04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

АМЕРИКТ МОРИН ХУУРЫН “ЛЕКЦ-КОНЦЕРТ” АНХАН УДААГАА БОЛЖ ӨНГӨРӨВ

Төрөлх Монгол түмний минь оюун соёлын нэгэн тод тэмдэг нь хос чавхдаст, морин толгойн сийлбэрт морин хуур хөгжмийн зэмсэг маань билээ. Энэ зэмсгийг өдгөө монгол төр хийгээд ард иргэд, дэлхийн гэгээрсэн олон нийт хүн төрөлхтний соёлд монголчуудын оруулсан нэгэн үнэт өв мөн болохыг аль хэдийнээ бөмбөрцөг даяаханаар зарлан тунхаглаад, хүндлэн дээдлэх болсон билээ.

Монгол Улсын дипломат, гадаад сурталчилгааны нэгэн буухиа элч нь яахын аргагүй манай ардын уламжлалт дуу хуур, бүжиг наадам болж байдаг билээ. Тэр тусмаа уртын уянгат сайхан дуу, морин хуурын төвөргөөнт аялгуугүйгээр үүнийг төсөөлөшгүй хэрэг…

Тун саяхан тухайлбал, 2010 оны 10-р сарын 13-ны лхагва гарагийн үдэш  АНУ-ын баруун хойдод орших Вашингтон муж улсын Сиатл хотын “Jack Straw Production”- ийн танхимд МУ-ын Морин Хуурын Чуулгын “Хуурчийнхан” Сургалтын Төвийн Америк дахь салбарын төлөөлөгч, морин хуурч Уртнасан морин хуурыг америкийн урлагийн ажил хэрэгч хүмүүст танилцуулах лекц-концертыг амжилттай хөтлөн явуулав.

Иймэрхүү төрлийн арга хэмжээ өмнө нь зохиогдож байсан байж болох хэдий ч монгол хүн өөрөө хуурдан хөгжимдөж, гадаад хэлээр ярьж таниулан, гадаад орны засгийн газрынх нь тусгай төсөл сахүүжилтийг нь хүртэн, түүнээ тайлагнасан явдал нь анхны тохиол болох мэт. Тус муж улсын King сумаас /county/ урлагийн салбарт олгодог санхүүжилтийн төслийг энэ залуу хуурч энэ онд хүртсэн бөгөөд татвар төлөгчдийн сангаас бүрдсэн төслийн мөнгө төгрөгөө дэмий зараагүй юм шүү гэдгээ тайлагнан, ийн арга хэмжээ зохиох болсон нь энэ аж.

Энэхүү морин хуурын лекц-концертыг Composers Forum Present /Хөгжмийн Зохиолчдын Эвлэл/ болон Jack Straw Production /Жаак Строовын урлагийн үйлдвэрлэл/ нар гардан зохион байгуулсан байна. Уртнасан баруун монгол, төв халхын морин хуур хийгээд өвөр монголын морин хуурыг тус тусад нь хөг ая, хэлбэр хийц, домог үүслийг нь танилцуулж, ардын уламжлалт арга барилаар уртын дуу, богинын дуу хийгээд зарим татлага мөн монгол хөгжмийн зохиолчдын бүтээл, дэлхийн сонгодог хөгжим, америкийн хөг аялгууг хуурдан үзүүлэхийн сацуу хуурын тухай нарийн ширийнийг ярин таниулж, мэргэжилтнүүдийн чангахан асуултуудад өөрийн хариуг ноттойгоор барьжээ.

Лекц-концертын бүхий л явцыг аудио болон видео бичлэгт мэргэжлийн өндөр түвшинд буулгасан ба тус студид 20 цагийн бичлэг үнэгүй хийлгэх эрхийг цаг хагасын урлагийн тайзны цусгүй тулааны дүнд байлдан олж авчээ. Мөн энэ ажиллагааны үеээр Сиатл хотын төв театрын найрал хөгжмийн удирдаач хамтран ажиллах санал тавьсан байна.

Тус арга хэмжээнд Сиатл хотын Урлагийн Сангийн менежер Dwight Gee, Вашингтоны Их Сургуулийн угсаатны хөгжим судлалын тэнхимийн эрхлэгч Schuler болон туслах нарийн бичгийн хамт, Сиатл хотын FM 99.1  радиогийн ажилтнууд, дуучин-удирдаач Масгуда Шамшутдинова нарын зэрэг зуугаад мэргэжилтнүүд цугларсан байна.

Ийнхүү монгол урлагаа хөрөнгө санхүүгийн өндөр чадавхи бүхий хөгжингүй орны нийтийн гал тогооноос өөрсдийн цадах царааны хэмжээт халбагаар хутган хөгжүүлэх их замын өчүүхэн эхлэл ийн тавигдсан мэт…

 

Мэдээг бэлтгэсэн Б. БАТЖАРГАЛ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.