04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

М. КАБАЛЭ, Н. БАСКОВ НАРЫН ДУУН ҮДЭШЛЭГ ОРШВОЙ

Чикаго хотын Симфони Төвд үхэр жилийн сар шинийн өмнөхөний нэгэн үдэш XX зууны дэлхийн дуурийн урлагийн "тэргүүн хатан" (Prima Donna) Монсэрат Кабалэ (Montserrat Caballé) болон ОХУ - ын "гавьяат жүжигчин" Николай Басков нарын хамтарсан дуурийн уран бүтээлийн үдэшлэг болж өнгөрлөө. Спортын зарим сэтгүүлчид спортын жинхэнэ оддын тоглолтыг үзлээ, гайхан биширлээ хэмээн бичих нь олонтаа тохиодог. Тэгвэл дуулах урлагийн зууныг эзэлсэн ертөнцийн од болон ид шуугиулж байгаа бас нэгэн одын хамт танхимаас үзэж сонслоо хэмээн дуу алдан өгүүлж яагаад болохгүй билээ.

Сар гарангийн өмнөөс уг тоглолтыг үзэхээр товлосон юм. Америк нутагт санхүүгийн хямрал эрчилж, ажилгүй гунирсан улс олон болж байгаа нь мэдрэгдэж буй хэдий ч уг үдэшлэгт очих арга чаргыг сүвэгчилэн очсон нь нуултгүй.
Монсэрат Кабалэ бол Испани гаралт, 1956 оноос дуурийн тайзнаа анх гарч, Европ, Ази, Америкийн аль л дуурийн том театруудын тайзнаа сонгодог дууриудын зуу орчим гол дүр бүтээсэн, хагас зуу орчим бие даасан бичлэгийн хуурцгаа гарган түгээсэн цээл хоолойтон (soprano), өдгөө дал хол гарсан хатагтай болой. Тэрээр 1965 онд анх Америкт ирж, Нью - Йоркийн Карнеги Холлд дуулсанаар энэ нутаг оронд шуугиан тарин, нэр алдраа анх олж байжээ.
Орос дууч эр Н. Басковын хувьд алдарт Кабалэ нь дуулах ур зүйнх нь багш болох хүн бөгөөд, анхлан Их Театрын алдарт дуучин эмэгтэй Елена Образцова зиндаа нэгт Испани дуучныг эх орондоо урин залж, дуулуулах хийгээд дуулах ур зүйг нь Оросын залуу дуучин оюутнуудад өвлүүлэхээр хичээл заалгахаар урьж байсан ба үүний үр болсон Николай нь бас чиг энэ зууны эхэн оноос эхлэн нутаг орондоо төдийгүй эрхэм багш нарынхаа өгөөмөр дэмжлэгийн хүчинд Өрнийн театр урлагийн цөөнгүй газар нэр сүрийг олж, цээл хоолой (tenor) - гоороо Орос түмэндээ дуурийн төдийгүй эстрад урлагт танигдсан, гуч дөнгөж гаран насны нэгэн бөлгөө. Америкууд түүнийг "онцгой авьяастан" хэмээн тодорхойлж буй ажээ.
Түүх сөхвөөс, Оросын дууч, хөгжимчид одоогоос зуу гаран жилийн тэртээгээс Өрнө болон Америкийн урлагийн зах зээлд олноор гарч эхэлсэн ба Петер Чайковский, Игорь Стравинский, Сергей Рахманинов, Сергей Прокофьев гээд л хөгжмийн зохиолчид цуврахаас гадна Америкийн балетын урлагийг үндэслэсэн Жорж Баланчин (1904 - 1983) ч бас Хаант Оросын Грузинээс угшилт, цагаач нэгэн болой.

Орос дуучдаас өндөр аргил хоолойт (бас), ЗХУ - ын анхны ардын жүжигчин "домогт Феодор Шаляпин (1873 - 1938)" Барууныг өмнөх зууны эхэнд Америкийн хамт эзэгнэж, тэдэнд "Питерийн гудамжаар" хэмээх алдарт Орос дуугаа анхлан сонсгож, Ш. Гуногийн "Фауст" дуурийн Мефистофелийн дүрийг дахин давтагдашгүйгээр бүтээж байсан билээ. Түүний дуу хоолой эрт цагийн пянз бичлэгт 300 - аад үлдсэн нь бий.
Өдгөө цагт Дмитрий Хворостовский хэмээх аргилдуу (bariton) хоолойт дуучин болон Анна Нетребко нар Оросын дуулах урлагийг ертөнц дахинаа гайхуулж яваа.

М. Кабалэ, Н. Басков нарын тоглолтыг үзэхээр Чикаго хотод амьдардаг Орос Еврейчүүд булга, минж, суусран үст дээлээ хэгэлдрэглэн, оросоор хөөрөлдөн, олноор хуран чуулан буй нь эгээтэй л Америкийг Оросууд эзэлчихээ юу даа !? хэмээх сэтгэгдэл төрүүлмээр. Энд амьдардаг Орос Жүүдүүд ихэнх нь улс төрийн орогнол олсон улс байх ба ихэнх нь иргэн болцгоож, "нэгдсэн улсын төр" - ийн хайр хишгийг хүртэн умбаж, сэтгэл санаа уужуу тайвуун, амар жимэр, сэтгэл тэнүүн амьдардаг нь харцнаас нь илт.

Концертын эхэнд М. Кабалэ хатагтай төгөлдөр хуурчаараа (Manuel Burgueras) дэмнүүлсээр гарч ирлээ. Тэрээр дуурийн эмэгтэй ахимаг дуучдын нийтлэг онцлог болсон лагс бие хаатайн дээр алхах гишгих, зогсон дуулахад нэлээд амаргүй болсон нь илтэд. N. Piccini (1675 - 1800) - ийн Se il ciel mi divide хэмээх арийг эхлэн дуулав. "Эрийг нас Уулыг цас" гэдэг шиг примадонна дуучны дуулах арга эв, донж маяг ихээхэн уран авч, хоолойн хүч чадал ихэд харьсан нь мэдрэгдэм. Гэсэн хэдий ч урьдын домог болсон үүх түүхийг нь хүндлэн бишрэгсэд уухай хадаан хүлээн авч байлаа. Манайд ч гэсэн Хайдав гуай болон Цогзолмаа гуайг хэн ч болов нас дээр гарсан хөөрхий дуулахаа болиосой гэх бус ихэд бишрэн хүндэлж хүлээн авдагтай ижил юм даа.

Н. Басков дуучин М. Кабалэ нар нийт хоёр хэсгээс бүрдсэн тоглолтыг Чикагогийн үзэгчдэд өргөн барьсан ба аль аль нь дуу хоолойгоо цуцаахгүй гэж ээлжлэн байхаар хөтөлбөрөө өрж, зохицуулжээ. Эхний хэсэгт нь Итали (В. Беллини, Ж. Доницетти, Ж Пуччини), Орос (П. Чайковскийн "Евгений Онегин"), Францын (Ж. Маснэ) сонгодог дууриудын аринууд багтсан бол удаах хэсэгт нь өргөн олон тэр бүр мэдэхгүй арай хожуу цагийн зохиолууд (F. Cilea (1866 - 1950), S. Cardillo, P. Sorozabal (1897 - 1989), F. M. Torroba (1891 - 1982), M. Penella (1880 - 1939)) байх аж.

Mэдээжээр бяр хүч нь жагсаж байгаа Орос дуучны хувьд Оросын хэд хэдэн романс дуу ("Очи Чёрные") дуулсанаас гадна дэлхийн сонгодог аринуудаас ч дуулж сонирхуулав. Үзэгчид бараг бүхэлдээ Орос орноос гарвалтнууд тул дуучнаа аль болох олон дуулуулах, хармааных нь дууны дугарааг сонирхохоор дахин дахин алга хавсран тайзнаа урин залж байсан нь зүйн хэрэг юм. Концертын төгсгөлд хоёр дуучин хэд гурвантаа хөтөлбөрт тутсгагдаагүй дуу ариг хоршин, нэмж дуулсан нь үзэж сонссон улсын бах тавыг үнэхээр хангасан явдал болоотхов. Тэр ч бүү хэл прима дуучин маань сэтгэл хөөрсөндөө Оросоор хүртэл харилцан дуулж хөгжөөв. Ийн дуулахдаа хайр сэтгэлээ илчилсэн мөрүүдийн завсар Басков "эхнэрээсээ салсан" гэдгээ англиар хавчуулан хэлэхээ ч умартсангүй. Басковын дуулах урлагийн энэхүү концертын оргил нь "О Соле Мио" болов. Үүнээ тэрээр дуулж эх нутагтаа болон олон оронд дуучин гэдгээ тунхаглан танигдсан бөлгөө...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.