04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

“АМЕРИКТ УЧИРСАН УРАНСАЙХАН” НОМ АНУ – Д МОНГОЛ ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

АНУ – ын Чикаго хотын Мегатрон (Megatron Group) хэвлэлийн газар доктор Б. Батжаргалын Америкт учирсан урансайхан (I’m Looking For Some Intertainment in America) номыг монгол хэл дээр хэвлэн, энэ 5 – р сарын 16 – ны өдрөөс эхлэн худалдаанд гаргажээ.

            Тус ном нь зохиогчийн АНУ – д үзэж, харсан урлаг соёлын энтeртaймэнтийн зүйлсийн тухай өгүүлэх арав орчим жилийнх нь бодрол, дүгнэлтийн тайлан юм байна. Номын зохиогч өөрийн энэхүү номоо сэтгүүлзүйн туршиц гэж давхар тайлбартайгаар нэрлэсэн байна. Номын бүлэг хэсгүүдээ мэдээ – нийтлэл, эсээ – тэмдэглэл, хөрөг – шүүмж, фельетон – асуудалт өгүүлэл, эрдэм – судалгааны өгүүлэл хэмээн урлагийн сэтгүүлзүйн бичлэгийн үндсэн төрөл жанруудад хуваагаад, бүлэг тус бүртээ өөрийн туурвисан бичвэрүүдээ оруулжээ. Түүнчилэн номондоо нэрийн жагсаалт, номзүй, зургийн хавсралтыг багтаасан байна.
           
Хэрвээ та урлагийн тухай сонирхдог бол дэлхийн болон америкийн урлагийн ертөнцийн түүхийн нууцад нэвтэрье гэвэл, америкийн урлагийг өөрийн үндэсний урлагтайгаа жишин харьцуулж ойлгоё гэвэл, зүгээр л танин мэдэхүйгээ өргөжүүлэхийг хүсвэл уншигч та Б. Батжаргалын Америкт учирсан урансайхан номноос цирк, балет, кино, хөгжмийн урлагийн олон сайхан бүтээлийг ойлгох код - түлхүүртэй танилцаж, америкийн энтертаймэнтийн ертөнцийн цоо шинэ, сэргэг мэдээллийн нууцад нэвтэрч, арга технологийг нь таних болно.
 
Доктор М. Саруул – Эрдэнэ /Даяар Монгол/
 
Жич:
Номын тухай мэдээллийг та 708-439-4589 утсаар текст мессежээр авч болохын хамт, www.mongolmusic.org сайтаар дамжуулан номын зохиогчтой шууд харьцан, чааталж болно. Чикаго хот орчимд 8335 Skokie Blvd, Skokie IL 60077 борлуулах цэг дээр, Лос Анжелос, Лас Вегас, Миннесота, Денвер, Вашингтон, Сант Луйс зэрэг хотуудад ном борлуулах төлөөлөгч ажиллаж байгаа болно. Наадмын өмнө Улаанбаатар хотод ном борлуулахаар төлөвлөж байна.
 
НОМЫН ИВЭЭН ТЭТГЭГЧИД:
 
АНУ – ын иргэн Б. Дандий – Ядам
BEIJING WOK SKOKIE – АНУ – ын Чикаго хотод байрлах МОНГОЛ ЗООГ РЕСТОРАН” – Эзэн Б. Мөнхбат, х. Сувдаа
ALTAI LIMOUSINE SERVICE, LLC – Chicago, IL, USA – Эзэн Ганпүрэвийн Цогтбаатар
 
Мэдээллийн спонсор:
 
МОНЦАМЭ агентлаг
WWW. ORLOO.INFO
WWW.ZOK.MN
DAYARMONGOL.COM
АНУ дахь UMON TV студи
WWW.MONGOLMUSIC.ORG
 
 
 
 
УНШИГЧ ТАНДАА !
 
            Хөх тэнгэрээс заяат төрсөн, элгэн садан уншигч түмэн та бүгдийнхээ оюуны мэлмий дор шүүн, тольдуулахаар жирийн нэгэн монгол хүмүүн бийвээр ихэд зориг гарган, нэгэн ном өргөн барилаа.
            Монгол түмэн маань хүний цөөн, ухааны ир хүчээр ертөнцийг чиглүүлэн байсан тодруун түүхтэй ард олоон. Монголчууд авьяас билэг нь цалгиж, сагасан билэг танхай улс аа !
            Гэлээ ч бидэн дундаас Нобелийн шагналтан төрөөгүй ээ ! , Оскарын шагналтан тодроогүй ээ !
Харин Олимпийн аварга бол олонтой шүү !
Дэлхий хэмээх их тавцан өөд урлахуйн замаар өгсөн авирах монголчуудын маань эхний шат, гишгүүрийн тухайд миний туурвисан ном өгүүлэх юм. Чамлахааргүй бас анзаархааргүй баримтат хүмүүс миний номын баатрууд болсон байгаа.
Монгол хүн Оскар аваасай ! Грэммийн шагнал хүртээсэй ! Тони авард шүүрээсэй гэсэн ерөөлийн үүднээс миний ном бичигдсэн юм аа !
Хоёргүй сэтгэлт уншигч та минь номын маань тухай саналаа харамгүйгээр бас хайр найргүйгээр илэрхийлээрэй !
 
 
 
 
Эрхэм таныгаа хүндэтгэн, ёсолсон номын зохиогч Б. Батжаргал
 
/Энэ хаягаар уншигч та санал бодлоо илэрхийлж болно. Web: www.mongolmusic.org
 
АНУ – ын Чикаго хот
 
2012 оны 5 дугаар сарын  16 –ны номын билэгт сайн өдөр
 
 
 
Номын ишлэл:
 
“...1990 оноос эх нутагт маань ардчилалын салхи Хойд Америк тивээс сэвэлзтэл үлээж эхлэв. Англи хэл, боловсролд чармайх сэхээтэнлиг иргэдийн хөдөлгөөн, өөр зуураа монголоор цахим захидал илгээхдээ албан бусаар латин үсэг голчлон хэрэглэх, Гэгээн Валентин, Халовийний зэрэг баяр ёслол бидний амьдралд орж эхэлсэн, Кембрижийн боловсролын стандарт загварт шилжих хөтөлбөр, менежерүүд аливаа ажил төрлийг эрхлэх болсон зэрэг америкчлал” – ын нөлөө, хувьсал өөрчлөлтийг дагалдаад энтэртаймэнт/англ. entertainment/ гэх англи хэлний үг кирил - монгол үсгээр соёл урлагийн хүрээнд өргөнөөр үзэгдэх болов...
Энтэртаймэнт хэмээх нь бидний өмнө хэрэглэж дадсан урлаг, соёл, уран сайхан, урлаг соёлын үйлчилгээ, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлаг спортын арга хэмжээ гэх ойлголтуудаас ихээхэн өөрийн гадна эдгээрийн алинтай нь ч адилтгаж, орлуулан төлөөлүүлж болохооргүй өвөрмөц, адармаатай, өргөн дэлгэр ухагдахуун тул таарч тохирох монгол үг одоодоо хэвшүүлэн оноогоогүйгээс эл ойлголт томьёоллыг дуудлагаар нь тэр чигт нь бичиж, хэлж байгаа бололтой.
 
Энтэртаймэнтийн утганд арай дөхөж очих нь зугаа цэнгэл, зугаацах, найр цэнгэл, үзвэр үйлчилгээ, цэнгүүн, цэнгэн баясах гэх монгол үгс байж болох ч энэхүү ойлголтын бүрэн утга бас л нэг байгаа сайн онож буухгүй шиг. Англи хэлт ертөнцийн дээрх ойлголтод бидний мэдэх соёл урлагийн хүрээн дэхь бараг бүхий л зүйлсийг хамааруулан ойлгохоос гадна үүнд огт хамааралгүй ч гэмээр үзэгдлийг (сургуулийн танхимд лекц унших болон цугласан олны өмнө үг хэлэх, спорт тэр чигтээ, тэр ч бүү хэл казино болон бүхий л мөрийтэй тоглоом, наадгай, тайчих урлаг зэрэг насанд хүрэгчдийн элдэв зугаа, гудамж зах зээлийн газар дуулж хуурдах, гар утас , вэб сайт, блог, чөлөөт цагаа олноор өнгөрөөх хэлбэрүүд г. м) өөртөө бас багтаах аж. Ер нь энтэртаймэнт хэмээх ойлголтын хүрээг бүрэн бүтнээр нь тодорхойлно гэвэл толгой эргэм адармаатай дүр зураг харагдах.
 
Уг чанартаа бол энтэртаймэнт гэдэг нь хүний биологи сэтгэлзүй – соёлын алжаалын талын нэгэн зүйл хэрэгцээг хангах, үүнийг хангахад чиглэсэн хүний үйл ажиллагааны цогц мэт.
Та бүхний өмнө дэлгэн буй номын зохиогч Америкийн Нэгдсэн Улсад арав орчим жил оршин амьдрахуйд өөртэйгээ тааралдсан, биеээрээ уулзаж учирсан, өөрийн нүдээр үзэж, чихээр сонссон тэр л  энтэртаймэнтийн шилмэл үзэгдэл зүйлсийн тухай сэтгэгдлээ цаасанд буулган, эмхлэн цэгцлээд урансайхан хэмээх нэрийн дор уншигч та бүхэндээ барьж буй минь энэ билээ...”
Америкт учирсан урансайхан номын оршлоос

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.