05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Орост манай дуурийн дуучид “цахиур хагалж” явна

Оросын суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн (1840 - 1893) нэрэмжит 14 дэхь удаагийн Олон Улсын Хөгжмийн Уралдаан  ойрын  өдрүүдэд (2011 оны  VI – 20 – VII - 2) ОХУ – ын нийслэл Москва болон Санкт – Петербург хотуудад явагдаж байна. Дэлхийн 25 орны 32 хүртэлх насны шилэгдмэл 122 дууч, хөгжимчид энэ удаад хүчээ сорьж буй бөгөөд манай улс гурван шижигнэсэн, эрэгтэй, аргил бүдүүн хоолойт, цэл залуухан дуучдаа илгээжээ.

Энэхүү тэмцээнд оролцогчдын шагналын сан нь гурван зуун мянган евро ба тэргүүн байрыг хорин мянгаар байлах аж.

Чайковскийн конкурс нь спортоор бол нэг ёсны залуу уран бүтээлчдийг дэлхийн сонгодог урлагийн тавцанаа дэмнэн гаргах “олимп” юм даа. Тэгэхдээ эл тэмцээний нэр хүнд нь ихэд өндөр өө. Нэг үгээр олон улсын уралдааны шагналтнуудын уралдаан ч гэж хэлж болмоор…

duuchid2Монгол хүний мөрөөсөл санаанд энэхүү уралдааны “титэм” олоон олон жил Сүмбэр уулын орой мэт төсөөлөгдөн байснаас бус барин тавин орчсон нь үгүй юм. Бид 1942 онд анхны дуурьтай (“Учиртай гурван толгой”) болж, 1954 онд дуурийн анхны мэргэжлийн дуучинтай (МУ – ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Гонгорын Хайдав) болсон гэж үзвэл лавтай нэгэн жарны хүсэл тэмүүлэл мэт.

Чайковскийн уралдаанд манайхан олон арван жилийн турш оролцож ирсэн түүхтэй. 1966 оноос хөгжимчдөөс гадна дуучид оролцох болсоноор шүүгчдийн бүрэлдэхүүнд МУ – ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, дуучин Цэвэгжавын Пүрэвдорж (1929 - 2007) гуай гуч гаруй жил ажилласан билээ (түүний энэхүү үйлсийг “Олимпийн Магван” гуайн үйл хэрэгтэй адилтгаж болох мэт).

МУ - ын Ардын жүжигчин, төгөлдөр хуурч Тувааны Цолмон, төгөлдөр хуурч, профессор П. Доржпагам, УГЗ, хийлч Чулууны Чинбат, Ардын жүжигчин,  дуучин Б. Жавзандулам гээд л манай сонгодог урлагийн ойрхи түүхийн гол баатруудаас авахуулаад л тэдний шавь нарын олон арван нэрсийг энэхүү уралдааны намтартай холбон дурьдаж болох.

1990 – ээд он хүртэл уг уралдаанд оролцогч манай сонгодог урлагийнхан эл тэмцээний эцсийн шалгаруулалт хүртэл өрсөлдөж байсан нь үгүй юм. Ганц нэгхэн хүн л хоёрын даваанд шалгарч байсан ба харин энэ удаагийн уралдаанд аргил – баритон хоолойт дуучид Э. Амартүвшин, Ч. Энхтайван нар эцсийн гуравдугаар шатанд шалгаран, тэмцэлдэж хэдхэн мөчийн дараа үзүүр түрүү юу эс бөгөөс шөвгөрсөн тухайд эцсийн дүнгээ сонсохоор сэтгэл догдлон хүлээн сууна аа.

Одоогоос яг 13 жилийн өмнө Ховд нутгийн хүү, аргилхан хоолойт Пүрэвжавын Ганбат энэхүү уралдаанд эрэгтэй дуучдын ангилалд шагналт дөрөвдүгээр байранд орж байсан нь саяхан мэт санагдана. Их Театрын тайзнаа сүүлчийн шалгаруулалтанд симфони найрал хөгжимтэй дуулж, шагналаа гардан авсан хийгээд Улаан Талбайг хашин байрлах “Москва” зочид буудлын люкс өрөөндөө “их дуучин” маань урлагийн андуудтайгаа байгаа мялаан , их урлагийн тухайд үүр цайтал яриа өрнүүлсэн тэр мөчсийг мартамгүй. Даанчиг “залуу гавьяат” маань ид туурвих гуч гаранхан насандаа Новосибирскийн дуурийн театрт уригдан ажиллаж байхдаа насан өөд болсон нь туйлын харамсмаар…

Ямартай ч манай дуучид монголын дуурийн урлагийг дэлхий тийш даялан дуудсан анхны “алтан хараацай” болох МУГЖ П. Ганбат агсаны зассан зам дээр нэгэнт гарч зогслоо. Од хийгээд аз байвал цааш хэд алхах нь шударга мэргэн шүүгчдийн мэдлийн хэрэг ээ !

Тус мэдээллийг бэлтгэх явцад энэхүү уралдааны дүн гарч, Монгол дуучин Энхбатын Амартүвшин эрэгтэй дуучдын төрөлд мөнгөн медаль хүртэж дэлхийн сонгодог урлагийн дээд зиндаанд үнэлэгдэх пайз бичгээ гардан авлаа. Түүний өмнө дэлхийн бүхий л дуурийн шилдэг театруудын үүд хаалга ийнхүү үүдээ сөхлөө.

Э. Амартүвшин нь 24 настай, Сүхбаатар аймгийн уугуул ба 2004 - 2009 онуудад Улаанбаатар хотын Соёл Урлагийн Их Сургуулийг дуурийн гоцлол дуучны мэргэжлээр МУСТА Ц. Ерөө багш дээр төгсч, өдгөө Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт гоцлол дуучнаар ажилладаг юм байна.

Тэрбээр Улаанбаатар, Москва, Парис хотод зохиогдсон дуурийн дуучдын уралдааны шагналтан ажээ.

Жич : Эрхэм уншигч та дуучин Э. Амартүвшин, Ч. Энхтайван нарын П. Чайковскийн нэрэмжит Олон Улсын 14 дэхь удаагийн уралдааны гуравдугаар шатны шалгаруулалтанд оролцон дуулсан бичлэг хийгээд  шагналтнуудын Гала тоглолт болон шагнал гардуулах ёслолыг үзэхийг хүсэх аваас энэхүү үнэ төлбөргүй сайтад зочилж болох юм.

Мэдээллийг бэлтгэсэн Б. Батжаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.