04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

"ХОРОН САНААТ" (WICKED) МЮЗИКЛ ҮЗЭЭД ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ

᠌᠌Америкийн дуулалт жүжиг (american musical) аргаүй л ард түмнийх нь дуртай урлаг юм. Үзэгчид ч пиг дүүрэн, зүү чигжих зайгүй л цуглацгаах.
 Энэ удаад та бүхэнд англи хэл соёлт түмний дунд ид хүчээ авч, шуугиж байгаа "Хорон санаат" (Wicked) гэдэг дуулалт жүжиг (musical) - ийг Чикаго хотын төвд нь орших Урлагийн Тоглолтын Форд Төв (Ford Center for the Performing Arts) - д үзсэн сэтгэгдэл - тэмдэглэлээ хүргье !
Чикаго хотын төвд сунайсан өндөр өндөр барилгууд байх авч, дотор талд нь бүхэл бүтэн сонгодог театрын "алтадсан" байгууламж байдаг гэдгийг хэн мэдлээ. Айхтар дамшигнууд шүү ! Энэ америкуудын барилга байгууламжийн "фортификац" - ын ур ухааныг ярих юм биш ! Манийн ухаан юун дууриан аядан хиймэр болох байтугай сэтгэхүй ч ухаж гүйцэхгүй чш !...
Уг нь Европод гаднаас нь харуут л уг барилга нь театрынх байна гээд л танигддаг сан. Манайд ч гэсэн дээ ! Драмын, Дуурь Бүжгийн, Элдэв-Очирын гээд л II дайны талбараас "баригдсан Япон"-чуудаар  монгол харгалзагч хуягын буун жадны аюумшиггүй сүрт  илдэн дор босгуулсан ( "саарал ордон" ч мөн үүнд багтана), Өрнө маягийн сонгодог чигийн "гоё" барилгууд нэгэн хэсэг онцгойрон торойж байв шүү !...
 

Ер нь дуулалт жүжиг бол аль ч ард түмний өвд байдаг хам урлагийн нэгэн төрөл зүйл бөгөөд америк мюзиклийн гол эх ундарга нь "Хуучин ертөнц" (Old World) - өөс, тэр дундаа Венийн опэрэта (operetta) болон Францын оопэг комийк (opéra comique), Италийн хошин дуурь буюу опэра буфэ  (opera buffe), Германийн зийнгэшпийль (singspiele) зэрэг болно.
 Ази Дорно Дахин ч өөрсдийн дуулалт жүжгийн эртний уламжлалтай (Бээжин дуурь, Японы Кабуки болон Ноо г.м) ба монголчууд бид ч юуны дутахав. Харилцаа дууны эртний уламжлал нь манай дуулалт жүжгийн үндэс болох тухайд Э. Оюун, Ч. Лодойдамба, П. Хорлоо, Г. Ринчинсамбуу нарын алдарт урлаг судлаач, эрдэмтэд нэгэнт нотлон өгүүлсэн билээ. Их номч Ц. Дамдинсүрэн (энэ онд монгол түмэн зуун насны ойг нь ёсолсон) гуай, хүн амьтны сүнс нэгэн биеээс нөгөөд шилжин хувилахуйн ад зэтгэрийн явдлын тухай өгүүлэх "Саран хөхөө" намтар - жүжгийг манай дуулалт жүжгийн Энэтхэг болон Төвдөөс ирсэн эртний уламж хэмээн шинжлэх ухааны судлалын индэрт анхан тодоор өгүүлсэн ба Драмын Театрт Дорноговийн зохиолч Авидын Шартолгойн шинэтгэн, зохиомжилсоноор ерөнхий найруулагч Бирваагийн Мөнхдорж (Г. Мөнхдорж найруулагчийг сүүлийн хорь гаран жил монголын драмын урлагийн тэргүүн индэрт дэлхийн болон үндэсний жүжгийн бүтээлийн сор болсон бүтээлийг найруулан тавьж, үзэгч түмнээ их урлагийн сороор тэжээгч найруулагч - увидан хэмээхийг хүн бүрий мэдэх хэрэг.

Найруулагчийн аав Гончигийн Бирваа (1916 - 2006) гуай нь орчин цагийн монголын хөгжмийн зохиомжийн урлагийн үндэс тулгыг тавигчийн нэг нь ба Халх Голын дайны шуурган гал дунд цэрэг эрсээ жагсаах дуут дохио өгөгч, анхны цэргийн бүрээчин, Цэргийн Үлгэр Жишээ Үлээвэр Найрал Хөгжмийг анхлан байгуулж, даргаар нь ажиллаж, Монголын хөгжмийн зохиомжийн дэг сургуулийн их чуулганд олон сайхан кино, дуу,  дуулалт жүжгийн хөгжмийн уянгат бүтээлээрээ мөнхөрсөн агуу уран бүтээлч, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны орлогч даргыг гуч гаруй жил хийж, санхүүгий нь хөл дээр нь бат зогсогсон, нийгмийн томоохон зүтгэлтэн, ард түмний их соён гэгээрүүлэгч байсан билээ. Бирваа гуайн том охин Мөнхшүр нь өдгөө АНУ - ын Арлингтон мужийн Америк иргэдийн дунд монголоос тодорсон хамгийн алдартай төгөлдөр хуурч хэмээгдэх болсон ба сонгодог хөгжмийн аль л тооп тоглолтуудад нь залан уригддаг нэгэн аж. Мөн Бирваа гуайн бага хүү Мөнхболд одоогийн энэ цаг үед монгол нутагтаа бүтээн туурвиж байгаа залуу үеийн лидер хөгжмийн зохиолч юм байна.  Дунд хүү Мөнхбаяр нь монголын Америк маягийн дагшаа - жазз хөгжмийн анхан хамтлаг болох "Баян Монгол" Чуулгын гоцлол бүрээчийг мятрашгүйгээр олон жил хөгжимдөн зүтгэж, бичвэрийн эзний нэлээд дээр курсэд монголын анхны Өрнийн Консерватори төгсөгч бүрээчин Н. Дашцэрэн гуайн гарын шавь нь билээ) энэ бидний цагт тайзнаа анхлан амилуулаад зогсохгүй уг бүтээл 2004 онд Монголын театрын урлагийн оны шилдэг бүтээл шалгаруулах "Гэгээн Муза" - гийн зургаан номинац - д дэвшиж байсан билээ.
 

"Хорон санаат" дуулалт жүжгийн хөгжим ба үгийг нь Америкийн одоо цагийн алдарт ("гавьяат, ардын, төрийн шагналт, соёлын тэргүүний ажилтан" гэвэл ямар сонсогдох бол) хөгжмийн зохиолч, манай олноос олон "одон тэмдэгтэй" Жанцанноров гуайтай нас, шүд чацуутан, "жаргалтай жаран нас" - аа ид зооглон буй Стийпэн Шаваарц (Stepen Schwartz) зохиосон ба жүжгийн туурвилыг нь Вийний Хоольцман (Winnie Holzman) бичжээ (ерөөс дуурь болон дуулалт жүжиг, бүжгэн жүжиг гэх мэт хөгжмийн театрын хам урлагийн төрлүүдэд зохиогчийг нь зарын товч хуудсанд дурьдахдаа "хөгжим"  гэдэг дан урлагийн төрөл нь гол чухал юм шүү ! хэмээгээд, зөвхөн хөгжмийн зохиолчынх нь нэр усыг дурьддаг ёсон буй. Жишээлэн "Хунт нуур" ("Лебединое озеро" (Swan Lake)) бүжгэн жүжгээр жишээ татан өгүүлэхэд, энэхүү бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолч нь Петр Ильич Чайковский (1840-1891) гэдэг Оросын хөг аяын уянгат сэтгэлийн толь, Өрнийн романтизмын үеийн хөгжмийн урсгалын зарчмаар хөгжим урлагч, суут туурвилч гэж хүн бүрий мэднэ. Гэтэл түүний бүжгэн жүжгийг өдгөөгийн ОХУ-ын нийслэл (Хаант Оросын нийслэл нь тухайн хотыг анх байгуулсан хааны нэрээр нэрлэгдсэн "Петерийн хэрэм" буюу Петербург байсан) Москва хотын Их Театрт 1877 оны гуравдугаар сарын 4-нд анх тавигдахад нь туурвилыг нь бичсэн (Владимир Бегичев) хийгээд дэглэсэн (Юлиус Зезингер (сүүлд бүжгийг нь өөрчлөн дэглэсэн Франц - Оросын суут бүжиг дэглээч Мариус Петипагийн (1818-1910) эзэн хааны Марийн театрт шинэчилсэн тавилтаар өдгөө тоглогддог)) улсынх нь нэрийг судлаачдаас өөр өргөн олон уншигч тэр бүр мэддэггүй).
 

Бидний өгүүлэн буй дуулалт жүжгийн хөгжмийн зохиолч нь Нью-Йоркт төрж өссөн, эл орны тэргүүн хөгжмийн сургууль (манайхаар бол "Хөгжим Бүжиг") болох Жулиард (Julliard School of Music) - ыг төгссөн төгөлдөр хуурч, дууны шүлэг зохиогч (манай композиторууд ч бас иймэрхүү л зарчмын мэргэшилтэй байх нь элбэг) аж. Тэрээр тус тус гурван удаа хөгжмийн (Grammy Awards) болон кино урлагийн (Oscar or Academy Awards) оны шилдгийн шилдэг уран бүтээлд олгодог шагнал хүртэгч ба нийт зургаан удаа театрын урлагийн (Tony Awards) шагнал бүтээл нь хүртсэн тун сүрхий лут нэгэн болой (манайхаар бол өнгө алагласан, янзан бүрийн геометрийн хэлбэр галбир дүрст, толгой эргэм, ухахын аргагүй зэрэглэл зиндаатай, эзнийх нь амь амьжиргаанд хумсын толион чинээ ч нэмэр тусгүй, харин ч найрын зардлын үрлэгтэй, хадаг самбай, зураг хөрөг, мөнгөлж алтадсан аяга шаазан мэтсийн олзтой, "монгол төрийн хайр хишиг болсон" 12 паалантай төмөр тэмдгийг шинэхэн хамбан дээлийнхээ урд энгэрийг шүүрэн шанага шиг сийчэн цоочиж, хуяглан бэхэлж санжигнуулсан, маадгараар пиг пиг хийн алхагч, өргөө гэрийн хойморт гүн хүндтэйгээр залрагч, сархдын охь дээжийг оочер дугааргүй хүртэн тамшаалагч ланцгар бие хүмүүн мэт).
 

"Wicked" дуулалт жүжиг анх 2003 онд Бродвейд тавигдаад, төд удалгүй Philadelphia, Boston, Portland, Omaha, Indianapolis зэрэг Америкийн томоохон хотуудад, мөн Канад, Англи, Япон, Австрали, Герман зэрэг орнуудад зочилсон аж.
Английн нийслэл Лондон хотын Вээст Ээнд (West End) - д энэхүү жүжгийн хувилбар тоглолтынх нь бичлэгийн хуурцаг нийтэд зарагдсан эхний цагтаа л зуун мянган паунд цуглуулж, шуугиулсан байна. Тус дуулалт жүжгийн үзвэрийн тасалбар борлуулалтын орлого, амжилт нь энэ төрлийн үзвэрийн үе үеийн дээд амжилтуудыг эвдсээр байна. Энэхүү  жүжгийн эхний жилийн нийт орлого нь 56 сая ам. доллараас давж байж (мэдээж Шаваарц гуай нэлээд цулайсан байж таараа). Америкийн хотуудад зөвхөн нэг долоо хоногт олсон дээд  амжилтаар Сант Луйс (2,3 сая ам. доллараар) тэргүүлж байгаа юм байна. Их Британид нийт 1, 4 сая хүн энэ жүжгийг үзэж сонирхсон ба тэд тавин сая гаруй паундыг (эл бичвэрийг туурвин буй мөчийн байдлаар 1,47 ам. доллар дөнгөж 1 паундтай, манай цаасан төгрөгний монгол банкнаас зарласан ханш £ 1 = ₮ 1859,41 ) кассанд тушаажээ (манай хошин шогийнхон болон роок поопын одууд ч амьхандаа хэд гурван сая паундтай Англиас  ирцгээдэг биз ээ ! Чадаж байгаа юм чинь яадийн...).

(Үргэлжлэл бий)

Б. Батжаргал (Чикаго хот)

(Үзэгчийн тэмдэглэл)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.