04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

МОНГОЛ ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН ДАРУУЛД ЗАХИРАГДАХ “ЖООФРИЙ БАЛЕТ”

/Ерөнхийлөгчөөс шагнал хүсэх дуулиант мэдээ/

Америкийн Чикаго хотын яг төв цэгт шахуу балетын жүжиг нийтэд үзүүлдэг нэгэн байгууллага байх. Энэхүү байгууллагын нэрийг Жоофрий Балет гэх. Уг бүжгийн жүжгийн газрыг анх байгуулсан хүнийх нь нэрээр нэрлэж.

Тэнд манай нэгэн төгөлдөр хуурч эмэгтэй тасралтгүйгээр арван таван жил хөгжимдөж байгаа юм. Хөгжимдөх ч гэж дээ удирдаж байгаа гэхэд арай нийцтэй болох юм. Учир нь түүнгүйгээр энэ газрын ажил нь зогсчих гээд байдгаас амралт, чөлөөгүй ажиллахад хүрдэг хэрэг. Ийн бичиж эхлэхэд уншигч та хошин шогийн зөгнөлт үзүүлбэр байх гэж хүлээн авах нь магад. Гэлээ ч энэ бол элдэв давс, хужиргүй үнэн ахуй байдал юм.

2012 оны 5 – р сарын 4 - ний үдэш энэ явдал үнэн эсэхийг дахин нягтлахаар энэ бүжгийн жүжгийн газарт явж очлоо. Үзэгчид урьдын жилүүдийг бодвол цөөрсөн янзтай харагдана. Тэгэхдээ л үзэгч – орлогын төлөвлөгөө нь бардаагүй наян хувьтай. Бүх зүйл төлөв янзаараа. Үүдэнд тасалбараа шалгуулна. Үйлчлэгчээр суух суудлаа заалгаад, жүжгийн хөтөч ном авна. Тэгээд гэрэл аажим бөхөн унтарч, хөшиг нээгдмэгц амьдрал дээр огт учирахгүй, байж таарахгүй хүний бие хааны уран хөдөлгөөнөөр жүжгийн яриа өрнөнө.

Энэ оройн хөтөлбөрөө тус урлагийн байгууллага “Хаврын уясал” гэж нэрлэж. Хавар бүх дэлхий сэргэж, хүн амьтны дурлал хайр ч даган сэрдэг хойно доо.

Бүжгийн жүжиг гэхээсээ зохиомжилсон гурван бүлэгт үзэгдэл маягтай зүйлсийг бүжиг дэглэгч нар нь сэдэж. Эхний хэсгээ “Онгон нас” (Ф. Гласс, Т. Ньюмэн нарын хөгжим, бүжиг дэглээч Э. Лиан), удаахаа “Шөнө дөлөөр” (Ф. Шопены шөнийн аязууд, Ж. Роббинс), төгсгөлөө “Шившлэг” (А. Рабинович – Бараковский, В. Канипароли) гэсэн байх. Утга төгөлдөр, хүний сэтгэлийн угт нуугданхан байдаг тэр л сэрэл, мэдрэмжийг өдөөх гэсэн урлагийн зорилго нь үзэж дуусахад үнэхээр л биелсэн мэт сэтгэл хөвөн, хөвөлзсөөр байх.

Уг бүжгийн үдэшлэгийн дунд хэсэг болох Ф. Шопены шөнийн дөрвөн аязыг энд өгүүлэх монгол төгөлдөр хуурч хөгжимчин маань амьдаар гагцаар хөгжимдөнө. Бусад хоёр хэсэг нь амьд бус, бичлэгээр явах аж.

Төгөлдөр хуурч Буриадын Мөнгөнчимэгийн хөгжимдөх нь үүлэнд гарч, тэнгэрт нисэх мэт аугаа эмзэг хийгээд сансар огторгуйн гэмээр мэдрэмж төрүүлнэ. Бүжигч хосууд ч (Ж. Мендоза, Т. Сулуашвили, Э. Дэли, М. Бланко, В. Жаяани, Ф. Калмелс) хөгжимдөө уусан, үйл хөдлөлөө урсгал усны долгио мэт сөөлжин өрөөлдөж, ээлжлэн наадаж бүжинэ. Ертөнц тэр чигтээ анир чимээгүйн нууц увидаст хэлэнд автах аж...

Нэгэнт олж авсан мэдрэмжээсээ салчих вий хэмээн болгоомжлон, сэмээрхлэх үзэгчийн сэтгэлийн төлөв яахын аргагүй чангаар алга таших рефлексийг нь өдөөн, удтал зогсон хүндэтгэл үзүүлнэ. Тайзнаа нэгэн ази царайтай бүсгүй гарч ирэн ёслоход, хөтөч номыг нь л шагайхгүй бол Хятад, Япон алин болохыг хэн ч үл мэдэх.

Ийм л нэгэн уран сайхны үйл явдлын гэрч боллоо. Саяхан. Үнэн, худлыг гэрчлэх тав зургаан монгол үзэгч бас байсан юм шүү. Тэгэхдээ энэ нь төгөлдөр хуурч эмэгтэйн хувьд жирийн л нэг ажлын төлөвлөгөөт тоглолтынх нь үүрэг юм. Тэр энэхүү үүргээ арван таван жил яс гүйцэтгэж байна. Энэ нутгийн монголчуудын дунд энэ дайтай америк албыг нэр төртэй хашиж яваа улс цөөнгүй бий.        

Б. Мөнгөнчимэг америкаас шагнал горьдох юмгүй. Авдагаа авчихсан. Голливудын од Шварцнегрийн хамт америкийн Ардын жүжигчин цолоо ааль эрт хүртчихсэн нэгэн. Тэр нь эднийд Цагаачлалын Алдар нэртэй юм. Түүнийг нь эндэхийн Хуулийн байгууллага нь олгодог юм байна. Гучин сая цагаачдынх нь мөрөөсөл болсон, жилд ганц нэгхэн хүнд олгодог энэхүү шагналыг Монгол туургатнаас хүртсэн эхний бөгөөд сүүлчийн хүн нь болоод байна. Харин монголынхоо ерөнхийлөгчөөсөө ядаж гавьяатын тэмдэгээ хайрлаач л гэж гуймаар байгаа юм даа ! Хэрвээ энэ хавиар биеээрээ айлчлан ирвэл шүү дээ. Тэглээ гээд Болдынх шиг араас нь нэхэл, дагал болоод байх хүн энэ америкийн хавтгайд л лав байхгүй байх. Б. Мөнгөнчимэгийн америкийн их урлагт оруулж буй хувь нэмэр нь Японд буй манай сумо бөхчүүдийн амжилттай харьцуулшгүй өндөр зиндааны үйлс гэдгийг ардчилсан ерөнхийлөгч маань төдийгүй уншигч олон маань ухамсарлах ёстой.
            
Микробиологийн лабораторид хүний биеийн амьд эсийн хромосомын түвшинд туршилт шинжилгээ хийж, удамшлын өвчний учиг сэртэнг хайн буй Нямка гэх монгол тандагчийн ажлыг, өрөөнийх нь хаалгаар санамсаргүй шагайж байгаа хэн нэгэн, албан контор андуурч, төөрч будилсан хүн дүгнэхгүй шүү дээ. Тэгэхлээр хөгжим, урлагийн уран бүтээлийн урланд хромосомын түвшинд ажиглалт хийх дон шүглэчихсэн шахуу, мань мэттэй төсөөтэй микорбиологч мэргэжилтэний үг л үнэ цэнэтэй байх нь ойлгомжтой.
            
Одон тэмдэгээ өвөртөлж гарахаа мартуузай ! Ерөнхийлөгч өө ! Хэрвээ наашаа мордвол.
 
Хөгжмийн шүүмжич, доктор Б. Батжаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.