02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

Нэгдэцгээе, монголчууд аа!

Дэлхийгээр тархан суугаа элэг нэгт ахан дүүс ээ! Бид хоорондоо хөөрөлдөж ярьсаар, мэтгэлцэж муудалцсаар хорвоогийн шар хоногуудыг элээлээ. Харин өнөөдөр энэ байдалдаа цэг тавьж шийдвэртэй, бодитой үйл хэргийг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санагдлаа. Хоосон ярих бус ханцуйгаа шамлан агуу үйлс бүтээх шаардлага хэдийнэ тулгарчээ. Ингээд санаагаа хэлэхээс өмнө оршил болгож хэдэн өгүүлбэр хэлсүү.

Оршил

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гаргасан “Хүний хөгжил” сангийн тухай хуулийн хүрээнд 2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр болон бэлэн мөнгө гэсэн хэлбэрээр олгохоор болж өнөөг хүртэл тараагдсаар байгаа билээ. Нэг сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, оюутнуудын сургалтын төлбөр зэрэгт олгож байгаа бол 500 мянган төгрөгийг 2010 оноос эхлэн 2012 оныг дуустал үе шаттайгаар бэлнээр өгч эхэлсэн.

2011 оны Төсвийн тухай хуульд 800 гаруй тэрбум төгрөгийг “Хүний хөгжил” санд төсөвлөж үүнээс иргэн бүрт cap болгон 21 мянган төгрөгийг олгож байгаа. Иргэн бүр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол cap бүрийн 21 мянган төгрөгөө бөөнд нь авах боломжтой ажээ. Энэ сарын 26-ны өдрийн байдлаар "Хүний хөгжил сан”-аас 29 төслийн 3036 хүнд 634 сая төгрөгийг дээрх зориулалтаар олгосон байна.

Санал

Монгол Улсын иргэн бүрт олдож байгаа санхүүгийн энэ боломжийг харгалзан гадаадад ажиллаж, амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ доорх саналыг танилцуулж байна.

Зовж, зүдэрч яваа нэгэнд бол энэ мөнгө бага ч атугай нэмэртэй гэдэгтэй би санал нийлнэ. Харин гадаадад байгаа бид 21 000 төгрөгөөр дутахгүй билээ. Тэгэвч 20 долларт ч хүрэхгүй энэ мөнгөө бид нийлүүлэх аваас бидэнд төдийгүй, эх оронд минь тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхэд багагүй хувь нэмэр болох нь эргэлзээгүй. Тиймээс бүгдээрээ энэ зорилго дээр нэгдэж тусгай сан байгуулахыг миний бие уриалж байгаа юм.

Сан үүсгэхийн ач холбогдол

Гадаадад суугаа монголчууд маань сар бүрийн 21 000 төгрөгөө бэлнээр нь нэгтгэн авах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд шинээр үүсгэх сангийн санхүүгийн гол эх үүсвэр болж өгөх юм. Ингэснээр өнөөдөр бидэнд тулгараад байгаа асуудлуудыг бид өөрсдөө бие даан шийдвэрлэх боломжийг олж авахад бодитой алхам болж чадна гэж үзэж байна.

Сард нэг хүнд ноогдож буй 21.000 төгрөгийг бөөнд нь авбал зөвхөн энэ оных нь 208.827 төгрөг болно. Хэрэв бид 1000-уулаа нэгдэж чадвал бид 208 сая төгрөг, 5000-уулаа нэгдэж чадвал 1 тэрбумын дүрмийн сан бүрдүүлэх бололцоо байна.

200.000 төгрөгөөр нэг хүн юу хийж чадах вэ? Харин нэг тэрбум төгрөгөөр бид арай их зүйл амжуулж болох бус уу? Шууд ба шууд бус утгаар бид нийлүүлсэн хишгээ үр бүтээлтэй, тодорхой дараалал, нэгдсэн журмын дагуу захиран зарцуулснаар агуу үйлс бүтээх боломжтой гэдэгт сангийн ач холбогдол оршино. Зорилго чиглэлтэй, дотоод журамтай, тухайн орон нутгийн хуульд тохирсон ирээдүйтэй байгууллагыг үүсгэх хэрэгтэй гэж үзэж байна.

Гадаадад буй монголчууд их юм хийх бололцоотой гэж би боддог. Сургууль төгсөөд амжилттай ажиллаж байгаа нэг хэсэг байна. Бизнес хийгээд бусдаас дутахгүй амьдралаа аваад явж байгаа бас нэг хэсэг байна. Олныхоо төлөө ч гэж зүтгэх хүн олон бий. Гагцхүү энэ боломжуудаа ашиглан нэгэн зорилгын төлөө бид нэгдэх л үлдлээ.

Мэдээж хэрэг, хэрэв бидний үйлс бүтэмжтэй өрнөвөл цаашдаа ч уг сандаа сар бүр өдий хэмжээний мөнгө хандивлаж тасралтгүй үйл ажиллагаатай болгох боломж бүрдэнэ.

Сангийн дүрэм

Сангийн нэр, дүрмийг бүгдээрээ хэлэлцэж шийдвэрлэх болно. Үүний тулд санаа, сэтгэл нийлж байгаа хүмүүс нэг дор цуглаж сангийн Удирдах зөвлөлийг сонгохоос авахуулаад олон асуудлыг цэгцтэй болгохын тулд нүүр тулан уулзах шаардлага тулгарна. Уулзах газар, цагийг тухайн үед нь жич зарлах болно. Гишүүд дотроосоо Удирдах зөвлөлийг сонгож, байгууллагын зохион байгуулалт, дүрэм журам, ажлын хэрэгжүүлэлт тус бүрт тодорхой шат дараалалтай хяналт тавих нь зүйтэй гэж үзэж байна.

Сангийн тусламжтай хэрэгжүүлж болох төслүүд

А. Эх орондоо

Сангийн тусламжтайгаар бид эх орны минь иргэдийн өмнө тулгараад буй олон бэрхшээлтэй асуудлыг шийдэх боломжтой болно. Та бүхэн үүнд саналаа хэлээрэй. Миний бодлоор, эх оронд маань зайлшгүй хэрэгцээтэй олон зүйл бий. Тухайлбал, Монгол Улс маань байгалийн баялгаар баялаг хэрнээ хүнээр цөөн гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Гэтэл эх орны маань ирээдүйг цогцлоох бяцхан үрс маань чанарын шаардлага хангахгүй эмнэлэгт төрж, амиа алдсаар байгаад миний сэтгэл тун их эмзэглэдэг. Үр хүүхэдтэй бидэн шиг хүмүүс энэ бүхнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж явсаар байх гэж үү. Тиймээс бид орчин үеийн шинэ төрөх эмнэлэг байгуулж өгч болно шүү дээ. Угаас Монголд эмнэлэг цөөхөн, үеэ өнгөрөөсөн эсвэл чанаргүй баригдсан байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна хоцрогдсон тоног төхөөрөмжтэй гэдгийг гадаадад амьдарч буй бид юунаас ч илүү мэдэрч байгаа билээ. Тэгвэл бид хувь нэмэрлэж, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авч өгч болох бас нэг санаа байна. Бидний эцэг эх, үр хүүхэд, ах дүүст маань орчин үеийн тоног төхөөрөмжөөр эмчилгээ, оношлогоо хийлгүүлэх шаардлага их бий гэдгийг бид сайн мэднэ. Ер нь энэ мэтээр ярьвал манай улсын эрүүл мэндийн салбарт тулгарч буй ноцтой олон асуудал бий. Нэн тэргүүний гэж үзсэнээ хэрэгжүүлэх бодит боломж бидэнд байна.

Эсвэл аюулт өвчинд нэрвэгдсэн нэгэндээ амьдрал бэлэглэх боломж бидэнд бий. Эх орныхоо ганц ч гэсэн эд эсийг бид хайрлаж, туслах үүрэгтэй гэж би хувьдаа боддог.

Арай гэгээлэг үйлс гэвэл бүгдээрээ сайхан цэцэрлэгт хүрээлэн цогцлоох үйлс бүтээж болох. Нутагтаа хариад энэ цэцэрлэгт хүрээлэнд зугаалж буй залуус, хөгшид өвгөд, бяцхан үрсийг хараад та бид цээж дүүрэн амьсгаа аван өөрсдөөрөө бахархах сэтгэл төрөх нь лавтай. Гэхдээ үүнээс ноцтой асуудал их бий энэ хүрээд төгсгөе. Та бүхнийхээ санаа бодлыг л сонсохыг хүсч байна.

Б. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ

Хүний нутагт ажиллаж, амьдрах явцад бидэнд хүндрэлтэй, бэрхшээлтэй олон асуудал тулгардаг шүү дээ. Адаглаад Америкт байгуулагдсан Монгол сургуулиудын санхүүгийн асуудал, Монгол соёлын төв болон Монголчуудын холбоод, нийгэмлэгүүдийг нэгдсэн байртай болгох зэрэг нь бас л шийдэгдээгүй хэвээр байгаа асуудал. Уучлаарай, би Америкт амьдарч байгаа болохоор зөвхөн энд тулгараад байгаа асуудлуудын талаар бичлээ. Өөр улсад амьдарч буй иргэдэд үүнээс илүү бэрхшээлтэй асуудлууд байгаа л байх. Энэ талаар та бүхэн хэлээрэй. Үүнээс гадна дийлэнх маань хараар ажил хөдөлмөр эрхэлж байгаа болов уу гэж санана. Хязгаарлагдмал эрхтэй амьдарч буй хүмүүс мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэдээллээр хангагдах боломж хомс байдаг. Тэгвэл бид яагаад өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулж байдаг мэдээ мэдээллийн албатай байж болохгүй гэж. Ямар ч намд харьяалалгүй, бидний эрх ашиг, эх орныхоо ирээдүй рүү хандсан бидний санаа бодол, бүтээсэн үйлсийг олон нийтэд уламжилж байдаг хэвлэл мэдээллийн байнгын хүмүүстэй байх хэрэгтэй гэж би боддог.

Түүнчлэн энд бүх чиглэлийн мэргэжлээр ажиллаж байгаа хэсэг нөхөд маань сангийн хэтийн зорилгод нийцсэн төсөл бичвэл ажил хэрэг болгоход нь анхны дэмжлэгийг үзүүлж болно шүү дээ.

Ингээд бичээд байвал бидэнд дуусашгүй олон асуудал байгаа. Бид Засгийн газрын гарыг харах бус, бусдыг ажлаа хийхгүй байна гэж шогширч суух биш, дор бүрнээ боломжоо ашиглан эх орон, аав ээж, хойч үеийнхээ төлөө цаг алдалгүй нэгдэн ажиллах нь нэн чухал асуудал болоод байгааг та бүхний олонх нь ойлгож байгаа, мэдэрч байгаа байх.

Бидэнд боломж нь байна, харин одоо хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг нь биднээс шалтгаалах боллоо.

Бид зорилгодоо хүрэхийн тулд олон төрлийн шат дараалсан төслүүд оруулж болох бөгөөд уг төслүүд нь бие биетэйгээ уялдаатай байх ёстой гэж үзэж байна. Харин тухайн төслийг удирдах хүмүүс нь зах зээлийн судалгаагаа нарийн тооцоолж сангийн Удирдах зөвлөл, гишүүддээ танилцуулан батлуулах журмаар ажиллах нь зүйтэй болов уу.

Энэ саналыг олон хүн нийлж гаргаж байгаа тул та бүхний санал тун чухал байгаа юм шүү. Цөмөөрөө нэгэн үйлсийн төлөө яг өнөөдөр нэгдэцгээе. Санаа алдаж, бухимдаж суухаа больё. Бидэнд цаг хугацаа юунаас ч үнэтэй болоод байна.

Төрийн сүлд маань мөнх оршиж, эх орон маань мандан бадрах болтугай!

Санаа нийлэн дэмжиж ажиллах залуус бидэнтэй холбогдож санал бодлоо хуваалцна уу!

Б.Тайван /Orloo.com/ service@orloo.com (703) 868-0103

Ё.Батбаяр /15 минут студио/ min15studio@yahoo.com (571) 217-2460

Арлингтон, Виржиниа

Нэгдэцгээе, монголчууд аа! 2 Үргэлжлэл...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.