08 сарын 19, Даваа
°C
USD 2,672.87
USD 2,672.87
EUR 2,962.61
JPY 25.18
GBP 3,240.05
RUB 40.47
CNY 379.38
KRW 2.21

ЧИКАГО - г “ТЭСЭЛСЭН” “АРГА - БИЛЭГ” /Шүүмж/

arga

Олныг хамарсан нэгэн шуугиант явдлын гэрч болсоноо хожуухандуухандуу ч гэсэн уншигч тандаа хүргэн мэдүүлье ! 

Энэ хэрэг явдлыг энэ оны есдүгээр сарын 27 – ны үдшийн найм гучид Чикаго хотын Ирландаас гарвалт Америкчуудын Өв Соёлын Төвийн 658 хүний суудалтай тоглолтын хагас дугуй танхимд эхэлж үйлдэхээр төлөвлөж.

“Арга - Билэг” (“Dark & Bright”) угсаатны – дагшаа жазз хамтлаг (2009) АНУ – аар аялан тоглох 2014 оныхоо ээлжит тойрон аялалынхаа зай завсраар нэмэлт хөтөлбөр болгон Салхит хотыг (Чикаго хотын өөр нэгэн нэр) зорьсон нь учир жанцантай хэрэг аж.

Тус хамтлагийн чадалтай нэгэн хөөмэйч – хуурч хөгжимчийн төрсөн ах, эгч нар энэ хотод олон жил буурин амьдарсан хийгээд, нэжгээд хугацаанд элгэн садан хүмүүс өөр зуур нүүр учирч, гар зөрүүлэн золгоогүйгээс үүдэлтэй нь харин чиг энэ нутагт оршин суугаа “монголыг, монголоо” гэсэн сэтгэлтэй улсуудад “дэлгэсэн тэрлэг шиг” орны маань эл цагийн үнэмлэхүй ур чадварт хөгжимчдийн “амьдаар наадах” - ыг өөдөөс нь бишрэн харж, шүлэнгэтэн алмайрах завшаан тохиоход хүрэв.

Ийнхүү дагшаа жазз хөгжмийн дуурьсал, хэмнэл тал хээрийн монгол аялгуутай сүлэлдэн эл урлагийн үр хөврөлийн эх өлгий болсон хот хүрээ газар эгшиг дуугаан хадаах зураг төөрөгтэй байсан юмсанж...

“Jazz” хэмээн латин гурван үсэг, дөрвөн тэмдэгтээр бичигдэх хөгжмийн урлагийн нэгэн шинэ төрөл зүйлийн урсгал одоогоос яг зуун жилийн тэртээ Америкийн Нью – Орлеан хотоос Чикаго, Нью – Йорк руу чиглэн, бараг зэрэг шахуу үүсгэврээ тавьсан аж.

Энэ нь анх блюз, регтайм зэрэг төрөл зүйлийн хөгжмийн бүтээлээс үүдэлтэй ч сонгодог хөгжимтэй жиших аваас эвдэрсэн хэмхэрсэн, урагдсан сэмэрсэн мэт догол хэмнэлтэй сонин этгээд хөг, ая дан Африкаас гарвалт америкчуудын дунд анх үүсч, төд удалгүй “цагаан арьстан” – ууд хачирхан, тоон анзаарах болсоноор газар аван авсаар хэсэгхэн болоход Европ, Ази тив, улам улмаар бүх дэлхийг, тэр дундаа чухам “коммунизмын ууган орон” - ыг ч мэндэлсэн дариудаа шахуу бүрхээд, энэхэн цаг дор бүр байчихаад, “эбола вирус” (Бүү үзэгд !) мэт хөгжмийн тахалт үзэгдэл” болон дасан зохицох дархлаа нь улам л төгөлдөржин, ямар ч вакцинд дарагдахгүй мутацлан түгсээр мөнөөх монголд маань дахин хүрч очсон нь энэ билээ л.

Монгол ардын цөөхүүл хөгжмийн хамтлагийн сайхи цагийн шалмаг улаачдын нэгэн болсон “Арга -Билэг” хамтлаг таван тив, дөрвөн далайн хүн ардыг ирт сэлэмийн жанчаан, дүүлэн шумбагч мөнгөн цагаан хөлөгөөс онилон, харвах дарьт ширмэн торхоор бус, хөгжмийн эвт эгшгийн зохиролоор дайлах их буухиагаа эхлүүлээд, хуй мэт довтолгон байна. Хэнбугай ч хашин зогсоож үл дийлэх эрчит шуурганы ээлжит золио нь дээр нэр хэлсэн орон газар цугларагсад болов.

Монгол түмний маань хуур хөгийн уламж өнө эртийн арвин баялаг шастиртай. Гэхдээ өдгөө бидний нэрлэн, ойлгож заншаад буй “монгол ардын цөөхүүл хөгжмийн хамтлаг” гэдэг маань угтаа олон зуу, мянганы бус нэгэн жаранаас нэг их хэтийгүй л ярих түүх. Учир юун хэмээвээс, бидний оюун соёл “ардын хувьсгал” - аас өмнө ба хойтхи уламжийн хувьд хүйн холбоо бараг үгүй байдгаас ийн цөөвтөр хуудастай болсон хэрэг. Мэргэн гүүш (小史) Баабартаны тэмдэглэснээр монголчуудын “хүй нь таслагдсан...” – аас болсон биз...

Харин 1991 оноос анх “Эгшиглэн”, дараахан нь “Уянга” (1998), “Бөртэ” (2000) хамтлагийнхан Германд (ХБНГУ) төвлөрөн, Европ дахинд үзүүлж эхэлсэн урлаг нь “угсаатны” (англиар “ethno”, арай дэлгэрээр “ethnic band music” нь угсаатны хөгжмийн хамтлаг болох юм) гэх тодотголтой монгол хөгжмийн хувьд цоо шинэ нээлтийн хандлагатай, цаашид нэн олон салаа мөчир бүхий ардын хөгжмийн хамтлагуудын хөгжимдөх хэв маягийн хувьсал, өрнөл хөгжлийг өдөөсөн, урлагийн нэн шинэ түүхийн хөгжлийн сүүл шатны үечлэлийн эхэн болох байх аа.

“Угсаатны хөгжим” гэдэг нь ерөнхийдөө дэлхийн олон үндэстний өвөрмөцийг бүгдийг нь хамаатуулж хураасан, үндэстэн тус бүрийнх нь хөгжим ахуйн онцлогийг харгалзан судлаж, танин мэдэж дэлгэрүүлэх, нийгмийн шинжлэл – урлаг хөгжим судлалын нэгэн ай дахь ойлголт томьёолол болно. “Дэлхийн хөгжим” (англиар “World Music”) ч гэж заримдаа орлуулан хэлдэг.

“Эгшиглэн”, “”Бөртэ” - чүүд“ ”хөгшин европ” – ыг монгол дуу хуураар тамгалж эхэлсэнтэй бараг зэрэгцэн, 1993 оноос Урианхайчууд буюу ОХУ – ын Бүгд Найрамдах Тува Улсын “Хун хуурт” хамтлаг “Шинэ Ертөнц” (Америк тивийн анхан өөр нэршил) рүү уулгалан дайрч, хориод жил эрхшээсэн түүхийг энд бас өгүүлүүштэй ч энэхүү хамтлаг нь язгуур уламжлал талаа цэврээр нь хадгалсан, хөөмэйд дагнан дулдуйдаж, гул барьсан, манайхны энэ маягийн төрөл хөгжмийн хамтлагийн шинэ эрэл хайгуулаас ангид, алсуур гэдгийг энд дурьдалтай.

Европын орнуудаар голчлон хөгжмийн үйл ажиллагаа явуулдаг “Хөх Монгол” (1997), “Хосоо & ТрансМонгол” хамтлаг мөн л монгол ардын хөгжмийн уламжлал талаа дагнан, мөн л хөөмэйд түшиглэх маягтай ба манай энэ төрлийн ардын цөөхүүл хамтлагууд дунд олон улс дахинд мэдээллийн “медиа” хэрэгслэлээр чамгүй өргөн сурталчилагдан тархсан нь шиг байна.

“Хосоо & ТрансМонгол” хамтлагийн ахлагч Д. Хосбаяр 2009 онд ХБНГУ – ын Ар - Ти - Эл (RTL) телевизийн “Гоц авьяастан” нэвтрүүлэгт оролцон төгсгөл шат руу нэлээд дөтөлж, герман хэлт ертөнцийн үзэгч олонд “монгол хөөмэйн урлаг” - ийг нээн таниулахад тун нэмэр болсоныг уншигчид санах магад. Д. Хосбаярын энэхүү уран бүтээлийн үйл хэрэг - сурталчилгаа нь монголын хөгжмийн урлагийн ойрхи цагийн түүхэнд дэлхийн олон сая үзэгчийн анхаарлыг нэгэн дор өөртөө татсан дээд амжилтуудын нэгэнд багтан, тэмдэглэгдэх буй за.

Буриад ая хөгт түшсэн, баруунд нэр нь гарсан этно - рок чигийн “Намгар” (2001) хамтлагийн бүрэлдэхүүнд цөөнгүй монгол хөгжимчид багтаж байсныг энд дурьдан хэлэх ёстой байх.

Харин тун ойрмогхоноос энэ тив нутагт голдуу “өвөрлөгч” дууч хөгжимчдөөс бүрдэх БНХАУ – ын “AnDa Union” гэх язгуур болон концертын аяз хөгжимд түшиглэсэн хамтлаг энэ тив орны хөгжмийн урлагийн зах зээл дээр “америк дүрэм” - ээр менежментийн тун чадварлаг тоглолт хийн, Бээжингээс санхүү, бодлогыг нь илтэд бүрэн дааж байгаа маягтайгаар үе үе үзэгдэх боллоо.

Ардын хувьсгалаас өмнөх монголчуудын хөгжмийн зэмсэгүүд болон хөгжмийн хамтлагын тухай бидний мэдлэг эрдэм боловсрол олгох дээд доод аль ч шатны сургуулийн сургалтын хөтөлбөрийн бүхий л түвшинд маш ядмаг бүрхэг, эмх цэгц, эрэмбэ дараа, утгын холбоо муутай байдаг билээ. Энэ чиглэлийн мэдлэгийг төвшитгөх нэн шаардлагга бий.

Гачидын Бадрах (… - 1937), Жамцын Бадраа (1926 - 1993) - Бямбын Ринчен (1905 - 1977), Жосэф ван Оост (1877 - 1936), Эрнест Эймсхаймер (1904 - 1989), Хэннинг Хаслунд – Кристенсен (1896 - 1946), Алан Дөжак (1956), Борис Смирнов (1912 - 1971), Петер Марш (1965), Андреа Никсон, Кэрол Пэгг (1944) нарын сонгодог, бядтай эрдэмтэн судлагч нараас хойшхи эртний монгол хөгжмийн зэмсгийн тухайд шинжлэх ухааны мэдлэг цааш шальтай ахиагүй мэт...

“Арга - Билэг” хамтлаг Чикаго хот дахь анхны тоглолтынхоо хөтөлбөрт сонгодог дагшаа жазз фюжн (fusion – урсах, хайлах гэсэн утгатай) чигийн сонгодог романтизмын аястай “Төсөөлөл”, “Борооны бүжиг”, “Романс” зэрэг глобал хандлагатай хөгжмөөс гадна уран бүтээлийн тун том олзонд хамаатахуйц “Баяд” зохиомжийн төгсгөл (Coda) дэхь босоо тэнхлэг дээрх зэрэгцэн дуурсах уртын дууны хуурын аялгуулал, дагшаа жазз хөгжмийн тогтмол давтагдах хэмнэл (ostinato) болон хөөмэйн баяд бүжгийн аялгуулал, “Хулсан ташуур” зохиомжийн төгсгөл дэхь эрчимтэй, бүгдийг хамарсан (tutti) тэмүүлэлт довтолгоон зэрэг нь энгэр цоолоход хүрдэггүй юмаа гэхэд манай урлагийн олон олон наадмын “Номинаци” – д нэр дэвшиж, шан хүртэхээр ур хийцэт хөгжмийн уран бүтээл болсон нь илтэд. Хүртэж ч байгаа биз.

Ялангуяа “Гэмтэй дээ” зохиомжийн тогтмол хэмнэлт давтамжийн дүрийн илэрхийлэлт төрх нь “Учиртай гурван толгой” дуурийн Балганы хөгжмөн дүр – аятай үнэ цэнээрээ дүйцэхүйц дагшаа жазз хөгжмийн хэлээр “монгол өвөрмэц” давтагдашгүй төрхийг гаргасан яруу хэрэглүүр, уран дүрслэлийн тодоос том олз, нээлт мөнөөс мөн юм.

Энэ бол дагшаа жаззын эх оронд хөгжим зохиомжийн чинад дахь туршилт, эрэл хайгуул, дүн шинжилгээ хийсэн үр дүнгээ уугуул нутгийнх нь сонсогчдын өмнө өгч буй үр дүнгийн шалгалт юм. Шалгалтын ерөнхий дүн “үнэмлэхүй өндөр” гарсаныг үзэгчдийн алга ташилт, дахиулалт, уухиалалт, уяралын нулимс, исгэрэлт - шүглийн дуу цуурианаас илэрхий.

Тэгвэл энэхүү аялгуут тэсрэх бөмбөгийг зохион бүтээгч инженер нь Тельманы Пүрэвсүх хэмээх хөгжмийн зохиолч - төгөлдөр хуурч юм байна. Чухамдаа түүний шинээр туурвисан болон монгол түмэнд гойд алдаршсан дуу, бүжиг болон дан хөгжмийн гоцлолд дулдуйдан дахин зохиомжилсон жазз хөгжмийн найруулга хийгээд хөгжмийн шинэ бүтээл нь “Арга - Билэг” хамтлагийн урын санг тодорхойлох, илтгэн харуулах үндсэн цөм нь болдог юм байна. Мэдээж хөгжимчдийн үнэмлэхүй чадвараар дөрөөлөн улам ч их хүчийг олдог аж.

Тив дэлхийн мэргэжлийн хөгжмийн урлагийн “алтан тайз” (“алтан” хэмээсэн тодотгол – зүйрлэл нь уянгын халил төдий хоршсон үг бус үнэндээ хольцоогүй шижир алтаар урлан өнгөлж, чимэглэн үйлдсэн ордон танхимуудад зорчсон тухай нь хэлж буй хэрэг болой) – ууд болох ОХУ – ын “Большой Театр” , Бээжингийн Үндэсний Их Театр, Нью – Йоркийн Карнеги Холл, Токио хотын Орчард Холл тайз, Венийн Филармонийн тайз, НҮБ – ийн Төв Байрны индэр,Парис дахь ЮНЕСКО – ийн Төв Офисын индэр эл хөгжимчдийн ёстой л хийгий нь гаргаж, аварга арслангуудын буурьтай нэгэнт болгож.

Аргагүй л хатаагдсан болд шиг, америкуудын хэлсэнчилэн “олон улсын үнэмлэхүй нэр алдартай, гойд чадвартнууд” болсон байна.

Хамтлагийн ахлагч, цохивор хөгжимчин Г. Гантулга, морин хуурч, хөөмэйч А. Даваазориг, өдгөө ид иртэй, гялалзаж яваа тус хамтлагийн хамгийн отгон гишүүн, үндэсний хөгжимчдийн улсын уралдааны удаа дараагийн түрүү шагналт Н. Жигжиддорж, хуурч Х. Батзаяа, цохивор хөгжимч М. Одхүү болон хамтлагийн цор ганц эмэгтэй, мөн л үндэсний хөгжимчдийн уралдааны дээгүүр шагналт, ятгач О. Мөнхтогтох нар америк дагшаа жазз хөгжмийн хэмнэл аялгыг монгол дуу хууртайгаа сүлэлдүүлэн цэхэрлүүлж, жигтэй сонин шинэ хөгжмийг үүсгэн, бахдалтайгаар хуурдан аялгуулж, жазз хөгжмийн тэргүүлэгч эх нутгийнх нь иргэдийн сэтгэл санааг үймрүүлэн, булааж явна аа...

Хөгжмийн зохиолч Т. Пүрэвсүх С. Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийг ч тэр Астана хот дахь Казахын Хөгжмийн Үндэсний Академийг ч урлагийн шалгуураар хамгийн дээд үнэлгээтэй төгсөгч гэдгийг үүнийг сийрүүлэгч биечлэн мэдэх. Тэрбээр жазз хөгжмийн цагаан толгойг Казакстанд сургууль төгсөж ирсэнийхээ дараа төрөлх Улаанбаатартаа жинхэнэ ёсоор үзэж эхэлж.

Стийв Томас гэж Англид жазз хөгжмийн нэлээд цуутай нөхөр арваад жилийн өмнө Улаанбаатарт англи хэлний багшаар ирж. Манай “жазз мэн” “Ереван” Ганбаатай Жазз Хөгжмийн Академи сургууль ч байгуулж үзэж. Тэр сургуулийн хаалгаар нь Т. Пүрэвсүх шагайсан ба түүнээс Чикаго хот дахь тоглолтынх нь өмнө Англи багшийнх нь тухай асуухад: ”...нэг их шальтай багш шавийн зүйл болоогүй ээ...” гэсэн билээ.

Тельманы Пүрэвсүхийн “монгол жазз” бүтээлүүд бол “тэсрэлт” юм. Тэгэхдээ томоос том “нүргээнт тэсрэлт” (дэлхийн урлагийн тавцан дээр шүү дээ ! Жалга, дошиндоо бус)…

Энэ “тэсрэлт” бол монгол өр зүрхний чинад дахь тэсрэлт. Монгол хөгжим морин толгойт хуур – ятга – яндарын эгшиглэнгийн шидээр орчлон хорвоогийн олон хүмүүн ардын сэтгэлэн чавхдасыг эрхшээн захирч эхэлсэний анхан гэрч, дохиодын нь нэгэн болой !

Ийн маягийн тэсрэлтүүдийг “Алтан Ураг”, “Хөсөгтөн”, “Домог” зэрэг хамтдагууд үе үехэн орчлонгийни энд тэнд, онцгой чухал индэр дээрээс бялт, пуужин харвах мэт чимээ гаргах нь монгол зүрх, чихэнд нэн таатай. Бас омогшилтой байх бөлгөө.

Энэ бол манай Их Хуралдайд суугчдын цэцэрхэн, бодлогожин моодорхоод байдаг мөрөөдлийнх нь төсөл, зорилт болсон “дэлхийн монгол брээнд” гэгч нь ааль эрт биелэлээ олчихсон хорвоогоор хэсүүчлэн, таахалзаж байгаа нь энэ хэрэг. Хөгжмийн бараа бүтээгдэхүүн “бүдүүн цариг” - тай төмөр замаар бус хил гаальгүй, хэл орчуулагчгүйгээр “өөрийн брэнд” – ээ оригоороо, “бор зүрх” - ээрээ сурталчилан яваа нь энэ ээ...

Урлах чадварын талд “Арга - Билэг” хамтлаг гайхам өндөрт буй хэдүй ч үзэгч түмэнд зарлан түгээж, товлосон цагаасаа хэт хэтийж тоглолтоо эхлүүлэх, манай концертын урлаг дахь хөгжмийн уран бүтээлчдийн нийтлэг дутагдал болсон жүжигчний тайзны уран чадварт хамаатах “царцуу” гэмээр ойлгомжгүй нүүрний төлөв байдал, энэ тэндэхи урлагийн арилжаа - харилцааны заншил муу мэдэх, урлагийн барааны худалдаагаа болхидуухан хөтлөн явуулах хийгээд өгөх, авахын тогтсон дэнсийг үл ойшоох зэрэг эндлийг эс тооцвол, бусдаар урлагийн талд бол өөлөх юмгүй.

Хөгжимчин бол зөвхөн хөгжмийн ноот уншигч машин, робот бус юуны өмнө жүжигчин, амьдлаг хүн, хөгжмийн авиа эгшгээр тодорхой цаг хугацааны агшинд ахуй амьдралын элдэв зураг, дүрийг амилуулан бүтээгч ховсдогч шидтэн, хийсвэрлэлт хөгжмөн дүр бүтээгч увидастан – уран бүтээлч байх ёстой билээ.

Эцэст нь хөгжим сонсохоор ирсэн үзэгч түмэн маань тухайн урлагийг шимтэн хүртэхээр зориудын цаг зав, ажил амьдралаа зохицуулаад өөртөө цаг гаргаад ирсэн, төлбөрөө урьтаад төлсөн хэрэглэгч тул тэд “хаан”, урлагчид маань тэдэнд бөхөлзөн нахилзах “манж зант” үйлчлэгчид нь гэдгийг хэн хүнгүй ухаарууштай. Хэвшүүлүүштэй.

Улаанбаатарт хааяа нэг дэлгүүр хоршооны газар бохь ангалзан зажилсан маягтай тоомжиргүй худалдагч таарах. Тэд худалдан авагчийн асуултанд хариулах бус ундууцангаа гар утсаар оролдох, гаднах үзэмжээр нь үйлчлүүлэгчтэй “хэг ёг” хийн ялгавартай харьцах зэрэг үйлчилгээний соёлын хувьд “анти” хандлага гаргах нь хааяахан тохиодог. Урлагийн харилцаанд оролцож буй хэн нэгэн урлагтай, хэрэглэгч үзэгчтэй энэ мэт буруу харьцах, ямар нэгэн хандлага үзүүлвээс дахиад улс амьтан цуглах нь юу л бол.

Аль ч орон газар яваа манай урлагийнханд бас нэг санууштай нь “усыг нь уувал, ёсыг нь дага” гэсэн монгол үгээ байнга санаж, тухайн нутагт түр зочиллоо ч нэгэнт хэвшсэн дүрэм, хуулийнх нь дагуу ажлаа явуулахад зориудын урьдчилан он цаг, бэл заран тусгайлан суралцаж, чармайх аваас бидний урлагийг зөв нүдээр хүлээн авах улс улам л нэмэгдэж, монгол урлаг маань олон улсад улам л хүндлэгдэн, нэр хүндийг олох биз ээ !

Барих бие, харах бараа сүүдэргүй “монголын ардын хөгжмийн хамтлагуудын их түрлэг” хэмээх энэхүү сонор агшинт үзэгдэл, оюунт барааг “эрдэнийн бул чулуу” болгохоор, бүхий л монгол аймгийг нэгтгэн захирч асан Эзэн Богдын суу үлгэрээр, эднийгээ багцалсан эвийн сум мэт гартаа базан атгаж, “өрнө - дорно” - оор хөндлөн гулд довтолгох “Монгол Их Урлаг” - ийн түүчээд “жүжигчин - дууч - партизан – соёрхолт - маэстро” Д. Сосорбарам маань манлай жанжны отог жинэсэн хэргэмт дүр эсгэн, ихэмсэгээр самсайгаа сарталзууланхан, “Баянхонгор талынхаа энгээр” аагтайхан ханхалзан, омог бардам цогиж явна аа !

Монгол Улсын угсаатны хамтлагуудын түүхт тулаанд нэгдэхээр, тэдний дууриалаар Өвөр Монголын “Хаяа”, “Боржин”, “Аврора”, зэрэг хамтлагууд дэл толгойгоо сагсалзуулсаар, “дундад иргэн” бодлого, “нанхиад” үнэр сэнгэнүүлэнхэн баруун, зүүн замаар нэхэн айсуй.

“Хаяа” хамтлаг Азийн Хөгжмийн Наадмын цөөнгүй удаагийн дөнгүүр шагнал хүртсэн, Зүүн Өмнөд Азийн хөгжмийн зах зээлд тун эрэлттэй болсон байгааг манайхан анзаарч, энэ мэт “өвөр” нутгийн ахан дүүсээсээ сургааль, жишээ эгэн авч, гурван тэрбум хэрэглэгчтэй нүсэр том хөгжмийн “их дэлгүүр”- ийн лангуун дээр бараагаа тавьж, заруулах талаар “халх - ойрд оюун” - аа урцалдуулан нэрэх цаг эртээ болсон шиг байна.

Монголчуудын угсаатны хэмээх тодотголтой чуулга, хамтлагуудын ая хөгийн нүргээнт их үйлс улам улмаар түгэн, бадамлах болтугай !

“PAX MONGOLICA” СОЁЛЫН АКАДЕМИ санаачилагч - тэргүүн, хөгжмийн шүүмжич
Б. Батжаргал (Ph.D)

2014 оны ес, арав, арван нэг, арван хоёрдугаар сарын эх

АНУ –ын Чикаго хот - Aurora дагуул хотхон

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
07/14/2019
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт.
“ХҮҮХЭД НАС” ыг ХҮҮХДЭД НЬ ҮЛДЭЭ
“ХҮҮХЭД НАС” ыг ХҮҮХДЭД НЬ ҮЛДЭЭ
Цав цагаахан цаасан дээр урлал бүтээх шиг “гайхамшигтай”, энэ ертѳнцийг таних гэж мунгинахдаа бидний сэтгэлийн ѳхѳѳрдѳл хайрыг бялхааж байдаг “хѳгжилтэй”, ѳѳрийгѳѳ бүтээх гэж бусдын үйл хѳдлѳл бүрийг даган дуурайж байдаг “хайрлалтай” хүүхэд нас бидний амьдралын нэгэн мѳчлѳг. Энэ мѳчлѳгийн урагшлах гэж мѳлхѳх, алхах гэж хѳлд орох, ярих гэж хэлд орох үйлдэл бүхэн ѳѳрийн хугацаатай. Түүнийг товчлох боломжгүй. “Цагийн юм цагтаа” гэдэг шиг хүүхэд насандаа гэнэн томоогүй, цайлган цагаан, ѳхѳѳрдѳм хѳѳрхѳн хүүхэд хэвээрээ байхдаа л сайхан. “Хурдхан том болох сон” гэх хүүхэд насны гэнэн мѳрѳѳдѳл,
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
06/24/2019
…Гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад ажиллаж амьдарч, сурч боловсорч буй шинэ үеийнхэн бол залуучууд. “Энд үлдэхгүй ээ, сурах эрдмээ сайн сураад Монголдоо буцна” гэж ѳгүүлэх залуустай уулзаж ярилцах бүрдээ тэднээр бахархдаг. Тэдэнд хэд хэдэн давуу чанар байна. (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.