03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Улаанбаатар хотын хөгжил ба уруудал-9

Амаргүй даваа гэдэг л энэ байх даа. Дасан зохицох явц бага багаар явагдсаар анх ирж байснаа бодвол жижиг гэлтгүй зүйлд санаа зовон нүд халтирдаг байсан үеэсээ арай өөр болж бүх зүйлд нервтэж өөрийгөө зовоох хэрэггүй гэдгээ ойлгож байх шиг.

Монголын зун цаг нээрээ маш богинохон үргэлжлэх юм. Энэ зун их бороо хуртай байсан болохоор нар гарсан налгар сайхан зуныг төдийлөн харсангүй. Монголд минь юу сайхан байна вэ гэж асуувал хөдөө нутгийн үзэсгэлэнт газруудаар зуны сайхан өдрүүдэд аялах л хамгийн сайхан гэж би хариулна. Харин хэд хоногийн өмнө 9 сар гараагүй байхад бороотой нэгэн өдөр богд уулын оройгоор цас орсон байхыг харсан би өөрийн эрхгүй энэхүү өвлийг яаж давна даа гэх айдас төрж билээ. Үнэндээ л жаахан бороо ороод хүйтрэхэд яг л Америкийн өвлийг санагдуулам хүйтэрч байлаа.

Улаанбаатар гэх нүсэр айл олон төрлийн асуудалтай байгаагаас нэн тэргүүнд явж буй зам нь ачааллаа дийлэхээ больсонтой холбоотой бухимдлыг маш ихээр үүсгэж байна. Одоогоор нийт 19 том замын ажил явагдаж байгаатай холбож энэхүү замын түгжрэлийг тайлбарлаж байгаа билээ. Энэхүү түгжрэлээс улбаатай Улаанбаатарт буй Монголчуудын ажил амьдрал хэрхэн явагдаж буйг дараахь хэдхэн жишээнээс та бүхэн анзаарах буй за.

Соёлгүй жолооч нараас үүдэлтэй зохиомол түгжрэлүүд газар авч байгаа байдал нь урсгал сөрөх, хоёр эгнээтэй зам гурван эгнээтэй болж хүлээц муутай жолоочууд урсгал сөрөн давхиж уулзварт очоод гацаа үүсгэх бол энүүхэнд. Эгнээ байр солих үед дохио өгнө гэсэн ойлголт 100-ны 60%-д нь байхгүй. Энэ нь осол гарч нэрмээс болоход маш ихээр нөлөөж байх шиг. Ийнхүү олон жишээ дурдвал дахин нервитэх болоод байна.

Ийм түгжрэлтэй гацаатай байхад албан байгууллага, төрийн байгууллагууд бүгдээрээ тамга тэмдэг, захирлын гарын үсэг бүхий албан бичгүүдийг эх хувиар нь аваачиж өгч төлбөр тооцоо ажлаа амжуулдаг манай улсад өдөрт 1-с 2 гадуур явах ажлаа амжуулвал их юм болоод байна. Албаны, хувийн бүхэл ажил ялгаагүй хүнд суртал нүүрлэсэн энэхүү байдал нь бидний амьдралын нэг хэв маяг болоод удаж байна. Танилгүй бол алгын чинээ танилтай бол талын чинээ л гэдэг нь энд хэрэгжиж байна. Танил талаараа бол ямарч ажил амархан бүтнэ.

АНУ-д миний мэдэхийн нотaриатыг орлох банкны ажилтан л тамга хэрэглэдэг байсан болохоос албан байгууллага энэ тэр тамгыг халчихсан, дээрээс нь бүх зүйлсийг онлайн хувилбарт шилжүүлсэн нь энэ их явдал чирэгдэл болоод байгаа асуудлуудыг бага ч гэсэн арилгаж байгаа хэрэг. Иймэрхүү туршлагагуудаас суралцаж, хүнд суртлын энэхүү том аппаратын ажлыг хөнгөвчилж явахгүй бол бид хийж байгаа нэртэй юмаа амжуулахгүй өдөр хоног өнгөрсөн улс болох гээд байна. Зарим ажлуудыг хөнгөвчлөх журмаар онлайн болгож байгаа нь сайн талтай ч давхар ажил болгоод байна. Жишээ нь татварын хэлтэст онлайнаар татвараа оруулчихаад заавал эх хувиа аваачиж өгнө гэсэн заалттай байна. Бүүр давхар ажил удаад байгаа биз, яваандаа дан онлайн болох эхлэл гэж л баярлаж суухаас. Нэг газраас нөгөө газар луу, нэг даргаас нөгөө дарга руу явж гар хөлийн үсэг тамга даруулах гэж амьдралынхаа алтан цагаас хумслаж яваа энэхүү олон түмнээ яах билээ. Дээрээс нэмээд хэлэхэд маш их эдийн загийн хохирол амсаж байгаа улс гэж хэлж болохоор байна. Машин унаа хөдлөх тусам бидний халаасны мөнгө нимгэрч явааг энд бид бас мартах учиргүй. Юун сүртэй юм гэж бодож болохгүй 1 л бензинд 1570 төгрөг зарцуулж 10 км зам туулдаг гэж бодох хэдэн мянган машины сул зардалыг хэмнэвэл хэд дахин том зайтай сайхан зам тавих боломжтой шүү дээ.

Татвар гэснээс Монгол улс татварын хуулиа эргэн нэг харах цаг нь болчихсон мэт санагдах юм. Жижиг дунд бизнес эрхэлж буй хүмүүст татварын дарамт маш хүндээр тусаж байна. Олсон орлого 10 сая төгрөг давбал НӨТ төлөгч байгуулага болж хувирч байгаа арай хэтэрсэн асуудал. Давхар татвар авч ядарч буй ард түмнээ төр нь шулж байгаа хэрэг шиг санагдах юм. Америкт татвараас зугтаах боломжгүй гэж яридаг байсан бол Монголд бага орлогoтой мөртлөө их татвар төлдөг газар болж хувирчээ.  Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг бол огт тохирохгүй, бүх л байгууллагууд хоёр данстай байдаг шүү дээ гэх хүмүүс олон, тэр тусмаа жижиг гэж гололгүй байгууллага болгосон жижиг дунд бизнес эрхлэж байгаа хүмүүст бол маш том дарамт болж байгаа нь илт. Тэгснээс бараг байгууллага гэж байгуулаагүй худалдаа хийж лангуу дэлгүүр ажиллуулаад байгаа хүмүүс нь хожоод байгаа мэт харагдаж байна.

Эцэст нь хэлэхэд энэ олон бичиг цаас, олон арван дамжлага, тамга тэмдэг гарын үсэг гэх ажлыг халахгүйгээр бидний ажил урагшлахгүй гэдгийг мэдэрсэндээ энэхүү нийтлэлийг бичлээ. Онлайн аргад шилжих цаг нь аль хэдийнээ болжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.