04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Эрчүүдийн халаасанд юу байх ёстой вэ? -/Адал явдалт өгүүллэг/

Зөвөлгөө өгөх нь гэж битгий горьд. Зөвхөн би яаж "паакталсанаа" шуудхан яръя. Өчигдөр орой ажил хэргийн "чухал" уулзалтанд явсан ухаантай. Тэгэхэдээ та нарыг намайг "мулзлах" гэсэн өнгөрсөн шөнийн бүлэг "дээрэмчидтэй" огт "холбоогүй" гэж бодоод итгээд ярьж байгаа юм шүү.

Хотын төвийн нэг дориухан ресторанд урьдчилан утсаар ярьж тохирсон "ажил хэргийн холбоо" тогтоох хүнтэйгээ уулзлаа. Надад цуглуулсан хэдэн төгрөг байдаг юм. Нээх их олон биш ээ. Зуун саяыг хоёрт хуваагаад хариу нь гээд бодчих. Ганц өрөө гайгүй байрны мөнгө байгаа биз. Ядахад би хэзээний "Ганс Клос" стилтэйг хэлэх үү, "Хаврын арван долоон учралыг" хорин таван удаа уншсан Штирлиц "санаатайг" хэлэх үү "уулзалт"-аас өмнө маш олон зүйлийг нарийн бодож, аюулгүй байдлаа бүрэн хангахаар шийдсэн юм.
Уулзалтын тов авангуутаа уг ресторанд урьдчилан очиж, “судалгаа” хийсэн. Зөөгч нарыг няхуур ажиглаж, заалны зохион байгуулагчтай нухацтай ярилцаж, хоол, ундааны материалаа хаанаас авдагыг нь хүртэл мэдэж авсан. Тогооч нар нь "цэвэр" монгол хүмүүс үү гэдгийг ч судаллаа. Ширээ сандал доогуур янз бүрийн "тэсрэх, дэлбэлэх зүйл" тавьж болох бололцоог нарийвчлан шалгасан.

Бие засах өрөөний цонх нь гадагшаа онгойдог эсэх, хүн багтаж гарах уу, гал тогооны өрөөгөөр дамжин гадагшаа гарч зугатах боломжтой зэргийг магадлан шалгав. Нэг найзыгаа рестораны эсрэг талын байшингийн дээвэрт бялтаар бууддаг хүүхдийн тоглоомон буу бариулж суулгав. Жаахан өөдрөгөөр бодвол дурантай буутай “мэргэн буудагч” гэж бод. Дуран бол байсан юм аа. Театрын жижиг дуран.
Жүдогоор барилддаг хоёр бадриун залууг рестораны хоёр талд нэг нэгээр нь зогсоов. Сэжиг авахуулахгүйн үүднээс нэгийг нь гудамжны цэвэрлэгч болгон том дэрсэн шүүр бариулав. Шүүрний модон ишийг трубагаар сольсон болохоор хэр баргийн дээрэмчнийг нам цохихоор болов. Нөгөө "жүдо"-чинг гудамжны гуйлгачин болгон савангийн хөөстэй устай хувин дээр суулгалаа. Хэрэгтэй үед нүүр рүү нь савангийн хөөстэй усаар цацаж, гэмт хэрэгтнийг таслан зогсоох үүрэгтэй...
Би хувцсан дотроо нуусан гар утсаа байнга залгаж, хүзүүнийхээ торгон алчууранд нуусан жижиг чихэвчээр "мэргэн буудагч"-тай холбоо барина. "Мэргэн буудагч" гудамжинд суух "гуйлгачин" руу, "гуйлгачин" "хог шүүрдэгч" рүү холбоо барина... Төлөвлөгөөний дагуу би "мэргэн буудагч" руу холбоо барьж, "Нэг нэг нэг... Холбоо тайван уу? Объект ирсэн үү?" гэж асуулаа. Утсаар ярьсаны дагуу хар ноосон цамцтай, хүзүүний цагаан ороолттой хүн хэдийн хүрэлцэн иржээ.
Уулзах хүнд маань тоосгоны хэмжээтэй “ногоон хаш” байгаа, харин би түүнийг худалдан авч, үнэт чулууны дарханд өгөн хөөрөг хийлгэн зарж, гурав дахин нугалах бодолтой. Оюутан хүнд бол "сансарт нисэх" төлөвлөгөө л гэсэн үг. Байгаа мөнгөө гурав нугалаад авчихвал дахиад нэг ганган "наймаа" олно... Ингээд бодсон чинь ирээдүйд "босс" болох хувь тавилан минь нүдэнд өнгөтөөрөө харагдаад... Оффисоосоо "Опель" машиндаа суух тавхан алхамд ноорхой хувцастай хэдэн сөөвийсөн юмнууд ноёнтоон ноёнтоон гэж зоос гуйгаад л... Тэдэнд би мөнгө өгсөнгүй, харин хэрхэн баяжсанаа ярьж өгөөд л... Бөндгөрөө ажиллуул, та нарын толгойд жинхэнэ алтан “зоос” бий гэж сургамж айлдаад л...
Хар ноосон цамцтай, цагаан хүзүүний ороолттой хүний суусан ширээг би төвөггүй олж очив. Намайг очиход суудлаасаа босон гар барих тэр хүн нэг, хоёрдугаар курсийн л амьтнаас гарцаагүй... надаас залуухан “эр” байлаа. Нэрээ хэлж танилцсаныхаа дараа эргэн тойрны хүмүүсийг сэм ажигласан би,
-Нялуунаас шулуун дээр. Хоёулаа шууд ажилдаа орох уу даа? гээд "мөнгө" хийсэн цүнхээ хөлнийхөө дэргэд ойртуулав.
-Энэ ресторанд ямар хүмүүс байгааг чи бид хоёр мэдэхгүй. Учир иймд гадагшаа гарч миний машинд очиж, "бараа"-гаа авах уу даа гэж идэр залуу болгоомжтой хэллээ.
Рестораны үүдэнд тавьсан машины цонхны шил нь хар теньтэй тул дотор нь "чөтгөрийн арми" явсан ч мэдэгдэх шинж алга. Иймд би "Штирлиц" санаа гарган,
-Бараагаа гаргаад үзүүл. Гудамжны гэрэлд харвал дээр байх гээд өврөөрсөө үнэт чулууны зураг бүхий катологоо гаргаж иртэл нөгөө залуу "гар буу" гаргаж ирэх нь гэж бодсон уу машиндаа гүйн суув. Би түүний араас очиж цонхыг нь цохивол нөгөө залуу цонхны шилээ буулгасанаа уутанд хийсэн чулуу шиг хүнд юм өглөө. Уутнаас нь би чулууг гаргаж катологтойгоо тулган хартал сайхь залуу,
-Хаш гэж мэддэг хүн хараад танина даа. Мөнгөө бушуухан өг. Хүмүүс хараад байна гэж "замын цэвэрлэгч", "гуйлгачин" хоёрыг заалаа. Цүнхтэй мөнгөө онгойлгож би эхний давхаргыг нь харуултал мөнөөх залуу гараараа имэрч үзээд "Тулаанд" гэж хашгирлаа. Тэгтэл машин дотроос толгойдоо хар малгай угласан гурван залуу гарч ирээд намайг түлхэж унагаасанаа цүнхтэй мөнгийг минь шүүрч аваад машиндаа ухасхийв.
Миний гарт байсан чулуу газар унасан тул өнхөрсөөр машины дугуйн дор ороод тээглээд явуулсангүй. Машины дугуй хий эргэлдэн шарвах хооронд манай хоёр "жүдочин" давхиж ирээд машины хаалганаас зуурав. "Цэвэрлэгч" трубагаараа машины нөгөө талын дугуйг газартай тэвхдлээ. Хар малгай толгойдоо угласан "дээрэмчид" хашгиран гарч ирж, жинхэнэ кинон дээр гардаг шиг "зодоон" болов. "Цэвэрлэгч" савангийн хөөстэй ус тэдэн рүү асгасан тул нүд нь юм харахгүй, хий савардаж, элгий нь авлаа. Хоёр "жүдочин" дээрэмчдийг цусы нь "хольж" байх хооронд би жолоочийн хаалгыг онгойлгон нөгөө залууг заамдан чирч гаргав.
Энэ үед мэргэн буудагч дээрээс бялт "буугаараа" буудахад "дээрэмчид" эгээтэй л өмдөндөө харвасангүй. Дараалаад унгас алдлаа. Намайг нөгөө залуутай ач тач ноцолдож байтал жийн жийн дуугарсаар цагдаагийн машин хажууд ирж зогсов...
Болсон хэрэг явдлыг "дээрмийн халдлага" гэж цагдаагийнхан үзсэн тул ноцтой асуудал үүсэв. Намайг байцаасан цагдаагийн дэслэгч надаас хураасан зүйлийг ширээн дээр өрж тавилаа. Зодолдох гэж зориуд авч гарсан том тольтой төмөр аралтай өмдний тэлээ, бууны сумнаас хамгаалж, гэдэс болон нуруундаа хийсэн хоёр төмөр цар, нэг хөнгөн цагаан тавга, гарын шуугаа хамгаалж боосон мөнгөн цаастай ороолт, дотор нь том төмөр эрэг хийсэн савхин бээлий, хөлийнхөө шилбийг боосон хөл бөмбөгийн резин хамгаалалт, өвдгөө хамгаалсан хоккейн өвдгөвч, гутлынхаа уланд наасан хадаас, эмэгтэй хүний нулимс асгаруулагч хий, сандарсан хүнд жинхэнэ гар буу шиг харагдах гал асаагуур, тооны машин, хумсны хутга, нусны алчуур, төмөр балан үзэг, шүдэнзний хэдэн ширхэг мод, зүүтэй горьтиг, хэрэг болж магадгүй хэмээн ресторанаас "гулгуулсан" төмөр сэрээ, шүдний чигчлүүр, "тагнуулын ажиллагаа"-нд хэрэглэж байсан гар утас, бяцхан чихэвч, миний авч явсан бас нэг нөөц гар утас, найз охиныхоо цүнх рүү хийх гэж байсан захиа, үнэт чулууны католог, хаш чулууны тухай бичсэн тэмдэглэлтэй тэмдэглэлийн жижиг дэвтэр, нарны хар шил, хэдэн ширхэг бохь, ууттай бэлгэвч, дутуу идсэн алимны үлдэгдэл, хоёр ширхэг хушга, баллуурын тасархай, харандааны өөдөс, гурван ширхэг аспирин, шүд өвдөхөд зуудаг байсан нэг боодол анальгин, дотроо хэдэн ширхэгтэй хайрцагтай янжуур тамхи, бяцхан халив, жижиг гуулин хундага, жорлонгийн үнгэгдсэн цаас, хэд дахин нугалсан хээтэй амны цаас, шар айрагны бөглөө, чигчээ хурууны чинээ чихэвчний бичил хөгжим, дуу хураасан флейш, хичээл дээр хэрэглэдэг жижигхэн хард диск, комьпютерийн гарны унасан товч, эрхий хуруу гурав ороох зэс утас, бичгийн төмөр үдээс нэг ширхэг, ресторанд пиво уусан тасалбар, оюутны автобусны хөнгөлөлтэй билет, сарын өмнө үзсэн урлагын тоглолтын урилга, оюутны гуанзны хоолны талон, утасны дугаар тэмдэглэсэн киноны билетны тал, сэтгүүл дээрээс урж авсан нүцгэн хүүхний зураг, үнэтэй хөөрөгний зурагтай сонины хэсэг гээд юу эс гарсан гээч.
-Хохирогч Нямаагийн Бат...
-Би
-Хохирогч гэхэд та их сэжигтэй зүйлүүд авч явсан байна.
-Биеэ хамгаалах гэж...
-Хэнээс?... Та өөрөө гэмт хэрэгтнүүдтэй уулзахаар тохирсон биз дээ?
-Тэгсэн. Би тэднээс үнэт чулуу худалдаж авахаар тохирсон нь үнэн. Харин тэд хуурамч чулуу өгөөд миний мөнгийг булааж авсан.
-Байзаарай, та хэдэн төгрөг алдсан бэ?
-Нэг сая.
-Тэгвэл цүнхэнд байгаа мөнгө шиг багцалж, ороож боосон сонины цааснууд ямар учиртай юм бэ?
-Их мөнгөтэй хүн болох гэж "жүжиглэсэн" юм.
-Яах гэж та ингэж хоосон цаас авч явсан бэ? Тэднийг бас залилах санаа байсан уу?
-Бид уул нь тавин сая төгрөгөөр тохиролцсон юм. Над шиг оюутан хүнд тэр мөнгө хаанаас олдох билээ. Та ойлгож байна уу? Хулхидаж магадгүй гэж бодоод сая төгрөгтэй очсон. Бусад нь цаас байсан.
-Тэгэхээр та ч гэсэн хүн луйвардахаар очжээ.
... Санаа муут яван хатна гэдэг шиг юм болсон билээ. Үүр цайтал цагдаа дээр байцаагдаж өглөө нь гарсаныхаа дараа " хань хамсаатнаа" цуглууллаа. Хоёр "жүдочин" найзыгаа өмөөрсөн тул суллагджээ. Харин "мэргэн буудагч" над руу утастлаа. Нөгөө машины дугуйн дор хэвтсэн чулууг авч яваад үнэт чулууны дархан ахдаа үзүүлтэл хаш биш ч гэсэн ногоолин гэдэг маш үнэтэй чулуу болохыг хэллээ.
Бид гурав такси хөлөглөн түүний ах дээр очвол үнэхээр ногоолин гэдэг үнэт чулуу болох тухай батлав. Угаасаа энэ дархан миний "хаш" чулууг "юм" болгож өгөх хүн байсан тул бид харин "хожоотой" наймаа хийж ямар чулуу авч яваагаа мэдээгүй нөгөө "дээрэмчид" хуулийн байгууллагаар "цаг бүртгүүлэх" ажилтай болсон юм. Хожим шүүх хурал дээр сонсвол тэдний нэг нь хөдөөний хүүхэд байж л дээ. Нутагтаа амралтаараа очоод газар шороо ухан тэнэж яваад уг чулууг олсон боловч чухам ямар чулуу болохыг нь хэн ч хэлээгүй байна.
Тоосгоны хэмжээтэй, гонзгой хэлбэртэй, мөлгөр гадаргуутай ногоон чулуугаа юу болохыг тогтоож чадахгүй “Төөнөгөө”-дөж явсаар "хаш" чулуу болгон хэн нэгэнд зарж, мөнгө олох арга сүвэгчилжээ. Тэд өөрсдөө энэ хэргийг хийхдээ үнхэлцгээ хагартал айж байсан учир амар хялбарыг бодож, шууд мөнгий нь газар дээр нь булаагаад зугатахаар төлөвлөжээ. Харин миний "хамгаалалтын систем" тэдэнд зугтах бололцоо өгөхгүй байсаар цагдаад “олзлуулсан” юм.
Булаагдсан мөнгөө цагдаагаас авсан би шүүх хурал дээр гомдолгүй гэж хэллээ. Тэдгээр залуучууд бас л оюутнууд байсан юм билээ. Тэдний чулууг "олсон" гэж хэлээгүй ч шүүх хурлын дараа сарын тэнсэнгээр мултарсан хуулийн хэллэгээр "харилцан зодолдсон" тэр дөрөвтэй манай "маф"-ын бүлэг хамт гуанзанд орж цадтал хуушуураар дайлсан юм. Бид болсон явдлаа яриад нулимсаа гартал инээлдлээ.
-Та нар бол дээрэмчдийн хоёр бүлгийн гишүүд. Мөнгөө булаацалдаж зодолдсон уу? гэхэд нь татаад унах шахсан шүү
-Тэд биднийг "хар тамхи" зарсан гэж эхлээд тулгаад байсан. Ядаж байхад нөгөө чулуу нь алга болчихсон...
-Тэр чулуу ямар чулуу байсан юм бэ? Та нар мэдэж байсан уу?
-Хаш л лав биш гэсэн...
-Тэгээд юу байсан юм бэ? Гоё ногоон чулуу байсан бишүү?
-Мэдэхгүй. Манай нутагт тийм чулуу зөндөө шүү дээ.
-Хэдүүлээ сайхан танилцлаа. Хамтарч ажиллая. Амралтаараа танай нутаг явъя л даа.
-Хэрэгтэй юм бол би заагаад өгье. Манай өвөлжөөний дэргэдэх жалганд зөндөө л хэвтэж байдаг юм.
-Тэг л дээ. Заагаад өг. Чамд ч бас шагнал өгнө. За, тохиролцъё. Зун бүгдээрээ явцгаая.
Эр улсууд ингээд гар барилцаад салах сайхан шүү...
Тэр явдлаас хойш би халаасан дотроо хамаагүй "хог" цуглуулж явдагаа больсон юм. Цагдаагийн дэслэгчээс үхтлээ ичсэн шүү дээ. Бэлгэвч ч байх шиг... Болзошгүй "дайн"-д оролцож магадгүй гэж "мөрөөдсөн" юм байх даа. Шалдан хүүхний зураг... Нүдний булай. Уул нь ч том хөхтэй сайхан хүүхний зураг байсан юм. Надад таалагдсан л даа... Хараад хараад салахын аргагүй бие хаа сайтай тачаангуй бүсгүй... Харах тусам хамаг биений цус өмд рүү урсах нь үнэхээр давташгүй сэтгэгдэл төрүүлсөн ...
Хулгана мэрсэн юм шиг дутуу идсэн алимны гол... Сургууль дээрээ идэж байгаад хогны сав олдохгүй болохоор нь халаасандаа түр хадгалаад дараа нь сургуулиас гараад хаяна гэж бодож яваад таг мартжээ... Дэслэгч намайг дооглон инээхэд би бүр гараад зугтаамаар санагдсан... Миний зарим зүйлүүдийг "зэвсгийн чанартай" авч явсан гэж хураасан.
Эцэст хэлэхэд мөнгө өсгөх "наймаа" хийнэ гэдэг осолтой "тоглоом". Хожим гарах үр дагавар, эрсдлээ урьдаас сайн тооцоолж явахгүй бол санаа муутны занганд унах явдал зайлшгүй. Юмыг нягт ногт тунгаан бодсоны дараа асуудлаа шийдэж байх нь одоо цагийн хүн бүрийн бодууштай зүйл... Оюутны хэдэн жилд би бөндгөрөө зовоосоны хүчинд "овоо" мөнгө олсон. Аливаа нэг наймааны гарц олвол түүнийг “чулуу” болгох нь хүн бүрийн мөрөн дээрхи “бөөрөнхий” данхараас шалтгаална... Түүнээс хойш би халаасандаа юу авч явах тухай байнга боддог болсон юм. Халаас гэдэг чинь "хогийн сав" биш шүү дээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.