04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

“МИЧИГАН НУУР” ХЭМЭЭХ МОНГОЛ ДУУ АМЕРИКТ МЭНДЭЛЛЭЭ

Орчлон дээр хамгийн дууч хуурч, найрч магадгүй бас найраач улс монгол түмэн маань байж мэднэ. Монгол ардын үлгэр домог маань хүртэл “…жаран жилийн жаргал эдэлж, наян жилийн найр хийж…” эсвэл “…хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж…” хэмээн өрнөх, төгсөх явдал элбэг байдаг.

Бид даанчиг арван мянган хүнд ноогдох хөгжмийн сонсголтой хүнийхээ хувь процентийг гаргах судалгаа хийж, түүнээ бусад улс үндэстнүүдийн дундажтай харьцуулан жиших тандалт хийсэнгүй л дээ. Уг нь төсөл мөнгө нь олдоод, ийм төрлийн судалгаанд гар сунгах чинээлэг бийлэгжүү нэгэн олдвол судалгааны их л сонин үр дүн, дүр зураг гарна даа !

Монгол хүн бүр дууч, хуурч бас дуу зохиогч.

Арваад жилийн өмнө БНХАУ – ын Төрийн шагналт, Ардын жүжигчин, “алдарт хуурч” Чи. Булаг Хөгжим Бүжгийн концертын танхимд уран бүтээлийн тоглолтоо толилуулсан юм. Тэрбээр концертынхоо нээлтийн үгэнд Монгол нутагт дахин ирсэндээ баяртай буйгаа тэмдэглээд, “…урдаас чинь Өвөрмонголчууд, араас чинь Буриадмонголчууд та бүхнийг хоёр их гүрнээс өмгөөлөн сууж, тааваараа жарган, үргэлжийн дөрвөн цагт найрлан цэнгэх нөхцөлийг тань бүрдүүлж байгаа юм шүү !...” хэмээн атаархан тунирхсан аястай өгүүлж байсан нь бас чиг үнэний ор буй биз. Чи Булаг гуайн охин Хөгжим Бүжгийн Сургуулийн төгөлдөр хуурын ангид Японоос шилжин ирж сураад удаагүй байсан ба охиноо эргэж ирэх далимаар тоглолтоо хийсэн нь тэр билээ.

Бид дууч, хуурч, найрч түмээн !

Дуу хуур бол тэртээ Их хаадаас маань уламжилж ирсэн өргөн их найр цэнгэл ёслолын салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь билээ. Найранд гурван дуу гаргахгүй бол түмний шившиг болгодог ёсон бүүр маниусаас өмнөх  явдал ажээ. Тиймээс монгол хүн бүр нэрээ баасдахгүйн тул дуу сурч, дуунд суралцаж ирсэн байгаам. Ээж маань ч гэсэн ахиу насандаа шинээр моодонд орсон дууг радиогоос сонсон, дүрмийн багахан алдаатайхан цээж бичиг дууны дэвтэртээ хийж аваад л шүлэг аяыг нь тогтоон, гэрийнхээ багахан найранд дуулдаг байсан сан.

Манай нийтийн дууны их урлагт уул усны сэдэвт уран бүтээл нэлээдгүй байрыг эзэлдэг билээ. Зөвхөн нуур далайн сэдвийг жагсаахад л уртын урт дараалал болох.

“Хар ус нуурын шагшуурга” /Хөгжим – Ж. Шараа, Шүлэг – Б. Явуухулан/ – аас авахуулаад л ”Эрээн нуур” /Хөгжим - Г. Тэрбиш, Шүлэг – Д. Лхагвасүрэн/, “Монгол далай” /Хөгжим – Ч. Сангидорж/, “Дуут нуур” /Хөгжим – Д. Цэвээнравдан, Шүлэг – Н. Лутбаяр/, “Ганга нуур”, “Нүдэн нуур” /Хөгжим – С. Баатарсүх, Шүлэг – Ш. Шажинбат/, ”Жирмийн цагаан нуур” /Хөгжим – Д. Банзрагч, Шүлэг – Ц. Эрдэнэбат/, “Орог нуур”, “Увс нуур”, “Бүстийн цэнхэр нуур”, “Хөлгүй цэнхэр нуур”, “Тогоруутай нуур”, “Дөргөн нуур”, “Толбо нуур” гээд л эцэс төгсгөлгүй явж өгнө өө !.

Өдгөө манай олон олон нуур гол ширгэж байна гэж дуулаад л халаглан суух. Нутгийн маань Хайрхан уулын бэл хормойд Хүннү Сүннүгийн үеээс аваад л цэлэлзэн байсан Дуут нуур /Архангай аймгийн Хайрхан сум/ - аас маань хатсан шавар үлдсэнийг үзээд, уйсч билээ л…

Нуурын сэдэвт дээрх монгол дууны зэрвэсхэн жишээнээс үзэхэд л гадаад нэртэй нуурын тухай дуу монгол нийтийн дууны их далай санд байхгүй байгааг уншигч та анзаарсан байх.

Далайн чинад дахь тэр тусмаа Хойд Америк тивийн таван их нуурын нэгэн болох 494 км : 190 км хэмжээтэй “Их усун” /Lake Michigan – Great Water/ нуурын тухай, тухайлан бүүр гадаад далайн цаана, Индиан овгийн нэгэн салбар аялага хэлээр нэрлэгдсэн нуурын тухай дууг монгол хүмүүн анхан удаагаа тун сая, тэр нутаг усанд нь буйран сууж байгаад туурвиж.

Мичигаан нуурын лус савдагийг “нутгийн Индиан болсон монголчууд” маань байнга аргадан, сүслэн бишэрдэг ба олон олон айл өрхөд амьдрал ахуй нь дэвжихэд хишиг буянаа хайрласан хэмээн дээдлэх заншил хориод жилийн өмнөөс тогтсон билээ л.

Америкийн Иллиной муж дахь Чикаго хот нь Мичиган нуурын баруун өмнөд эрэгт орших тус орны гурав дахь том хот ба 16 сая хүн амтай дэлхийн соёл, шинжлэх ухааны томоохон төвүүдийн нэгэн билээ. Энэ том мегаполис хотын салаа салбар, дүүрэг орчимд лавтай нэг түм шахуу монгол буй байх.

Энэхүү хэсэгхэн монголчуудын сүслэн байдаг “Мичиган нуур” хэмээх монгол дууны зохиолч нь хэн бэ ? гэвэл Чикаго хотоос холгүйхэн оршин суугч, хэдхэн хоногийн өмнө Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос “дууны зохиолч” хэмээх урлагийн мэргэжлийн алдараар гишүүний үнэмлэхээ шийтгүүлж авсан, инженер мэргэжилтэй залуу Шагдарын Энхбат юмаа . Тэрбээр “Нутгаа саналаа даа !” дууг өнгөрсөн жил туурвисан нь энэ хавьд их л хийт болон дэлгэрэх янзтай. Магадгүй гадаадад оршин суугаа монголчуудын маань сүлд дуу ч болж мэдэх жинтэй бүтээл байна билээ.

“Мичиган нуур” дуу нь түүний гаргахаар зэхэж буй анхных нь дууны цомогт нь орох юм билээ. Энэхүү дууны шүлгийг нь Долгорын Пүрэвсүрэн гэдэг эмч бүсгүй энэ нуурын хөвөөнд тэрлэжээ.

Ш. Энхбатын хорь гаруй жилийн өмнө туурвисан:

…Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон

Зүйрлэшгүй чамдаа би хайртай…

гэх дахилт мөрүүд бүхий “Мөрөөдөл”, “Оюутны намар” дуунууд нь “Ая дууны жигүүр”, “Оюутны дууны уралдаан” – уудад тэргүүн байр эзэлж, Монголын Радиогийн “Алтан фонд” – д бичигдэн үлдсэн юм байна.

Ингээд та бүхэнд “Мичиган нуур” хэмээх дууг УДБЭТ – ын гоцлол дуучин Ч. Батцэнгэлийн дуулсанаар толилуулж байна.

Монгол дуу хуур дэлгэрэн мандах болтугай !

 

Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн, хөгжим судлаач, доктор

Б. Батжаргал

АНУ – ын Чикаго хотоос мэдээлэв

Мичиган нуур

Ая: Ш. Энхбат    Үг: Д. Пүрэвсүрэн

Мичиган нуур мишэлзэн цэлэлзэхээр

Миний сэтгэл догдлоод байна даа.

Мэлмий тэлнэ цэлийгээд байхаар нь

Нутгийн нуураа санаад байна даа.

Мөнхрөн цэнхэртэх Мичиган нуураа

Мэндийн цэнхэр хадагандаа дээдлэе.

Мөнхрөн цэнхэртэх Мичиган нуурандаа

Мөнгөн аягатай сүүгээ өргөе.

Хөх мандал долгилон цалгихаар

Хөөрүү сэтгэл хөвөлзөөд байна даа.

Хөөрхөн чи минь бодолд өнжихөөр нь

Хайрын сэтгэл яараад байна даа.

Дахилт:

Шиврээ бороонд нуур уярахаар нь

Сэтгэлийн манан арилаад байна даа.

Хөөрхөн чи минь бодолд өнжихөөр нь

Хайрын сэтгэл яараад байна даа.

 

Дахилт:

Намираа бороонд нуур хээлхээр нь

Насны минь өнгө дарагдаад байна даа.

Нууцхан хосууд шивнэн ярихаар нь

Нуурын мандал сонсоод байна даа.

Дахилт:


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.