05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ЧИКАГО ХОТОД ДЭЛГЭСЭН “ЧИНГИС ХААН” ҮЗЭСГЭЛЭН

Өвсний соргог, усны тунгалаг, соёл эрдмийн сор, шимийг хайн дайлаар мордсон монголчуудын маань гадаад дахь томоохон төвлөрлийн нэг нь америкийн Чикаго хот болох нь зайлбаргүй. Цээжин багцаагаар энэ хавьд нэг түмэн манайхан байдаг гэх авч, саяханы ᠌᠌”Эх орны хишиг” хүн амын тооллогоор зөвхөн энэ хотын нэрэн дор бүртгэлтэй гурван мянга гэсэн тоо гарсан гэх. 2012 оны хавар, зуны туршид үзэсгэлэнт Мичиган нуурын эрэгт дүнсийн, сүндэрлэх хорин сая гаруй үзмэр агуулсан, байгалийн түүхийн Фиэльд музейд (Field Museum) “Их Эзэн Богд” –ын маань нэртэй үзэсгэлэн гарахаар зар түгэж, нээлтийн ёслолд нь энэ оронд суугаа манай “амбан сайд” маань залагдан ирсэн гэх зэрэг хэрэг явдлаас үүдэн, энэ зүг гэр орныхоо бүх гишүүдийг дагуулан, нэгэн сайхан нарлаг, амралтын өдөр яаран очвоо... Соёл гэж бидний ярьж нэрлэдэг зүйл маань хүн төрөлхтөн үүсэл, хөгжлийнхөө урт удаан хугацаанд бүтээн буй болгосон бүхий л ололтынх нь цогц байх. Энэхүү хүмүүний бүтээлийн бүрэн хураангуйг архив, номын сан, музейн сан хөмрөгт ариглан хадгалж, төрөлжүүлэн ангилж, хойч хойчийн үедээ дэлгэн, таниулж байдаг нь соёлжсон нийгмийн тогтсон заншил билээ. Богд хааны Ордон музей, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Түүхийн Музей, Оюун Ухааны Олон Улсын музей тэргүүтэй орон нутгийн олон олон музей үзмэрийн газар манай оронд байдаг нь соёлт гүрний жишгийг илтгэх мэт.

Гэсэн хэдий ч монгол музейн сан хөмрөгийн эзэн - манаач нь хосгүй үнэт үзмэрийнхээ охь дээжсийг өмнөд хөршийнхөө зарим улстай хуйвалдан, эх бүтээлийг нь дуураймлаар сольж, арилжсан гэмт хэрэг хэд хэд гарсан дуулдсан нь харьд суугаа, элгэн нутгаа гэсэн иргэн хүний сэтгэлийг өвтгөхгүй байхын аргагүй ээ...

“Чингис хаан”(Genghis Khan) хэмээн товчхон нэрлэсэн явуулын үзэсгэлэн Фиэльд музейн нэг дэхь давхарт байрлажээ. Энэхүү үзэсгэлэнгийн “лого” болсон Эзэн Богдын дүрийг бидний нүдэнд төдий л танил дотно бус жартгардуу нүдтэй нэгэн хүрэл баримлын толгойгоор төлөөлүүлж. Уран бүтээлчийг нь ч тодруулж эс төвдөв. Монгол хүн бүр л сэтгэлдээ өөр өөрийнхөөрөө их эзэнээ оюун ухаандаа зуран, төсөөлөн дүрслэж байдаг нь эргэлзэмгүй. Ертөнцийн кино урлагийнхан Их Эзэний маань дүрийг бүтээх уралдаан зарласан мэт сүүл үест янзан бүрийн Чингис тодруулах ажил эрчтэй өрнүүлэх болов. Халх (дуурийн дуучин, Ардын жүжигчин А. Энхтайван, Төрийн соёрхолт, жүжигчин Ц. Төмөрбаатар), Өвөр Монгол (алтан гадас одонт, Өвөр Монголын алдарт жүжигчин Б. Баасанжав) Чингис нь ч яахав. Амьд явсаных бид Америк (Жоон Вэйн (John Wayne буюу Duke Morrison) 1956 онд “Эзлэн түрэмгийлэгч” Америк кинонд их хааны зэрлэг, балмад төрхийг гаргаж), Грек (Омар Шариф 1965 онд Коламбиа Пикчерсийн кинонд Тэмүүжин Чингис ханы дүрийг бүтээж), Серб (Беким Фехмижу) хаантантайгаа золгохын сацуу чац, турь муутай Япон (найруулагч Харуки Кодакова мөн Сергей Бодровын кинонууд) Чингис байхыг ч олж үзэв. Тун удахгүй бид Стивэн Спильбергийн найруулгаар, магадгүй шазруун Стивэн Сегал ч юмуу эсвэл погдгор Жэки Чаны тоглож мэдэх Хятад зохиолчийн Чингистэй ч учирч мэдэхээр болоод байна.

Харин бид Тайванаас олдсон, монголын өөр их хааны андуу дүртэй ч байж мэдэх, Жалайр овгийн Хорихасун зураачийн бүтээсэн хөрөг дүрээр их хаанаа төсөөлөөд бараг л дадсан билээ. Өгүүлэн буй дээрх үзэсгэлэнд арваннэгдүгээр зуунаас авахуулаад, Их Монгол Улс, Монгол Их Юань Улс болон дараа үеийн гээд XIX, XX зуун хүртэлх монгол урчуудын бүтээсэн ном, баримал, хөгжмийн зэмсэг, гэр ахуй, сумны зэв, гичир, нум, саадаг, илд, сэлэм, жад, хувцас хэрэглэл, алт, мөнгөн эдлэл, хөө, хуяг зэрэг хоёр зуу гаруй эд өлгийн тун ховор олдворууд тавигджээ. Эдгээр үзмэрүүдийг Хьюстоны Байгалийн Шинжлэлийн музей (Houston Museum of Natural Science), Дон Лээсэмийн (Don Lessem) хувийн компани (ExibitsRex), Вахид Корос (Vahid Kooros), Готуако (Gotuaco), Шин Шуань (Qinxuan буюу Quixuan эсвэл Qin Xuan) зэрэг хувь хүмүүсийн цуглуулга болон манай БСШУЯам, Олон улсын Урлаг соёлын баярыг зохион байгуулагч, “Хүрээ Цам - 108” төслийн удирдагч Нацагийн Ганхуяг нарын зэрэг хувь хүн, байгуулагын дэмжлэгтэйгээр ийн бүрдүүлжээ. Техасын оршин суугч, Араб Дорно дахины эд өлөг цуглуулагч В. Коросын өвд буй Монгол Их Юань Улсын үеийн төмөр, алт, хүрэл, мөнгө зэргийг хольж хийсэн, монголчуудын зуу орчим жил албан ёсоор хэрэглэж байсан дөрвөлжин бичигт, төгрөг хэлбэртэй пайз, Сан Франциско хотын цуглуулагч Шуй Шуаны хадгалж буй мөн л дөрвөлжин үсэгтэй, Их Юаны хүрэл зоос (Da yan tong boa coin) болон бадамлянхуа цэцгийн дэлбээ, бүргэд, шонхорын толгойн дүрст элдэв хүрэл тамга зэрэг урьд хожид эх оригоор нь харж байгаагүй сонин хачин олдвор цөөнгүй. Уг үзэсгэлэнг үзэхээр очиход, амралтын өдөр таарсанаас тун их хөлтэй байлаа.

Музейн үндсэн үзмэрүүдийг үзэхээр ирсэн хүмүүсээс гадна тусгайлан “Чингэс хаан” үзэсгэлэнтэй танилцах гэсэн олон зүсийн, түмэн янзын улс ч байх. Үзмэрийн танхим нь хэд хэдэн үргэлжилсэн өрөө танхимаас бүрдэх ч хүмүүс хоорондоо нэлээд шахцалдан байгаа нь энэхүү үзэсгэлэн сонирхол татсаных биз. Гэсэн хэдий ч үзэгчдийн нүдийг чадах чинээгээрээ уншихуйд ерөөс монголчуудтай, тэдний баатарлаг үүх түүхтэй хэрхэн хандах арга, чаргаа олж ядан байгаа эргэлзээ, тээнэгэлзэл хэнийх нь ч царайд илтэд. Үзэсгэлэнгийн төгсгөлд бэлэг дурсгалын мухлаг – дэлгүүрийг залган байрлуулсан нь олзуурхууштай авч, монгол нутагт маань хийгдсэн зүйл төдий бага, харин орон зайг нь Төвд, Вьетнам, Хятад гар урчуудын бүтээл эзэлсэн харагдсан нь энэ төрлийн зах зээлээ манайхан бас л алдаад л байна уу даа гэсэн бодол төрж байлаа. Ийнхүү бидний монгол үндэстэн гэж хэн болох, ямаршуу шастир, түүхтэй ард түмэн болохыг дэлгэсэн тэрлэг шиг дэлгэрэнгүйгээр хүүрнэн, бодитжуулсан нэгэн цогц үзмэрийн тухай тун товч өгүүлэхэд ийм байна.

Чикаго хотын оршин суугч Б. Батжаргал

2012 оны хаврын эхэн сар


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.