04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Сүйтгэгч өгүүллэг

Бурхан түүнд хүний төрлийг ном журмын дагуу олгож, удамшлын даралт ч үгүй өв тэгш цогцос заяалгасан. Харин мань "мангаа" бурхны хишгийг "бал бурам" шиг амталж, "будаа гурил" шиг зохистой хэрэглээгүй юм. Машинаар бол ус тосгүй сэнсэртэл давхиж, моторыг нь "бөөрлүүлээд" хэд хэдэн удаа ээлж хийсэнтэй адил. "Аваар" бол наснаасаа олон хийсэн. Одоо түүний гадаад үзэмжийг харахад замын цагдаа хөдөлгөөнд оролцуулахын аргагүй "шарх сорви" бий.
Гэхэдээ "хүн" юм болохоор зайлуул хөөрхийг яав гэж. Энэ яасан тамын орноос андуураад ирсэн туучий вэ гэж өрөвдөх байх. "Туучий" ер нь өнгөрсөн амьдралаа яаж туулсан бэ гэж гайхалтгүй. Ерөөсөө хөндлөн "туушиндсан" байгаа юм. Ханиад хүрэхэд харж байж хүчээр уулгахгүй бол эмээ уухгүй. Ээжийнхээ нүдийг хариулж байгаад цонхоор шидчихнэ. Эмээгийнхээ хараа муутайг далимдуулж, хоосон залгиж, хэлээ үзүүлээд хурууныхаа завсар хавчуулсан эмээ дараа нь цаасанд боогоод жорлонд зална.
Томчуудыг "илбэдэж" сурсан нь түүнд "тус" болсон мэт тухайн үедээ санагдаж байсан ч яван явсаар эдгэдэггүй ханиадтай, мэнгэртэй “өвгөн” шиг болов оо. Тариа л хийхгүй бол ханиад нь эдгэрэхгүй, архаг тамхичин шиг хөхүүлэн ханиаж, амьтан хүний нүдийг оройд нь зална. Найман настай "өвөө" томдсон навсгар халаад өмсчихөөд томчуудын уушигны тасагт "том толгойлоод" гүйж явдаг байлаа.

Ахимаг нь өгөхгүй бол арай бага залуучуудаас тамхи гуйгаад, амьтны нүд хариулж байгаад яндан шиг уушиглана.
Цодойчихоод эгдүүтэй. Томчуултай үеийн юм шиг наргина. Аав нь хаяад явчихсан болохоор "аавын цээж" их багаасаа тамхинд орсон. Эмээ нь эхлээд дугуй хайрцагтай тамхиа авчруулдаг байсанаа сүүлдээ тамхиа ороолгодог боллоо. Тамхины нимгэн цаасанд бяцхан гараараа дүнсэн тамхийг жигд тарааж хийгээд жимбийтэл орооно гэдэг бол бас хосгүй "мэргэжил" шүү дээ. Эмээ нь түүний ороож өгсөн тамхийг тааламжтай нь аргагүй сорно. "Муу зээ минь тусад орлоо. Эмээдээ тамхи ороогоод эр хүн болж" гэж хөөргөнө.
Тамхи ороогч маань яваандаа эмээгийн тамхийг асааж өгдөг боллоо.. Хөл муутай суугаа эмээд ач хүүгийн энэ "халамж" Төв Хорооны улаан бичигтэй хар машин унадаг дарга нарын хангамжаас илүү хүндтэй санагдана. "Асаагуур" хүү удалгүй эмээтэйгээ зэрэгцэж тамхиа баагиулаад "буу халдаг" болов.
-Эмээ, ээж ер нь нэг хүнтэй "яваад" байгаа байх аа. Гурван дүүгээ хувцаслаад цэцэрлэгт арай ядан хоцроочихгүй хүргэж өгч байхад бас удахгүй дахиад манцуйтай "улаан" юм гарна даа. Харж л байгаарай. Ээж удахгүй "цодойно" доо. Эмэгтэй хүн гэртээ оройтож ирнэ гэдэг чинь зүгээр яваагүйн л шинж гэж хүүг хэлэхэд эмээ нүдээ анин наминчлаад,
-Дүүтэй болох чухал биш. Харин ээж чинь "нөхөртэй” болбол өөрт нь хэрэгтэй. Ямар ч хамаагүй хүний "эхнэр" болоосой доо гэж шүүрс алдана.
-Толгой нь эргэсэн юмнууд. Шөнийн хэдэн цаг болж байгааг мэддэг бол уу?... Ээж нээрээ дэнднээ. Нөхөргүй байж хүүхэд гаргахын солио туссан юм шиг. Тэр хар юм нь урьдынх нь эрчүүд шиг олиггүй нэг юм байгаа даа... Намайг хэлэхээр үгэнд орохгүй юм. Та хааяа хэлж загнаж бай л даа. Үнэхээр муу байна шүү. Дөрвийн дөрвөн хэл мэдэхгүй хүүхэд, дээр нь хөлгүй чавганцыг хар гэртээ орчихоод хаагуур яваад байдаг юм бэ дээ. Гэрээ мартсан гэсэр үү?... гэж "үглээд" хүү ээждээ тавьсан хоол цайгаа халаах гэж пийшин рүүгээ нүүрс нэмнэ. Тэгэнгүүтээ халаасан хоолноос халбагдана. Эмээ зээ хүү рүүгээ хуруу гозойлгон,
-Чи ч бас сайн “цохих" юм даа. Түрүүн тэр төмөр тавгаар гурав идээ биз дээ золиг минь. Одоо ээжийнхээ хоолноос шомбодоод байх юм гэж хориглоно.
-Эр хүн идэхгүй яах вэ дээ эмээ минь. Ээж ирэхгүй болохоор хүлээж идсээр байгаад муу зан сурчихаж. Тэгэхэдээ энэ гэрийн хар бор хамаг муу ажлыг нугалж яваа хүн хоол сайн идвэл энэ гэр оронд л хэрэгтэй. Би эрүүл, хүчтэй чадалтай байхгүй бол хэн ус зөөж, түлээ нүүрс бэлдэж, дэлгүүр хоршоо явах вэ дээ гэж хүү том дуугарна. Эмээ хүүгийн хэвлүү үгийг сонсоод түүнд тал өгч,
-Ид дээ ид. Ямар шингэхгүй гэх биш. Гадаа гарч эр, гэрт орж эм болж яваа амьтан "цохиод" бай даа гэж зээ хүүдээ "бууж" өгнө...
Хүү унтаж орхижээ. Хөлийнх нь дэргэд бүхлээрээ унтсан жаал хүүг эмээ таягаар тоншин сэрээж,
-Хаалгаа тайл. Ээж чинь ирж байна гэж сэрээлээ. Хүү ээжийгээ орж ирэхэд цай хоолоо дахин халааж,
-Халаасаар байтал бантан боллоо. Өвлийн хар хүйтэнд хаагуур тэнээд явчихдаг юм гэж уцаарлана. Ээж нь түүнд ганц үг дуугарахгүй, эмээгийнх нь нүүрийг ч харахгүй гөлөлзөнө.
-Эмэгтэй хүн ингэж харанхуй шөнөөр "яваад" байвал амьтан хүн юу гэх вэ. Ажлаа тарсан бол эртхэн ирээд үр хүүхдийнхээ уранхай цоорхойг нөхөөд өгмөөр юм. Ямар үйлтэй амьтан гэж ийм эх заяадаг байна вэ? Таны өмнөөс би "оёдолчин" болж гүйцлээ гэж хүү эхийгээ "зэмлэх" ажээ.
Хүүгийн хэлдэг үнэн байлаа. Хүү дүү нарынхаа урагдсан хувцсыг умайлгаад ямар ч байсан утас зүүгээр торгоочихно. Гутлын салсан ангайсаныг түргэн наалддаг цавуугаар цэвэрхэн наачихна. Гарын дүйтэй болохоор энэ гэрийн эм хүний ч эр хүний ч бүх ажлыг хийнэ. Эмээтэйгээ галзуу улаанаа нэрэх завсар зүгээр суухгүй. Маргааш өглөө дүү нарынхаа идэх талх тариаг зүсэж, цөцгийн тос түрхээд, элсэн чихэр цацна. Өөрийнхөө шөвгөр харыг тослонгоо ээжийнхээ оймсон түрийтийг гялалзтал тослоод тавьчихна.
Даалгавраа амжуулна. Хичээл номондоо чихнээс хонх уяад байхгүй өөрийгөө аваад явчихна. Долдугаар анги оройгоор төгссөн ээж нь хүүгийнхээ тавдугаар ангийн алгебрийг эс барна. Хүү чадахыгаа хийнэ, чадахгүйгээ өглөө эрт анги дээрээ очоод хуулчихна. Ер нь юм юмыг аргалаад сурчихсан, наснаасаа илүү хэрсүү нэгэн болжээ.
Түүний тэсвэр хатуужлыг хэлэх юм бол насанд хүрсэн эрчүүд ч сачий хүрэхгүй. Өглөө нь дүү нар нь талхны хольц байхгүйг ухаарсан жаал хүү Богд уул руу гүйж очоод хад жимс түүж ирэн машиндаад, крахмалтай холин чанаж, орой нь дүү нартай жимсний чанамал идүүлнэ. Хүүгийн хийсэн чанамалд ээж нь бүр ч дуртай. "Сайхан варьене хийж манай том агаа" гэж дүү нарт нь магтана.
Түлээгүй болчихвол Ленин клубын хашааны хог дээрээс фанерэн хайрцаг, картон цаас түүгээд ирнэ. Вокзал руу гүйж очоод вагоноос нүүрс үүрээд ирнэ. Мөнгөний хэрэгтэй бол Шарга морьт руу зуслангийн автобусаар яваад боргоцой түүж ирээд, Сталингийн номын сангийн үүдэн дээр ширхэглээд зарчихна. Сонгино руу давхиж очоод мойл түүгээд хүнсний хорийн урд зарж, хүмүүсийг “алалцуулаад” дуусгана. Хэрэгцээгээ мэднэ, хэрэглэх аргаа олно. Тэр хаана ч явсан цүнхтэй тортой юм барьчихсан "Замура" адил харайж явна.
Эмээ нь гогодонд их дуртай. Жаал хүү зуны усан борооноор морин тойруулга руу гүйж очоод баахан гогод түүгээд нуруундаа баадагнаж бүслээд хүрээд ирнэ. Хээр газар тэнгэр дуугарах болгонд навтасхийн газар унах нь өрөвдөлтэй ч тэр эмээгээ баярлуулахын тулд хийж буй энэ ажлаа мянган шогол ном уншсантай дүйцүүлж бодох зайтай толгой. Бороотой зуны сэрүүвтэр орой пийшиндээ хэдэн мод хийчихээд халуу дүүгэсэн гэртээ сонгиноос илүү гоё амттай гогодоор амталсан хуушуур тосонд шажигнуулаад хэдэн дүүгээ баясгана. Шүлс нь тосонд унаад улам шаржигнуулна.
Жаахан томроод ирэхээрээ эмээгийнхээ дүнсэн улаан тамхийг тоохоо больж, Беломорканал гэдэг орос папирос татдаг боллоо. Хүүгийн бодлоор бол тэр одоо том эр хүн болжээ. Эмээгээ өнгөрсөнөөс хойш эмээгийнхээ хадагтай зурагны өмнө өвдөг бохирон суугаад пүүшигээ гармоошиглоод бодол болон сорж сууна. Хэдийгээр босч явж чадахгүй ч гэсэн эмээ нь түүнд амьдралын "ухаан" заажээ. Эмээгийнхээ үгнээс гардаггүй сайн хүү нэг мэдэхэд хорвоогийн амьдралтай тулж харьцахад барьц алдахааргүй ажилтай төрөлтэй, ааштай араншинтай нэгэн болов.
Эмээ нь нас барахынхаа өмнө зээ хүүдээ "Миний хүү ч яах вэ, амьтнаас дутахгүй өөрийгөө борлуулаад явах байх. Энэ эх чинь горьгүй шүү. Эр юм харвал хэнийг ч дагаад явж мэднэ. Тэгвэл миний хүү ухаан гаргаж ээжийгээ уучилж яваарай" гэж захижээ. Хүүг наймдугаар ангид ордог жил ээж нь олон жил удаан хүлээсэн "хань"-тай болж билээ. Тээврийн жолооч гүдэсхэн хээгүй бор эр эхнэрээ "алдаад" нэг жил болсон ажээ. Тэрээр нялхаараа шахуу гурван охинтой. Хамгийн бага нь соосогноос салдаггүй, халтайсан уйланхай охин байх.
Жолооч эр нэгэн удаа тэднийд ирэхэдээ хүүтэй хэдэн үг том хүнтэй ярьж байгаа мэт сольсоны эцэст хадаг барьж, ээжийг нь"гуйсан" билээ. Эмээ нь үхэн үхэтлээ охиноо "нөхөрт гаргах" гэж цээжний хүслэн болж явсан нь тийн биелэл болж байхад хүү яахин үгүй гэж хэлэх сэн. "Тэгээ тэг" гэж шуудхан өчөөгүй ч тээнэгэлзэж хүлээлгэлгүй ээжийгээ "өгч" орхижээ. Жолооч эр өөрийнхөө гурван хүүхэд дээр хүний дөрвөн хүүхдийг "тэжээх" үүргээ зуун хувь биелүүлж, мөнгө төгрөг, хоол унд, хувцас хунараар хэнийг нь ч дутаасангүй.
Ээж нь хоёрт талд ирж очоод эр хүний хэрэг гарвал хүү очиж туслаад дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг нэг эдийн засагтай мөртөө хоёр өрх айл нилээд хэдэн жилийг өнгөрөөв. Энэ хооронд ээж нь хүү төрүүлж, хүү хүсэж явсан жолооч эрийн сэтгэлд нар мандуулав. Хүүгийн төрсөн гурван охин дүү ч өсөж өндийн дээд сургууль, техникумд орж, нэг үеэ бодоход биеэ даачихав. Харин хүү ноосны үйлдвэрт ажилд орж, цалин мөнгө ахиугий нь бодож, ачигч хийсээр олон жилийг элээлээ. Оюутан, дунд сургуулийн ахлах ангид явдаг дүү нараа хүнээс дутаахгүй өсгөх гэхэдээ хүү энэ ажлыг сонгосонгүй.
Хүний амьдрал тэгш байдаггүй шүү дээ. Оройхон суусан ч гэсэн ханийн хайр эдэлж, аз жаргалаар цалгиж явсан ээжийнх нь эр нөхөр намрын тариа хураалтанд явж байгаад усан борооноор уулын хазгай замд шарван унаж осолдсоноос хойш хүү энэ ажлыг хийж болсон юм. Тэр аймшигтай намар хүүгийн сэтгэлийг олон жил шархдуулан тамалсаныг үгээр хэлшгүй. Хүү тэгэхэд төмөр замын техникумд ороод гурван жил болж байсан билээ.
Нэг бол бороо орж, нэг бол алтан шаргал наран тасралтгүй шарсан намрын хоёр янзын ааштай өдрүүдийн нэг. Тэгэхэдээ нартай нь. Хүү хичээлээсээ ирээд гал түлэн цай чанахаар сууж байтал ээж нь гаднаас орь дуу тавин орж ирээд цочин өндийсөн хүүг тас тэвэрч аваад үг хэлж чадахгүй ээрч мууран унахад хүү учраа олохгүй "Ээж ээ, яав аа? Ээж ээ яав аа?" гээд чичрэн зогссон сон. Хүү шууд л ээжийгээ "хөөгдөөд иржээ" гэж бодсон билээ. Тэгтэл... тэгтэл гай дайрчээ. "Хойд эцэг" хэмээх тэр ховорхон хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлж, зуурдаар хорвоог орхисон байв.
Гадаа нартай ч гэнэт тэнгэр бүрхээд, аадар бороо орох шиг санагджээ. Хүүгийн нүд харанхуйлаад, чих нь шуугиад явчихав. Би ингэж байгаа юм чинь ээж минь аргагүй шүү дээ гэж бодлоо. Ээжийнхээ өмнөөс хүү эрлэгтэй эмэгчин эрэгчинээ үзэлцэхээс буцахгүй байлаа. Тэр ээжийгээ өрөвдөж, ээжийнхээ азгүй хувь заяаг өөртөө нааж, сэтгэлдээ мэгшин уйлав. Багаасаа хэрсүүжсэн хүү нулимсаа барьж ядан эхийнхээ толгойг тэврэн чичирлээ.
Ээж нь түүнээс хойш сэтгэцийн өөрчлөлттэй болж, муурч унадаг болсон тул хүүд нэг биш хоёр гэрийг авч явах үүрэг оногджээ. Олон жил ээж нь сэтгэцийн эмнэлэгт хэвтлээ. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр хүү нэг хашаа гэрээ зарж, зайтай нэг хашаандаа төвхнөв. Нуруугаа бөхийтөл, шилэн хүзүүгээ тасартал ноос зөөсөн боловч хүү зуун хилийн ноос зулартал чихсэн томоос том шуудайтай ноосны "боол" болсонгүй. Өд шиг шидэж, өрсөн бух шиг хүчээ гайхуулж явлаа.
Хаана халтурын ажил байна. Тэнд л гүйж явна. Өдрийн цагаар үйлдвэртээ ажиллаад, оройн цагаар хаа ажил олдоно тэнд очиж ажиллана. Бас л юм зөөнө. Амгалангийн хангамжийн баазад шөнө болтол цемент ачна. Эсвэл бордоо зөөнө. Амралтын ганц өдрөө шуудай үүрээд ууланд самарт явна. Байнга хүчний хар ажил хийх хүү булчин шөрмөс нь зангирсан, хүзүү мөр нь лухайсан хэн ч харсан сайхан эр болжээ. Одоо түүнийг "хүү" гэдэг нэрнээс нь өөрчилж, дүү нарын дууддагаар нь "том ах" буюу "Томоо" гэж нэрлэе. Мань эрийнхээр бол арван настайдаа л "хүү" нэрнээс татгалзчихсан нэгэн билээ.
Хөдөлбөл хөлс гэж хэдэн цаастай болмогц Томоо барилгын мод, тоосго цуглуулж, есөн бүлээ өлхөн багтаах даамал дүнзэн байшин барилаа. Хашаандаа ногоо тарьж, хэдэн ширхэг үхрийн нүдний бут суулгав. Ээжийнхээ гэрийг шинээр сольж, дээр нь төмөр дээвэр давхар барьжээ. Талийгаач жолооч ахтай зуны амралтаар хэдэн удаа хөдөө явж, машин барьж сурсан болохоор хорин нэгийн рам олж аваад түүнээ бага багаар тордсоор байгаад хөл дүүжлэх унаатай болов. Хөл дүүжлэх юу байх вэ, шөнө орой гадуур явж хулгайгаар "такси" хийх машинтай болсон гэж хэлэх нь зөв.
Амралтын өдөр хэдэн дүү нараа гол дээр дагуулж очоод, гэрийн цаваг, бүрээс, хивс, орны даавуу хамаг юмаа угаагаад цементен далан дээр тэнийлгээд хатаана. Тэр хооронд дүү нараа дагуулан, ойролцоох бургасан төглөөс жимс түүж, уулын бэлээс мөөг олж хатаах бөгөөд төмөр сараалжин тороор голын уснаас загас шүүнэ. Хатсан гишүү, аргал түүгээд чиргүүлэндээ ачна.
Томоо нэг ч минут зүгээр сууж сураагүй. Зүгээр суув уу гэтэл гартаа модны үндэс барьчихсан ямар нэгэн юм сийлбэрлэнэ. Цаасаар цоолбор хийж, бурхны хөрөг хар даавуун дээр суулгаж, амралтын өдрөө гадаадын мэргэжилтнүүдээр явж зарна. Дэрс, хялгана түүж, гэрийн болон хашаа гудамж цэвэрлэх хоёр төрлийн шүүр хийгээд зах дээр худалдана. Тэр зэвэрсэн ширхэг хадаас олсон ч олз гэж баярлана. Нэг аймаар нарийн гартай биш ч олсон цуглуулсанаа "юм" болгож байж санаа нь амарна.
Хүний өөрийн нийлсэн хэдэн дүүгээ хүний дайтай явуулах гэж махарсан Томоо "дамын наймаачин", "панзчин" гэдэг нэр хоч ч зүүж үзлээ. Сайн юманд садаа мундах биш наагуур цаагуур илд далд муу хэлэх хүн бишгүй. Тэгсэн ч Томоо юунд ч бууж өгсөнгүй. Тамхиа баагиулаад, хөлсөө гоожуулан зүтгэсээр... Ажил дээр нь Томоог "ажлын мал" гэж хэлэх хүн зөндөө. "Мөнгө гэвэл нүд нь улаан Томоо хэдэн цаас үзүүлбэл үйлдвэрээ үүрээд явж мэдэх хүн" ч гэж ярина. "Энэ барилдвал бөх болох хүн л дээ. Даанч ажил ажил гээд илүү цаг гаргах дургүй юм. Дэнхийсэн шуудайтай ноос үүрээд гүйж яваа нь эгэлгүй бяртай шүү" гэж цагаанаар атаархах ч нэгэн тааралдана.
Хэдэн дүүгээ гэдэс цувдай, толгой шийр идүүлэхгүй гэхэдээ Томоо хонины тарган махаар “бөмбөг”-дөнө. Өөрөө ч өсгөлүүн тэнхлүүн жавхаатай эр болохоор сайн иднэ. Эмээгийн хэлдэгээр "цохино" шүү дээ. Архи уусан ч хир барагтай юманд "унахгүй" эр. Хамт уусан нэг нь аль хэдийн дөрвөн хөллөчихсөн байхад Томоо зуу татсанаас ялгаагүй эв эрүүл сав саруул инээж суудаг билээ. Өөрөө ч багын хоолсог нөхөр тул сайн ид, сайн идэж байж "хүн" болно шүү гэж дүү нараа дайлж цайлна.
Хорвоогийн нар илч гэрлээ дөрвөн улиралд тохируулан хасаж нэмсээр хүний амьдрал ч өөрчлөгдөж, нийгэм ч ялгаагүй өнгөө хувиргав. Дампуурсан үйлдвэрийг харж, хий хоосон цаг алдаж суусангүй. Хуучин оросын барилгачдын рейсээ нэмэхийн тулд ойрхон газар битумаа асгаад шороогоор булдаг байсан газрыг олж Томоо хар тосны бизнес хийлээ. Эхлээд тонн нь зургаан мянга байсан бол жил өнгөрөхөд гэрлийн хурдаар үнэ нь нэмэгдсээр тонн нь зургаан зуун мянга болов. Хэдэн цаастай болсон Томоо зүгээр хадгалсангүй, зам засварын багашаахан компани байгууллаа.
Юм юм л ховор байсан цаг даа. Гэвч Томоо шантарсангүй, сөгдсөнгүй. Орос цэргийн хог дээр хаясан танк, хуягтны сэгийг олж, зам засварт ашиглах трактор болгож, шанага, хүрз суурилууллаа. Хуучин өлөнгийн цехийн дамжуулагч конвейрыг ашиглан, хайрганы аж ахуй бий болгов. Хэнээс ч юм гуйсангүй "толгой"-гоо ажиллуулж, үнэхээр зах зээлийн мэдрэмжтэйгээ нотолж, өмч хувьчлал гэж үймэлдэж байх хойгуур нилээд бүтээн байгуулалт сүндэрлүүлж амжжээ...
Цаг хугацаа хүнийг хүлээдэг билүү. Нэг мэдэхэд хорин жил өнгөрчээ. Дүү нар нь үүрээ орхин нисэх шувууны дэгдээхэй шиг ар араасаа цуван газар сайгүй нисэн оджээ. Өөрийнх нь төрсөн дүү нар германд сурч байсан том эгчийнхээ араас очиж, бүгд л харийн эрийн цай чанах болсон юм. Хойд эцгийнх нь хүүхдүүд нэг нэгнийгээ татсаар солонгост суурьшив. Харин хамгийн бага болох хорь гарсан залуу нутагтаа үлдсэн ч ахынхаа мөнгөөр хэд хэдэн сургууль солиод сурч чадаагүй хаячихаад, хийсэн ажил ч үгүй охид эргүүлэн, баар ресторанаар "түйвээж" явах болжээ.
Томоо Гачууртад газар авч олон тасалгаатай хоёр давхар байшин бариулсан боловч ээжтэйгээ л тэнд хоёулаа амьдарна. Эрх дураараа отгон дүү нь хотын төв дэх дөрвөн өрөө байранд нь "жаргалаа" эдэлнэ. Хэзээний ажилсаг зангаараа Томоо хятадуудтай нийлж, говьд үнэт чулууны уурхай ажиллуулна. Сүүлийн үед тоос шороо үнэртэхээр ханиалгах нь их болсон тул Гачууртад голын эрэгт барьсан гоёмсог байшиндаа ээжтэйгээ хамт суух аж. Ажлаа мэддэг түнш хятадууд хамаг ажлыг нь хийхчихдэг болохоор Томоо хөдөө яваад байх онцын шаардлагагүй болжээ.
Хийх ажил нь эрс хумигдсан Томоо гэрт зүгээр сууна гэдэг үхсэнээс өөрцгүй. Гэрийн үйлчлэгчээр эхийгээ харуулдаг болсоноос хойш "хорвоотой танилцахаар" хотын төвийн цэнгээний газар зугаалж яваад хэдэн тоглоомчин нөхөдтэй танилцсан нь өнгөрсөн хоёр жилд хорин жил зүтгэсэн ажлынх нь үр дүнг чамгүй устгав. Тоглоом тоотой дээр гэж бодох хирнээ тэр мөрийтэй тоглоомноос "салж" чадахгүй байлаа. Алдах тусмаа улам улайран давшилж, алдсан дээрээ нэмж алдана. Тэгсээр овоо хэдэн зуун сая төгрөг тоглоомонд алджээ. Түүнтэй тоглодог нөхөд нэг “бүлэг” байсан бөгөөд Томоог яаж ийж байгаад дундаа оруулаад "шоглочихдог" байсаныг Томоо огт гадарлаагүй юм. Түнш хятадууд нь мөнгө зээлэх боловч түүнийг тоглоомонд орсоныг мэдээд тэр болгон мөнгө хялайлгах нь багаслаа.
Замын ажил нь ч бүтэл муутай болов. Илүү мөнгө хаяж чадахгүй хүнд төсөл тендер гэж ам нээх ч эрхгүй. Японоос авчирсан хэдэн экскаватороо бусад замын компаниудад түрээсэлж амь зогооно. Туул голын эрэгт хайрганы карьер ажиллуулахыг хориглосон учир хамаг ажил нь зогсов. Сэтгэлээр унасан Томоо архи ууж, нэг хэсэг цагаа алдав. Архи даах төрөлхийн чадвартай тул хичнээн шил архи уусан ч ухаанаа алдах нь үгүй. Харин архи уусаны маргааш амнаас нь цус гарах болсон нь түүнд аюулын дохио өгсөөр... Гэвч Томоо хүүхэд байхдаа байнга ханиад хатгаа хүрч, тариулдаг байсан болохоор эмнэлэгт очих тун дургүй.
Хөдөөнөөс гэртээ ирэхэдээ хоёр давхар уужим байшинд нь өвчтэй эхээс нь өөр хэн ч байгаагүй тул Томоо сэтгэлээр ихэд гутарсан билээ. Хорин жил өдөр шөнөгүй зүтгэсэнийх нь ач тус, үр дүн хаана байна. Өнгөтэй өөдтэй явуулах сан гэж өөрийгөө золиосолсон дүү нар нь харийн нутагт "хүнийрхэн" суурьшжээ. Утсаар ярих нь ч бараг ховор. Хааяа нэг хүнээр гоёмсог шилтэй архи, брендийн хэмээх үнэтэй ганц хоёр өмд гутал явуулах боловч Томоо өмсөх нь битгий хэл гар хүрдэг ч үгүй. Үүний төлөө би та нарыг өсгөсөн гэжүү, хөндий хоосон байшинд, сэтгэцийн өвчтэй эхтэйгээ гиюүрэн суух гэж би та нарын төлөө морь нохой мэт зүтгэлээ гэжүү гэж бодохоос дэндүү гунигтай.
Заримдаа улс орны уруу дорой хөгжил, хүн амьтны болох болохгүй үйлдэл, утаа тортог, уурласан цухалдсан байдлыг ажиглаад байхад хүний нутагт хувиа борлуулан, довоо шарлуулж явах нь зөв ч юм шиг.
Монгол эр хүний жудаг, монгол охид бүсгүйчүүдийн зан суртахууны уламжлалт эрхэм чанар алдагдаж, хүний чанар гэдэг юм хүний хөл дор гишгигдээд дуусаж буй энэ үед өөрийн санаа бодлоор, хүсэл сэтгэлээ гүйцээж, амгалан тайван орчинд аж төрөх нь буруугүй юм шиг санагдана. Том дүүгээ дүү нараа уруу татлаа гэж уур хүрдэг байсан бол бас ч улс орон, өнөөдрийн амьдралыг бодитоор дүгнэж үзэхээр ядаж эрүүл мэнд, амь насаа бодоод усны тунгалаг, ургамлын сайханд, цааз хуулиа сахин мөрдөж, цахилгаан дулаанаар тасардаггүй тавлаг нийгэмд амиа хоохойлж яваа дүү нартаа бурууг өгвөл өрөөсгөл бодогдоно.
Шил толь болсон өрөөнүүдээр гунигтай шагайсаар Томоо ээжийнхээ өрөөнд орлоо. Насны эрхээр хөл муутай болсон ээж нь суга таягаа шүүрч аваад ялаа цохичих гээд адгуу зан гаргана. Гүн цочролд орсон сэтгэцийн өвчин нь бага зэрэг эдгэрсэн ч хорвоод хомсхон заяасан амьдралын халбагхан зол баяртаа харамсаж цөхөрсөн эх хүнтэй юм ярих хүсэлгүй. Дэргэдээ ирсэн хүүгээ амьдын галгүй гунигт нүдээр зэрвэсхийн харж, гэнэт учиргүй таниад инээх аядсан боловч тэр бол нүүрний арьсаа тэнийлгэсэн хуурамч хөдөлгөөн байлаа. Тэр зовлонт эх хуурамч амьдралд итгэл алдарсан мэт харагдана. Инээж шуугин байдаг үр хүүхдүүд нь "боолын хөдөлмөр"-өөр хүний зэрэгт хүргэсэн ахаа, олон жил эмнэлгийн орон дээр сүүжээ цоортол хэвтэж, амьдаас ялгаагүй болсон зовлонт эхээ "хаян" явцгаажээ.
Томоо үйлчлэгчийг дуудаж, гэрийн ялаа устгахыг тушаагаад өөрийнхөө өрөөнд орлоо. Алтан бурхнаас аваад ангийн буу шийдэм өрсөн үнэтэй хивсээр хулдсан өрөөнд нь амаа ангайсан баавгайн арьстай толгой түүнийг дооглох мэт араа шүд нь арзайн угтав. Шилэн хорготой шүүгээнд түүний улсад хөдөлмөрлөж эхэлсэнээс өдгөө болтол шагнуулсан баярын бичиг, сайшаалын үнэмлэх, ойн медаль, мөн гурван жилийн өмнө салбар яамнаас олгосон хүндэтгэлийн жуух бичиг тодрон харагдлаа. Төр түүнийг үнэлжээ. Төрсөн төрөөгүй дүү нар нь үнэлсэн болов уу харин...
Дахиад л Томоо өрөөндөө ганцаар сууж байлаа. Урьд шөнө нь тоглоод зуугаад сая төгрөг алдсан тул гэртээ урам муутайхан иржээ. Сэтгэл нь маш их шаналгаатай байлаа. Сэтгэлийн шаналлаа огоорохын тулд өөрийгөө хуурах ямар нэгэн оролдлого үйлдэл хийх хэрэгтэй. Тэг гэсэн юм шиг ходоод нь хоржигнов. Ширээн дээр өрсөн хоол унднаас Томоо амаа олохгүй идэв. Өдөржин шөнөжин хоолгүй, нойргүй тоглоод өлссөнөө тэр мэдсэнгүй. Том томоор хавтгайлан хэрчсэн шарсан махтай, улаан, ногоон, шар чинчүүгээр амталсан нарийн гоймон, пүнтүүзтэй хольсон, байцаа, манжинтай хуургыг халуун ногоотой соусаар холин идэхэдээ дэргэд нь тавьсан тавагтай мантууг ч олж харах сөхөө байсангүй.
Тэрээр амаа олохгүй ааг амьсгаагүй савхдсаар байлаа. Өнөөдрийн хувьд энэ амьдралд эл тавагтай хоолноос өөр түүнийг зугаацуулж түр боловч сэтгэлийг нь засах зүйл байхгүй мэт хоолоо ховдоглон идсээр... Ядаж байхад эхнэр ч авсангүй. Зав гарсангүй дээ. Энэ хэдэн хүүхдийг хүн болгочих гэж зүтгэж явахадаа хэн нэгэн бүсгүйг хайрын харцаар энхрийлэн харж, зүрх сэтгэлийн нандин үгээ уяртал хэлэх чөлөө байсангүй. Хүнд муу хэлүүлэн, хүн чанараа алдах шахан цуглуулсан мөнгө төгрөг, босгож бүтээсэн алив ажлыг нь хэн ч ойшоосонгүй. Хэнд ч хэрэггүй энэ бүхнийг би хэнд хэрэгтэй гэж хадгалж суух вэ?...
Чингэж бодоод Томоо тоглоомчидтой нийлсэн. Тэгээд тоглосон. Хэнд ч хэрэггүй болохоор тэр мөнгө цаас хөсрийн санаатнуудын шуналын гарт өөрсдөө яваад орсон. Яадаг юм. Олж болсон юм. Үрж алдаж болно шүү дээ гэж сэтгэл шуударсан. Энэ бол түүний өөрийг нь үл ойшоосон хорвоотой тооцоо хийх гэсэн ядмаг шийдэл байсан. Тэглээ гээд Томоо хожигдсон, хорвоо авдаг юм аа авсан. Тэр яах гэж юуны төлөө шар махтайгаа хатан, эд эс бүхнээ, илч энергээ зориулан өөрийгөө хөсөр хаян явсаныг хэн нэгэн дутуу үнэлж болох байсан уу?... Авцалдаагүй дарь шиг түүхий амьдралын гашуун үнэнээс зугатаж болно гэжүү, таминь...
Эхнэр аваад өөрийн үр зулзагыг тэжээгээд амиа бодоод явбал болох л байсан. Даанч Томоо тэгж чадахгүй. Эрэг боолт нь солигдсон юм шиг эх нь өрх толгойлсон амьдрал дундаас хүүхдийн гэнэн төсөөллөөр ургуулж шийдсэн түүний бодол санаа хэрхэвч би хүүхдээ орхиод, авгайгаа хаядаг муу аав болохгүй гэж шийдсэн. Гэвч үнэн худал хоёрын зөрөөг багцаалж үзээгүй хүү өөрийгөө том хүнд тооцож, эр хүн гэдэг эм хүнээс илүү ухаж боддог, ухаарч сэхээрдэг, амьдралын ноён нуруу, алс ирээдүйн баталгаа гэдгийг эмээгээсээ ойлгож, балчир биеэ бага гэж үзэхгүй бахирах хоолойгоо сул гэж чамлахгүй өрсөхгүй бол өргөөд чамайг шидэх амьдралын гүн нугачаанд өвдөг сөгдөхгүй хэмээн бат хатыг оршоож, амьдралын бэрхийг өөрийнхөө өмнө сөгтгөх их хүсэл зоргийг тээлгэсэн билээ.
... Томоо гэнэт хоолондоо хахав. Арай л амьсгал нь түгжирсэнгүй хоолойнд торсон махыг гаргасан авч зогсоо зайгүй ханиалгадаг нь эхэлжээ. Цээжний гүнээс, ходоодны мухраас өр өвтгөн ханиалгатал шал дүүрэн улаан цус хахан цацан гарч ирэв. Энэ амьдралын төлөө өдөр шөнөгүй явсан. Эцэс сүүлд нь бие хаагүй ч болжээ. Томоо сөхөрч суугаад улаан цусаар бөөлжиж байлаа. Идсэн хоол нь ч хамт гарчээ. Өмнө нь өглөө бүр ханиалгахад нь цустай цэр гарах болсон тул эмнэлэг бараадъя гэж боддог байсан. Маргааш үзүүлье л дээ гэж биеэ хуурч явсаар нэг мэдэхэд өнөөдөртөө золгожээ.
Ингээд үхэх нь энэ үү гэж Томоо бодлоо. Эмээгээ үхэхэд хажууд нь байсанаа санав. Хичээлээ тарж ирэхэд нь гудамжинд хүүхдүүд худгын дэргэдэх хэсэг мөсөн дээр арматурын төмрөөр хоккейн цохиур хийгээд молоконы лаазаар тоглож асан. Томоо хүүхдүүдтэй тоглохыг хүссэн ч өглөө нь эмээ нь миний хүү хичээлээ тараад шууд ирээрэй гэсэнийг санав. Эмээ надад нэг гоё юм өгөх нь дээ гэж бодсон Томоо гэрийн зүг яаран гүйсээр ирэхэд эмээ нь орон дээрээ босоод сууж байсанаа миний хүү хүрээд ирэв үү? Эмээ нь хүүдээ... гэсэнээ үгээ гүйцээж чадалгүй газар харуулдан унажээ.
Дагжин айсан Томоо эмээдээ гар хүрч чадсангүй. Шууд эргээд хаалгаар гарлаа. Гүйгээд л байлаа. Гүйсээр байгаад ухаан зулаггүй дэлгүүр дотор орж ирээд "Эмээ... эмээ... түргэн дуудаарай" гээд өөрөө ч сөхөрч унахаа алдав. Түргэн ойрхон явж таарсан уу төдөлгүй шунгинаад ирлээ. Томоо айгаад гэрийнхээ үүдэн дээр хүлээж байсанаа эмчийг ирэхэд цуг харайн оржээ. Эмч Томоотой хамжин эмээг нь орон дээр өргөж хэвтүүлээд судсыг нь барьсанаа зүрхийг нь чагнав. Эмчийн ам хөдлөх шиг л болоход Томоо дүлий хүн шиг амны хайрцагаар нь эмээгээ өнгөрчээ гэж ойлгоод эхэр татан эмээгээ зууран уйлжээ.
Удалгүй томчууд цугларсан. Ээж нь нүдээ хавдтал уйлсан. Байсхийгээд ээжтэйгээ муудалцдаг байсан ээж нь үгээр хэлэхийн аргагүй ямар их ээждээ хайртай байсаныг Томоо тийн мэджээ. Ажил явдал гуравхан хоногт асуудлыг шийдсэн боловч үхэл хэмээх аймшигийг анх удаагаа үзсэн Томоо нуруун дээр гарсан хатигаа марттал уй гашууд дарагдсан байлаа. Өнөөх хатиг нь аяндаа өөрөө хагарч, идээ бээр нь цамцтай нь наалдсан байсаныг эмээгээ хөдөөлүүлсэний дараа л мэдэж ээж нь цэвэрлэж өгчээ.
Хамгийн харамсалтай нь эмээ нь байсан. Тэр хүн энэ гэр орны "тархи" байсан сан. Маргааш хэн юу хийх, юу худалдаж авах, зочин гийчин ирвэл ямар хоол хийх гээд гэр орны өдөр тутмын хамаг ажлыг зааж зааварлаж, төлөвлөж тооцоолно. Түүний баруун гарын "туслах" бол Томоо. Тэгээд л тэр яагаа ч үгүй томчуудын амьдралд хутгалдаж, ээжийгээ "зааварлах" болсон ажээ. Томоогийн үг бол үндсэндээ бол эмээгийн л хэлэх үг. Эмээгийн хэлэх үгийг Томоо урьдчилаад түүнээс түрүүлээд хэлчихдэг болохоор эмээ хааяа "пауз" авна.
Ээж өглөө ажилдаа явна, орой ирнэ. Ээж ажил хийхгүй бол санхүүгийн "хямдралд" орно гэсэн үг л дээ. Тийм учраас ээжийг ирэхэд гэр орны бүх ажил жигдэрсэн, хэл амгүй бүх юм ёс журмаараа явагдсан байна. Ээж харин ажил хийж мөнгө "олдог" ганц хүн учир дипломат эрхтэй. Эрхээ хэтрүүлээд гадуур заримдаа "явчихдаг" тул эмээ, Томоо хоёр ирэхэд нь уураа "нүдээд" сууж байдаг билээ. Эмээ чадалтай үедээ дээл хүртэл оёдог байсан. Ээж бол байхгүй шүү дээ. Ёстой хөх тэвнэ хөндлөн хатгаж чаддаггүй хүн. Эмээгийн заавраар явсаар Томоо ч "оёх" ажилд суралцсан билээ.
Шалан дээр тунасан цусаа харж ярвайсан Томоо үйлчлэгчээ дуудлаа. Төдөлгүй түргэний машин ирж Томоог хот руу эмнэлэг авч явав. Яаралтай шинжилгээний хариугаар Томоод эрүүл эрхтэн гэж нэг ч байсангүй. Элэг өөхөлсөн, цөс сунасан. Бөөр чулуутай. Нойр булчирхайн шинжтэй. Зүрх том, уушиг хавдартай. Улаан хоолой улайлттай, цагаан хоолой ангины үлдэцтэй, ходоод гастритэй. Энэ бие уул нь эхээс эрүүл төрсөн сөн. Багадаа хүний үгэнд орохгүй, малгай өмсөхгүй, хоолойгоо товчлохгүй, мөхөөлдөс хэмээн цас мөс идэж үргэлж халуурч ханиалгадаг байсанаа саналаа. Дээр нь нүүр ам, бие хаа нь өчнөөн шарх сорвитой.
Байшин барьж байгаад хоёр ч удаа унаж гэмтсэн билээ. Машины аваарт ч хэдэн удаа орсон. Замын хар тосонд унаж түлэгдсэн. Шилэн хөвөн дээр нүүрээрээ унасан. Самарт явж байгаад хаднаас халтирч ниссэн. Барилга дээр ажиллаж байгаад толгой дээрээ тоосго унагаасан. Хүчилд гараа түлсэн. Паяльник дэлбэрээд нүүрээ хуйхалсан... гээд энэ биеэ зэрэмдэг болтол "тамалжээ".
Өөрт оногдсон зовлогыг дэндүү "талхисан" байгаа юм. Одоо тэгээд яалтай. "Оройтсон бороо" л болж дээ. Цаанаасаа бүх эд анги нь элэгдээд их засвар ч авахааргүй болсон бол яах билээ. Хохь чинь болоод жорлойхоос... Би бол биеэ сүйтгэсэн "сүйтгэгч". Ганц өдөр нуруугий нь тэнийлгэж, ганц удаа сүүжий нь амраагаагүй юм шүү дээ. Ходоодоо хоолоор байя гэтэл чихэж, уушигаа утаагаар бөглөрч унатал хордуулж, амар заяагий үзүүлсэнгүй. Сүүлийн үед гашуун ундаатай ч баахан нөхөрлөлөө...
Шинжилгээний хариу сонсоод Томоо сэтгэлээр шаналсангүй. Тэр өөрийнхөө эршүүд бодлоор бүхнийг цагаатгажээ. Би хийдэгээ хийсэн. Үхэхээс айх юмгүй. Худлаа хэлж "бултах"-ыг ч хүсэхгүй. Би зорьсоноо биелүүлсэн болохоор надад ямар ч сэтгэл хөдлөлийн хэрэггүй. Дүү нар маань л миний хүслийг ойлгосонгүй дээ. Хамт нэг дор амьдраад байхгүй ч гэсэн тэднийг би ээждээ царайгаа үзүүлээд, эх орондоо эрдэм чадлаараа амьдраасай гэж хүссэн юм шүү дээ. Яах гэж би тэдний төлөө зовлогоо зовоов оо. Эцсийн эцэст ийм үр дүн харах байсан гэжүү? За яах вэ, би дуусчээ хамаагүй. Өвчтэй эхийгээ өргөж ачалдаггүй амиа бодсон хэдэн дүү нар минь яаж нарт хорвоог элээнэ дээ.
Хөөрхий муу ээж минь үг хэлдэггүй болохоос тэднийг дэргэдээ байгаасай гэж боддог л байгаа. Эхийн санаа үрд үрийн санаа хаданд гэж яасан үнэн үг вэ? Ээжийгээ л та нар өргөж асарч яваарай. Сайн сайхан яваад чинь та нарыгаа уучилъя. Ээжийг минь бүү орхиорой гэж бодсон Томоо эмийн үнэр ханхалсан эмнэлгийн өрөөнд өнгөрсөн одоог эрэгцүүлэн хэвтэхэдээ эд эсээсээ улам ихийг хороосон байх гэж бодном...
Эмч нар түүнд гадаадад эмчлүүлвэл үр дүн сайтай байх болно. Хамаатан садангуудаас чинь германд амьдардаг хүн бий юү гэж асуужээ. Вагон вагоноороо байна гэдэг шиг миний төрсөн гурван эмэгтэй дүү тэнд чинь амьдардаг юм гэж хэлэх гэсэнээ Томоо хэлээ хазав. Би тэднийг гуйхгүй дээ гэж гомдонгуй бодсон тул энэ тухай юу ч хэлсэнгүй. Насаа бодсон чинь залуугаараа л байх юм. Эмээ минь надад миний хүү их хол явна даа. Харж байгаараарай их сайхан юм үзэх буянтай хүү гэдэг сэн. Дөч шүргэсэн эр хүн юун үхэх гэж загнах байсан даа гэж бодлоо...
Уншигч та ч сэтгэл санаа дундуурхан байгааг би мэдэж байна. Яаж төгсгөх бол доо гэж сэтгэл догдолж байгаа. Харин болсон явдлыг би яг чин үнэнээр бичихийг зорилоо. Үлгэрийн төгсгөл шиг зүүдэнд итгэмээргүй юм болсон шүү. Томоог хүндээр өвдсөнийг сонссон гурван эмэгтэй дүү нь тэр дороо баруунаас онгоцоор нисээд иржээ. Нэг дүү нь бүр Томоог эмчлэх шаардлагатай Мюнхений уушигны эмнэлгийн эмч бөгөөд түүний нөхөр Эдвард Шульц энэ талаар мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч байлаа.
...Эмэгтэй дүү нар нь ахтайгаа уулзсаны дараа тамхи татахаар гадаа гарчээ. Нээлттэй цонхны цаана дүү нарынхаа яриаг Томоо тод сайн биш ч гэсэн үгий нь ойлгохоор сонсож хэвтлээ.
Нэг дүү нь "Өөрийн юм болохоор бид гурав хамгийн түрүүнд ахдаа нисээд ирлээ. Нөгөө гурав Сеүлээс ирэх юм бол уу? Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж хараар ажилладаг хоёр нь ирнэ гэж байхгүй байлгүй " "Манай “бага” ч харагдахгүй байна шүү дээ. Уул нь эцэг ондоо ч эх нэгтэй юм сан" "Ахыг тайван байлгаарай. Их ядарсан байна. Та нар ямар сайхан хүн байсаныг санахгүй байна уу? Хайр гэрэлтэм хүн гэдэг чинь манай ах л байхгүй юү. Бидний төлөө яаж зүтгэлээ" "Ахын хувьд ярих юм бол ааваас өөрцгүй хүн. Ахын буянд бид хүнээс дутуугүй өссөн дөө. Ахын ачыг ярих ч юм биш. Яагаад эхнэр авдаггүй юм бол доо. Германд очихоороо манай хөрш Хильга эгчтэй танилцуулдаг юм билүү. Их сайн эзэгтэй байдаг юм" "Ах ёстой гадаад хүнтэй суухгүй дээ. Монголоороо л амьдарна, гоёно гэдэг хүн шүү дээ" гэж ярилцахыг сонсчээ.
Дусал залгасаны дараа Томоог хэсэг зуур дугхийгээд сэртэл өрөөнд нь цэцэг барьсан баахан хүмүүс орж ирлээ. Нүдээ нээн сайн хартал солонгос “явсан” гурав инээгээд зогсож байв. Дунд охин нь солонгос нөхрөө дагуулаад ирж. Хир барагтай бол хангүг эрчүүд эхнэрээ гэрээсээ гаргадаггүй, эх орон, ээж аав руу нь явуулдаггүй гэдэг. Энэ тэгвэл сайн хүнтэй сууж дээ. Ямар Ким Ду Хантай адилхан золиг вэ? Хамаатан садан юм бол уу?... Зайлуул, хар багаасаа өнчрөл хагацал үзсэн юм. Аштай юу даа... Ингэхэд энэ хэд бүгд харийн бэр болох нь доо. Ядаж хүнтэй суугаагүй хоёрт нь хир таарсан гайгүй монгол залуу олдоосой гэж Томоо бодов.
Гаднаас орж ирсэн гуравтай нийлээд зургаан эмэгтэй дүү нь эмнэлгийн өрөөг золтой л нураасангүй. Том дүү нь эмнэлгийн эмч сувилагч нарыг муугүй таньдаг бололтой хүн бүгдэд цагаан халаат аван нөмөргөж, бас үйлчлэгч нарынхаа гарыг “хүндрүүлэхээ” ч андсангүй. "Аяар гэм ах ядруу байна" гэж нэг нь шивэгнэлээ. "Ахыг солонгост эмчлүүлсэн нь дээргүй юү?" гэж нэг нь хэлэхэд нөгөө нь "Германд эмчлүүлнэ гээд манай эмнэлгийн хаягийг өгсөн байна шүү дээ. Ахыгаа би өөрийн гараар эмчлэх азтай хүн ээ" гэж бахархахад "Ах чамайг Анагаахад сурч байхад мэдсэн юм шиг өглөө болгон машинаараа хүргэж өгдөг байсан шүү дээ" гэж бас нэг нь атаархаад авлаа. "Ахын ажлын замд юм чинь тэгэхгүй яах юм бэ. Харин та гурвыг ах дандаа сургуульд чинь хүргэж өгдөг байсан даа" гэж солонгосын гурвыг шургалаа.
Хамгийн бага охин хүн бүрийг тойруулан харсанаа хэн нэгнийг үгүйлсэн шинжтэй “Ээж ирээгүй юм уу?” гэж асуух нь их л элгэмсүү санагдав. “Ээж дээрээ очноо. Юу ч гэсэн эхлээд ахын асуудлыг зохицуулъя. Тэгээд эмнэлгийн гадаа байгаа ахын машинд чихээд ээждээ очицгооё” “Та гуравт хэн хэл өгсөн бэ?” “Энд байдагаараа отгон дүү л хэл өгсөн ” “Овоо доо, цаад чихгүй толгойтой чинь би Берлинээс ярьсан юм. Ээж ахын биеийг асуух санаатай залгатал ахыг эмнэлэгт байгаа гэсэн юм. Тэгээд би эмчийнх нь утсыг олж ярилаа... Байдал хүнд байгааг мэдээд энэ хоёртоо хэлсэн. Дараа нь отгон дүүг та нартай байнгын холбоотой болохоор энэ тухай дуулгаарай гэсэн юм” “Та гурав отгон дүүг мөнгөөр дэндүү эрхлүүлдэг байх аа. Өдөр болгон л мөнгө нэхнэ биз. Ахын дэргэд уул нь алзахгүй сэн. Ах эрхлүүлээд бүр толгой дээрээ гаргачихжээ. Ажил ч үгүй, сургууль ч үгүй ахын буянд л ингэж яваа шүү дээ” “Нас нь бага болохоор...” “Юу гэсэн үг вэ? Хорь гарчихсан “өвөө” шүү дээ” “Тэгэхдээ л “жаахан” байна”
Ойрд уулзаагүй дүү нарынхаа царайг харж сэтгэл баяссан Томоо дотроо ийн бодлоо. Эцгийгээ өнгөрөхөд энэ гурав ч жаахан байсан юм, зайлуул. Одоо ч жаахан байна. Ид залуугаараа цэцэглэж байгаа моносын цагаан цэцэг шиг. Ямар ч хөөрхөн охидууд болоо вэ? Энэ гурвыг загналаа гэж би өөрийнхөө дүү нартай их муудалцдаг байж билээ. Та нар нэг гэрийн хүмүүс, таарч тохирохгүй гэж байгаа бол томчууд нь гараад нүүрсний амбаарт хоноорой гэж гурван том дүүгээ айлгадаг сан. Бага эрхийн тэнэгийг энэ зургаа гар дээрээ ээлжилж тэврээд газар хүргэхгүй хүн болгосон доо... Муу нусгай хаа яваа бол? Эртээд надаас шинэ утас авна гэж мөнгө аваад үхсэн амьд нь мэдэгдэхгүй тэр чигээрээ таг шүү гэж Томоог бодох ялдамд “хэцүү нэрт” хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур отгон дүү нь ээжийг нь тэргэнцэр дээр суулган орж ирэв.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.