05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Номинжин дэлхийн роок пооп "одод"- ын их өргөөний хаалга үүдийг сөхлөө

... 2005 онд худалдаанд гарсан Жоон Лээноны (John Lennon) "Энхжин амирлахуй, амраг сэтгэл & чинхүү үнэн" (Peace, Love & Truth) цомогт орсон "Энх амирлахуйд боломж олгохуй" (Give Peace A Chance) буюу "Азийн Дуу Хоолойн Төрх" (Featuring The Voices of Asia) дууных нь 6 минут 11 секундын хөгжмийн рэмийкс зохиомжинд ердөө 16 секундын л нэг бадаг "Арван тавны сар" дууны нэг бадаг явна. Мөн "Үлэмжийн чанар" дууны дахилтны өргөлтөт бадаг аялгуун байсгээд сонсогдоод л өнгөрнө. Энэхэн хоромд бүх монгол минь бүх түүх шастиртайгаа газар орон, уул устайгаа цөм багтах ажгуу ...
 
Номинжин гэж нэг хөөрхөн тормолзсон нүдтэй шавилхан охин байх. Яахын аргагүй Монгол улсын маань нийслэл Улаанбаатар хотын яг л "хотын" хэв шинжит нэгэн монгол охин. Тэгэхдээ бүүр хотын төвийн, цэвэрхэн царайтай, дэгжин, хараажийн зөөлөн булбарай арьстай, боловсролтой элит айлын хүүхэд гэмээр, хээнцэр ганган, хэн хүнтэй эелдэгхэн нь аргаүй харьцчихна.

Тэгээд хачин даруухан. Бас ч үгүй урлагийн хөөрхөн авьяастай. Бас сүсэгтэй. Эвлэгхэн хөөрхөн хоолойгоор ихэд донжтой нугалаа чимэгтэйгээр өвөө эмээгийнхээ үеийн монгол ардын дууг олны өмнө дуулчихна.

 Бас дэлхийн эстрадын шилдэг дуунуудаас ч англи болон бусад хэлээр хоолойн ааран бий техникээр үзүүлчихнэ. Яг ийм л охинд одоогоос хэдхэн жилийн өмнө Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны оны шилдэг нийтийн дуу шалгаруулах "Морин хуур" ээлжит наадмынхаа "өсөх ирээдүтэй пооп роокын од" номинацын шагналыг үүнийг бичигчид гардуулах завшаан тохиож билээ. Урлаг, уран бүтээл бол авьяас, дээр нь нэмэх нь нөр их хөдөлмөр, уйгагүй эрэл хайгуул юм. "...Авьяас бол эмзэглэл..." хэмээн бидний үеийн суут яруу найрагч Жамъянгийн Болд-Эрдэнэ нэгэнтээ өгүүлсэн нь бий. Бусад олноос нийгэм ахуйгаа илүүтэй мэдрэх чадвартай, зургаа дахь мэдрэхүйн дээд чадвахитай тийм сонгомол, шилмэл хүмүүний үр л цаг үеээ эзэлсэн их уран бүтээлч болдог жамтай. Урлагийн түүх ч зөвхөн энэ тухай л өгүүлдэг билээ. Тиймээс бус мөнгөтэй хийгээд, түүгээрээ бусдыг булна, цохино бус, "ехэ хурулдай''-д танил-ах дүү-нэг ангийн хүүхэдтэйдээ биш жинхэнэ гоц гойд авьяастай, чадалтай түүнээ дэлхийн зах зээл дээр эрэлттэй бараа болгон Баабарын хэлдэгээр "мэнэжмэнт'' хийсэндээ, бүүр тухайлан урлагийн мэнэжмэнт хийсний үр шим нь Номижингийн урлаг болж байна гэлтэй.
 
Ер нь монголын урлагт дэлхийн дэвжээ хэрэгтэй байсан юм. Дэлхийн зах зээлд нэвтрэн ороход юуны өмнө дэлхий дахины зах зээлийн хэл, тэр хэлэн дээрээ зах зээлийн адармаат олон улсын нэгэнт хэвшин тогтсон яг өнөөгийн эдийн засаг, хууль эрхийн бүүр нарийвчилсан салбарынхаа явцуу хүрээнд ярьж ойлголцох, гэрээ хэлцэлийг хоёргүй утгатайгаар яв цав гарцаагүй, тэгээд хоёр талын аль алины хэлэнд ямхын ч төдий буруу зөрүүгүй хөрвүүлэгдсэн гэрээ хэлцэлд үсэг зурсан, гэрээний эрх үүргээ хоёр тал болд төмөр мэт хатуу мөрддөг, эцэст нь хэлцсэн ёсоор ашгаа чин шударгаар, сэтгэлд сэвгүйгээр хуваадаг байх ёсонд суралцах шаардлагатай байгаа юм бид. Ийн аливаа ажил бүтээх гол хэрэгсэл гүүр нь хэл яриа юм. Хэл бол хүний нийгмийн харилцаанд өөр хоорондоо хамтын амьдралаа аюулгүйгээр зохицуулахад чиглэсэн цор ганц дахин давтагдашгүй тэмдэг дохио юм. Харилцагч хоёр тал харилцаж буй хэлнийхээ дохиог харилцан ижил тэгш ойлгох, уураг санаандаа тухайн дохионы талаар ижил төсөөлөлтэй байх нөхцөлд л хэлний харилцаа төгс явагддаг. Тэгэхдээ энэ нь зөвхөн тухайн хэлээр аахар шаахар, өнгөц энгийн хэлцэх бус тухайлсан нэгэн салбарын, тэр салбарынхаа ай салбар бүрт нэвчин орж, яг ижил түвшинд солилцон буй дохиоллоо яг ижил түвшинд сэтгэн төсөөлж, олон салаа утга, боломжийг нь олон талаас наанатай цаанатай бодож тунгаан няхуур буурьтай хэлэлцэх тухайд юм.
 
Манай соёл урлагийн салбарын орчинд чухам ийм дотоод, гадаад хэл ёсны харилцаанд хүмүүсээ суралцуулах, өөрсдөө сурах нь нэн тулгам болоод удаж байгаа юм. Энэ салбар манай нийгмийн ардчилсан хувьслын жилүүдэд авьяас байхад л өөр юу хэрэгтэйв гэсхийгээд төр нийгмийн анхаарлаас "үнсэнд хаягдсан шалз" шиг орхигдон, банк, эдийн засаг, улс төр, бизнес, худалдааны салбаруудтай харьцуулбал ихэд хоцрох болсон юм. Энэ үзлийн үндсийг ардчилсан монголын анхны шадар сайд Дорлигжав тавьсан юм. Тэрээр анхны ардчилсан засгийн шадар сайдын ажил үүргийнх нь дунд соёл урлагийн асуудал цохиж явсан хэрэг. Тэгээд л хөдөө хээр олж авсан урлаг соёлын мэдэц, айл амьтнаас сонссон дуулсан нөр их туршлага дээрээ тулгуурлаад "Урлаг бол авьяас юм. Тиймээс авьяас байхад хар аяндаа төрийн ч дэмжлэггүйгээр амьдарна. Зөнд нь орхи ! Тэднийг ! " гэх алдарт-афоризмаа айлтгасан билээ. Түүнээс хойш энэ суу билэгт томьёоллыг үе үеийн төр засгийн бодлогтонгууд "лүндэн" мэт сүслэн хэрэгжүүлсээр өдий хүрчээ. Энэ эрхэм дараа нь Уул уурхай, Батлан Хамгаалах салбарыг мөн л оторын бэлчээрт олж авсан туршлагаараа хэсэг залсан билээ л...
 
Монголын соёл урлагийн салбарын хоцрогдол нь зөвхөн нийгмийн харилцааны арга механизмын хоцрогдол болохоос биш урлагийн авьяас чадвар, гүйцэтгэлийн технологийн хоцрогдол биш юм. Хаа очиж манай урлагийн сургалт нь Орост түшиглэсэн хэт консерватив чигтэй байдаг тул урлагийн чадвар, дадал олгох талаараа монголын аль ч сургуультай харьцуулшгүй болохыг манайхаас гарсан ямар ч уран бүтээлч төгссөн төгсөөгүй олон улсын хөдөлмөрийн зах зээлийн аль ч зиндаанд ажиллах, уралдвал түрүүлчих гээд байдаг гэмтэйгээс харж болно. Хөгжим Бүжгийн Сургуулийн ахлах курсын оюутнууд бүгд ажлын зах зээлд борлогдож дуусаад, хөдөө орон нутгтйн театр чуулгын дарга нар эрэл сурал болж, бүүр аргаа бараад нутгаасаа бөөнөөр нь зөвхөн нутагтаа ажиллуулах залуусаа илгээдэг заншил одоо ч хэвээр байгаа билээ. Тэр бүү хэл Хятад, Япон, Солонгос, Америк, Франц оюутнууд энэ сургуульд ирж элссэнээ амьдын завшаан хэмээн ярьж байхыг олонтой сонссон. Соёл урлаг бол тухайн улс үндэстний "тусгаар тогтнолын баталгаа" гэж урлагийнханы хөөрүү дэврүүн, хуучин сэтгэлийн хүлээсээ тайлж эс дийлэхдээ цөхрөнгөө идэж, арга барахдаа хөмхийгөө зуун, аньсгандаа нулимс цийлэгнүүлэн халамцуухнаар бархиран гомдоллодог утгаар бус юмаа гэхэд тухайн үндэстний бусдаас ялгагдах "өвөрмөц" - ийн тухай тунхаг бичиг юм.Соёл урлаг нь үндэсний болон олон улсын гэсэн хүн төрөлхтний нийтлэг хоёр жигүүртэй байдаг. Манайд хаа очиж Орос ах нарыг дагаж олон улсын чанартай урлаг нь өнгөрсөн жаранд тун дөхүү хөгжиж байсан билээ.
 
2005 онд худалдаанд гарсан Жоон Лээноны (John Lennon) "Энхжин амирлахуй, амраг сэтгэл & чинхүү үнэн" (Peace, Love & Truth) цомогт орсон "Энх амирлахуйд боломж олгохуй" (Give Peace A Chance) буюу "Азийн Дуу Хоолойн Төрх" (Featuring The Voices of Asia) дууных нь 6 минут 11 секундын хөгжмийн рэмийкс зохиомжинд ердөө 16 секундын л нэг бадаг "Арван тавны сар" дууны нэг бадаг явна. Мөн "Үлэмжийн чанар" дууны дахилтны өргөлтөт бадаг аялгуун байсгээд сонсогдоод л өнгөрнө. Энэхэн хоромд бүх монгол минь бүх түүх шастиртайгаа газар орон, уул устайгаа цөм багтах ажгуу. Хөгжмийн урлаг нь цаг хугацааны урлаг тул 16 хором бол юу ч багтаах өгүүлэмжийн багтаамжтай хугацаа юм. Чухам энэ хэдхэн агшины дуу хоолой л түүнийг дэлхийн роок поопын үүд хаалгыг сөхөн ороход хангаллтай эрхийн бичиг юм. Манай засаг төрийн эрхмүүд янцагланхан, улс орондоо тун ихийг хийж байгаагаа нэрэлхэлгүйгээр биеээ магтан өмөөрч, хориод жил Мянгуужингийн үлгэр эсгэн, тэдний Гарвардад сураад хийж чадаагүй эх орны маань сурталчилгааг энэ охин дэлхийн гол тайзнаа өлгүүлэн, томоос том хөгжмөн зар сурталчилгааны самбар босгон байршуулсаар гурван ч оныг үдэв. Дэлхийн чих ч дэлдийв. Монголын суу алдар ч түгэв.Энэ бүхнийг тэр нэг жижигхээн шавилхан охин өөрийн авьяасаараа бүтээж.
 
Жоон Лээнон (1940-1980) бол 2002 онд Английн BBC мэдээллийн компанийн явуулсан" Суу алдарт 100-н Англи хүмүүн" (100 Greatest Britons) шоу нэвтрүүлгийн санал асуулгаар Шэкспийр, Даарвин, Нютоон, Чээрчил зэрэг суутнуудын чанх араас 9 дүгээрт, Rolling Stone хөгжмийн алдартай сэтгүүлийн 2004 оны "Бүх цаг үеийн шилдэг 50 урлагийнхан" эрэмбэд Бийтлэз (Beatles) хамтлаг нь толгойд нь 38-д тэрбээр нэр нь хэлэгдсэн дэлхийн хөгжим, уран бүтээлийн домог түүх, орон бүрийн дунд сургуулийн сурах бичгийн мөр, хуудас болсон эгнэшгүй бие хүмүүн билээ. Энэ их хүний өвийн нэгэн санд монгол дуучин охины дуу хоолой эх нутгаа Азийн шилдэг дуучидтай төлөөлөн орсон нь эгээтэй л Лхаас орж Далай багшийн амьд сэрэг дүрд мөргөсөн энэ насны туйлын хүсэл мөрөөдлөө биелүүлсэнээс ялгаа юун болох үйл хэрэг юм. Бидний өвөг дээдэс олон зууны туршид Бэрээвэн хийд хүртэл явган нүцгэн түмэн уул гүвээ, гол усыг гэтлэн, сунаж мөргөх нь овог отгынхоо төлөө хйисэн эл насны гавьяа хэмээн үзсээр ирсэн шашин сүсгийн түүхэн уламжлал буй билээ.Номинжингийн сүүлхэн үест бичүүлсэн "Hамайгаа Зүрхэндээ тээгээч" (Take Me To Your Heart) сийнгл траак дууг сонсохуйд эгээтэй л урлагийн Янжинлхам бурхан амилан ирээд, ятга яндар, бийваа сэлтээ урнаар няслан эгшиглүүлж, намуухнаар дурлал амирлингийн нандин үгийг дэлхийн бүх хүний хэлээр чихэнд нь шивнэх ч шиг. Сонссон хэн боловч сэтгэл огшин, самсаа шархирахаар хийт болсон байх юм. Энэхүү дуу хорин жилийн туршид англи хэл соёлт түмний хийт болж байгаа бүтээл юм байна.
 
Номинжингийн дуунууд нь дэлхийн пооп роок "Одод"- ын их найрын дугарааны өргөө гэрийн хаяа хатавчаар хангинан цуурайтаж байна. Номинжингийн маань"их гэр" - ийн амьдралын зураг тавилан цааш хэрхэхийг монгол түмэн маань ертөнцийн буман улстай зуузай холбон, өөр зуураа тамхилсан шигээ ярьж, хууч хөөрч суугаад хараа сунган, чих тавин хүлээх л үлдлээ. Монголын урлаг соёлд дэлхийн дэвжээ үнэхээр хэрэгтэй !...

 
Хөгжмийн шүүмжич Б. Батжаргал

Чикаго хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.