05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Зургаан жил хамтдаа, Орлоо.ком 6 нас хүрлээ

Орлоо 20$ утасны картаа аваад Үзүүштэй булангийн видео болон спонсор гишүүдийн эдэлдэг  хязгааргүй эрхээ олж аваарай~

Та бүхэндээ Орлоогийн 6 жилийн ойн мэндийг дэвшүүлээд дараах урамшуулалыг бэлэг болгон барьж байна. Та Орлоо.ком-н 20$ утасны карт авсан тохиолдолд тэр сардаа Орлоо.ком-н спонсор гишүүн ($6-н 1 сар үзэх эрх) болж Орлоогийн үзүүштэй буланд орж буй видео нэвтрүүлэг болон олон ангит ТВ сериалуудаа үзэх боломжтой юм. Карт худалдан авсан цагаас 24 цагийн дотор таны үзэх эрхийг сэргээж өгөх болно.

ОРЛОО карт нь одоогоор Гар болон гэрийн утасруу адил үнээр: $20 - 5 цаг 00 минут ярих боломжтой юм.

Орлоо.ком 6 жилд хийж амжуулсан ажлаас дурдвал:

2005 оны зун Орлоо.ком нэрээ бүртгүүлсэнээр бидний зорилго болж ирсэн гадаадад суугаа Монголчуудыгаа нэгтгэн хооронд нь холбох, зар мэдээллийн нэгдсэн сайттай болгохын төлөө ханцуйгаа шамлан орсон юм.

Өдгөө бидний бүтээсэн энэхүү вэб хуудас нээгдсэн цагаасаа хойш нийт 10 сая хандалт авч 32 сая хуудас эргэсэн үзүүлэлттэй, олон арван гадаадад суугаа Монголчуудын хоорондын мэдээлэл, харилцаа холбоог сайжруулан ажилгүй нэг нь ажлаа олж, байргүй нэг нь байртай болж, сураг нь гарахгүй нэгнээ сураглан олж, бяцхан үрсээ харуулах найдвартай хүнийг олж, ширхэг буузнаас авахуулаад хүнд оврын машин техникээ зарж борлуулан, ачаа тээврийн хувийн компаниуд манайхаас л үйлчлүүлэгчдээ олдог болжээ.

6 жилийн хугацаанд бидэнд гадаадад амьдардаг Монголчуудаас хүсэлт гаргасан болон бидний нээсэн нийтдээ 32 хот, улсын зарын булантай, 16 идэвхтэн бичигч зохиогчдын булантай, Үзүүштэй, Сонсууштай, Мэдүүштэй гэх олны хэрэгтцээнд зориулсан ихэвчлэн өөрсдийн орчуулан бэлдсэн шинэ соргог мэдээллүүдийн булангуудтай болж мөн нээгдсэн цагаасаа хойш АНУ дахь Монголчуудын үйл явдлын түүхт фото сурвалжлагыг хийсээр ирсэн.  

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ММ Ангентлагийн  "Цагийн Хүрд" болон бусад нэвтрүүлгийг өөрсдийн хүчээр 4 жил дараалан өдөр алгасалгүй өндөр хурд чанарын шаардлага хангасан сервер ашиглан чанартайгаар эх нутгаасаа хол амьдран суугаа Монголчууддаа Монголдоо байгаа мэт мэдээллийг хүргэгсээр ирсэн бөгөөд одоо ч уг ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

2008 оны 3 сараас өөрсдийн санаачлагаар анх удаа Онлайн ТВ нэвтрүүлэг хийж эхлэн  АНУ-д суугаа бусаддаа үлгэр дуурайлал, урам зориг өгсөнөөр  өдгөө гадаадад суугаа Монголчуудын олон арван студиуд, онлайн хөтөлбөрүүдтэй болсон билээ. Одоохондоо АНУ-д (яваандаа бусад орнуудад) амжилттай ажиллаж амьдарч буй хүмүүстэй уулзаж туршлагыг нь ярилцдаг бөгөөд Монголдоо хэрэгжүүлэх санал сэтгэгдэлийг нь уламжилдаг "Манайд Ирээрэй" нэртэй 40 гаруй нэвтрүүлгийг бэлдэн гаргаж, улмаар АНУ-д ажил албаар явж буй төрийн түшээдүүд, эрдэм шинжилгээний ажилтангууд болон сургалтаар ирсэн гийчидтэйгээ уулзан "Эх нутгийн гийчин" гэх 10 гаруй нэвтрүүлгүүдийг хийсэн болно.

Онлайн хэмээх орон зайг ашиглан Монголдоо 7-8  хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байгаа маань бидний нэгээхэн давуу тал юм. Цаашдаа ч улам олон залуучуудыг аутсорсинг ажилд татан оролцуулах боломж бидэнд бий гэж итгэдэг.

Бидний зорилго нэгэнт олон нийтэд ил тод явдаг бөгөөд нам бус статустай Улс төрийн хүчний аль аль талд ороод байдаггүй гагцхүү шударга үнэн ил тод байдалд анхаарлаа хандуулан ажилласаар ирсэнийг маань Гадаадад суугаа Монголчуудын холбоод байгууллагуудаас дараах шагналуудыг хүртээж урам зориг оруулж байсан болно.

Үүнд:

- Вашингтон ДС хот орчмын Монголчуудын холбооноос 2006 оны шилдэг вэб хуудас
- 2007 онд - Бэй Аэриа дахь Монголчуудын Холбооноос  талархалын бичиг
- Монгол Америкийн Худалдааны танхимаас /Mongolian American Chamber of Commerce/ 2008 оны Шилдгийн Шилдэг бизнесээр
- Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Орлоогийн үүсгэн байгуулагч, админ Б.Тайванд ''Хэвлэлийн тэргүүний ажилтан'' цол тэмдгээр
- Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Орлоогийн админ А. Ариунтуяад ''Ган үзэгтэн'' шагнал, Монголын залуучуудын холбооноос ''Тэргүүний залуу алтан медаль''
- Бид спортын, урлагийн болон хандивын үйл ажиллагаануудыг байнга дэмжиж ирсэн тул тэдгээр ажиллагааг зохион байгуулагч байгууллагуудаас өгсөн талархалын бичгүүд


Бидний цаашдын зорилго

Америк болон бусад оронд ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчуудыгаа хооронд нь холбох гүүр болох, гадаадад суугаа Монголчуудынхаа эрх ашгийг нэн түрүүнд тавих, тэдний эрдэм мэдлэгт хэрэгтэй, дорвитой мэдээллээр байнга хангах, интернэт хэрэглээг нэмэгдүүлэх улмаар амар хялбар түвшинд аваачих зорилготой болно.

Үүнд:

-Гадаадад амьдрах Монгол хүүхдүүд-Ирээдүйн монгол иргэдэд бидний энэхүү сайтын ажиллагаа тэдэнд анхлан ирж байсан Монголчуудын түүхийг өгүүлэх болно.

-Монголын мэдээллийн орчинг эрүүлжүүлэх, шар мэдээ бус нэг зүйлийг олон талаас нь харж ухааруулсан, дүгнэсэн, суурь үндэстэй мэдээллээр хангадаг чадварлаг хамт олныг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг ухааран ажиллаж байна.

- Нээгдэн ажиллаж байгаа байгууллага тэр дундаа Монголчуудын холбоод, Соёлын төвүүд, Монгол сургуулиуд гэсэн олон нийтийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж тэдэнд дэм болон ажилладагаа өргөжүүлэх

- Дээр дурдаж байсан шигээ онлайн орон зайг ашиглан Монголдоо ажлын байр бий болгох зэрэг дээр түлхүү анхаарч ажиллахыг хичээж байгаа билээ.

Ийнхүү бид 6 жил бие даан ажиллаж  өдий зэрэгтэй үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа ч санхүүгийн болоод бусад олон талын асуудлууд байнга тулгарч байдгийг эс харгалзан бэрхшээлийг даван туулах эрмэлзэлтэйгээр үргэлжлүүлэн ажилласаар байх болно.

Орлоо.ком-ыг байнга дэмжиж, хамтран ажиллаж ирсэн бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлж байна. Зохиогчийн булангийн бүх нийтлэлчдэдээ, орчуулагчдадаа, вэб админууддаа баярын мэндийг хүргэж байна.

Бидний цаашдын үйл ажиллагааг дэмжиж спонсор гишүүн болоорой гэж хүсэх байна.

Та бүхэндээ 6 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!!!

Orloo - Далайд дусал нэмэр!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.