04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Лайтай шинэ мэргэжил

Лайтай лайтай... Маньд нь лайтай олон мэргэжил байдгийм өө... Сансрын хөлөг бүтээгч, цөмийн физикч, шилмэл загварын дизайнер, комьютерийн программчин, далайн хавч судлагч, график зурагчин энэ тэр бол маньд падлий ч байхгүй. Харин сансар руу гөлийн ширтэгч, цөмийн хаягдлыг эх орондоо жоорлохыг эсэргүүцэгч, “Моод монголоор дуусдаг”-т хэт итгэгч, хэн нэг “анд”-аа гуйж комьютерээ форматлуулагч, далайн хавчтай сушиг ярвайн зооглогч, саак Төөгөөгийн төрсөн өдрийн баярыг утсан дээрээ бичигч гээд лайтай олон мэргэжил байдгийм өө...

 Та нар ч ялгаагүй өөрсдөө мэдэхгүй, диплом, сертификатгүй олон мэргэжил эзэмшсэнээ мэддэг үү? Хорвоод анх уйланхай бацааан ирэхдээ л "ээжийгээ шөнө унтуулахгүй зовоогч" гэдэг мэргэжилтэй ирдгийн ш тээ. За тэгээд, намбэ уан соосог хөхөгч, намбэ уан живхээ норгогч гээд лайтай шинэ мэргэжлүүд ар араасаа дагадийм аа. Алдар нэр ч их хүртэнэ. “Аавын муу ангаахай”, “Ээжийн эрхийн балай”, “Эмээгийн бурхан”, “Өвөөгийн ганц амь” мамь гээд төрсөн нэрээ марттал Бат-Эрдэнэ аварга шиг түмэн олон цол гуншинтай болно. “Муухай амьтны байж байгааг хараач ээ” гээд дуу алдацгаана. Хичнээн муухай царай муутай байсан ч адилхан, хичнээн хөөрхөн эгдүү хүрэм байсан ч ижилхэн “Муухай” гэнэ.

  “Муухай амьтныг харах” юм бол “муухай хэрэг” тарих нь ядаж цөхөх юмгүй. Өмдөндөө пар хийгээд... Эсвэл уусан идсэн “эрдэнийн зүйл”-ээрээ бөөлжөөд... Арай л алтан бурхнаар “бөөлжих”-гүй. “Тамхи татъя” гээд тонгойход нь урдаас нь пүр пүр гэж жууцайны үнэртэй “салхи” татуулаад лайтай шүү... Олсон дээр яваа циркчин шиг хөл дээрээ тогтон ядагч, согтуу хүн шиг духаараа хана мөргөгч зэрэг лайтай хүнд үеийг гялс туулаадахвал нусаа гоожуулсан ясличин, компоод нэхдэг цэцэрлэгчин гэдэг хүүхэд насны пайниг үеийг дуусгаж, “сурагч” гэдэг мэргэжлээр суниаж өгтлөө чавхдана.

  Сурагч мэргэжил бол хүүхэд насанд заавал туулах ёстой үндсэн хуулиар түрүү барьсан, давж гарахаас өөр вариантгүй найраагүй мэргэжил. Энэ нь дотроо бас будаа идэгч, хичээл үймүүлэгч, ширээ дэрлэн унтагч, өглөө хоцордог яст мэлхий, өдөр давтлаганд үлддэг нойлийн ногоон гээд дайвар олон мэргэжлийг давхар олдог. Сурсан юмаа сугаараа гаргачихалгүй боломжийн амаараа эвшээчээ явтал аав ээж хэдэн төгрөг төлөөд автоматаар дээд сургуульд оруулжээ байгаам.

Оюутан... Ухаантай гэдэг шиг "оюу"-тай хүн төржий. Тэгэхдээ багш Пагамдуламын чихэнд байдаг ээмэгний ногоон “оюу” биш, тархинд байдаг гэж ярьдаг “оюун ухааны” тухай юм л даа. Хөөрхий ингээд нэг "оюулаг" амьтан “ухамсар” гэхээсээ “ахуйлаг” талдаа бууж өгөөд, хуушуурын гуанзны зөөгч охинд “дурлаад” явж өгнөө. Оюутан хүний "дурлал" бол ёстой хамаагүй ш тээ. Ходоодонд байгаа бактериудыг түр зугаацуулчих юм өгөх хүнд шал угаадаг байсан ч дурлаж орхино. Ер хямдхан дурлана даа. Номтой-баяр, Номгүй-баяр гэж голохгүй дурлажээ байгаа юм чинь. Үнэн шог, панаалтай дурлана ш тээ ..

  Гоё машинтай ганган эгчид "дурлачихвал" лайтай ш тээ. Явж өгнө дөө... Ровер жиийпнээс сургуулийнхаа гадаа буугаад... Нүд нь мэлхийн нүд шиг томорсон ангийн оюутнууд матар шиг “дуран”-даад... “Хайрт”-ынхаа халуун уруул дээр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг хаалганы цонхоор нь очиж үнсээд... Сургууль даяараа “Ромео Жулетта хоёр”-ыг үзэж байгаа мэт нүд нь бүлтийсэн, ам нь ангайсан юмнууд шүлсээ гоожуулаад... Өө, захирал баагий харчихлаа. Муу шуналын хүүдий миний “хайрт”-аас надаар рекетэлж мөнгө гуйна даа... Хэлээгүй юү. Намайг жорлонгийн суултуур эвдэлсэн гэж худлаа “шааж” байна...

  Санасандаа хүрлээ шүү. Өөдгүй муу новш чинь... За яахав, "миний хайр" сая төгрөгөнд хотойх алтны компаний захирал биш ээ. Заавал “алт”-ных байхдаа ч яах вэ. Заамар, Хүдэр, Ерөө гээд “тоноод” дууссан байх даа. Компаний захирал л байвал ураны, мөн цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг байсан ч ялгаа юухан. Юу үйлдвэрлэх нь гол биш захирал л байх нь л хамгийн чухал... Захирал намайг баян авгай “дэгээдсэн”-ийг мэдээд шууд над дээр “ажиллаж” байгаа юм даа. Нэг удаа би захиралтай сургуулийн хаалган дээр мөргөлдчихсөн билээ. Хаалганы босгоны мод хөдөлсөнийг мэдэхгүй би шургаж унаад мөргөчихсөн л дөө. Гайтай юм шиг сургуулийн хаалгаар орох болгондоо босгон дээр би бүдэрдэг юм. Захирал өөрөө миний өмнөхөн бүдэрчихээд “Сургуульд минь “бөөн олз” орж ирэх нь дээ” гэж баярлан бодох зуур араас нь ороод би түүнийг мөргөчихжээ. Энэ “бухын тулаан”-ыг олон “гэрч” харсан болохоор захирал өөрийгөө санаатай мөргөсөн гэж “гүтгэж” чадаагүй ч “мөнгөтэй” айлын хүүхэд бүдрээсэй гэсэн юм шиг өглөө болгон үүдэн дээр мөндөр шиг нүд гаргачихсан цэхийж зогсдог сон.

  Тэгтэл азгүйгээрээ би түүний нүдэнд байнга өртөх боллоо. Шоронгийн хаалганаас дутахгүй хүнд модон хаалгыг чуу гэж “дийлэн” онгойлгоод, эргэн ирж “нам цохихоос” нь өмнө амжин орох гээд нөгөө “болдоггүй бор босгоо” дандаа мартчихна. Тэгээд босгоны хөндлөн модонд тээглэн шургачин унахад захирал намайг биш босгоны хөндлөвчөө “өрөвдөн” хардаг билээ. Мужаандаа хэлээд засуулвал засуулах л хугацаа өнгөрсөн. Засуулахгүй явсаар байгаад олон хүний хөлд нөгөөх мод нь салаад унасан. “Мөнгө”-тэй эзэн “хайж” цаг алдсан захирал эцэст нь над дээр “акт” тавьсан шүү...
  “Ивээн тэтгэгч” маань миний өмнөөс өнөөхий нь төлсөн. Ичих ч үгүй гурван зуун мянган төгрөг авсан захирал ердийн нэгэн модоор хөндлөвч хийгээд өнгөрсөн. Хорин мянган төгрөг хүрэх юм уу мэдэхгүй, бусад нь захирлын халаасанд орсон доо. “Миний хайрын тэнгэр” вьетнамаас улаан мод авчраад мэргэжлийн компаниар хийлгээд өгье гэхэд захирал бэлэн мөнгий нь авна гэж цааргалсан юм. Суултуурын шаазан хагалсан гэдэг бас л эндүү явдал байлаа. Намайг ороход л цуурчихсан байсан юм. Харин миний дараа жорлонд ярвайн орсон захирал намайг хагалсан гэж дараа нь ёозгүй гүжирдэв... Сая төгрөгний үнэтэй суултуур байсан гээд ажлын хөлстэй сая таван зуун мянгыг нэхлээ. Мөнгөөр намайг эрхлүүлдэг “миний муужгайхан” хүссэн мөнгий нь өгөв. Муу шулам минь ав ав... Тэгсэн дараа нь миний “хайр” надад өгөх "ногоон"-оос минь саавал яах вэ. Миний дүрсгүй ханхүү дандаа сургуулийнхаа эд аж ахуйг эвдэн сүйтгэж байх юм. Чамаас би энэ сарын мөхөөлдөсний мөнгөнөөс чинь суутгалаа гэвэл юу гэж хариулна даа...
  Миний хайр “хөгшин төгцөг” юм чинь заримдаа нервдэнэ шүү дээ... Оюутан цагийн хамгийн чухал дагуул “мэргэжил” болох “шоучин” мэргэжлийг минь нэг нүдээрээ үзэхгүй. Жаахан хов нэмж ярих юм бол манай "амраг"-ын хуучин нөхөр нь өөрийнхөө охиноос ч үе мултарсан бүсгүйтэй суусан гэдгийм. Тэгээд л хариугаа авах гэсэн мэт манай "булга суулгачин" авгай манийг өөд нь “татсан” юм шиг байдгийм. Их дээд сургууль гэдэг "Учиртай гурвууд" маш олноороо цуглардаг, харх шиг үрждэг нийлүүлгийн газар шүү дээ.

Манайд уранзохиол ордог өвгөн багш миний “ивээн тэтгэгч”, солонго үен шүүбтэд минь анхны харцаараа "дурлаж" орхидог байгаа. Эхлээд тэр миний “гэнэгүй хонгор”-ыг “ээж” нь гэж эндүүрдэг байжээ. Сүүлдээ багш оюутангүй “Оюутолгойн хулхи гэрээ” шиг шивнэлдээд эхлэхээр эр хүн гэсэндээ эрхбиш хувийн дүгнэлт хийж, ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг зүйр үг болохоос зүрх сэтгэлийн асуудал байж болохгүй гэсэн эрс хатуу суурь үзэлдээ эргэж буцахгүйгээр зогсчээ.

  Багш надаас гуйлаа. Чи залуу хүн. Чиний бүх амьдрал өмнө чинь байна. Чи бол лифтээр өгсөж яваа хүн. Дуртай давхартаа лифтээ зогсоож чадна. Нансалмаагийн давхарт буух уу, Хоролмаагийн давхарт буух уу чиний хүсэл мэднэ. Чио чио саны хаалга ч онгорхой байна. Кармен ганцаараа гэртээ чамайг хүлээгээд гитар хөгжмөө тоглоод гуниглаж суугаа... Харин би хөгшин хонины насгүй хүн. Өгсөх биш уруудаж явна. Залуу хүү чи надад боломж олгооч. Сүүлчийн давхарт үлдсэн насандаа тухалмаар байна...Чи л ганцхан тусалж чадна. Түүнтэй уулзаж намайг авраач гэдгийм.
  Сургууль төгстөл миний бүх шалгалт шүүлгийг “даана” гэж ам алдсан тул би "ажаа"-гаа унатал “панаалдаж” байгаад нэг амралтын өдөр тэр хоёрыг шилмүүст ойд байдаг тохилог амралтын газар үдлээ. Тавин жил уранзохиол заасан болохоор мань өвгөн амны фигур гэж лайтай. "Мөнгөн аяга шиг гараас чинь Туулын уснаас амсах сан. Мөнхийн усыг уусан юм шиг Танхил чамтай амьдрах сан" гээд авч өгөө байлгүй дээ. (Явуухулан ах аа, уучлаарай, би таныг шүлгийг буруу бичсэн байж магадгүй. Нэг сайхан өдөр би "дорны болоогчин болно. Тэгээд алдаагаа заснаа)
  ...Түүний зүрхэн дэх “алтан загасны эмгэн” уярчээ. Тохьтой тулхтай “дөрвөн нүдэт” эрдэмтэн өвгөн түүнд номын цагаан солио тустал хайрын роман ярьж өгсөнөөс зайлахгүй. Залуу “витамин”-аас илүү зальжин хөгшний ганцаардахуйн нууц агуулсан гунигт философи түүнийг татах нь ч зөв өө. Гэвч “дурлал”-даа мансууран, аз жаргалдаа умбаж, хайр сэтгэл нас голохгүй гэдгийг баталсан шинэхэн ханилсан "өвгөн эмгэн" хоёр намайг "өргөмөл хүүгээ" болгосон юм. Сургалтыг “өвгөн” хариуцана. Ар талыг “эмгэн” авч явна. Намайг найз охинтой болвол уулзаж бай гээд хоёр давхар хаус баячуудын хороололд авч өгсөн шүү. Одоохондоо тэнд манаач ах, үйлчлэгч эгч хоёр л "учраа ололцож" байгаа.... Заза, сайхан авч байна шүү. Худлаа “ш...сан” юм аа. Оюутан хүний оюунлаг тархины эд эс од шиг гэрэлтдэг болохоор "мөрөөдөхгүй" юү дээ... “Вовка” шиг чалчихгүй юу даа...
  Одоо нэг лайтай мэргэжлээ ярья. Амандаа орсоныг чалчигч, зүүдэндээ итгэгч, хоосон мөрөөдөгч, хоолны төлөө өөрийгөө худалдагч, мөнгөгүйн зовлон ханаж цадатлаа үзэгч, шалдан гуя царайлагч гээд оюутан хүнд олон “мэргэжил” байдаг аа. Лайтай лайтай... саяхнаас “болоогчин” гэдэг мэргэжилтэй болоод болсон болоогүй юм бичдэг болсон. Өгүүллэг мөгүүллэг гээд авч өгсөн. Гэхдээ блогтоо юм бичих чинь хавьгүй чөлөөтэй. Юунд ч баригдахгүй, сэтгэгдэл комментны зүгээс ирэх “үхлийн цохилт”-уудаас бүрэн хамгаалагдсанаараа дэвшилтэй. Болоог бичлэг гэдэг чинь болог гэсэн ерөөлтэй ч юм билүү...Амны билэг байхад айпоныг өдөрт газраас хэдийг бол хэдийг олно...

  Яс юмандаа "өгүүллэг" гэвэл нэг л буухгүй байна. "Үгүүллэг" гэвэл арай өөр ш тээ. Үгээр үгүүлж байгаа юм чинь үг-үүллэг гэнэ биз дээ. Харин өгүүллэг гэвэл нэг жаахан тийм байнаа, ямар хүнд юм өгөх гэж байгаа биш. Надад л лав хүнд май гээд зүгээр өгөх зажилсан ширхэг бохь \ гашилсан \ ч алга. Харин хүнд “өгүүл” гэсэн бол замаас нь би дутаахгүй өгч чадахгүй гэдгээ хэлье.

Надаар хэн нэг нь арван мянган төгрөг ч юм уу хэн нэгэнд өгүүлээд үз дээ. Явган явж лайтахгүйн тулд би такси барина. Таксины жолооч хэдийг “хумслах”-ыг би хэлж мэдэхгүй. Зам бөглөөстэй өдөржин явна. Өлсөөд нэг гуанзанд орно. Хүний юмаар хүүдэгнэж яваа хүн чинь ахиухан “цохих”-ыг бодно биз дээ... Ганцаараа би даруулгагүй хоол “гөвж” шившиг болохгүй гээд ганц аяга шар айраг авна. Тэгээд бүх юм ойлгомжтой. Өлссөн ходоод, өр-өө салгаж байгаа мэт үйлчилдэг гуанзны “өгөөмөр” сэтгэлд өнөө мөнгө маань хүрэх үү, үгүй юү... Хүнд тус болох гэсэн биш би өөрөө “өрөнд орчих” юм биш байгаа даа...

  Гэхдээ үүнд миний буруу гэж юу байх вэ. Сайхан сэтгэл гаргаж хүний юмыг “өгөхөөр” явсан нь үнэн. Зах зээлийн зарчмаараа л барина шүү дээ. Хүний төлөө хөлөө зовоох хэрэг үү? Үгүй чадахгүй, такси барьсан яадгий. Яваад заргалдахгүй юү... Би өөрийнхөө төлөө явсан юм уу? Хүний “өгүүлсэн” юмыг хүнд “өгөх” гэж явсан. Аравхан мянга төгрөг өгчихөөд голоо цохиод байна уу?... Юу? Автобусанд суу гэжүү? Лай л байна ш тээ. Төмөр “авсанд” хөлдөж үхэх хэрэг үү? Ёстой лай байна, гай байна. Хэзээ хүний “юм” авсан хүн бүрэн бүтнээр нь өгч байсан юм бэ? Монгол улсад тийм теором байдаггүй юм тэнэг ээ. Соёлтой боловсон улсад очиж амьдраад “соёл”-ы нь дугтуйнд хийгээд наашаа илгээгээрэй...

  Ингэж биднийг багаас нь сургаагүй шүү дээ. Хөдөлбөл хөлс гэж “хөрөнгөт нийгэм” маань хүүхэд байхаас минь эхлээд тархийг маань “угааж” өсгөсөн. Ал тал, устга шатаа, дээрэмд тоно, хэнийг ч битгий хайрла, хэнд ч битгий итгэ гэж кино жүжиг, цагдаагийн машины дуутай цаг үе нэвтрүүлгээрээ хангалттай“сургасан” болохоор өдрөөс өдөрт “баатарлаг гавъяа” байгуулж байгаа алуурчин тонуулчдын тоо яаж багасах билээ?... Коммунизм байгуулсан бол өөр хэрэг. Мөнгөний хэрэг байхгүй юм чинь “Май энэ цаасаа ав. Үүгээр чинь би бөгсөө ч тоож арчихгүй” гээд өгчих л байсан. Би “хөдөлсөн” нь үнэн, “явсан” нь үнэн. Таксинд суусан нь үнэн. Үйлчлүүлэгч рүүгээ хүрэх зам маань хэтэрхий урт байсан тул өлсөөд хятад гуанзанд орж таваг цуйван авч идсэн нь яахын аргагүй үнээн. Хүний төлөө явж байна гээд ямар өлсгөлөн царайлаад өлөн бар шиг гэдсээ дуугаргаж явах уу?... Лай л байна...

  Замын бөглөрөлт арай дэнднээ. Замын уулзвар дээр ирээд таг суучих юм. Арай гэж ногоон гэрэл асахаар хүлээж ядаад “натри хлорин”-д явсан жолооч нар сэрэхгүй үйл лай үзнэ. Замын цагдаа хувинтай ус барьчихсан сэрэхгүй байгаа жолооч нарын хаалгыг онгойлгон ус цацаж сэрээнэ. Нойтон хулгана шиг болсон жолооч нарын сүр бадруулж байгааг... Хүний эрхэнд халдлаа. Хувийн өмч шамшигдууллаа гээд бөөн зарга. Бөглөрсөн зам дээр байнга хэрүүл зарга, зодоон нүдээн болдог болохоор шүүхийнхэн “ЯАРАЛТАЙ ШҮҮХ” гэсэн бичигтэй микронд суучихсан асуудлыг газар дээр нь “шийдээд” тэдэн сар, төдөн жил гээд “таслаад” явуулах юм. Үгүй бол хөдөлгүүрээ унтраасан тэрэгнүүд нь дахиад асахгүй. Цэнэг хураагууры нь суутал зогсоосон болохоор яаж асах билээ. Зарим шинэ жолооч нар шатахуун авахгүй бол хөдөлгүүр ажиллахгүй гэдгийг жолооны дамжаанд байхдаа ойлгоогүй төгссөн учир бензин дууссан гэнэ ээ гэж архаг жолооч нараар “оношлуулаад ундааны сав барьчихсан “гуйлга” гуйцгааж, замын “бөглөө” болон амьтны хараалаар мөндөр шиг “тоншуул”-на.

  Замын бөглөөн дээр “бөглөөс” болж туг лоозон барьсан баахан хүмүүс замын хөдөлгөөн хаагаад “Шударга ёс мандтугай. Давуу эрх сөнөтүгэй. Хэн нь нэгдүгээр эгнээгээр яваад, хэн нь хоёрдугаар эгнээгээр явах ёстой юм бэ? Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хүмүүс хэн юм бэ? Гадаадын жуулчид уу, эсвэл тусгай төрсөн сайд дарга нар уу? Ард түмнийг хоёр хэсэг болгон зааглаж хуваан бутрааж байгаа нь ардчилал мөн үү? Авгай хүүхэд минь автобусанд суугаад алга болчихлоо. Ард нь би түгжрээд хоцорлоо. Зориудаар ингэж гэр бүл салгахаа зогсоо.             Түгжрэлд хамт байгаа машинтай хүмүүс түрүүчээсээ танилцаад нууц амрагууд боллоо. Цаг нөхцөөх аргаа барсан хүмүүс мөрийтэй хөзөр тоглож байна. Замын түгжрэл “янхандалт”, “мөрийтэй тоглоом”-ыг “цэцэглүүлж” байна. Зүгээр суухаар тэмээ хариул гэж зарим нь гашиш, марихуан ороогоод цаг нөхцөөж байна.
  Нүдээ нээцгээ сохрууд аа. \ Энэ ч эрх баригчдад зориулсан үг. Тэд юм “хардаг” байсан бол “дутагдлаа” олж хараад ноднин уржнан “засчих”-гүй яах вэ. “Сохор” болоод юу ч хийхгүй байна ш тээ \ Бид ч бас ард түмний нэг хэсэг. Үндсэн хуулинд заасанаар бид ч бас тэгш эрхтэй, алагчилгүй зорчих эрхтэй хүмүүс. Автобусаар яваа нь л ажилтай сургуультай юм уу? Адилхан бид ч бас арав хорин цаас олох гэж ажиллаж амьдарч яваа хүмүүс... Хуулийг гууль \ гууль болгоод гадаадад гаргадаг, манай хуулиуд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулагддаг \ болгодог эрх баригчид болимоор юм. Миний машин буруу талдаа жолоотой байна уу, зөв талдаа жолоотой байна уу хэнд хүртээлтэй юм бэ? Дөрвөн дугуйтай, дөрвөлжин биетэй бол машин шүү дээ. Яах гэж баруун зүүн аймаг гэж талцдаг шигээ машиныг баруун зүүн жолоотойгоор нь “жалга дов”-ны үзэл сурталд живүүлнэ вэ? Замын цагдаагийнхан хийх ажлаа олж хийгээч ээ. Согтуу жолооч нараа хүмүүжүүлээч ээ. Архи пийв ханхлуулсан агсам согтуучуудаа ямар ч эгнээгээр бүү явуулаач ээ. Араас урдаас мөргөөд машин биш төмрийн хаягдал болгочихлоо... Яагаад адилхан нэг улсын иргэн байж нэг нь явдагт нь сууж, нөгөө нь явдаггүйд нь суух ёстой юм бэ? Энэ чинь шударга ёс, ардчилал мөнүү? Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж хаа байна? Эсвэл бөгсөө арчаад ордны цонхоор хаячихсан уу? гэж ам амандаа хашгиралдана.

  Хавар болохоор хууч өвчтэй хүн шиг улстөрийн “синдром” нь эхэлдэг. Салхи шороо ч босдог. Салхи шуурганд ямар ч хууль хийсээд явж байдаг. Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Газрын хэвлийн хууль \ жирэмсэн, гурван ихэр хүүхэдтэй гэдэг шиг газар дор байгаа алт мөнгийг рентген шиг мэднэ. “Жирэмсэн” газруудынхаа “эх баригч” нарыг эрх баригчид “мөнгөтэй” хүнээр сонгоно. Үүнд арьсны үзэл гол шалгуур. Дээд арьстан “цагаан”-ууд голдуу ийм эрх авах ч шар сармагчны эрчимтэй хөгжиж яваа орон шаазанч хятадууд шавхруун дээр нь төвөггүй найрлана. \ Салхиныхаа чинээгээр монголын өргөн уудам нутагт хууль хэмээх цаас “цаасан шувууны үлгэр” болон хийсдэг.

...Ийм түгжрэл дунд Улаанбаатарын нэг захаас нэг зах руу явах нь илжиг унаад Бээжин явсан нь хамаагүй хурдан санагдана. Хамт яваа таксины жолооч лайтай яриасаг нөхөр байлаа. Ам хуурай байна гэж үгүй. Лайтай ярина. Лайтай шалгаана. Дүү хүү нээрээ мөнгөтэй биз? гэж суусанаас хойш зуун удаа асуулаа. Шалаад болохгүй болохоор нь хүнд өгөх нөгөө мөнгөө харууллаа. Тэгтэл наад мөнгөө чи алга болгочихвол яана. Ах нь хашраараа түрийвчиндээ хийгээд хадгалчихъя гэж мангартав. Гуанзанд орохдоо би ус уучихаад гараад ирье гэж заль зохиогоогүй бол хаалгаа түгжчихээд намайг дотор бүчимдээд цонхны шилээ онгойлгоход гараад нисчихнэ гэж байн байн эргэж харж “шалгах” жолооч хааш нь ч хөдөлгөх янзгүй. Та өлсөхгүй байна уу? Хамт гуанзанд орьё гэхэд өөдөөс юу гэсэн гээч. Ах нь цагаан сараар сайн чихчихсэн. Наадам хүртэл ажрахгүй өл даана гэсэн гээд бод доо.
  Шатахуун хэмнэх гэж туйлгүй. Уруу газар бол хөдөлгүүрээ унтраагаад шааригдуулна. Өөд газар ч асаахгүй юм. Зам нарийхан болохоор зөрөх зай байхгүй тул арын машинд зөөлөн мөргүүлээд түрүүлчихнэ. Овоо сээк гар даа... Ам нь бол шатахуунгүй “ажилладаг” болохоор санасан бодсоноо нууж хаахгүй л туух аж. Мөнгөтэй байсан бол гадаадаас нисдэг тэрэг олныг худалдаж авчраад, онгоцны буудал барина гэнэ. Баянхошуу-Амгалан, Зайсан-Чингэлтэй гэсэн чиглэлээр нисдэг “автобуснууд” нисгэх юм байх. Мөнгөө төлөхгүй “туулай”-нуудыг шууд нисдэг тэрэгнээсээ “шиднэ” гэнэ. Аймаар байгаа биз. Монголын хүн ам өсөхгүй юм байна л дээ. Ялангуяа хүүхэд, сурагч, оюутнууд бол “бяцраад” дуусах юм байна... Нөгөө талаар бол намайг мөнгөө төлөхгүй “бултах” вий гэж далдуур “сануулж” байгаа ухаантай. Түгжрэл бүхий алтан шар замд аяны дөрөө ханьсан анд бололцсоных бид хоёр тэр хүртэл тэдийг авъя, тэдийг өгье гэж аль түрүүн амаараа “тохиролцсон” нь харин оносон “наймаа” байлаа.

...Мөнгөний асуудал гэдэг үнэхээр “хурц” шүү. Юун швейцарь тонгорог... Би битгий хэл улс оронд ч мөнгөний “АСУУДАЛ” үргэлж хурцаар тавигддаг. Хэрвээ манай улс “мөнгө”-тэй байсан бол наад зах нь замын түгжрэл ч байхгүй байх сан. Нэг хэсэг нь газар доогуур метрогоор сүнхийгээд, нөгөө хэсэг нь онгоц шүргэх өндөр гүүрэн дээгүүр нааш цааш сүлжиж давхиад... Бодсон чинь лайтай санагдчихлаа... “Баялагийн хараал” гэж нэг худлаа “мангаа” санаанаасаа зохиогоод баяжих боломжоо гаднын баячуудад үнэгүй өгчихдөг гээ биз дээ. Арабын элсэн цөлд тэнгэр баганадан сүндэрлэсэн өндөр цамхагууд арай монголын алтаар “босчих”-оогүй дээ. Монгол шонхорыг үүрээ засаг гэж барьсан юм бол уу?... Үгүй үгүй, террористуудыг орхиод өөр тив рүү анхаарлаа хандуулъя. Өмнө зүгийн хөршид маань өнгө өнгөөр алагласан үзэсгэлэнт сайхан хотууд өдөр бүр босдог гэсэн. Алга болоод “алдаад” байдаг баялаг маань энэ хавьцаа тууж явж мэдэх юм аа.

  Америк, Канад гээд гарч өгье. Бас л өндөр барилгууд... Банк, зочид буудал, казино... Нэг шилэн харшийн цонхны гонхон дээр лайтай бүдүүн навчин тамхи зуусан монголжуу ноёнтон доошоо харж зогссоноо алмаазан шигтгээтэй алтан бөгжөө санаандгүй доош унагаачихлаа. Нарны гэрэлд гялалзан доошлох монгол хээтэй нүнжигтэй бөгж бохирын шугамын сараалжин төмөр дээр данхийн унасанаа нэг ойгоод нүхний завсраар нь өнхрөн оров.. Харамсалтай нь нөгөө ноёнтон үг хэлэхийн завдалгүй өнөөх бөгжнийхөө араас үсэрчихлээ...

“Уг нь жаран давхар байшин байсан юм сан. Ноёнтон жараас биш хорин давхраас “нисчихлээ”. Газар унаад “гамбир” болохоос хойш арван давхар байшин байсан ч лайтай хө. Давхар андуурчихав уу зайлуул. Нэг давхар ч гэсэндээ хөлөө хугалахаар өндөр харагдана... Хэрэв их өндөрт толгой нь эргэдэг бол нуруундаа шүхэртэй явахгүй яав даа... Ийнхүү монголжуу царайтай нэгэн эрхэмсэг ази ноёнтон алс холын Америк орны хөл үймээнтэй нэг томхон хотод “алт” мэт байж болох гялгар зүйлийн араас амь насаа гээн үсэрч, алтан амиа егүүтгэв ээ.” Мэдээг шууд сурвалжлан хүргэсэн “Ньюс Таймс” сонины сурвалжлагч тэр гээд авчихвал жинхэнэ “онигоо” болно доо.

  Мөнгө гэдэг чухамдаа болбоос шидийг олоод нисэх шахав, шидэмсээр боогоод үхэв шахав гэдэгтэй “Нам”-ын харъяалал нэг бус уу. Мансуурсан хар тамхичин адил мөнгөөр үргэлж гачигдаж явдаг оюутан хүү болоогийнхоо найз нөхдийг ийнхүү дамшигласанаа ухамсартайгаар хүлээж байна. Мөнгөөр “ ангаж цангаж” явдаггүй бол юу гэж “ээж, эмээ” шиг хүнтэй адгуус мал шиг “явалдах” вэ? Бас “аравхан мянган төгрөг”-өн дээр арчаагүй юу гэж “загнах” билээ... Тэр нэгэн эрхэм ноёнтонг тэнгэр баганадсан өндөр харшийн тагтан дээрээс юунд “түлхэх” вэ... Үүргээ тийм ч муугүй биелүүлэх үзэн ядалт өс хорсол юм байх даа...

  Суултуурын болоод босгоны модны тухайд тиймэрхүү асуудал үүсэх нь үүсчихээд байгаа л даа. “Ивээн тэтгэгч” олдохгүй байна...Тэгээд л хошин мөрөөдлөө бичихгүй юү дээ. Таксины жолооч бол байдаг л нэг таксичин ах. Нөгөө Солонгосоос ирдэг “луйварчин” бол жинхэнээсээ бодит дүр. Өвгөн багш бөгцийгөөд сургуулийн хонгил дундуур нуруугаа үүрээд алхаж л явна. Блогтой болсоноос хойш багш бид хоёр “найз”-лаад байгаа нь үнэн. Цай чанаж өгдөг “хүн”-ий хувьд цайрахгүй үлдлээ. Ганц бие муу зожиг багшдаа нэг “цай чанагч” олоод өгчих юм сан гэдэг миний бодол л доо.
  Зар тавиад ч гэсэн нэг “ханьтай” болгочих юм сан гэж боддог юм. Дал хүрч байгаа өвгөнийг тоох бэлтэй “авгай” олдох эсэхийг мэдэхгүй. Хөгшин авгай нар ямбийгаа мэдэхгүй бас залуу банди нар руу “гүйх” санаатай. Үнэхээр баян “эмгэн” олоод суучихвал намайг “өргөж аваад”, би тэдэнтэй хамт амьдарч, алсдаа “өв залгамжлагч” ч болчих юм уу, ишиг борлон ч гэсэн эр хүний данстай болохоор хөрсөн дороо эрдэнэ нуугдсан хөдөөх тал шигээ уужимхан сэтгэнэ шүү дээ... Ус буцалгагч аваад өгчихдөг юм билүү, хөгшин зүрхээ “түг түг” гэхгүй амар биз.

  Замын “түгрэл мүгжрэл”-ийг харин гудамжнаас “хуулсан” юм. Бат-үүл гуай угаасаа цав цагаан толгойтой хүн юм билээ. Үсээ “харлатал” юм уу үгүй бол нэг ч үсгүй халзан болсон хойно нь нийслэл хотын зам “түгжрэлгүй” боллоо гэж бодвол залуу үеийнхэн бид үзэж таарна. Харин Үүл гуайн хөшөөн дээр дүрсгүй нэг нь мөргөлдсөн машины сэг аваачаад тавьчих вий дээ... Жаахан “аальгүйтсэн” чинь замбараагүй явдалтай жаал уу гэж “эгч нар” дурандаа оруулчих вий дээ. Дураа цааш нь духаа нааш нь тавъя. Хавдсан духаа хүйтэн усаар жин тавьж байгаад цааш явах минь. Юу ч гэсэн ч болоогчин залуугийнхаа бичлэгийг цааш үргэлжлүүлэн дуусгая.

...Ам цангаад гуанзанд “гулиа гишгихдээ” гурван аяга шар айраг авч уусан минь үнэн. “Ширэн нүүрлэх” гэж нэг сайхан юм байдаг. Эзэнд нь очоод шууд “шударгаар” үнэнээ хэлнээ. Одоо надад тавин төгрөг үлдсэн байна лээ. Авбал ав. Байвал бай... Арван мянган төгрөгөө авъя гэх гээд байна уу? Юм үзээгүй муу гурай чинь. Таван мянгаар нь “таксид”-чихсан. Дөрвөн мянга есөн зуун тавиар нь “гуанзад”-чихсан. Харин ч би таксины жолоочид дахиад гурван мянган төгрөгний өртэй үлдсэн. Чамтай уулзаад өгье гээд гадаа хүлээлгэчихсэн байгаа... Өдөржин “хоосон” яваа таксины жолооч мөнгөө өгөхгүй бол тас “тасдаад” залгихад бэлэн болчихсон биз. Чи хэл амгүй үлдэгдэл гурван мянган төгрөгийг нь өгчихвөл таксины жолооч цагаахан хүн байна лээ, цагдаа дуудахгүй байж юуны магад вэ ...

  Ингэж л би хүний юм “дамжуулах” үйлс нь хазайсан нэгэн билээ. Тэгэхдээ санаа зовох хэрэггүй. Ийм явдал болоогүй. Болсон ч надаар холуур болдог юм. Дүгнэж хэлэхэд юу гэх гээд байна аа гэвэл хүнээр битгий юм дамжуулж бай гэж хэлэх гээд байна. Ялангуяа мөнгө зоосоо... Солонгосоос нэг ах маань ядарсан оюутан намайг ганц нэг удаа ч баярлаг, баар савандаа сууг гээд дам хүнээр зуун доллар өгч явуулж л дээ. Тэгтэл нөгөө хүн нь надад нэг доллар л өгсөн. Хоёр тэг нь замдаа алга болчихсон гэсэн шүү. Яаж алга болсон бэ гэхээр Далай ламын нэр барьж тангарагласан тэр хүний “үнэн” үгээр бол солонгосын гааль дээр талы нь хураасан гэж байгаа. Монголын хил дээр үлдсэн талыг нь хууль бусаар их хэмжээний валют биендээ авч явсан гэж “хураасан” гэж байгаа шүү.

  Тэр хүн тэгээд ирсэн даруйдаа ч надтай утсаар холбогдоогүй, ахыг мөнгөө авсан уу гэж байн байн утастдаад байхаар нь эрж хайж явж, нэг олж уулзах нь ээ хил гааль дээр “шатсан” түүхээ яриад “Би чамтай уулзаж чадахгүй байсан гол учир бол санаа зовоод утастдаагүй юм. Хүний өгүүлсэн юмыг “хураалгачихсан” хүн ямар нүүрээр ярих билээ. Дүү хүү уучлаарай. Оргүйгээс охинтой нь гэж энийг ав” гээд нусны алчуур шиг эвхсэн нэгтийн үрчийсэн дэвсгэрт гаргаж өгөх нь тэр.

  Олны яриагаар бол тэр нөхөр зөвхөн минй зуун доллар ч биш өөр олон хүнд мөнгө авчирч өгөх ёстой байсан гэдэг. Харин “хураалгачихсан” гэдэг дургүй хүргэсэн ганц үгээр олон хүний амыг “хаасан” ажээ. Зөвхөн намайг гэхгүй зөндөө олон хүнийг “луйвардсан” тэр этгээд “Бүтэлгүй муу хог үхвэл таарна. Яаж би Улаанбаатарын гудамжаар нүүрээ нууж явах вэ. Шатаадаг улс нь бензин асгаад шатаагаасай” гэж өөрийгөө зүхсэнийг нь би ер мартдаггүй юм. Харин “өрөвдөөд” нөгөө муу тасарч унах шахсан үрчийсэн ганц доллараа буцаагаад өгөх шахсан даг.

Өгүүллэгийг үгүүлэг гэх үү гэдэг өөр асуудал. Суут ухаантнуудын шийдэх ажил мөнөөс мөн. Тэгэхэдээ энийг өвгөн багшаас асуунаа. Лайтай. Яагаад гэвэл бид хоёр нэн “баян авгай"-гийн нэгдүгээр, хоёрдугаар "хайрууд" шүү дээ... Өө лайтай, ингээд буруу туугаад байх юм. Болоогчин болж байгаа юм бол уу? Аймаар худлаа “аваад”... аймэр алдаатэй бичиж мичээд л... аймэр ургуулж үржүүлж бодож модоод...

Л.Эрдэнэмөнх. Тоншуул блог.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.