04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

“ЖИЙГЭЭ ХУУРЧ” – ИЙН АНХНЫ ХУУРЦАГ ЮУ ӨГҮҮЛНЭМ ?

396048

(Хуурцаг сонсоод төрсөн сэтгэгдэл)

“Хуурч” хэмээх монгол эр хүний эрхэм хэргэм, хүндлэлт мэргэшил. Бөхөөс ч дээгүүр. Эрт цагаас өдгөөг хүртэл хэвээр.
“Өлзий хуурч”, “Түдэв, Түвдэн хуурч”, “Жамъян, Буян хуурч”, “солгой Баяр хуурч”, “Алтангэрэл хуурч” гээд л “Батчулуун, Батсайхан хуурч” хэмээн өнө эртийн том хуурчдаас энэ цагийн алдарт хуурчдын нэрс хүртэл хөврөх.

Яг энэ цаг дор идэр залуухан нэгэн “хуурч” төржээ. Түүнийг “Жийгээ хуурч” хэмээн тун ойрхоны монгол түмний хөгжим шастирын түүх тэмдэглэн үлдээх нь дамжиггүй гэдэгт эргэлзэмгүй.

Залуу хуурч маань энэ жил дөнгөж “хөгжим бүжиг” төгсч байгаа хэдүй ч “соёлын тэргүүн” болоод, Нүүб, Юнэскийн тайзнаа аль эрт залраад, хуурдаад бараг дэлхийг тал тойроод амжчихжээ.
Үнэхээрийн сүрхий сод авьяас гарч ирсэн нь тун тодорхой агаад, өөрийн бие даасан анхны хөгжим бичлэгийн хуурцагаа гаргаад ч амжихаж.

Завшаанаар энэхүү шинэхэн гоц хүний дээд сургууль төгсөх диплом-эрдмийн багшаар нь охорхон хугацаанд ажиллах хувь тохиосон нь үүнийг бичигчид тун их аз тохиосон хэрэг бөгөөд үр дүн нь хамгийн дээгүүр гарсан нь бүүр ч баярлууштай.

Нанзаддоржийн Жигжиддорж (19 настай) анхны бичлэгийн хуурцагаа энэхэн үест тэртээ зуугаад жилийн өмнө моодонд байсан нанхиад хэл бичиг шиг англиар “Portrait of Morin Khuur” (Морин хуурын хөрөг - зураг) хэмээн нэрлэж. Энэхүү хуурцгийн бичлэгийн ажлыг нь ᠌᠌”Color music” (Өнгөт хөгжим) бичлэгийн студи бүтээж, П. Сүхдамба дууны инженер гардан, зураг хөргийг нь У. Баттайван, Т. Батхүү нар авсанаас гадна төгөлдөр хуурч Д. Баярцэцэг, морин хийлч Д. Амармэнд хийгээд Монгол Улсын Морин Хуурын Чуулга, удирдаач Д. Түвшинсайхан нарын чамбай уран бүтээлчид ая хөгийн түрлэгээр чимэглэжээ. Жанцанноров гуай ч энэ хүүгийн тухай магтаал үгээ хуурцагны хавчуурга дээр нь харамгүй хайрлаж. Бас.

Хөгжим Бүжгийн Коллежийн Хөгжмийн Ухааны Тэнхимд энэ өвөл тэрбээр “...шинэхэн Си Дигээ гаргасан багш аа !...Сөүлээс өчигдөр ирлээ...” хэмээн нисэх шахам орж ирээд, гарын үсэглэн дээжээс нь өргөн барьсан нь хичнээн завшаан, хичнээн том бэлэг билээ.

“...Агтны хариу жилдээ” гэдэгчилэн энэхүү монгол агт морьдын төвөргөөнт сэтгэл гэгэлзүүлэм нүргэлэх ая дангийн хүчит шуурганд нь ийн хариу барьж сууна даа. Багш нь.

Б. Дамдинсүрэнгээр овоглох болсон “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн ариозо, “Хэнтийн өндөр ууланд”, С. Гончигсумлаагийн “Гурвал”, З. Хангалын “морин хуурын концерт”, Н. Жанцанноровын “Би чамд хайртай” кино хөгжим гээд монгол сонгодгуудаас аваад л Жоон Уйлямс, Х. Вилла – Лобос, А. Пиацолла, Э. Морриконэ нарын ертөнцийн сонгомол арван бүтээлээс уг хуурцаг бүрджээ.

Том ч бүтээлүүд, том ч зориг. Чадалтай ч туурвил болж.

Энд энэ цагийг эзэмдэн эхэлж буй гоц хуурчийн хөгжимдөх арга маяг бүрийн тухай өгүүлж уншигч түмний цагийг бараад яахав. Сонсогч та өөрөө тус тусын мэдрэмж, дүгнэлтээ хийх хойно.

Гагцхүү морин хуур маань хаашаа даялан байна ? гэдэг гүн ухаан маягийн бодол энэхүү хуурцгыг хэдэнтээ сонсоод төрсөн бодролоо уншигч тантай хуваалцмаар санагдана.

Ширэн цартай хуурыг бохирон сууж хуурдах нь манай эртийн ёс. Жамъян багш сандал дээр сандайлан концертын тайзнаа анх гаргаж, Сен Сансын “Хун” – г аялгуулан олон улс дахинаа түгээсэн нь хөдлөшгүй баримт, түүх.

Монгол эр хүн давжаахан биетэй шөрмөслөг морио дэнхэгэр тоомсогоор эсвэл эрлийз арааб үүлдэрээр сольж улсын наадамд тоос өргөхтэй дүйцэх хэрэг л дээ. Угтаа. Гэсэн хэдий ч үзэгчийн соёл боловсрол даяаршахын цагт бөбөрцөг дэлхий даяханаар дуулж хуурдан буй хөг эгшгийг хуур маань дагахгүй бол яаж болох. Энэ ч үүднээс “Жийгээ хуурч” –ийн шинэ хуурцаг энэ даяарыг дагасан цаг үеийн үр хөврөл яахын аргагүй мөн байна. Цаг үедээ хариу барьсан сод авьяастны мэдрэмж хэмээн санагдах.

Тэгэхдээ л бид хуурын жинхэнэ мөн чанар болсон өнгө дуугаралт хийгээд уламжлалт хөгжимдөх арга маягийн хөх толбо шиг тамга-тэмдгийг үргэлжид л санан байх ёстой юм.

“Жийгээ хуурч” – ийн уран бүтээлийн зам мөр Гималайн өндөрлөг шиг тэнгэр өрөмдөн, цойлон байг ээ !

Морин хуурч Н. Жигжиддоржийн тухай та эндээс уншиж, арай дэлгэр мэдээлэл авч болно:

http://www.mongolnews.mn/i/34003
http://art.news.mn/content/131994.shtml
http://news.gogo.mn/r/117846
http://unduush.blogspot.com/2011/12/blog-post.html
http://zayagiinh.blogspot.com/2010/07/blog-post_6529.html

Жийгээгийн хөгжимдөхийг харж, сонсоё гэвэл үүнийг бас нэмэрлэе ! :

http://www.youtube.com/watch?v=7GrAajT0HQo
http://www.youtube.com/watch?v=8cu-YtFSj44
http://www.youtube.com/watch?v=TMI1yngEcoM
http://www.youtube.com/watch?v=_RNH68ZdoS8
http://www.youtube.com/watch?v=R5h3zLVxuZA

Б. Батжаргал

2013-05-14

АНУ - ын Чикаго хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.