчилгээнд 2,4 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо гараад байна. Гэтэл агаарын бохирдлоос үүдэлтэй бусад өвчин, түүний эдийн засгийн үр дагавар, оюун санаа, хөдөлмөрийн чадвар алдах, дархлаа буурах зэрэг тоогоор үл илэрхийлэгдэх  сөрөг нөлөөллийн судалгаа, үнэлгээ хийдэггүй, үүнээс зайлсхийх дорвитой арга хэмжээ авалгүй эдүгээ хүргэсэн нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүргэж буй хэрэг.  Угаарын хийн тун хэтрэхэд хүн амьтныг шууд л үүрд нойрсуулдагийг бид бүгд мэднэ. Нийслэл хотод маань автохөсгөөс зонхилон ялгардаг азотын ислүүд бол бүр замбараагаа алдан тунаран хөвсөөр хүүхэд, хөгшидийг эхний ээлжинд, залуусыг дараагийн ээлжинд намнах хэмжээнд хүрэхэд зэхчихээд байна.
Нийслэлийн нэг иргэн жилдээ 90 шахам кг хорт хийгээр амьсгалж, амь насаа богиносгосоор, нэг ёсондоо бид өөрөө  өөрсдийгөө хордуулсаар яваа хэрнээ дээрхи хийнээс улбаатай диоксин, бенз(о)перин зэрэг олон хорт хийг бид хэмжиж илрүүлж чадахгүй болохоороо “дүлийдээ найдаж...” гэдэг шиг дүлий дүмбэ, годил царайлаад ирсэн нь учрах аюул заналыг улам нэмэгдүүлсээр буйг холбогдох байгууллагуудын удирдлага ухаарах цаг аль хэдийнээ болжээ.
Эх сурвалжууд:
http://ecocentric.blogs.time.com/2011/09/27/the-10-most-air-polluted-cities-in-the-world/
http://www.ecoasia.edu.mn/files/BOOK/Air%20pollution.11.21.pdf
http://www.mne.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=63&Itemid=196



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.