04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Элст манхны тулалдаан-Өгүүллэг

Элст манхны төлөө шийдвэрлэх тулалдаанд сумангийн үлдсэн цэргүүд эцсийн хүчийг шавхан тулалдахаар буу сум, зэвсэг хэрэглэлээ базаана. Амь үрэгдсэн дайчин нөхдийнхөө шарилыг цуглуулж, нэг жалганд ум хум бөөгнөрүүлэн тавьжээ. Сумангийн дарга амь үрэгдсэн тул нэгдүгээр салааны дарга Базар хоёр салааны үлдэгдэл гуч хүрэхгүйтэй орчим цэргүүдээ удирдан дайралтанд бэлтгэж байлаа. Холбоо барихаар бүслэлтийн цагирагны гадна ойрхон байрлах зөвлөлтийн цэргийн анги руу холбоочин явуулсан боловч тэнгэрт цойлсон тэнэсэн сум шиг одоо болтол нэгээхэн ч хариу сураг алга. Дайснууд Элст манхны ар өвөргүй намрын ялаа шиг язганах авай. Дайсны цэргийн анги нэгтгэлүүд хорооны хоёр суманг хэд хэдэн хэсэг болгон бүсэлсэн нь нэгдсэн удирдлагаар тулалдах ямар ч найдваргүй болгожээ. Ялангуяа сумангийнхаа хүн хүчний ихээхэн хэсгийг алдсанд харуусах Базарын хувьд толгой дээрээс шарах нарны халуун илч хөлс нэвчсэн төмөр дуулган дор тархий нь гашилгана.

Дэслэгч Базар хорооны штабын сүүлчийн тушаалыг дотроо бодно. “Ямар ч хамаагүй үнээр хоёр хоногийн дотор Элст манхныг дайсны гараас булаан ав. Ухрах юм бол дайсанд урвасанд тооцоно” гэсэн хорооны даргын эрс хатуу үг их бууны сумны дэлбэрэлтэнд дүлийрсэн чихий нь онгойлгох шиг санагдах ажээ. Тал бүрээсээ дайсанд бүслэгдсэн тэдний суман хорооны штаб хаа буйг ч мэдэхээсээ өнгөрчээ. Цэргийн хүнд тушаал бол тушаал. Тэрнээс бус элс хунгарласан талд зуун алд хүрэхгүй ердийн нэгэн элсэн манхан чухам цэрэг эрсийн аминаас юугаараа үнэтэйг ойлгоход хэцүү. Цэрэг дайны үүднээсээ бол тэр нь маш том үүрэгтэй байсан ч гэсэн цөөн хэдэн цэргийн хүчээр эргэн тойрон багширсан дайсны дундуур сэтлэн тухайн өндөрлөгийг эзлэх нь эрүүл ухаанд үл багтмаар боловч гагцхүү эх орныхоо өмнө цэргийн тангараг өргөсөн баатарлаг дайчдын хувьд эр зориг, алдар гавъяаны хэрэг байсан нь тодорхой.
Япончуудын туслах хүч өглөөнөөс эхлэн ар араасаа цуварсаар... Харин дайсанд бүслэгдсэн хорооны удирдлага хэдэн хэсэг салсан хүчээ нийлүүлэн хуримтлуулах ямар ч бололцоогүй болжээ. Жижиг хуягт танктай манж-го-гийн явган цэргүүд Элст манхны ойр хавийн бүх газрыг хүн байтугай шувуу ч нэвтрэхгүйгээр бүслэн хаасан байлаа. Ар талаас нэмэлт хүч иртэл дайсныг торгоон барина гэдэг бол сүүлчийн хүнээ дуустал амь өрсөн тулалдахын нэр. Эзэлсэн хэсэг газартаа амь тэмцэн хориглон зууралдахаас өөр арга үгүй мэт санагдавч тушаал бол тушаал болой.
Элст манхныг эзлэх ёстой сүүлчийн хугацаа удахгүй болно. Хугацаа дөхөхөөр хорооны холбоо тасарсан суман, салаанууд нэгэн зэрэг Элст манхны зүг дайрах байх гэж найдахаас өөр сохор итгэл байсангүй. Долоон сарын сүүлийн аагим халуунд шархадсан цэрэг гэлтгүй амьд үлдсэн улаан таван хошуу бүхий төмөр дуулга өмссөн хүн бүрийн ам тэсэхүйеэ цангаж, омголтсон уруулаа түй гэх шүлсгүй цав цагаан болсон аргуу хэлээрээ долоож улам хорсгоно. Уух ус бараг дуусчээ. Байсан усаа шархтнуудад өгч, илүүгий нь мориндоо өглөө. Өндөрлөгийг эзлэхэд туслах хамгийн гол найдвар бол морьд байлаа. Ялаархсан морьд хүний цусны үнэрт дургүйцэн хамраа тачигнуулан дуугаргах нь амь үрэгдсэн эздийнхээ өсийг авахаар тангараглаж байгаа мэт санагдана.
Хонхор газар нуусан морьд амгай зуузайгаа дуугарган, ганц ширхэг өвс харагдвал зулгаах санаатай доош тонголзоход цэрэг эмээлийн төмөр бүүрэгнээс дүүжилсэн урт сэлэм нь дөрөө хавиран харших чимээ гаргана. Базар цэргүүдийнхээ байлдааны бэлтгэлийг шалгаж, шийдвэрлэх тулалдаанд цэргүүдээ зоригжуулан, тэдэнтэй хамт сүүлчийн тамхиа хуваан татаж, эх орныхоо төлөө амь биеэ зориулна гэдэг цэрэг хүний эх орондоо өгсөн тангараг, бид цөөхөн ч бидний ард талд эх орон, нам засаг, эхнэр хүүхэд, ижий аав, унасан газар угаасан ус минь бий, бид хорооны даргын тушаалыг биелүүлэхээс өөр замгүй, бидэнд сөөм газар ч ухрах эрх байхгүй гэж дайсны минометын суманд хэдэн хэсэг болж, харамсалтайгаар амь үрэгдсэн сумангийн улс төрийн орлогчоосоо дутахааргүй гал цогтой ухуулга сурталчилгаа хийж явлаа.
Дайралтанд орохын өмнө хаа нэгтээ буун сумны исгэрэх дуу шунгинан сонсогдох хэдий ч Базарын цэргүүдийн байрласан хэсэгт нам гүм оргино. Хоёр өдрийн тулаанд зэгсэн суларсан дайсан ч хүчээ хуримтлуулж, цэргээ амрааж байгаа нь илт. Дайсны цэргүүдийн ярилцах дуу хамар дор сонсогдоно. Хэн хэн нь эцсийн шийдвэрлэх тулалдаанд анхаарлаа хандуулсан нь илт. Олигтой хүнс хоолгүй цэргүүд амсхийх өчүүхэн зав гарвал жадтай буугаа барин, нутаг усаа дурсан хоорондоо ярилцана. Хоосон ходоод тэнэсэн сум шиг дуугарч, цэргүүд нэг нэгийгээ дооглон инээлдэнэ. Шавилхан биетэй говь нутгийн бор цэрэг сумын заан явсан хангай нутгийн биерхүү эрийг нудран,
-Чи хө, хонины бүтэн мах нэг суурин дээр ганцаараа идэж чадах уу? Манай нутагт нэг бөх лам байсан юм. Үхрийн өвчүүг, хөнөгтэй айрагтай өлхөн “далдруулдаг” нөхөр байж билээ. Тэгэхэд би хонины өвчүү ч бардаггүй хүн шүү дээ. Барьж тавьж байгаад бага багаар нэг юм “барж” дуусгадаг юм гэхэд түүний яриаг сонссон өндөр туранхай цэрэг,
-Муу эр идсэнээ гэж... Хамаг шүлс гоожуулчихлаа байна. Зуун бууз идсэн мундаг ховдог эрийн тухай та нар сонссон уу?... Уржнангийн цагаан сараар аавынд ирсэн нутгийн хэдэн залуус хэн нь олон бууз идэх вэ? гэж мөрий тавилаа. Би хорин таван бууз идээд эгээтээ л буцааж бөөлжсөнгүй. Багын нэг найз минь тавин бууз идээд жалга руу гүйлээ. Хоёр тунхуутай цайгаар даруулж байгаад “уулын хар” гэдэг гөрөөчин нөхөр зуун бууз өлхөн идсэн шүү... гэж ярихад түүний эргэн тойрон байсан цэргүүд нүрхийтэл инээлдэцгээв. Тэгтэл нэг нь,
-Дуугаа зөөлөн... Та нарын сур харваж байгаа мэт пажигнатал инээх дуунаар муусайн самуурай нар их бууны галын бэлтгэл хийх вэ дээ гэж болгоомжтой хэлэхэд алиадуу байрын нөгөө туранхай өндөр цэрэг,
-Турж үхэх гэж байж бас сур харвана гэнэ ээ... Чи мөн зүйрлэх юмаа олов оо. Харин бидний шилэн сав хагартал тасхийн инээх дуунаар өмхий самуурай нар гар бөмбөг шидлээ гээд гуяа ганзагалаад гутлынхаа улыг гялалзуулаад буцаад гүйлдэж байна. Та нар хар даа... Манхны бэлд байсан самуурай нар ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад тоос манаруулаад алга болж өглөө гэж өндөлзөхөд түүний ярианд “итгэсэн” нэг нь нуувчнаас толгойгоо гарган өндийхөд бусад нь дооглон инээлдэж,
-”Ам” Даваагийн “үг"-энд итгэдэг хүн байдаг аа
-Аягүй бол японы мэргэн буучийн “бай” болох нь ээ...
-Инээх чинь яасан сайхан байдаг юм бэ? Өлссөн улдсанаа цөмийг нь мартаж орхилоо гэцгээнэ.
Нуувчинд буй цэргүүдийн хөгжилтэй яриаг сонссон Базар “Монгол хүн ч үнэхээрийн зориг тэвчээртэй шүү. Энэ хоёр өдрийн тулалдаанд их олон цэрэг амиа алдсан. Тэгэхэд үлдсэн хэд нь ядарсан өлссөнөө умартан бие биенийгээ явуулаад сууж байдаг. Өнгөрсөн шөнө цуримхийсэн хүн алга. Хорвоогийн хамгийн хэнэггүй улсууд гэвэл биднийг л хэлэх байх даа” гэж талархан бодов.
Тэдэн дээр Базар ирсэн тул цэргүүд салаан даргаа дундаа суулгаад, түрүүчийн “бууз”-ны яриаг үргэлжлүүлэн,
-Та хамгийн олондоо хэдэн бууз идэж үзсэн бэ? гэж асуулаа. Базар дуулгаа авч, хөлсөө арчаад,
-Ерөөсөө би тоолж байгаагүй юм байна гэж толгой сэгсэрлээ.
-Тоолоогүй болохоор манай дэслэгч гайгүй “цохьдог” хүн байж дээ гэж шавилхан цэрэг инээд алдлаа.
-Нэг удаа... тийм ээ, нэг удаа хорин бууз идсэн юм байна. Хотод цэргийн төв эмнэлэгт хэвтэж байхдаа...
-Улаанбаатар хот сайхан биз? Та шархдаад хэвтсэн үү?
-Хэлэх юмгүй сайхан. Аж үйлдвэрийн комбинатын яндан Богд уулнаас дутахгүй өндөр шүү дээ... Таван сард Баянцагааны тулалдаанд би толгойндоо шархдаад... гар бөмбөгний ширэм зоочихсон юм. Ухаан орохгүй их л хүнд байсан даа. Улаанбаатар явах онгоц гэнэт тааралдаж Жанжин штабын орлогч дарга Лувсандоной жанжинтай хамт явсан юм билээ. Ухаангүй явсан би юугаа ч мэдэх вэ. Орлогч жанжин намайг өөрийн биеэр цэргийн төв эмнэлэгт хүргэж өгсөн гэдэг. Тэр үед би бага дарга байсан юм. Жирийн нэг бага дарга Цэргийн яамны орлогч сайдаараа эмнэлэгт хүргүүлнэ гэдэг ховор тохиолдол биз дээ...
-Нөхөр дэслэгч ээ, орлогч жанжныг “бариад” явсан гэдэг үнэн үү? гэж нэг шинэ цэрэг палхийтэл асуулаа. Базар юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг “гацаж” орхив. Тулааны өмнө цэрэг дайчдынхаа сэтгэл санааг өндөр байлгах хэрэгтэй учир худлаа “залах”-аас өөр аргагүй болов.
-Зөвлөлт улсад “тусгай” ажлаар явсан гэж сонссон. Шинэ жанжин Лхагвасүрэн түүний ажлыг хүлээж авсан юм шүү дээ.
Гэвч түүний ярианд үнэмшиж байгаа царайтай нэг ч хүн алга...
-Даргаа, миний ухаан хүрч ойлгож чадахгүй олон асуулт байх юм аа. Танаас асуувал та дургүйцэх бол уу?
-Асуу асуу. Эмээх хэрэггүй.
-Дайн болж байхад хамаг боловсролтой, эрдэм мэдлэгтэй цэргийн дарга нараа “баривчлаад” аваад явдагыг юу гэж ойлгох вэ?
Базар дахиад “барьц” алдлаа. Иймэрхүү “эсэргүүн” яриаг цэргийн анги салбар дотор гаргахгүй байхыг дивизийн намын болон эвлэлийн үүрээс онцгой анхааруулж байсан билээ. Удахгүй тулалдаанд орох дайчин нөхдөөсөө үнэнийг нууж болох уу? Тэд улс оронд явагдаж байгаа “их аллагын” тухай их багаар мэдэж байгаа. Булавч бултайна гэж монголчууд цөөхөн болохоор сонсохгүй дуулахгүй, хараагүй үзээгүй юм ховор байдаг. Магадгүй бид Элст манхны тулаанд бүгд үхэж болно. Харин цэрэг эрс үнэнийг мэдээд үрэгдвэл яасан юм бэ? Яах вэ?... Үнэнийг хэлэх үү? Эдэн дотор “Дотоод Яамны туршуулууд” байгаа бол уу? Уржигдар тулалдаанд орохын өмнө ихэнхи нь эвлэлийн гишүүн болсон доо гэж шийдэж ядан эргэлзсэнээ өөрийнхөө бодож явдагыг “зөөлрүүлээд” хэлчихмээр бодогдов.
Үндсэндээ түүний хэлэх үг түүний хорооны комиссар байсан зургаан сард “японы тагнуул” хэмээн баригдсан хошууч Шийрэвийн “бодол” байсан юм.
-Дэмид жанжныг та нар дуулсан даа... гэж Базарыг яриагаа эхлэхэд цэргүүд нэгэн зэрэг “Дуулсаан дуулсан. Маршал Чойбалсангаас мундаг өрлөг жанжин байсан гэдэг шүү дээ” гэж дуу алдацгаав.
-Дэмид жанжныг зөвлөлтөд “алагдсан” гэж сонссон уу?
Цэргүүд ам амандаа “Сонссон. Хүн бүхэн мэднэ” гэж хариулав. Гэнэтийн “асуулт”, санаандгүй үүссэн “яриа” юунд хүргэж болохыг хэн хүнгүй мэдэж байсан буйз аа. Тэд Базараас дутахааргүй “үнэн”-ийг мэдэж буй нь тод. Цэргүүдээсээ үнэнийг нуух хэрэгтэй гэжүү? Нуулаа гээд хэнд хэрэгтэй юм бэ?... Базар өөрийнхөө бодлыг цэргүүддээ яримаар санагдлаа. Чин сэтгэлээсээ тэдэнтэй “зовлон жаргал”-аа хуваалцмаар бодогдов. Чингэж бодоход цээжин өөд нь нэг халуун юм огшоод явчихав.
-Хоёр жилийн өмнөөс эхлэн нам төрийн болон цэрэг армийн удирдах бүрэлдэхүүнийг олон зуугаар нь баривчилж, “Гэндэн Дэмидийн японы эсэргүү байгууллагын гишүүд” гэж бөөнөөр нь хомроглон баривчилж “буудан алсан”-ыг та бүхэн мэдэж байгаа. Яагаад? гэдэг асуултыг та нар надад тавьсан. Энэ бол Сталины хийж байгаа монголчуудыг номхон хүлцэнгүй болгож, “гартаа атгах” гэсэн харгис бодлого. Япончууд Манжуурыг эзэлсэнийхээ дараа Зөвлөлтийн нутагт халдахын тулд манай Монголыг эхэлж эзлэх бодлого баримталсан. Монгол-Манж-го улсын хоорондох хилийн будилааныг далимдуулан Япон-Зөвлөлт хоёрын жадны үзүүр Халх голын бүс нутагт мөргөлдсөн.
-Гэндэн сайд “Орос Япон хоёр байлддаг юм байгаа биз. Монгол манж хоёрт байлдаад байх шаардлага байхгүй” гэж хэлсэн гэдэг шүү дээ. Энэ дайн орос японы хэрүүлээр үүссэн болохоос бидэнд бол падгүй хэрэг биш үү гэж мөнөөхөн өндөр туранхай цэрэг ярианы дундуур хошуу дүрлээ.
-Бас тэгж ярьж болохгүй. Манай улсын нутаг дэвсгэрт халдсан болохоор япончууд яах аргагүй бидний дайсан. Бид эх орноо хамгаалж, тэдэнтэй тулалдах нь зүй ёсны хэрэг. Японы халдан довтолгооноос айсан Сталин монголчуудыг тэдний талд урвах вий гэсэндээ монголчуудын хамгийн сор болсон хүмүүсийг “устгаж” байгаа юм. Миний мэдэхээр дивиз, хороо, зарим сумангийн удирдах дарга нар бүгд солигдлоо. Би хүртэл салааны дарга болчихоод явж байна. Бичиг үсэг гадарлах төдий болохоос миний цэрэг захирч, удирдах гэж юу байх вэ. Бурхангүй газар бумба галзуурна гэгчээр “галзуурч” явна даа гэхэд лам байсан байж болзошгүй түнтгэр халзан толгойтой цэрэг,
-Базар даргаа, лам нарыг буудан хороосоныг та юу гэж үзэж байна? гэж асуулаа.
-Улаан оросын замаар замнах болсон хувьсгалт монголд тэд бол ангийн дайсанд тооцогддог юм. Лам дээлтэй болгоныг японы тагнуул гэж үздэг. Хэрэв япончууд цөмрөн орж ирвэл хамгийн түрүүнд урвах найдваргүй хүмүүс гэж тооцдог тул ангич үзлийн үүднээс хамгийн түрүүнд “тонилгох” ёстой л доо Феодал ноёд ч гэсэн энэ цээрлүүлтээс ангид байж чадахгүй.
-Даргаа, тэгвэл “толгой”-гүй болсон ард түмэн Сталины хэлсэнийг үг дуугүй биелүүлж, сохроор түүнийг дагана гэсэн үг юм аа
-Яг үнэн. Буурай монголчууд бид түүний хэлсэнийг дагахгүй бол толгойгүй болно гэсэн үг. Их гүрнүүдийн улс төрийн бодлогын золиосонд л бид амь үрэгдэж байна.
-Дэслэгч ээ, тэгэхээр орос ч бидний дайсан, япон ч бидний дайсан болох нь ээ...гэж лам толгойтыг хэлэхэд,
-Золиг минь чи урт хошуу хүзүү орооно, урт хормой хөл орооно гэж дуулсан биз. Энд бидэн дундаа үлдэх яриа болохоор чамайг нэг удаа өршөөе гэж ер бусын овсгоо гарган шавилхан цэрэг бүгдийн өмнөөс анхааруулсанаа,
-Энэ яриа бидний дундаас хаашаа ч “халих” ёсгүй. Дарга та санаж бодсоноо бидэнд тайвуухан ярьж өгч болно гэж бусад руугаа тийм биз гэсэн мэт харцаар тойруулан харахад бүгд толгой дохин зөвшөөрч харагдав.
-Гэхэдээ оросууд бидэнд “тусалж” байна. Зөвлөлтийн цэргийн ангиуд бидэнтэй мөр зэрэгцэн тулалдаж бидэн шиг цусаа асгаруулж, монгол орны төлөө зөвлөлтийн зоригт хөвгүүд халуун амиа алдаж байна.
-Япончууд монголыг эзэлвэл бас туслах байсан бус уу. Оросуудтай байлдаж бидний төлөө амиа алдана шүү дээ. Барга, өвөр монголчуудыг хар. Тэдэнд япончууд тусалж дэмжин, хятадын халдлагаас сэргийлж байна. Манж-го улсын армийн бүрэлдэхүүнд баргын морьт хороод тулалдаж байна шүү дээ. Монголчууд бид бие биенийхээ эсрэг буу шагайж, сэлэм зөрүүлж байна. Ингээд бодоход жижиг улсын “зовлон” хэлээд барахгүй биш үү.
-Эсэргүү үгээ болиоч. Чамайг шүүх шорон гэхгүй, нэг жалганд аваачаад цохон дээр чинь пад хийлгэх вий дээ.
-Дуугаа аяд. Даргыг яриулаач. Адилхан нэг довон дээр биенээ дэрлээд үхэх гэж байж биенийхээ мууг үзээд яах вэ, таминь.
-Оросууд ч өөрсдийнхөө хүмүүсийг хайр найргүй алж хяддаг. Өнгөрсөн жил Хасан нуурын тулалдаанд зөвлөлтийн цэргийг удирдаж японы самуурай нарыг бут ниргэсэн маршал Блюхерийг ч тэд барьж хороосон.
-Нэг талаас япончууд алж талаад, нөгөө талаас оросууд барьж буудаад байвал бидний цөөхөн монголчуудаас хэн үлдэх билээ. Энэ муусайнуудад манай газар нутаг хэрэгтэй болохоос бидний амь нас юу ч биш юм аа...
Яриа маш эмзэг хэсэг рүүгээ орж байгааг Базар гадарлав. Тос дотроосооо өтвөл маш аюултай. Тэгэхээр одоо энэ яриаг төгсгөж, цэргүүдээ тайвшруулан тулалдаанд орж үхэх сэхэхээ үзэх ёстой. Үнэхээрийн тэр нэг цэргийн хэлдэгээр бид нэг л зорилготой байж, нэг довон дээр нэгэн их үйлсийн төлөө хамтдаа үхэх бус уу...
-Нөхөд дайчид аа, цаг төр үргэлж ийм байхгүй. Энэ дайн нэг л өдөр дуусаж, бид амар амгалан амьдрах өдөр ирнэ. Сталин ч мөнх биш нэг өдөр эрлэгийн элч хаалгы нь тогшино. Оросын ард түмэн ухаантай. Олон сая хүнээ хэлмэгдүүллээ. Нэг өдөр Сталины дэглэмийг түлхэн унагаагаад даян дэлхийг энх тайван болгоно. Тэр өдрийг л хүлээх хэрэгтэй. Монголчууд эх болсон нутагтаа эзэн суусаар мянга мянган жилийг үдсэн. Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө гэж манай шинэ цагийн гайхамшигт зохиолч Дашдоржийн Нацагдорж шүлэглэсэн. Энхрий хайрт эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулах нь зөвхөн монгол хүний ухамсарт л байдаг гал халуун цус. Хоёр цагийн дараа Элст манхныг эзлэхээр эрслэн тулалдана... Тулалдахаас айж байгаа хүн байна уу? гэж Базарыг эрсхэн асуухад цэргүүд дуу нийлүүлэн,
-Үгүй гэж шийдмэг хариулав.
Гэтэл нэг цэрэг,
-Даргаа саяны шүлгээ уншиж өгөөч. Надад үнэхээр таалагдлаа гэж гуйв. Базар хоолойгоо засаад уг шүлгийг дахин уншлаа.
-Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавъяа байгуулья
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон...
Хэн нэгний нүдэн дээр нулимс гялалзана. Хэн нэгний сэтгэлд ижий аав нь бодогдоно. Хэн нэгний бодолд хөдөө тал, хөвчийн уул нь дүрслэгдэнэ. Хэн нэгний нүдэнд адуу мал, нүүдэлчин ахуй нь харагдана. Хэн нэгний зүрхэнд хайрт бүсгүй нь дурсагдана. Хэн нэгний нүдэнд хоёр мөнгөн хонхтой бойтогоо шажигнуулан паацагнан алхах бяцхан үр нь бүдэрч унахаа умартан өөдөөс нь тосон гүйж явах шиг...

х х х

...Цэргийн эмнэлэгт Базар ухаан орсон цагаасаа анх түүний нүдэнд үзэгдсэн хүн бол мэс заслын тасгийн сувилагч Хорлоо байлаа. Томрон томрох түүний хүүхэн хараанд тодрон тодорсоор харагдсан бүсгүй ээж нь ч биш, эгч нь ч биш, дүү охин нь бол бүр ч биш огт танихгүй сувилагч бүсгүй... Хорвоог дахин харах юутай сайхан бэ? Харах харахдаа бүүр царай зүс тэгшхэн харын хар нүдэн бүсгүйг шүү...
Олон хоног ухаангүй байсан түүний тархи толгойд гардан тулалдаанд орж байсан нь бүдэг бадаг санагдана. Баянцагааны төлөөх тулалдаан эрэгчин эмэгчнээ үзэлцсэн их дайны нэгэн өрнөл хэсэг байсан юм. Хоёр талаасаа нүүр тулгарсан дайснууд гардан тулалдаанд орж, бууны жад, сэлэм хоёр галт зэвсэгнээс илүү амьд үлдэх үлдэхгүйг шийдэж байлаа.
Монгол цэрэг морьгүй тулалдана гэж хаана байх вэ. Хорооны зүүн жигүүрт явсан Базарын суман морины хурдаар дайсан руу довтолж, замдаа тааралдсан япон цэргүүдийг заналтай нь аргагүй цавчиж явлаа. Базар зүүн баруунгүй цавчиж нэлээд хэдэн самуурайг нөгөө ертөнц рүү тонилгожээ. Гэвч үнэнч нөхөр болсон хээр морь нь дайсны суманд оногдов. Морин хорооны морьт цэрэг Базар морио алагдахад явган цэрэг болсонтойгоо эвлэрч чадахгүй байсан ч өөр рүү нь сэлэм далайсан самуурайн эсрэг сэлмээ бариад дайрахаас өөр аргагүйгээ мэдэрсэн. Тэр самуурай улангассан бар шиг муухай хашгиран орж ирэхэд түүний сэлэм Базарын нүүрний өмнүүр цахилгаан сэнс шиг хэдэнтэй эргэж байсаныг бодоход аймшигтай санагдана.
Тэр самуурай жирийн цэрэг биш эрлэгийн элч мэт сэлмийн эрдэмд хавьгүй идтэйг мэдсэн Базар өөрийнхөө чадварыг тэр агшинд голж билээ. Бид дийлнэ гэж бардамнахаас биш сэлмийг гартаа ингэж сэнс шиг эргүүлж, сармагчин шиг дуртай газраа дүүлэн үсэрч, догшин бар мэт аймшиггүй тулалдаж чадах уу?... Цэргийн эрдэмд хосгүй чадварлаг дайснаа басаж болохгүйг тэгэхэд тэр сайтар ухаарчээ. Хоёр жилийн өмнөөс эхэлсэн “баривчилгаа”-гаар олон сайхан цэргийн дарга нар Дотоод яамны “алуурчдын” гарт амь насаа алдсан тул цэргийн бэлтгэл сургуулилалт тарамдан суларсаныг хэлэх үггүй. Дайны хажуугаар дажин гэж. Эцэс сүүлдээ энэ нь түрэмгийлэн эзэрхийлэгчдийн өмнө “хоол” болсон гэлтэй...
Базар сэлмээ нүүрнийхээ өмнөхөн талд босоогоор нь барьсан тулдаа сэлмээр цавчих самуурайн нүд ирмэх зуур гялалзах илдний цохилтыг хааж байсан юм. Сэлмээр халз тулалдаад хамгаалахаас биш халдан довтолж чадахгүй байгаадаа Базар сэтгэлээр унахаа алдаж явтал нэг орос цэрэг нөгөө өт хорхой шиг дүүлсэн самуурайн араас буудан унагааж үхлийн гортигноос гаргаж аварчээ.
Сэлмээ хуйндаа буцааж хийсэн Базар нуруундаа үүрсэн жадтай буугаа буулгаж ирээд өмнө нь харагдах сэлэм барьсан самуурайг шууд буудлаа. Бас нэгэн цэргийн эрдэмд \ тулааны \ зэгсэн боловсорсон самуурай гарт тааралдсан болгоныгоо “гамбир” болгож байгааг хараад уур хүрэв. Тэрбээр ганц сэлэм эргүүлсэн гар нь ч бус дөрвөн мөч нь зэрэг хөдлөн цавчихаа цавчиж, хатгахаа хатгаж, өшиглөхөө өшиглөж, цохихоо цохиж, сэлэм жадаас бултан, бөхийн мэх ч хийж байх шиг. Харсаар байтал дөрвөн цэргийг ядах юмгүй цааш нь харууллаа.
Түүнийг буудаж зогсоохоос арга байсангүй. Базар тэр даруй буугаа сумлан араас нь гүйж, эргэж харахаас нь өмнө буудаж амжив. Гардан тулаанд “мэргэшсэн” дайснуудыг галт сумаар цааш нь харуулах нь илүү оновчтой. Дахиад нэгийг буудлаа. Хажуугаараа гүйж өнгөрөх нэг самуурайг гэнэдүүлэн жадаараа сүлбэв. Сүрэл хатгахаас илүү дайснаасаа сурсан “мэх”-ээ эргүүлээд дайсандаа ашиглаж болохыг тэр ойлгожээ. Одоо тэр самбаачлан харайж хатгахы нь хатгаж, бололцоогүй үед буудаж унагаахыг илүүд үзнэ. Угаасаа байлдааны туршлага гэдэг бол дайсныг ялж дийлэх уран арга бус уу. Буугаа дахин сумлаад японы нэг офицерийг буудахаар шагайж байтал ойрхон гар бөмбөг пүн хийн дэлбэрч тэр ухаан алдан унажээ...
Нүдэнд нь хав харанхуй урт хонгил харагдана. Хонгилын үзүүрт чөтгөрийн гал шиг хөх дөл үл мэдэг сүүмэлзэнэ. Хөх дөл сүүмэлзэх тэр зүгийг бариад Базар алхаад байлаа. Яваад л байлаа. Яваад л байлаа. Сунаж унатлаа явлаа... Тэртээ алсад сарны гэрэл шиг цагаан туяа үзэгдэх шиг... Уртын дууны шуранхай алсаас шуранхайлаад... дэндүү гуниг төрнө. Гэнэт сэлэмд идтэй самуурай дэргэдүүр нь илднийхээ үзүүрт аалз шиг арвагнасан олон хөлтэй улаан хорхой хатгачихсан гүйж явах шиг...
Дахиад харанхуй... Амьд байна гэж хэлэхийн аргагүй үхлийн байдалд тэр оржээ. Үг хэлэх гэхээр дуу нь гарахгүй. Хөдлөх гэхээр бие нь ямар ч удирдлагагүй... Хичнээн удаан ийнхүү шаналсанаа тэр эс мэднэ. Харанхуй дунд нэг гэрэл асаж унтраад... нэг тодроод... нэг бүдгэрээд... Хүүхэд ахуйдаа хургаа хариулж явахдаа талын зэрэглээ хараад хөөцөлдөн гүйж, бүдэрч унан уйлж байсантай адил. Зэрэглээ түүнээс зугатаад, хургачин хүү мөчөөгөө өгөлгүй мөр даган нэхэж гүйдэг сэн... Ахиад гэрэл тодорлоо. Тодрон тодорсоор нэгэн эмэгтэй хүн дээр нь тонгойгоод хүйтэн усанд дүрсэн алчуураар хөлөрсөн духыг нь эвлэгхэн арчихыг тэр олж харав.
Эм тарианы үнэр ханхалсан цэлгэр өрөө... Эргэн тойрон боолттой шархтай хүмүүс... Тийнхүү хүний орчлонд эгэж ирсэн цагаасаа Базарын мөрөөдөл сувилагч бүсгүйн зөөлөн энхрий гараар духаа арчуулах, биендээ хүргэж арчилж сувилуулахыг хүсдэг болжээ. Арга ч үгүй биз дээ, олон хоног ухаангүй хэвтэж байгаад дахин амилж, зовхи нь цэлхрэн хүндэрсэн нүдээ арайхийн хүчлэн нээхэд анх харцанд нь туссан дүрс, амьдралд эргэж ирэхэд нь тосч авсан хүн бол сувилагч Хорлоо байсан юм... Ухаан орсоных нь дараа ирж үзсэн ямаан сахалтай орос өвгөн эмч, оросоор ярьсаныг орчуулагч монгол эмч түүнд орчуулж өглөө.
-Баяр хүргэе. Манай баатар. Эх дэлхийдээ дахин эргэж ирсэнд чинь баяр хүргэе гэж хэлжээ.
Тэнгэрт нисээд буцаад ирчихсэн хүнд баяр хүргэж байгаа мэт сонин үг хэлсэнд Базар эхлээд ойлгосонгүй. Гэвч олон хоног ухаангүй байсаныг нь “тэнгэрт морилоод” иржээ гэж егөөдөн хэлсэнийг дараа нь ойлгоод толгой нь битүү боодолтой байсан өөрийгөө ус уух хувьтай хүн юм даа гэж баясав. Ухаан орсон эхний өдрөөсөө Базар босч орчинтойгоо танилцахыг хүсэж байсан ч Хорлоо түүнийг цээжин дээр нь дарж “Босож болохгүй. Та хэд хоног босохгүй хэвтэх ёстой” гээд хориглоод босгосонгүй.
Хоёр дахь өдөр нь Хорлоог эзгүйд Базар босоод цонх руу очлоо. Толгой нь эргэж, нүд нь эрээлжилж байсан ч биеэ барин, хөлөө зөөлөн зөөсөөр цонхны дэргэд очив. Гадаа нартай тогтуун сайхан өдөр байв. Цонхны гадна тарьсан бургас хэдийн гөлөглөж, ногоон нахиа нь дөнгөж дэлгэрсэн ч түүнийгээ голон ахин томорч ургахаар гэрэлт нарны зүг тэмүүлэн байв. Өвөл цас их орж, зуд болсоныг хэлэх үү, хавар их л удаж иржээ. Түмэн бодигаль уяран догдолж, төгс сайхныг цогцлоосон зуны эхэн сарыг өлгийдөн хүлээнэ. Хорвоог дахиж сэргээсэн хавар цаг үнээний дэлэн шиг өгөөмөр ажээ.
Хорвоод “дахиж” ирэхэд нь тосож авсан хар нүдэн сувилагч бүсгүй... Амьдрал яг хавар шиг үнэхээр ямар гоё вэ?... Хорлоо эргэж ирсэнээ цонх түшин зогсох Базарыг хараад “Та босож болохгүй шүү дээ. Ингэж болохгүй” гэж сандран хэлээд түүнийг түшин хөтөлсөөр оронд нь хэвтүүлэв. Энэ үгээ дахин нэг хэлээд бүсгүй түүний хэрэглэдэг төмөр хөтөвчийг солихоор авч явав.
Гурав хоног тэссэний дараа Хорлоод хэлж байгаад ном ёсоор Базар бослоо. Боолтын өрөө рүү анх удаагаа өөрөө очжээ. Долоо хоногийн дараа Базар чөлөөтэй босч явдаг боллоо. Хөдөлж явах тусам залуу хүн болохоор бие нь хөнгөрөөд их л сайхан байлаа. Тийн эрх дураараа явах болсон тэрээр хөл дээр нь босгосон сайхь сувилагч бүсгүйгээс салж хагацаж чадахаа болив. Яагаад ч юм бэ эм тарианы үнэр ханхалсан тэр сувилагч бүсгүй үл мэдэгдэх соронзон орны тойрогт түүнийг өөрийн эрхгүй татах шиг санагдана. Сүүлдээ сувилагчын сайн дурын туслах болсон янзтай хаана түүнийг явна эм тариа бүхий дугуйтай тавиурыг түрж дагалддаг болов.
Залуу хос орчлонгийн хуулиар хайрын нүдээр бие биенийгээ эрхлэн харах болсон тэр цагаас тэдний амьдрал хавар шиг цэцэглэж, амьд яваа нь бүр утга учиртай болох мэт бодогдоно. Энэхүү утга учир өдрөөс өдөрт өр зүрхэнд хайраар дэлбээлж, нэг нэгнийгээ үгүйлсэн сэтгэл, эрсэн харц эмнэлгийн эмч сувилагч, өвчтөн шархтнуудын нүдний өмнө ил болсон юм. Хос залуусын учрал бүрдсэн энэ үед орлогч сайд Лувсандоной өөрийн биеэр хүрэлцэн ирж, Баянцагааны тулалдаанд баатарлаг гавъяа байгуулсан цэрэг эр Базарт “Байлдааны гавъяаны улаан тугийн одон” гардуулж өгсөн нэгэн баяртай үйл явдал болжээ.
Дэд жанжин Базарыг тэврэн, хацар дээр нь үнсээд,
-За, хүү минь, эх орныхоо төлөө цусаа урсган, эрэлхэг зоригтой тулалдсаныг чинь үнэлж, “цусан гавъяан”-ы улаан тугийн одонгоор чамайг шагнаж байна. Урсгасан улаан цус, баатарлаг гавъяаг чинь эх орон үеийн үед дурсах болно гэж хэлэхэд Базар хэдийгээр балмагдан сандарсан ч гэсэн цэгц зогсож,
-Монгол улсын төлөө зүтгэе гэж тод дуугаар цууриаттал хэлэв. Өрөөнд байгаа бусад өвчтөн, шархтнууд баяр хүргэн гар барьж, эмч сувилагч, асрагч нар түүнийг тэврэн үнсэв.
Эмнэлгийн даргын тушаалаар дуртай үедээ гурав хоногийн чөлөөгөөр явж болохыг түүнд дуулгалаа. Хотод таних хүнгүй Булган нутгийн хүү Базар хайрт бүсгүй Хорлоодоо энэ тухайгаа ярихад Хорлоо чиний тариа дуусахаар хоёулаа хамт гаръя гэж ам алдсан билээ. Халамж дүүрэн эмнэлэг, хайр гэрэлтсэн Хорлоод Базар жигтэйхэн дасав... Тэгж байтал Хорлоод сая нэг чөлөө олдож, дурлалт хосууд Хорлоогийн хөлсөлж суудаг хуучны “Хүрээ” айлын дааман хаалгатай, өндөр шургааган хашаанд байх олон хаалгатай заамал дүнзэн байшингийн нэг жижиг өрөөнд аз жаргалыг эдлэн амраглан жаргасан билээ.
…Толгойны боолтыг нь тайлж, сүүлчийн удаа шархны оёдлыг нь авсан өдөр Базарт цэргийн яамнаас нэг тушаал ирлээ. Базарыг хуучин ангид нь салааны даргаар дэвшүүлж, шууд дэслэгч цол өгчээ. Уг тушаалд Бүх цэргийн өрлөг жанжин Чойбалсан гарын үсгээ зурсан байсан юм. Дэслэгчийн цол тэмдэгтэй, шинэхэн дүрэмт хувцас өмссөн залуу дэслэгч Базар эмнэлэг дээр салах ёс гүйцэтгэхээр ирэв. Тэр өдөр Хорлоо жижүүртэй байсан төдийгүй өглөө нь цэргийн яаман дээрээс дивизийн шинэ дарга хурандаа Дандарын машинд суун явах аз таарчээ. Сувилагчын өрөөнд тэр хоёр шөнө дөл болтол хамт ярилцаж суулаа.
-Хорлоо минь, чамтай энд тааралдаж учирсанаа би мартаж яахин чадах билээ. Маргааш би анги руугаа буцах учраас өнөө шөнө чамтай хамт “жижүүр” хийж хоноё
-Унтаж амрахгүй бол маргааш замдаа ядарна даа... Чи энэ орон дээр унтаж амрах уу? Би чамд гал зуухны тогоочийг гуйж бууз хийлгэсэн. Чи хэдэн бууз идэж чадах вэ?
-Хорийг...
-Энэ саванд гучин бууз бий.
-Арай л их байна. Арвыг нь чи ид...
-Энэ данхтай халуун цайг уу. Хол явахаараа чи ид. Би түрүүн гал зууханд жигнэж байхдаа ханаталаа идсэн.
-Өөр даруулга бий юү?
-Ямар даруулга?
-Яахав дээ, нэг байдаг даа... Халуун буузтай хамт юу яадаг даа... Чи санахгүй байна гэжүү?... Өөр даруулга байхгүй бол чамайг “идэж” орхино шүү...
-Дэслэгч Базар битгий дүрэм зөрчөөд марзагнаад байгаарай. Би чамд нэг лонх “монополь” авсан л даа. Гэхэдээ энд цэргийн эмнэлэгт “хориотой”. Мэдээж би ажилтай болохоор амсахгүй. Харин чи ууж болох юм уу би сайн мэдэхгүй байна. Саяхан чи хүнд хагалгаа хийлгэсэн хүн ууж болохгүй байх аа.
-Муугийн ёс биш монголын ёс. Ёслоод уруулдаа хүргэчихье.
-За даа тэр нь дээр байх аа... Чи буузаа халуун дээр нь ид. Дараа нь амар.
-Цэрэг хүн ганц шөнийн нойрыг даах байлгүй дээ. Санаа бүү зов Хорлоо минь. Чи бол нойр хоолгүй хэдэн шөнө ч ажилладаг шүү дээ. Хамгийн гол нь маргааш би явна. Эргээд чамтай хэзээ уулзах бол гэхээс сэтгэл минь догдлоод... Эрвээхэй хархан нүдийг чинь дахиж харах бол уу гэж бодохоос дотор давчдаад... Чамайг харан харан баясан суухадаа би хэзээ ч уйддаггүй. Чиний энхрий ялдам аашинд уярч, торго шиг зөөлөн үсийг илэн суухад хичнээн сайхан бэ? Аз жаргал гэдэг эр эм хоёр хүн бие биендээ хайрлан дурлахыг хэлдэг байнам. Хайр гэдэг хүний хамгийн сайхан нь тодорч, хүний сэтгэлийг ариусган хөглөж өгдөг уянгын хөгжим эгшиглүүлсэн хорвоогийн гайхамшгийг надад төрүүлж, сэтгэл зүрхийг минь эзэмдсэн чамдаа хичнээн хайртай болсоноо мянган дахин хэлээд хэлээд дуусашгүй. Орчлонгийн хамгийн сайхан өнгөөр миний нүдэнд туяаран гялбасан, хамгийн сайхан хоолойгоор алтан гургалдай шиг донгодсон тэр л түмэн сайхны цогцлол болсон хайрын орчинд чамтайгаа эдлээгүй жаргалаа эдэлж, амсаагүй амтыг мэдэрч, жарган цэнгэсэндээ би туйлын баяртай байна. Гэгээн зүүдний ярууханд минь гэрэл цацруулсан чиний хайр намайг хөглөж, орчлонд би дахин төрсөн юм шиг ямар тунгалаг ариун бодол тархи толгойд минь эгшиглэж, уужим энэ хорвоод чамтайгаа учирсан азтай хувь тавилан минь эгнэгт үүрд чамайгаа хайрлаж явахыг надад оноосон нь юутай бахтай вэ. Чамайгаа маргааш өглөө болтол нүдээ цавчихгүй харж хоноод, хүрэн зүрхнийхээ чанадад энэ эгэл ариун дүрийг чинь хадгалан хайрлаж явах болно. Яагаад ч юм бэ маргаашнаас эхэлж чамтайгаа хамт байхгүй гэж бодохоор чамайг зүүдэндээ тодортол дүр төрхийг чинь нүдэндээ шингээгээд явъя.
-Ямар мундаг ярьж байна аа... Уранзохиолч хүн шиг...
-Мэдэхгүй ээ, цээжнээс өөрийн эрхгүй урсаад байна...
-Базар минь, надад ч гэсэн хүнд байна. Инээд гэрэлтэж, аз жаргалын оч цацарсан чинийхээ царайг эргэн хараасай гэж зүрх сэтгэлдээ мөргөж байна. Хайрандаа толгой эргээд хамаг байдагаа мартажээ. Чамтайгаа хамт патиараа ч авахуулж чадсангүй. Өглөө эрт гарвал энүүхэн хойшоо нэг хятад зурагчин байдаг юм. Өглөө хоёулаа мартахгүй байж байгаад тийшээ хальт дайрахыг бодъё. Тэндээс морин тэрэгчин хөлслөөд цэргийн яам орж, чамайгаа би үдэж өгье. Амьд мэнд эргээд ирвэл сэтгэлт чамайгаа хүлээгээд муу Хорлоо нь ажлаа хийгээд сууж байна шүү дээ. Аяндаа мэнд яваарай хонгор минь Амар болоод мэнд суувал уулзана шүү дээ гэдэг шүү дээ. Энэ дууг дуулаад эр нөхөр чамайгаа эсэн мэнд ирэхийг ерөөгөөд ирээдүйн амьдралаа зөгнөн эхнэр хүн шиг хүлээж суунаа би...
-Чи ямар гоё үг хэлнэ вэ? Эхнэр нөхөр гээд... Энэ тухай боддоггүй би мөхөс хүн ээ.. Нээрэн, чи бид хоёрын “эхнэр нөхөр” болохыг эмнэлэг даяараа хүлээн зөвшөөрсөн шүү дээ... Баярлалаа чамдаа. Ангидаа очоод би эхнэртэй болсоноо ярина. Чиний минь захиа байн байн ирээд цэргүүд над руу атаархсан харцаар хараад... Сайхан бүсгүй юү? гэж асууна. Тиймээ энэ хорвоогийн хамгийн сайхан бүсгүй. Нар шиг гэж хэлнэ...
-Нар бол чамайг түлдэггүй юм уу?
-Чи намайг түлэхгүй. Чи намайг гийгүүлдэг. Тэр илчинд чинь би “Жаргалтай дэлгэр цаг”-ийг дуулдаг... Тэр чамд хайртай юу? гэж асууна. Тиймээ тэр намайг “үхээд” босоход минь тосч авсан авралын нар гэж хэлнэ.
-Дахиад л “нар”...
-Сар гэж хэлэх юм уу?
-Сар ч хүйтэн шүү дээ...
-Нар гэх нь зөв байгаа биз дээ.
Тэр хоёр бие биенийгээ шоолж инээлээ.
-Наран минь...
-Саран минь...
-Хайрт минь...
-Хонгор минь ингэхэд хэдэн бууз идсэн бэ? Тоолноо... Арван найм. Дахиад хоёрыг ид. Тэгээд хорь болно. Май ид.
-Ярих завсраа идээд байсан. Одоо зай алга.
-Чи амалсан шүү дээ. Хорийг иднэ гэж.
-Ямар хэцүү юм бэ, хайр бүсгүй минь буузаар шийтгээд байх юм.
-Амтгүй байна уу?
-Амттай гэж арааны шүлс асгарам. Гоё амттай бууз хийж дайлсан чамдаа баярлалаа. Гэвч бодоод байсан чинь хамгийн амттай нь чи юм аа...
-Буузаа ид. Битгий олон юм яриад байгаарай, нөхөр цэргийн даргаа...
-Нөхөр сувилагч аа, би танд тушаах эрхтэй хүн шүү.
-Тэгээд тушаагаач...
- Нөхөр сувилагч аа, буузаар шахахаа боль. Хориос илүүг барахгүй нь ээ...
-Дэслэгч цолтой хүн гээд байгаа шүү. Гучин бууз идчихгүй...
-Цолоороо иддэг бол маршал зууг идэх нь...
-Аяар гэм, хүн сонсчихно...
Богинохон ч гэсэн тэр шөнө уянгын шөнө байлаа. Ховорхон ч гэсэн тэр хоёрт олдошгүй мөч байв. Хайрын уянгаар уянгалсан үг яриа нь хичнээн сонсголонтой, хайраар гэрэлтсэн нүд, халуу дүүгэсэн бие нь хичнээн дулаан илчтэйг тэр шөнө тэдэнд ойлгуулсан юм.
...Нэг мэдэхэд өглөө. Хаврын өдөр уртассан болохоор үүрийн гэгээ төдхөн манхайн цайлаа. Удалгүй наран мандаж, эртлэн боссон цэргийн хувцастай хүмүүс, цэргүүд ачсан их буу чирсэн бүхээгтэй машинууд дорно зүгийг чиглэн одох нийслэл хотыг гэгээн туяагаараа чимэглэв. Тэр хоёр зургаа авахуулахын тулд эхний сувилагчыг ирмэгц зөрөөд гүйлдлээ...

х х х

Базар цэргүүддээ тулаанд орохын өмнө тушаал даалгавраа өгч, хүн бүрд хийх ёстой, гүйцэтгэх үүргүүдийг нь нарийн тодорхой хэлж өгнө. Наранд боргошсон цэрэг эрсийн хатсан уруул дээр цус шүүрнэ. Халуун ч шатах гэж үзүүлж өгч байлаа. Төмөр дуулгандаа гар хүргэхэд л хурууны өндөг хайрна. Харуй бүрүй болохоос өмнө манхан уруу дайрах ёстой. Эс тэгвээс харанхуй шөнө дайснаа ч ялгахгүй өөрсдийгөө ч ялгахгүй ишиг хурга нийлсэн юм шиг “холион бантан” болно...
-Мориндоо гэж Базар эрдүү дуугаар тушаалаа. Цэрэг эрс жадтай буугаа үүрч, ган сэлмийнхээ ишнээс атгацгаалаа.
-Өдөр ярьсан яриаг цааш нь хэн нэгэнд ярьж болохгүй. Энэ бол бид бүхний нууц. Цэргийн нууц ойлгоо биз? гэж Базарыг анхааруулан хэлэхэд цэргүүд,
-Мэдлээ гэж товчхон хариулав.
-Пулемётчид хоёрдугаар эгнээнд явж, өндөрлөгийг эзэлсэний дараа ашигтай байрнаас бусдыгаа хамгаална. Шархтнууд арын эгнээнд. Нэгнээсээ огт хоцорч болохгүй. Нэгэн хүн шиг зэрэг дайрна... Эх орныхоо төлөө урагшаа, нөхөд байлдагчид аа...
Гэнэт морины хурдаар харцага шонхор мэт довтлон ирэх морьтонгуудын бараанаар хоол ундаа идэх гэж овоорсон японы цэргүүд учраа олохгүй үймэлдлээ. Эр зоригт дайчин даргаа хана шиг дагасан морьт цэргүүд ирт сэлэмийнхээ ирээр дайсны толгойг цавчсаар Элст манхны өөд үерийн ус шиг шаагин оров. Ийм гэнэтийн юм болно гэж дайснууд огт бодоогүй байсан бололтой манхны орой дээр байрласан их буучид нь савх будаа хоёроо барин алмайран зогссон чигтээ толгойгоо хяргуулна.
Дайралт амжилттай төгсөж, Элст манхны эргэн тойронд бугшсан дайсан учир замбараагүй тарж сарнилаа. Харуй бүрүй болсон тул дайснууд эсэргүүцсэнгүй тал тал тийшээ хулжин тарав. Базар цэргээ цуглуулж, агт морьдоо түр амраах зуур тушаалыг биелүүлж, Элст манхныг эзэлсэн болохоо дуулгахаар харанхуй болмогц хоёр дахь удаагаа мэдээ хүргүүлэхээр нэг самбаалаг цэргийг дайсны хувцас өмсгөн явуулав. Харанхуйд дайснууд дайралт хийхгүй. Харин өглөө хэцүүхэн юм болно гэдгийг хэн хүнгүй ойлгожээ.
Маргааш өглөө нилээн халуухан юм болно гэдгийг Базар сайн мэдэж байлаа. Мэдээчин замдаа “будилах”-гүй мэдээ хүргэж чадвал өндөрлөгийг хамгаалахаар нэмэлт хүч ирэх нь тодорхой. Туслах хүч иртэл тэсэх хэрэгтэй. Эх орны даалгаврыг нэг удаа биеллүүллээ. Одоо хоёр дахиа биелүүлэх хэрэгтэй. Тэгж баймааж л даалгавар биелэгдсэнд тооцогдоно. Ухрах юм бол урвагчид тооцоно. Хоёр өдөр өлмөн зэлмэн явсан цэргүүд маргаашийг л тэсэхээс өөр аргагүй.
Тагнуулд явуулсан хоёр цэрэг жижиг торхтой уснууд, савтай хоол хүнсний зүйл хаяж одсон дайсны гал зуухны майхнаас олж иржээ. Цэргүүдэд усаа тарааж уулгаад, илүүгий нь мориндоо өглөө. Савтай хоол ундны тагийг онгойлговол халуун ногоотой сүмстэй шанцай, загас гэхэд загас биш арзайсан өргөстэй хорхойнууд, том хар дунгууд дүүрэн байв.
Сумын заан гэгдэх махлаг цэрэг халуун ногооноос амсаж үзсэнээ “Пөөх ямар халуун юм бэ?” гээд шүлсээ хаян огиж сүйд боллоо. Шавилхан биет цэрэг “Чи арай хор идсэн юм биш биз?” гэж сэжиглэн нөгөө цэргийн нуруун дээр дарна.
-Өт хорхойноос өөр идэх юм алга
-Идэх хоолгүй болоод муусайн самуурайнууд манай нутаг руу шүлсээ гоожуулж байхгүй юү
-Энэ японууд усан дунд өөдсийн чинээ арал дээр амьдардаг гэнэ лээ
-Бороо ороод үер болбол хэцүүдэх юм байна даа
-Тэгвэл далайдаа ороод хорхойгоо түүж идэх байлгүй
-Эд чинь могойны мах иддэг гэсэн шүү
-Лусын хорлол болмоор амьтад байна даа
-Тэр арал дээр уул, мод гэж юм байдаг бол уу?
-Байгаа нэг нь галт уул юм гэсэн. Байн байн пан гээд дэлбэрдэг...
-Амьдрах газаргүй болоод дайн хийгээд байдаг золигнууд байна шүү дээ
-Япон хүн болж төрсөнөөс монголдоо морь болж төрсөн нь дээр хө.
-Хэлдэг үг.
-Далайн цаадахь чөтгөрүүд чинь будаа иддэггүй хэрэг үү?
-Иддэг байх аа. Чи будаанаас нь идмээр байгаа юм уу?
-Мэдсэн бол аваад ирдэг байж дээ. Тогоо дүүрэн нялцайсан цагаан юм байхаар нь яасан жонхуу шиг эд вэ гээд орхичихсон юм. Тэр л одоо агшаасан будаа байж шүү дээ. Харин нэг архи шиг амттай юм байна.
-Алив, надад амсуулаач
Цэргүүдийнхээ хөгжилтэй яриаг сонсож суусан Базар архины яриа гарахад сэртэсхийлээ. Юу ч олсон юм билээ... Эргэдэг таглаатай төмөр саваар дүүрэн үнэхээр архи байлаа.
-Даргаа та амсаж үзээч, манай шимийн архи шиг... Би түрүүн нэг балгаад амжсан. Боломжийн л амттай юм.
Базар савны тагаар хийж өгсөн шингэн зүйлийг үнэртэж үзсэнээ нэг балгаад авав. Уусаны дараа хоолойгоор нэг бүлээн юм халуу оргиод явчихав.
-Олзыг олуулаа... хуваагаад хүртнээ...
Базар цэргүүддээ хандан,
-Их ууж болохгүй шүү. Харуул хамгаалалтаа чангатгаж, сонор сэрэмжтэй байх ёстой. Бидний эргэн тойрон дүүрэн дайсан байна гэж хэлэхэд шавилхан цэрэг,
-Өлөн ходоодоо халуу оргиулаад нэг удаа хуурчихъя. Тэгээд ч даргаа энэ жаахан юм энэ олон хүнд амсахын төдийхөн юм гэж даргаа аргацаана.
Тагнуулчид хоёр ч дуран, мөн өдий төдий гар бөмбөг авчирсан нь даргад таалагдлаа. Ер нь ойр орчинд байгаа буу зэвсгийг цуглуулж, үхсэн самуурай нарын хүүрээр бэхлэлт босгох хэрэгтэй гэж Базар бодлоо. Дайсан ч гэсэн хүний шарилыг хүндэтгэн оршуулах хэрэгтэй ч торойх хад чулуугүй элсэн манхан дээр хаалт саад хийхийн тулд дайсныхаа хүүрийг ч ашиглахаас өөр зам байсангүй.
Өглөө болтол хэн ч унтсангүй. Бүгд хориглолт бэхлэлт хийж, буу сумаа бэлдэж, маргаашийн тулалдаанд өөрсдийгөө зоригжуулна. Үүрийн өмнөхөн бөөн хар үүл гарч ирж, хэдэн ширхэг бороо дуссан боловч үүрэглэн буй суугаа хэвтээ дайчдыг бараг оносонгүй өнгөрөв. Төмөр дуулган дээр пүдхийн дусалсан борооны дусал тус бүрдээ бодол болсон цэрэг эрсийг цочоож чадсангүй. Эх эцэг, эхнэр хүүхэд, гэр орноо санан бодлогоширсон дайчид үүр тэмтгэрэхэд нойр нь хүрч эхэлсэн боловч хэн нэгнийхээ ханиалган чимээ өгөх дуугаар бие биенийгээ дугтран сэрээж сэргэг гэгч нь өглөөтэй золголоо.
...Хорлоогийн царай нүдэнд нь харагдах шиг болоход Базар бүр гайхав. Хар үүлэн дунд гэрэл цацарч, Хорлоогийн төрх тодроод ирлээ. Ухаан ороход нь өөдөөс нь инээмсэглэн харж байсан мөнөөхөн усгал хар нүдээрээ Хорлоо Базарын дээрээс тонгойн ширтэж “Сайн байна уу? Хайрт минь. Чамайгаа би хичнээн их санана вэ?” гэж хэлэх шиг... “Хорлоо минь удахгүй би чамдаа очноо. Дайснаа дараад дархан цолоо мандуулаад очноо” гэж шивэгнэн хэлтэл эргэн тойронд их бууны сумны дэлбэрэх дуу сонсогдлоо.
Хаанаас буудаж байгаагий нь тогтоохоор Базар дурангаа аван их буугаар галлах зүг дурандвал өчигдөрхөн бүслэлтээс гарсан зөвлөлтийн механикжсан хорооны зүгээс буудаж байгаа нь мэдэгдэв. “Юу болох нь энэ вэ? Холбоочин мэдээ хүргээгүй хэрэг үү?” гэж гайхсан Базар ойрхи газрын байдлыг барагцаалан, өөрийн болон дайсны байршлыг тогтооход яах аргагүй л орос цэргүүдийн байршил мөн байлаа.
Их бууны сум энд тэндгүй тусаж, элс шороогоор нүүр амгүй булна. Хооронд нь цулбуураар холбосон морьдын дэргэд нэг сум дэлбэрэхэд үргэсэн морьд уяа цулбуураа тасчин манхны хормой руу таран давхилдлаа. Базар хоёр цэрэгт морьдоо барьж тогтоох үүрэг өгөөд өөрөө тугны эрэлд гарлаа. Сумангийн туг эхний өдрийн тулалдаанд тал нь шатсан тул тугны ишинд ямар нэгэн улаан даавуу олж уях хэрэгтэй болов.
Яах ийхээ олохгүй зүг зүгт харвал манхны оройд дайсны их бууны дэргэд унасан самуурайн туг харагдлаа. Голдоо дугуй улаан нар бүхий дайсны цагаан тугийг бүхэлд нь улаан болохын тулд улаан будаг хэрэгтэй байв. Хуруу гараа огтолж цусаа гоожуулах уу? гэж тээнэгэлзэн хутгаа гаргах хоорондоо манхны дунд хэвтэх шархадсан морийг олж харлаа...
Манхны оройд ув улаан туг бослоо. Нойтон цустай тул хүнддээд өглөөний салхинд намирахгүй байсан учир Базар тугаа гартаа бариад толгой дээрээ нааш цааш эргүүлэн дохио өгсөн ч их бууны галлалт зогссонгүй. Гал улам ширүүсэж, их бууны дэлбэрэх сум юу юугүй манхны оройг тасдаж хаях нь ээ... Сум манхны оройг онгичин дэлбэрч бөөн гал утаан дунд чихээ гараараа тагласан цэргүүд үүрээ сандчуулсан зөгий шиг ийш тийш харайлдана. Үхсэн самуурайн хүүрээр халхалсан хаалтнаас өөр тэдэнд хоргодох газар алга. Үхдлээр биеэ хаахгүй бол амьд үлдэх найдлага байсангүй.
Хэд хэдэн цэрэг сумны дэлбэрэлтэнд өртөн амиа алдлаа. Хөл нь тасарсан нөгөө сумын заан цусаа урсган амь тэмцэн орилно. Тэгтэл тэдний дээгүүр арваад онгоц гарч ирлээ. Ойртоход нь дурандвал японы онгоцууд... Онгоцнууд ойртонгуут Базар тугаа яаравчлан нуув. Тэдгээр онгоцнууд манхны дээгүүр хоёр эргэсэнээ их буугаар буудаж байгаа зүг чиглэн нислээ. Төдөлгүй тэнгэр газар нийлсэн мэт утаа шороо босож, зөвлөлтийн их бууны батерей тоос шороонд дарагдав.
Адууны нойтон цустай туг барьж хамаг хувцас, гар хөл нь улаан болсон Базар махны яргачингаас дутахааргүй аймшигтай харагдана. Гучаад цэргээс тал орчим нь үлджээ. Тэдэнд тэр хаанаас их буугаар буудсаныг хэлсэнгүй. Ийм тохиолдолд тэр тухай ам нээж огт болохгүй. Үлдсэн цэргээ босгож, шархадсаныг нь боож өглөө. Их бууны сумны дэлбэрэлтэнд үргэж дайжсан морьд хулжин оджээ... Бүр ч амар боллоо. Морьд ч үгүй цэрэг ч үгүй. Хамгийн харамсалтай нь өөрийнхөө талынханд газарт булуултал ниргүүлсэнд...
Манхны бэлээр дайсны цэргүүд жагсан ирж явлаа. Нөгөө тал руу харвал бас л самуурай нар урт жагсаалаар давшиж яваа харагдав. Манхныг дөрвөн талаас нь бүсэлжээ. Оросын суманд үхэж байхаар самуурай нарын суманд үхье. Үхэн үхэтлээ хэдэн самуурай хороохыг бодъё гэж эцсийн бүлэгт Базар эрс шийдлээ. “Цусан гавъяаны улаан тугийн одонт” монгол цэргийн гараас та нар гарахгүй дээ. Гарахгүй. Орлогч жанжин одон гардуулж, өрлөг жанжин салаан дарга болгож, “Алаг морьт” дивизийн дарга машинаараа ангид нь хүргэж өгсөн МАХЦ-йн дайчин эр би өргөсөн тангарагтаа үнэнч. Хайртай бүсгүй Хорлоогийнхоо төлөө, халуун хайртай эх орныхоо төлөө халдан ирсэн харийн дайсан та нартай хатуу тооцоо бодноо...
Их бууны буудлагаас амьд үлдсэн дайчин нөхөд нь түүнийг тойрон эцсийн тулалдаанд амь хайргүй тулалдахаар эгнэн жагсчээ. Даргынхаа зориг бадарсан нүдийг хараад цэргүүд улам зоригжин, эцсийн цусаа дуустал эх орныхоо төлөө шантрашгүй тэмцэхэд сэтгэл шулууджээ... Гэтэл шавилхан цэрэг дайсны нурсан шуудуунаас их бууны хайрцагтай сум цухуйж байгааг хараад тийшээ харайлаа. Элсэнд дарагдсан хайрцагтай сумыг ухаж гаргасан тэд хажуугаараа унасан дайсны их бууг хамжин босгоод дарга руугаа асуусан харцаар харлаа.
Дарга та л буудахгүй бол бид үүнийг чинь мэдэхгүй шүү дээ гэсэн асуултыг тэдний нүднээс олж харсан Базар тэдэнд хэрхэн сумлахыг зааж өглөө. Бага даргын сургуульд байхдаа Базар их бууны анги дээр долоон хоног бэлтгэл хийсэн нь азтай хэрэг. Тэгээд ч японы явган цэргийн хөнгөн их буу буудахад нэг төвөгтэй эд биш байжээ. Зайгаа тооцоолоод, ил хараагаар буудахад байгаа ононо. Манхны орой дээрээс дөрвөн зүг найман зовхист бүх юм алган дээр тавьсан мэт ил харагдах нь Элст манхны цэрэг дайны ач холбогдол өндөр байсаныг илтгэнэ. Энэ өндөрлөг дээр хэний туг намирахаас өнөө маргаашийн ялалт амжилт тодорхойлогдоно. Ер дайны эзэн сахиусыг өөгүй талд шовойсон энэхүү элсэн манхны оройд залахгүй бол хаана залах билээ. Магад ч үгүй хүний өөрийн цэргийн сүнс энэ цэгт заларсан юм билүү, хэн мэдлээ...
-Ил хараагаар зүүн зүг. Буудаад.
Эхний сум дайсны өмнөхөн тусахад дайснууд түр зогсоцгоолоо. Базар их бууны хошууг ялимгүй өргөж тааруулаад “Галлаад” гэж тушаалаа. Энэ удаагийн сум байндаа туслаа. Баярлаж хөөрсөн цэргүүд “ура” хашгирч хоёр нь их бууны сум хайхаар япончуудын суурин хориглолт хийхээр төлөвлөж, мод банзаар дутуу хийсэн шуудуу руу хүрз барин оров.
-Баруун тийш эргүүл. Сумлаад. Галлаад...
-Даргаа, одоо нөгөө тийш нь...
-Их буу гэдэг чинь ийм ид шидтэй эд үү?
-Бид ингээд их буучин боллоо доо.
-Ярих яах вэ, сум авчир. Пулемётчид байрандаа. Ойртож байгаагий нь устга.
Хөнгөн их буу тэдэнд тун их нэмэр болжээ. Манхныг тойрон нэгэн эгнээгээр давшиж байсан дайсны цэргүүд тарж бутраад, эгнээ жагсаал ч үгүй болсон бөгөөд нүүрээрээ элсэнд шурган хэвтэж, хөдөлж чадахгүй болов. Их бууны сум буудах тусам бай-гаа мэргэн онох нь бахдалтай. Цэрэг эрс үүнд урамшиж, би галлая, чи сумалла, хүлээж бай би нэг үзье гэж их буугаа булаацалдах шахна.
Цэргүүдийн урам орсон энэ байдлыг ажигласан Базар өөрөө ч баярлаж, Баянцагааны тулалдаанд амь үрэгдсэн улс төрийн удирдагч Гэлэгбаатарыг дурслаа. Тэр дарга их буучдыг удирдан дайсны бүслэлтэнд баатарлагаар тулалдаж амь насаа алдсан гэдэг. Түүний тухай буудах завсраа цэргүүддээ Базар ярьж амжив. Баатарлаг үйлс болгон дараагийн баатарлаг гавъяа байгуулах хүмүүстээ үлгэр дуурайл болж байдаг болохоор даргынхаа ярианд бүгд сэтгэл хангалуун байлаа.
-Даргаа, би нэг хараалаад үзэх үү? Болмоор санагдаад байна гэж нэг цэрэг үнэн сэтгэлээсээ Базараас гуйв.
-Сайн тооцоолж буудаарай. Сум гарздаж болохгүй шүү.
Хорь орчим сум тавьсаны дараа эргэн тойрон нил утаа май болов. Гэвч дайсан этгээд зүгээр суусангүй миномётчид авчирчээ. Миномётын сум оросын их бууны сум шиг огли тусахгүй ч манхны толгойг тойруулан оновчтой буудаж эхлэв. Нэг пулемётчноо алдлаа. Нэг цэрэг шархдав. Япон цэргийн хүүрээр хийсэн хаалтаар халхлан самуурай нарын ухсан хуучин нуувч руу түр шургахаас өөр аргагүй болов. Дайсны галын буудлага зогссоны дараа элс шороо болсон дайчид чих ам руугаа орсон элсийг нулимсаар босч ирлээ.
Их бууны хошуу миномётын сумны дэлбэрэлтэнд тахийчихжээ. Дайсны их бууг өөрийн юм шиг тэврэн авсан Базар гараараа тахийсан хошууг илж,
-Аз дутлаа. Дахиад таван сум байсан юм гэж харамсан өгүүлэв.
Гээд яах вэ дээ, гараа өргөөд бууж өгөлтэй биш. Нуувчинд хэвтэж дайсны ойртон ирэхийг хүлээлээ. Гар бөмбөгөө хүн бүрд тараан өгч, хэрэгтэй үед дайсанд олзлогдохгүй өөрсдийгөө дэлбэлэн үхэхээр болов. Бүгд гар гараасаа атгалцаж, эцсээ хүртэл тэмцэхээр нүд нүдээрээ бие биентэйгээ ойлголцож байлаа...
Гэтэл шавилхан цэрэг хүүрэн нуувчнаас өндийсөнөө даргаа “Манайхан” гэж гэнэт баярлан хашгирав. Базар дурангаа авч шороо тоос манаруулан ирэх морьт цэргийн түрүүчийг дурандлаа. Сэлэм гялалзуулах морьт цэргийн түрүүнд алаг морьтой, урт нөмрөгтэй хүн ухран зугтах самуурай нарын толгойг тас хяргасаар ойртон ирж явна. Аймшиггүй зоригт энэ дайчин цогтой даргын тухай монгол цэргүүд байтугай самуурай нарын дунд үлгэр домог шиг яриа тархсан тул алаг морь унан түрүүлэн давхих дивизийн дарга Дандарыг хараад айн хулчийсан дайснууд үлгэрийн баатраас зугатаж яваа мэт амь наана там цаана гүйцгээнэ.
...Базар нэгэн удаа дарга нарын цугларалтаар Дандар хурандаагийн яриаг дэргэдээс нь сонсох завшаан олдож билээ. Дөнгөж Тамбовт морин цэргийн даргын сургууль төгсч ирсэн Дандар арван долдугаар хорооны дарга байхдаа таван сарын тулалдаанаас л алдар нэр нь түгсэн хүн. Манхны руу зугтаж явсан самуурайн толгойг тас цавчтал толгойгүй бие нь өөрөө доошоо гүйсээр байгаад манхны бэлд очоод унаж билээ гэж ярихад нь Базар нүдээ бүлтийлгэн, чихээ дэлдийлгэн сонссон юм.
Офицерууд энэ тухай хожим маргалдахад нэг орос сургагч тэдний маргааныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлан тасалж өгчээ. Хүний тархи сэтгэхүй хүнийг удирддаг. Тархинаас ямар нэгэн “тушаал” аль нэг эрхтэнд очоогүй үед хөдөлгөөн буюу үйлдэл үүсдэггүй. Алаг морьтон Дандарыг харсан самуурай алах нь намайг гээд айгаад зугтаж л дээ. Мэдээж тархинаас мэдрэлийн судлуудаар дамжин нугасанд “үүрэг” өгч, хүний мөч хөдөлгөөнд орсоноор уруу газар эрчээрээ гүйжээ. Тэгтэл Дандар баатар толгойгий нь цавчиж. Толгойгүй бие нэгэнт “даалгавар” авсан тул өөрийн инерцээр гүйсээр тэгш газар очоод эрч нь саарахад нэвсэгхийн унасан юм. Тархинд төрсөн мэдээлэл хүний биеийн хэрэгтэй газар очсоноос хүн хөдөлгөөн хийдэг гэж тайлбарлажээ...
Цусандаа хутгалдсан, шороо элсэнд дарагдсан, хувцас хунар нь салбайсан Базарын хэдхэн цэргийг дивизийн дарга өөрийн нүдээр хараад хамрын самсаа нь шархирч, цэрэг хүний ёсоор хайр харамсал нь огшиж, нүдний нулимс нь цийлэгнэн, “Та нар жинхэнэ баатрууд” гэж тэвэрч аван үнсэж билээ. Шөнө явуулсан мэдээ хүргэгчийг орос цэргүүд “японы туршуул” гэж сэжиглэн, саатуулан хорьсон бөгөөд өмнөх өдрийн тулалдаанд ихээхэн хохирол амссандаа шаралхан, Элст манхныг өглөөжин их буугаар буудсан ажээ.
Харин тэдний галыг японы тагнуулын бөмбөгдөгч онгоцнууд санаандгүй зогсоосон гэдэг. Эхний өдөр явуулсан холбоочин орос цэргүүдэд Базарын одонг үзүүлэн, арай гэж хэл нэвтэрсэний хүчинд дивизийнхээ штаб руу хүргүүлжээ. Улаанбаатараас Матад хүрэх замд нэг нутаг Булганых хэмээн дотно танилцсан хурандаа нэг удаа хот ороод ирэхэдээ Хорлоогийн захиаг биеэрээ авчирч өгч байсан удаатай... Холбоочноос мэдээ сонссон дивизийн штабынхан бүслэлтэнд сарнисан хороог эгүүлэн нэгтгэхийн тулд Элс манхныг зорин нөөцний морьт хороог хүч нэмэн дайчлан илгээжээ. Илгээх илгээхдээ дивизийн дарга өөрийн биеэр удирдаад ирнэ гэдэг ямар сайхан гээч.
Оросын их буучдын бодлогогүй явдалд хурандаа тун уурсчээ. Хэдийгээр зөвлөлтийн их бууны дивизион японы онгоцны дайралтанд бараг бүрэн сүйрсэн ч хурандаа Дандар энэ тухай маршал Жуковт хэлж, уг механикжсан зөвлөлтийн хорооны дарга нарыг шүүмжилж, арга хэмжээ авахыг сануулан хэрэг зарга хийж явсан юм. Хамтын уялдаагүй цэрэг дайны ажиллагаа хэн хэндээ бурууг тохсон нь мэдээж. Хэтийдсэн зоригтой тулдаа л Дандар баатар зөвлөлтийн цэргийн удирдлага нартаа шөргөөлдөж, монгол цэргийнхээ нэр төрийг хамгаалан тэмцэж явсан юм.
Дайн бол хэнийг ч хайрладаггүй бусармаг үйлдэл. Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг. Тэр тусмаа Халх голын дайн дэлхийн хоёрдугаар дайны түүхэн хувь заяаг шийдсэн их дайны эхлэл байжээ. Том гүрнүүдийн нөлөөллөө тогтоох гэсэн мөргөлдөөний талбар бол энэ дайн байсан юм. Наймдугаар сард Квантуны арми цэргийн хүчээ үлэмж нэмэгдүүлж, томоохон дайралт хийсэн ч наймдугаар сарын сүүлчээр явуулсан зөвлөлт-монголын цэргийн хүчит давшилтанд дахин өндийхөө больтол бут цохиулсан ажээ.
Наймдугаар сарын хоринд тэнгэрийг үүл шиг бүрхсэн зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцны агаарын сүрт довтолгооны дараа зөвлөлт-монголын нэгдсэн армийн хүч японы зургадугаар армийг бүслэн авахад сумангийн дарга болж дэвшсэн ахмад Базар дивизийн дарга энэ дайны дараа Монгол улсын гарамгай баатар цолоор шагнуулсан дивизийн дарга хурандаа Дандарын удирдлаган дор Хайлааст манхны чиглэлд цэргээ удирдан баатарлагаар байлджээ.
Есдүгээр сарын арван зургаанд Москвад японы тал зөвлөлтийн төлөөлөгчдийн хамтарсан хурал болж, дайны галыг бүрмөсөн зогсоосон билээ. Гудамжинд шонгийн модонд зоосон хонхон цэцэг шиг хэлбэртэй том радиогоор дайн дууссан мэдээг сонсож зогссон Хорлоо баярын нулимс дуслуулан зогсоходоо гэдсэнд нь бүрэлдэн буй хүүхдийн эцгийг эсэн мэнд эргэн ирэхийг зөнгөөрөө мэдэрч, хайртай бүхнээ хамгаалан тулалдаж яваа дайчин эрийг бахархан хайрлах сэтгэл нь улам бадран асчээ.
Гэсэн ч цэрэг хүний амьдрал үргэлж хүний өөрийн бууны суман дор явдагыг янаг бүсгүй яахин мэдэх вэ. Тэр өдөр Базар Баянтүмний Дотоод Яамны тусгай хэлтэст Элст манхны тулалдааны үеэр цэргүүддээ элдвийн эсэргүүн мэдээлэл тараасан хэргээр хэрэгтний суудалд сууж байлаа. Харин түүнийг өмгөөлөхөөр дивизийн дарга нь машинтайгаа Матадаас өглөө гараад хараа цуцам их талын дундуур зурайсан энхэл донхол замаар тоос манаруулан давхиж яваа. Дарга нь цэргээ хайрлаж, цэрэг нь эх орноо хайрладаг нь хязгааргүй үргэлжлэх өргөн уудам говь тал нутгийнхны унаган зан билээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.