03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

МОНГОЛ ХУУРЧ КОНГРЕССЫН НОМЫН САНГ ЭЗЭГНЭВ

Америкт оршин амьдарч буй манай хөгжимчид оны сүүлээр дуулиан, шуугиант амжилтаар тун арвин байна.  Дүн өвлийн сар дөнгөж гаруут л хөгжимчин -  үелэх бишгүүрчин Р. Гансүх Нэгдсэн Улсын Чикаго хотын Рузвельтын Их Сургуульд анхан удаагаа магистрын болон докторын завсарх мэргэжлийн зэргийг бахдалтайгаар хамгаалж, амтай болгон үг булаалдан шаагиж намжаагүй байхад л залгаад авьяаслаг залуу морин хуурч Гантулгын Уртнасан АНУ - ын нийслэл Вашингтон хотод орших Конгрессын номын сан (The Library of Congress)- д хөгжимдсөн Монголын анхны уран бүтээлч болоотхов. Конгресын номын санд албан ёсоор залагдан, юу чаддагаа харуулах үйл хэрэг нь зөвхөн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн бие хүний л явдал байх заншил нэгэнт тогтсон хэрэг билээ.


 Тэрбээр 2008 оны 12 - р сарын 06 - ны 14 цагт Конгрессын Номын Сангийн Азийн Уншлагын Танхимд эхэлсэн "Азийн Соёлууд дахь Хөгжмийн Зэмсгүүд" (Musical Instruments in Asian Cultures) төлөвлөгөөт арга хэмжээний хүрээнд морин толгойт, молор эрдэнийн хуураа хөглөж, алтан шаргал дээл,  ээтэн хоншоорт цагаан гутал юугаа өмсөн, "Эрдэнэ засгийн унага" уртын дуу, Баруун Монголын "Хотон" хуурын татлага, Х. Алтангэрэлийн "Аргамаг хурдан хүлэг", Г. Идэрбатын "Морин төвөргөөн", Н. Жанцанноровын "Мандухай" кино - хөгжмийн хэсгээс  тус тус хуурдан цугласан олны чих, сонорыг мялаав.

 Мөн тус арга хэмжээний явцад Япон, Хятад, Филиппиний ардын хөгжмийн алдар хөгжимчид үндэснийхээ бахархал болсон хөгжмийн зэмсгийн ид чадлыг хамтаар үзүүлэв.
 Морин хуурч Г. Уртнасан нь Вашингтон хотноо "Уртаа ба түүний нөхөд" морин хуурын сургалт эхлүүлж, улмаар Чикаго хотод салбараа нээгээд удаагүй ба АНУ - ын Баруун Эрэгт мөн салбар байгуулахаар хөөцөлдөж эхэлсэн аж.

АНУ-ын нийслэл Вашингтон хотоос хөгжим судлаач, доктор Бадамжавын Батжаргал мэдээлэв


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.