04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Салхи экспортлогч / Хошин өгүүллэг /

Хэнд ч гай болохгүй явъя гэж би бүрмөсөн шийдлээ. Миний энэ шийдвэр надаас бусад хэнд ч хамаагүй, зөвхөн надад туйлаас чухал миний амьдралыг өөрчилж мэдэх тийм “түүхэн” шийдвэр байлаа. Шийдвэр гаргасан юм чинь хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Хэрэгжилт дээр хяналт тавиад байх өчүүхэн ч шаардлага байхгүй. Би өөртөө зориулж шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ дагуу “ажиллах” ёстой болохоор энэ бүхэн бүгд миний "хувийн асуудал" гэдэг нь тодоос тод тодорхой зүйл. УИХ нэг шийдвэр гаргаад тэрүүгээ хэрэгжүүлэх гэж “наян жил” болдог бол би бодож олсоныхоо дагуу шийдвэр гаргалаа, наян секундын дараа хэрэгжүүлэх ажилдаа шууд орох нь тэр ээ.

 Юуны өмнө би өөртөө маш том “зорилт” тавьсан юм. Энэ яваа насандаа дахиж хэнээс ч хэзээ ч юм гуйхгүй, хэзээ ч хэнээс ч мөнгө төгрөг зээлэхгүй гэж шийдсэн нь өөртөө хийсэн анхны том хөрөнгө оруулалт байв.

Засаг төрөөс ч юу ч гуйхгүй гэж андгай тавилаа. Хүнээс мянган төгрөг зээлээд төлж чадахгүй "гол гаргадаг" найдваргүй надад итгэж зээл өгөх банк гэж юу байх вэ. Барьцаанд нь өгөх юу ч үгүй юм чинь. Багадсан бандаашигаа тавих хэрэг үү...

 Оюутны далан мянгаа хэзээ өгөх вэ гэж ааш муутай деканы хаалгыг зүрхээ “туулай” болгон тогшихгүй, хорин нэгэн мянган төгрөгөө авах гэж дугаарлаад хорооны банкны салбарын журам сахиулагч цагдаагийн нүдэнд хэлмэгдэж бороохойдуулахгүй, эх орны хишиг, эрдэнийн хувьцаа гэж өөрийгөө “баян” болгон дүрслэн бодож хуурахгүй, хөрш хаалганы эгчмэд бүсгүйг “саах” гэж эр нөхрийг нь согтоод гудамжинд хэвтэж байхад нь хамжилцан өргөж гэрт нь оруулж, шивэртэй гутлыг нь сугалах гэж үйлээ үзэхгүй, хадан гэртээ очихоосоо өмнө “сая төгрөг”-өө аваад ганц “том” цагаан сар хийж, хамаг ах дүү ач гучаа цуглуулан бэлэг тараагаад, мөнхийн орон руугаа явах гэж мааниа уншиж суугаа өвөөгийнхөө ар өвөрт гүйж, тэтгэврийн хэд гурваас нь хугаслахгүй, ээжийнхээ цайны сүү авах мөнгөнөөс нь автобус унааны мөнгө гэж “хулгана” шиг “хумсалж” шогтохгүйн тулд би ийм шийдвэр гаргасан юм.  Хүнээс би юм гуйхаа больчихвол олон хүн надтай “мэндтэй устай” явах болно. Хавьтсан ойртсон болгоноосоо мөнгө нэхсээр сүүлдээ хүмүүс намайг харахаараа сүүлээ хавчуулаад “гөлөг” шиг зугтдаг болжээ. Нэг ёсондоо би гэдэг ядаргаатай амьтан мөнгөтэй нэгнийг зүгээр явуулахгүй хоргоож хөөдөг “муур” болчихсон тул намайг таньдаг “хулгананууд” Жерригээс дутахгүй зугтдаг болчихсон юм.

 Манай орцныхон намайг автобуснаас дөнгөж буухад гадаа хүүхдээ салхилуулж байсан хүүхнүүд, байшингийн нөмөрт нарлаж байсан хөгшчүүл, дээс тоглож байгаа охидууд, бөмбөг тоглож байсан хөвгүүд бүгд “болжмор” шиг дэрхийн алга болно. Гудамжинд хэвтэж байсан согтуу нөхөр “эрүүл” болчихоод ум хумгүй харайна. Хүнээс юм гуйдаг архаг өвчнийг минь эдгээх “эмч” гэж байна уу? Үүнд эрүүл мэндийн байгууллага бол юу ч хийж чадахгүй. Чадлаа гэвэл тарьж унтуулах ганц арга бий.

 Засаг төрөөс ч юу горьдох вэ дээ. Залилан хийдэг этгээдүүд засгийн эрх мэдлийг барьдагаас хойш сая доллар өгнө гэж хулхидаад сонгуульчихна. Сонгуулсаныхаа дараа буу шийдэмтэй цагдаагаар үүдээ мануулаад, цонхны хөшигний цаана мань мэтэд салаавчаа үзүүлээд суучихна... Тэгэхээр миний гуйлгачин занг хэн зогсоож, хэн өөрчлөх вэ. Хэн ч үгүй. Иймд өөрөө өөрийгөө дав даруй өөрчлөх хэрэгтэй.
 Ингэж бодсоны үндсэн дээр надад шинэхэн бизнес санаа төрлөө. Хаа сайгүй байдаг салхийг "хамж" аваад гадаадад гаргаж худалдах. Хаа очиж манай орон салхин тээрэм шиг юм. Нэгэнт өөрсдөө салхины эрчим хүчийг ашиглаад гурил тээрэмдэж чадахгүй, цахилгаан гаргаж мэдэхгүйгээс хойш “хог дээр хэвтэх” үнэгүй “материал”-ыг ашиглан, салхи хэрэгтэй улс орнуудад худалдаж ашиг олно гэдэг бол гайхамшигтай мэргэн санаа.

 Энэ гайхамшигт санаагаа гэрийнхэндээ хэлсэн чинь “Саваагүй нохой саранд хуцна” гэж том жижиггүй инээлдээд тоодог хүн байдаггүй. Өвөө харин үнэтэй хөөргийг нь гуйж барьцааны газар тавихгүй нь гэж ойлгосон бололтой “Манай нутагт Салхитын ам гэж өвөл зунгүй салхилж байдаг  сэрүүн сайхан газар бий “ гэж зөвлөв.

 Огт улаан мөнгөгүй хүн юу ч хийж чадахгүй тул миний “гуйлгачин” занг "үл гадарлах" махны наймаа хийдэг өвөр монгол эрийн "судсыг барьсан"-ы үр дүнд хамтран ажиллахаар боллоо. Өвөөгийн зааж өгсөн Салхитын аманд салхи сорох том оврын мотор бүхий хоолой тавьж, салхиа нөөцөлж хадгалах бетонон ханатай агуулах уулын бэлд ухаж хийв. Намайг бодоход жунгаа нарын нарийн ухааныг мэддэг нөгөө өвөр монгол маань салхи нөөцлөх хальсан торх сэдэж, зуун литрийн багтаамжтай саванд өдөрт мянга мянгаар нь салхи “үйлдвэрлэж” эхлэв.

 Салхины хэрэгцээний дутагдалтай хэдэн оронд гэрээгээр салхи нийлүүлж, хүнээс мөнгө гуйх битгий хэл хүнд гуйлгуулдаг лут амьтан болоод ирлээ. Дансанд минь валют урсан орж ирэх бүр би урд өмнө "гуйлгачин" байхдаа тавьсан өр ширээ эхнээс нь төлж барагдуулав. Өргүй хүн гэж надад алгаа. Дөнгөж төрсөн эгчийнхээ өлгийтэй шинэ хүүхдийн хүн өгсөн мөнгийг хүртэл "зээлж" авсан байх юм. Хүргэн ахынхаа талийгаач аавынх нь хөрөг зурганд хүртэл өртэй байсан гэж бод доо.

 Байрныхаа хүүхдүүдэд бүгдэд нь өртэй. Мөхөөлдөсний мөнгийг нь дараа нь олон болгож өгнө гэж хулхидаад "дээрэмдсэн" байгаа юм. Мэндлэх гээд толгой дохисон болгоноос мөнгө гуйж авчээ. Сайн байна уу гэсэн биш гай боллоо гэдэг шиг. Дэлгүүрийн гадаа ганц юм гуялахаар зогсож байсан байрны ах нар намайг харангуутаа "Нөгөөх чинь ирлээ. Мөнгөө нуугаарай. Аймаар зальтай шүү. Ах аа би архинд яваад ирье гээд мөнгө аваад бултдаг юм. Хорооны цагдаад хэлээд ч нэмэргүй. Хорооны цагдаа хорин мянган төгрөгөө "зальдуулчихаад" авч чадахгүй яваа гэнэ" гэж шивнэлддэг байсан билээ.

 Эхний сард бараг ашиггүй ажилласан байх. Өрөө дарах гэж бөөн юм боллоо. Харин дараа дараачийн сараас нь "томорсон" шүү. Өргүй бол баян гэж юутай үнэн үг вэ?... Ажил төрөл минь жигдрээд ирэхээр ухаан санаа ч сэргэж улам уужим болдог байх чив. Салхийг бүр агаарын бөмбөрцгөнд савлаж, Салхитын амны эргэн тойрон хэдэн зуун аварга бөмбөлөг хөх тэнгэрийг шинэ жилийн сүлд модны тоглоом шиг чимэглэх нь алсаас харахад гоё ч юм шиг. Ажлын байр ч олноор гаргаж, надад мянган төгрөг зээлдүүлээд хулхидуулсан байрныхаа хэдэн ажилгүй нөхдийг ажилтай болгов.

 Гэвч сайн юманд садаа мундахгүй гэж нэг өглөө морь унаж, буу үүрсэн залуучууд манай салхины үйлдвэрийг бүсэллээ. Тэд хоромхон зуур хэдэн том агаарын бөмбөлөгийг буудаж, пинхийлгэсэнийхээ дараа “Хятадын хөрөнгө оруулалттай доншуучид зайлцгаа”, “Эх нутгийн салхи эх орондоо үлээг”, “Монголын баялаг Монголдоо” гэхчлэн уриа лоозон барин чарлаж орилж эхлэв. Хамтрагч өвөр монгол маань хар хөлсөө цувуулан хамаг бие нь чичирч зогсоно. Намайг очиж учрыг нь олооч гэж сөгдөх нь холгүй гуйлаа. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг эцсийн эцэст “Салхины магнат” миний бие тэдэнтэй очиж уулзав.
-Эр улсууд байна. Шуудхан учраа ололцъё. Та нарт юу хэрэгтэй байна? Санаа зовох юмгүй хэлцгээ гэхэд тэдний толгойлогч бололтой тэнзэн ташуур барьж, цээжээ ярсан хүдэр эр мориноосоо тонгойн над руу могой шиг нүдээр харсанаа,
-Чи муу тонуулчин хэрээ мэдэж галзуураарай. Энэ нутгийн чинь салхи байтугай элсний ширхэг нь хүртэл үнэтэй юм шүү... Чиний өвөө энэ нутгийн хүн тул чамайг шууд хөөгөөд явуулчих хайран байна. Гэхэдээ энэ нутаг чинь харах эзэнтэй, хамгаалах хөвгүүдтэй шүү. Бидний болзлыг биелүүлэх юм бол “харж үзэх” яриа бидний дунд байж болох юм гэж таахалзлаа.

-Болзлыг чинь эхлээд сонсож байж хариу өгье
-Чи муу өгөхгүй гээд яах юм бэ. Энд ирсэн арван таван хүнд сар бүр цалин өгч бай. Мөн өдөр бүр хүн бүрийн тоогоор шил архи өг.

 Муу хар дүүрчихсэн дээрэмчин чинь архины төлбөр нэхэх нь үү. Ёстой муу даварсан гожиг вэ? Май энийгээ ав. Та нар өөрсдөө энэ салхиа мөнгө болгоорой гэж хэлээд би хар эрчээрээ гүйж, салхины агуулахны дугуй төмөр тагыг ягуухан нээв. Хүчит салхи бууны сум шиг сүржигнэн алдуурч хөндийд зогсох морьтнуудыг юу юугүй туун хөөгөөд талын нэг цацаан элдэв. Салхинд хийсэн унаж тусах, эргэлдэн хөөрөх морьтнууд үнэхээр инээдтэй харагдана...  Маргааш нь байдал бүр дордлоо. Уулын аманд байрлах манай үйлдвэрийг танк,хуягт бүхий цэргийн хүчин бүслэв. Тэнгэрт байлдааны онгоцнууд нисэж, нисдэг тэрэгнүүд уулын оройгоор тойрон гарч ирлээ. Цагаан хоолойгоор нэгэн цэргийн хүн бууж өгөхийг шаардав.

-Үйлдвэрт ажиллаж байгаа бүх хүмүүс ямар нэгэн сөрөх хөдөлгөөн хийлгүй даруй гар өргөн бууж өгөхийг шаардаж байна. Онц аюултай зэвсэг үйлдвэрлэж буй үйлдвэрийн эзнийг хятадын тагнуулын хамт хурдан гарч ирэхийг анхааруулъя. Гурав тоолоход гарч ирэхгүй бол агаараас болон газраас галын цохилт өгөх болно гэдгийг анхааруулъя. Нэг. Хоёр. Гурав...

 Ингэж миний салхины эрчим хүчийг ашиглах төлөвлөгөө маань бүтэлгүй төгссөн юм. Харин эх орноо хамгаалах "зэвсэг" санамсаргүй бүтээсэний учир миний шийтгэлийг ерөнхийлөгчийн өршөөлд оруулсан билээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.