04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

“АЯНЫ ШУВУУД” – ААС “САЛХИТ ШУВУУН ДУУН” ХҮРТЭЛ…(Хөрөг - дурсамж)-Үргэлжлэл

Уран бүтээлийн хөрөг
Эхлэл
...
Тэртээ Андроповын үед юмдаг…“Град” - ын Их Сургуулийн хэсэг монгол найз оюутнууд бөөн хөөрцөг, мэтгэлцээн тээсээр энэхүү хөрөг – дурсамж туурвигчтай консулын дэргэдэх оюутны зөвлөлийн нэгэн арга хэмжээний завсар таарангаа, түүнээ таслуулах янзтай юм болоодхов. Эдгээр оюутнууд болох Зандан, Өлзий, Суурь нар бүгд л тэр үеийн манай томоохон дарга нарын (засгийн газар, төв хороо, гадаад яамны) үр сад. Тухайн үест төдийгүй өдгөө ч амжиргаанд овоохон нэмэртэйд тооцогдох мэргэжил болох олон улсын харилцаа, гадаад худалдаа - эдийн засаг, олон улсын сэтгүүл зүйн тэнхимийнхэн. Нэг үгээр бүх талаараа л “хав дөрвөлжин элит” давхаргынхан. Тэд “унаган орос” хэлтэйн дээр бас мэргэжлийн англи, франц, германтай. Харин аялгуут сайхан монгол хэлэндээ тийм ч төгс бус гэмээр.

Тэдний таслуулах гэсэн маргааны гол бай нь юу байсан гэхлээр ердөө л “дуу” – ны сэдэв. Бас монгол дуу, герман дуу хоёрын аль нь илүү урлаг болох тухай асуудал аж. Тэд хоорондоо маргаж, маргаж хэн нь ч дийлэлгүй мухардаад, “конс” - ын оюутан болохоор эл бичвэрийн эзэнд ийн хандах болсон хэрэг.
Тэгсэн ийм юм болжээ. Хэдхэн хоногийн өмнө нь тэд сургуулийнхаа герман оюутнуудтай “общаг” - даа  “паарий” - джээ. Тэгтэл германууд “бийг” - аа ууж халангаа, нутгийнхаа ардын дууг нэгэн агшинд хэд хэдэн хоолойгоор, тэр ч бүү хэл дөрвөн хоолой болгон салгангаа эвцүүлж, нийцүүлж, дунируулж бас байчихаад харшуулж, зохируулж, шуранхайлан соноржуулж бүүр элдэвтэйгээр баллаж тавьжээ. Эгээтэй л дуурийн театрын найрал дуучид шиг болоотхож гэнэ. Тэд “харгис” – уудыг ийн дуулах завсар “…за бид ч өнгөрлөө. Нутгийн нэрээ ч баасдах нь дээ ! Яадаг билээ дээ !…” хэмээцгээж бие биен рүүгээ газар ширтэнгээ дээд зовхио өргөн харж ахуйд, өмнө нь балет - урлагийн дунд сургууль төгссөн нэг нь самбаачилан, гитар шүүрч авангаа бусдадаа “…За ! хоолой салгана шүү !…” хэмээгээд “Аяны шувууд” – ын дөрвөн хэмт “вэстүплээн” - ий “пункц” – ийг  шудран эхлүүлж. Тэднийг дууныхаа гурван бадгийн дахилт бүрээ гурван хоолой салган,
“…Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэтэл дуулаач…”
хэмээн төгсгөхөд мөнөөх ихэмсэг “фриц” – ийн үр сад гэнэгүй байж байгаад цохилтонд өртөж, “нокаут” - нд  орсон боксчин мэт мэл гацацгаажээ...

Тэд хэдийгээр оюутны нийтийн байрны энэхүү багахан найранд, тэрхэн агшинд ялалтын далбаагаа өргөсөн мэт авч, залуу сэхээтэн улсын толгойд “…Ямар доройхон урлагтай улс вэ ? Бид чинь …” ч гэдэг юмуу эс бөгөөс “…Яагаад тэд ардын дуугаа хоолой салган дуулдаг, бид яагаад чаддаггүй юм бол оо !…” гэхчилэн бодол эргэсээр эцэстээ үүндээ хариу эрж,  таслуулах шаардлага гарсан нь энэ байж. Герман оюутнуудтай найр хийдэг учир нь тэдний нэг нь Арий угсагааны гэгдэх бүсгүйтэй сүй тавьж, бүүр ойртон дотносох болсонтой холбоотой юмсанж.
Өгүүлэн буй эл цаг үе нь “Өрнийн төвч үзэл” –ийг эрхэмийн дээд хэмээн үзэж, сурталчилах болсон манай нийгмийн сэтгэлгээний нэгэн мөчлөг үе байлаа. Өдгөө харин “Америк төвч үзэл” монгол нийгэмд ихээхэн газар авч байгаа мэт…
1966 онд зохиогдсон З. Хангалын “Аяны шувууд” дууны ая хэмнэл нь чухамдаа тухайн цаг үе, нийгмийн тэргүүлэгч хэсгийн оюун санааны тусгал болсон Өрнө хийгээд Англи - Америк дуу хуурын дам цуурай нөлөөгөөр монгол хөрсөнд монгол цэцэрлэгч – агрономчийн тарьж ургуулсан анхилам үнэрт “ухаа сарнай” юм.   
xangal1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Зөвлөлт” - ийг ягштал баримтлан дагахыг нийгмийн бүх гишүүдэд “дээр” - ээс лоозогнон тулгахын сацуу, монголын гэсэн уламжлалаа дэмий хөсөр гээлгүйгээр чаргуулдан хөтөлж, эв хамтын нийгэмд хүрэх нь бас ч зүй гэсэн Д. Төмөр – Очир тэргүүтэй нэлээд хүчтэй сэтгэлгээний давалгаа энэхэн 60 – 70 - аад онд явж ирсэнийг нь тэр үеийн “улаан Кремль” – д оофистой улс төрийн “их эмч – доовтор” - ууд “пан монголизм” - ын үндсэрхэг үзэл нэвширтэл ханхлуулсан “сэхээтний төөрөгдөл” хэмээн тархи мэдрэлийг нь оношилсон төдийгүй “Сэсээр” - т тунг нь тааруулсан нэн хүчтэй “улбар тариа” - гаар анагаан, номхолсон гашигуун түүх буй билээ…
Энэхүү төөрөгдсөн сэхээтэй улсын оюун санааг уянгат шад, дуу хуурын хэлэнд буулгасаны үр нь “Дэнжийн ногоо” (Хөгжим – С. Гончигсумлаа, Шүлэг – Ч. Чимэд) (1965), “Дөрвөн цагийн тал” (Хөгжим – Л. Мөрдорж, Шүлэг – Б. Явуухулан) (1966) “Гайхмаараа” (Хөгжим – З. Батсүх, Шүлэг – Ж. Бадраа), “Чамайг үдье” (Хөгжим – С. Гончигсумлаа, Шүлэг – Б. Бааст), “Чи минь битгий мартаарай” (Хөгжим – Г. Дарамзагд, Шүлэг – Д. Пүрэвдорж) (1962), “ Намрын шөнө” (Хөгжим – Г. Бирваа, Шүлэг – Ж. Бадраа), “Дурлал хайрыг минь дамжуулаарай !” (Хөгжим – Д. Лувсаншарав, Шүлэг – Г. Санжжав), “Гоёхон чимэг ч юмуу даа” (Хөгжим – Г. Бирваа, Шүлэг – Ж. Бадраа), “Жаргаах зүрхэн” (Хөгжим – С. Гончигсумлаа, Шүлэг - Ж. Бадраа), зэрэг дуунуудыг Н. Норовбанзад, Д. Түмэндэмбэрэл, Б. Зангад, Д. Банзрагч, Х. Төмөр (энэхүү Төмөр нь “Аяны шувууд” – ын Төмөр ба харин Б. Төмөр (эмэгтэй) нь “Амрагийн дуулал” – аар нэрд гарсан түүх буй), Д. Машлай, Ө. Оросоо, “эмэгтэй” Чулуунхүү нарын дууч шувуухай нар концертын танхим, оторын бригад, радиогийн сувгаар хангинаж, өдгөөгийн залуусын төсөөлөхөд ч бэрхтэй жинхэнэ “хийт” болж, малчин, ажилчин, тариачин, хөдөлмөрийн сэхээтэн монгол түмнийхээ зүрх сэтгэлийг өдөөн булгилуулж байсийм…

Өдгөө хагас зуун аль хэдийнээ элчихээд, удаахи зууны горьтигийг хэтийтэл давчихаад байхад зүрх сэтгэлийг ховсдох увидас нь сулралгүй, монгол хэлт түмний ая хөгийн хэрэглээний ангамал тагнайг дэвтээсээр байгаа “60 – аад оны дуу” гэх тодотголтой эдгээр дуун их “цунами” нь чухамдаа анх 30  - аад онд “Их” Нацагдоржийн үеийнхэний хөдөө хээр талд тэртээ хол “нүүдлийн шувуу нисэн үл хүрэх газраас” (Баруун Өрнийн Франц, Герман – Австри (болон Зөвлөлт)) “либидо хувьсгал” - ыг бадраагч фрэйдизмын үзэл суртлыг тээн авчирч, шинэ боловсон “соёлын үр” болгон тарьсаны дараахи дахин сэргэлт хэмээн ухаармаар (90 – ээд оноос хойш манай нийгэмд “халуун хөнжил” – ийн явдал эрээ цээрээ алдан гаарч, эх захаа алдсан ба өдгөө зэрлэг амьтны аймгийн араатанлиг анархи инстинкт лугаа болон бахдалтайгаар хэвшин тогтож буй мэт…)…
Монгол хүн эрт урьд цагаас аваад хэдэн мянганы туршид хүн хоорондын хамгийн эрхэм нандин харьцаа болох амраг сэтгэлийн учгийг дуу хуурт энэ цаг үеийнх шиг ингэж тодруун, тэгээд ил нүүрэмгийгээр илэрхийлэн өгүүлж байсан нь XIX - XX зууны заагаар Нийслэл Хүрээнд ихэд “моод” байсан Өвөрлөгч Жирэм, Хорчин түмнээс улбаат “завхай” дуунууд ( заримдаа Хүрээ дуу, Харилцаа дуу гэж томьёолох нь ч буй), “Үлэмжийн чанар” (Д. Равжаа) , “Гоолингоо”, “Цэнхэрлэн харагдах уул” (Их зохиолч Нацагдоржийг зохиосон гэх үзэл тархмал ба угтаа “Ушаандар хааны тууж” хэмээх дуут жүжгийн ая аж), “Амаргийн дуулал” (Хөгжим – Лха. Дорж, Шүлэг – Х. Пэрлээ (Пэрэнлэй) (1942), “Би чамд хайртай” (Хөгжим – Д. Лувсаншарав, Шүлэг – Б. Явуухулан) (1954) зэргийг эс тоолбол барагтай үгүй мэт ээ  ! …
Монгол түмний нэн эртийн амраг сэтгэлийн сэдэвт дуун ухааны талаархи мэдлэг үүнийг цоохорлогчид даан чиг дэндүү хомс юм даа !...
Чухамдаа энэхүү “эв хамт” цагийн монгол нийтийн уянгат дууны нүргээнт их мөрөнд  нэгэн том салаа цутгалан болон, урсаж орсон монголын шинэ цагийн эстрад маягийн дууны урлагийн үүтгэл нь чухамдаа “Аяны шувууд” болон бусад бүл дууны уран бүтээлтэй шууд холбогдох юм.
Эл чиглэлийн дуу туурвигч дуу – найргийн авьяастан нь цор ганц хүн байсангүй. Хэсэг бүлэг тод томруун анхдагчид хийгээд залгамжлан үргэлжлүүлэгчтэй байсан нь мэдээний хэрэг ээ…

Бүүр анхдагчийн хувьд бид 1945 онд анхлан тулгаа тулсан Улсын Эстрад Концертын Товчооны уран бүтээлчдийн, тухайлан манай анхны эмэгтэй хөгжмийн зохиолчид болох Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны анхны нарийн бичгийн дарга Самбуугийн Мааяа, Сосорын Бүтэд (1924 - 2003) (энд Жанжны Клуб – ээс эхлэлтэй “Хүмүүн төрөлхтөн”, “Монгол транс” – ийн Д. Ишдулам, О. Дашдэлэг нарын шинэ цагийн анхны дуу зохиогч эмэгтэйчүүд өмнө нь бас байсан юм шүү гэдгийг залууст сануулах нь зүй) болон БНМАУ – ын УГЗ Т. Чимэддорж (1921 – 19 ?? ) нарын дууны уран бүтээлээс ярих нь зүй байх аа…
Монголын эстрадын дууны төрөл зүйлийн анхдагч бүтээлд “Таксийн цоохор машин” (Хөгжим – С. Мааяа) (1964), “Шөнийн бороо” (Хөгжим - С. Бүтэд, Шүлэг - Д. Намдаг), “Зам дээр гээгдсэн цэцэг” (Хөгжим – Т. Чимэддорж, Шүлэг – С. Дашдооров), “Хүүхэн хүний хүслэн” (Хөгжим – З. Батсүх, Шүлэг - О. Сэрээнэн), “Цэнгэлтэй үдэш” (Хөгжим  - Ш. Эрдэнэбат, Шүлэг – Ш. Шажинбат), “Монгол бүсгүйн үзэсгэлэн” (Хөгжим – Г. Алтанхуяг, Шүлэг – Л. Лодоншарав), ”Хайгуулч хархүүгийн дуу” (Хөгжим - Г. Дарамзагд, Шүлэг – Ч. Лхамсүрэн), “Намуун үдэш” (Хөгжим – Д. Баттөмөр, Шүлэг – Ш. Сүрэнжав)  зэргийг туурвигч хөгжмийн уран бүтээлчдийн дуунууд яахын аргагүй сор нь болон түүхийн хуудаснаа үлдэн хоцорчээ.
Эстрад дууны дараагийн залгамж болон хожимхон нь нэгдэн орсон Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга байсан, партизан Г. Бумцэнд гуайн ач, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдорж (“сахал” Пүүжээ гэх нь ч бий), Монгол Циркийг анх үүсгэн байгуулагч МУГЖ Раднаабазарын бага хүү хөгжим судлаач, дууны зохиолч Р. Энхбазар, хөгжмийн зохиолч С. Баатарсүх ( “Дөрвөн улирал, хоёр амраг” дууны уран бүтээлээ эхэлсэн тэрбээр “Цэнхэр залаа” цахилгаан хөгжмийн хамтлагтай ятгын гоцлол буюу олны дунд “Цаг агаарын ая” хэмээгдэх гайхам бүтээлийн эзэн авай) нар  энэ чигийн хөгжим дууны урсгалд өдгөө тодхон төлөөлөгчид нэгэнт болсон билээ л…

З. Хангал ч тэр монголын шинэ цагийн эстрад дууны түүхэнд анхдагч болох дээрх төлөөлөөгч нар чухамдаа монголын уянгын эстрадын шинэ дууны төрөл анхлан үүссэн түүхэн цаг тохиолын мөчлөгт хөгжмийн уран сайхны үзэл нь төлөвшсөн хэрэг юм. Нэг үгээр хэлэхэд ойрын үест Долгионы “хотын дуу” хөгжим сөнөлөө, сүйрлээ” хэмээн орилоод байдаг дууны төрөл зүйлийн анхдагчид хийгээд өдгөөгийн пооп роок хэмээх толгой эргэм, өчнөөн ангилал зэрэглэлтэй биеэ даасан төрөл зүйлийн үүтгэл нь чухамдаа монголын анхны эстрадын дуунууд болох юм аа.

Эстрадын дуу урлан туурвигч уран бүтээлчдийн дийлэнх нь “Азийн цагаан дагина” гэгдэх улсынхаа нийслэл Улаанбаатарт төрж, гудамж, орц, нийтийн бүжгийн талбайд дуулж хуурдан, зохион туурвиж,  өсч төлөвшин бойжсон залуус хийгээд хотын амьдралын шинэ өөрчлөлт, шинэ үзэл санааны торгон үзүүрт биеээр оролцон мэдэрч, түүнээ ая хөгийн урлагаар дамжуулан илэрхийлэгчид болой…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжмийн зохиолч З. Хангал “Аяны шувууд” дуугаа зохиож байсан тэр үестээ Ливерпулийн алдарт “Битлз” хамтлагийн “ориг” пянзыг шимтэн сонсож, хүртэж байсныг онцлоход нэн сонихон түүх болох юм. 1966 оны босгоор зохиолчийн төрсөн ах З. Эрдэнэбилэг болон ирээдүйн гэргий, тэр үеийн найз бүсгүй Д. Ягаанцэцэг нар Африкийн орнуудаар монголын урлагийн тоглолтын бүрэлдэхүүнд орж явахдаа Египет улсаас Битлзийн пянзыг тухайн үедээ ихэд үнэтэйгээр аваад, хил гаалиар тун их айж дагжин, “дотоодыг хамгаалах” - ын элдэв хараа эндэлд өртөлгүйгээр Улаанбаатарт авчирч байсан ба түүнийг нь Ягаанаа эгчийн төрсөн гэрт Төмөр зэрэг дуучин хөгжимчид Хангал гуайн хамт тун анхааран шимтэн  сонсоцгоодог байсан тухай хөгжмийн зохиолчийн гэргий энэхүү бичвэрийг бэлдэх явцад утсаар хуучилсан билээ (тэр үест Битлз хамтлаг байгуулагдаад тавхан жил болж байсны сацуу дэлхийг тойрсон анхны аялан тоглолтоо (1963 - 1966) дөнгөж хийгээд байсан цаг үе юм. Пянзыг нь монголд сонсож байх агшинд Харрисон гэхэд л дөнгөж 22 – той байсан хэрэг)…

“Хуурч” Аргусун, “сохор” Гараваа, “хөхөө” Намжил зэрэг түүх домгийн баатруудаас аваад Номун Хан Лувсанноровшарав (1701 - 1768), Говийн Догшин Ноён Хутагт Дулдуйтын Данзанравжаа (1803 – 1856), “хуурч” Өлзийн Лувсан (1886 - 1942) гээд л өнө эртээс дуу хөгжим зохиож ирсэн авьяастнууд өдий төдий агаад монгол хүн бүр л дор бүрийдээ дуу хуурын “их зохиогч” авай.

Манай орчин цагийн дуу зохиогч хөгжмийн зохиолч, дуучин, хөгжмийн судлаач, хөгжмийн багш хэмээх ажил мэргэжлийн анхдагч “алтан хараацай” – г монголын хөгжим судлалд Наваанлувсанцэдэнгийн Магсар “Хурц” (тамгын жинхэнэ бичээч, эх зохиох түшмэл, тэргүүн зэргийн Хар Зайсан, Улсад Туслагч Хурц Билэгт Дайчин Гүн, Шүүх Яамны тэргүүн сайд, орчуулагч, түүх, шашин, угсаатны судлалын эрдэмтэн) - ын ууган хүү, Монгол Улсын Хурц Баатар, БНМАУ - ын дэд хийгээд жинхэнэ сайд болон элчин сайд, Улсын Алдарт Гавьяат Дуучин, Ардын Намын анхны долоогийн нэг  Дугаржаваас (1893 - 1946) эхтэйгээр авч үзэх үзэл бараг тогтсон билээ. Түүний ᠌᠌᠌᠌᠌”Үндэсний дуу хөгжмийг хэрхэн мандуулах тухай” (1934) өгүүлэл нь манай хөгжмийн урлагийн цаашдын хөгжлийн төлөвийг урьтан дэвшүүлсэн шинжлэл онолын үндэс болсон ба ”Улаан туг” (1921), ”Жавхлант сүрэг” (Шүлэг – Б. Доржсүрэн) (1934), ”Идэр жинчин” (Шүлэг – Төмөрийн Нацагдорж (буюу “Бага” Нацагдорж) (1934), ”Баян Монгол” (Шүлэг – Н. Наваан – Юндэн (буюу “тайж” Наваан - Юндэн) (1934), ”Үхэрчин хүү” (Шүлэг – Н. Наваан - Юндэн) (1934) зэрэг дуунууд нь шинэ цаг үеийн “монгол шинэ дуу” - ны эхлэлийг тавьсан түүхтэй.
М. Дугаржав нь “хөх монгол” - ын эртээс улбаат оюун санааг тээгчид, тэнгэрээс заяат “цагаан яс” - т генийг аймагчилж, биечлэн устгах олон зууны турш хээрийн шинжилгээний аргаар судлан, нухацтай төлөвлөсөн “импер” - ийн “маш нууц” геноцид “цусан өшөө авах” ажиллагааны тэртээх будлиант түүхийн ид дундуур “…шинэ монголын шинэ дууны ая дан нь ч тэр, шүлэг найраг нь ч тэр шинэ агуулгатай, шинээр зохиогдсон байвал зохилтой…” хэмээн тунхаглаад, тэрхүү аймшгийн яргалалт элдүүрийн эхний оочерт нэр нь бичигдэж, хар толбот түүхийн золиос болсон билээ л…

З. Хангалын ᠌”Аяны шувууд” дууны хөгжмийн бүтэц, зохиомжийг нь тандахад: e1, g1, a1, h1, d2, e2, g2 гэсэн ми минорын ᠋᠋плагаль эргэлтийн (plagal mode) хандлагатай монголын уламжлалт таван өргийн лад – д (pentatonic scale) суурилсан, аравцын буюу децим (decima) цараанд багтсан аялгуутай, такт буюу айзам дахь хэмийн тоог 4/4 гэж тэмдэглэсэн, “удаан” хэмээн айзам дахь нэгж хэмийн хурдыг тодорхойлсон байх ба зохиомжийн үеийн бүтэц нь 8 + 8 = 16 (a (өгүүлбэр) + b (өгүүлбэр) = A (үе) такт байгаа нь өрнийн сонгодог хөгжмийн тэгш хэмт бүтэц гэдэг нь тодорхой байна. Энэхүү дууны аялгууг өрнүүлэн хөгжүүлэх арга нь европын хөгжим зохиомжийн аялбарыг (motif) хувилбарлан хөгжүүлэх зарчимд тулгуурласан нь яахын аргагүй монголын шинэ хөгжим болохын нэгэн тод нуталгаа юм.

“Аяны шувууд” дууны хөгжмийн зохиомжийн загварыг бүдүүвчилэн харуулбал:
A буюу бадагийн бүтэц:
a – 1 (2 такт), a – 2 (2 такт), a – 3 (2 такт), a – 4 (2 такт, “a”) +
B буюу дахилтын бүтэц:
+ b – 1 (1 такт), b -2 (1 такт), b – 3 (1 такт), b – 4 (1 такт), b – 5 (1 такт), b – 6 (1 такт) + a – 4 (2 такт)
Нийт бүтцийг хураангуйлбал:
A (Бадаг) = 2 + 2 + 2 + 2+ B (Дахилт) = 1 + 1 + 1 + 1 + 1 + 1 + 2 = 16
Шинэ гэдэг нь монгол суурьтай, өрнийн аргатай гэсэн Өрнө – Дорны синтез “торгон уулзвар” гэсэн утгатай болно. Мэдээж энэхүү хөгжмийн зохиомжийн арга нь манайд шинэ зүйл бус бөгөөд оросын хөгжмийн сургуульд хөгжмийн зохиолчоор анх сурч боловсорсон анхны хөгжмийн зохиолчид болох Гончигсумлаа, Мөрдорж гуай нарын 1940; 50 оны заагаар анхлан эхлүүлж (угтаа 1940 онд Төв Театрт урилгаар ирж багшилсан орос сургагч Борис Феодорович Смирнов (1912 - 1971) хөгжимчин шавь нартаа анх өрнийн хөгжим зохиох “а” үсэг заасан ба үүний үрээр 1943 онд “Учиртай гурван толгой” опера мэндэлсэн билээ), шан татсан зам юм.
Зундуйн Хангалын хөгжмийг нь зохиож, Дашдондог гуайн шүлгийг нь тэрлэсэн “Аяны шувууд” дуулал нь яахын аргагүй монголчуудын ая дууны их далайд хөвөх “Цайран харагдах хөлөг онгоц” бөлгөө…

Үргэлжлэл бий

Б. БАТЖАРГАЛ (Ph.D)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.