04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

СТАЙНВЭЙ БА ТҮҮНИЙ ХӨВГҮҮД Б. МӨНГӨНЧИМЭГИЙГ УРЬЖ ХӨГЖИМДҮҮЛЛЭЭ

1853 онд америкийн Нью – Йорк хотын Манхээтэн дүүрэгт Германы цагаач иргэн Генри Энгельхард Стайнвэй (Henry Engelhard Stainway 1797 - 1871) төгөлдөр хуур хийж, борлуулах өөрийн компаниа  (Steinway & Sons) нээж байжээ. Түүний үүсгэсэн компани банди нарынх нь хүчээр гуч гаруй жил оршин тогтносон бөгөөд анхны урласан төгөлдөр хуураа тэд таван зуун доллар хүргэн борлуулсан байна. Энэ цаг үед америк нийгэмд хүнийг боолчлон, эдлэх нь албан ёсоор нэгэнт тогтож, хэлбэршсэн зүйл байсан ба энэхүү төгөлдөр хуурын үнэ нь тухайн үедээ нэгэн амьд, гэрийн боолын үнэтэй дүйцэх ханш юм.

Стайнвэй уг нь гэрийн тавилга, модон эдлэл хийдэг гарын дүйтэй чадварлаг мужаан байсан ба өөрийн туршлагад улбаалан, орчин үеийн төгөлдөр хуур хөгжмийн зэмсэг урлах ажилд ур ухаанаа зориулснаар ихэд амжилтанд хүрчээ.

Түүний компани энэхэн үест төгөлдөр хуур хөгжмийг урлах нийт 147 шинэ санаачилгын патент эзэмших болсон байна. Төгөлдөр хуур хөгжмийг хувьсган өөрчилсөн түүний бүтээлийг америк төдийгүй Европт үнэлж эхэлсэний жишээ нь 1867 онд Парисын дэлхийн үзэсгэлэнгээс хүртсэн алтан медаль нь юм. Энэ нь америкийн түүхэнд америк компанийн хүртсэн анхны том шагнал байжээ. Энэхүү амжилтынх нь гол үндэс нь тус компани алдарт физикч Герман вон Гельмгольцын дуу авиа – акустикийн онолыг чиг болгон, шинжлэх ухааны элдэв туршилт олонтой явуулсаны үр дүн аж.
1980 – аад оны эхээр Цэдэнбал – Филатова гуай өөрөө биечлэн хөөцөлдөж, Финланд улсаас тус бүрийг нь тавин мянган америк доллараар их гарын хоёр Стайнвэй төгөлдөр хуур ачуулсан нь монголчуудад энэхүү дэлхийн брэндтэй танилцах үүд хаалгыг анх нээсэн түүхтэй. Энэ хоёр хуурын нэгийг нь Дуурь Бүжгийн театрт, нөгөөг нь Хөгжим Бүжгийн Сургуульд хувиарласан. Хөгжим Бүжгийн төгөлдөр хуурын хувь заяа Японы Жайка төслийн шугамаар ирсэн төгөлдөр хуурын засварчин – хөглөгч нэгэн Наран мастерын гараар орж, Осака тийш ачигдсан сурагтай байсан.
Чикаго хотын хойхно залгаа орших Нортбруук хэмээх чинээлэг иргэдийн амьдрах дүүрэгт Стайнвэй компанийн албан ёсны борлуулалтын төв байрладаг аж. Тус төв нь Жоофрий Балетын газартай хамтран ажиллах гэрээтэй тул тус байгууллагын төгөлдөр хуурч Б. Мөнгөнчимэгийг Стайнвэй брэндийн хөгжмийг сурталчлах ажиллагаанд ирж хөгжимдөхийг урьсан байна. Энэ нь тус төвийн хувьд ч, хөгжимчний хувьд ч харилцан ашигтай түншлэл юм. Учир нь тус төвийнхөн цугларан ирсэн хүмүүсийн өмнө өөрийн брэндийн барааг сурталчилан ухуулах, яриа хийгээд амжихын хамт, төгөлдөр хуурч маань ч тэрхүү шидэт хөгжмийн зэмсгийн дуу авиагаар дамжуулан, өөрийн уран бүтээлээ танилцуулчих.
Өнгөрсөн бүтэн сайны орой (2012/05/13) болсон тоглолтондоо төгөлдөр хуурч Б. Мөнгөнчимэг Ф. Шопен болон С. Рахманиновын бяд чадал заасан бүтээлүүдийг бишрэм ур чадвараа гайхуулан, илэрхийллээ. Тэрбээр Америк, Франц, Япон зэрэг орны хөгжимчдийн хүсэлтээр өөрийн аргазүй - балетын дасгалын Си Ди бичлэгийн ажлаа эхлүүлээд байгаа аж.
 
Б. Батжаргал /АНУ – ын Чикаго хотоос мэдээлэв/

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.