05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

П. МАРШИЙН “МОРИН ХУУР БА МОНГОЛ ДАХЬ УЛАМЖЛАЛЫН КОСМОПОЛИТ ҮЗЛИЙН СЭРГЭЛТ” НОМЫН ТУХАЙД (Шүүмж)

2009 оны гуравдугаар сарын сүүлээр Чикаго хотын төвд орших Шератон буудлын хурлын цогцолборт Ази Судлалын Холбооны (The Association for Asian Studies, AAS) ээлжит эрдэм судлалын их хурал болсон юм.
Нүсэр оролцогчтой, энэхүү том хурлын монгол судлалын дэд хуралдааныг хариуцан зохион байгуулсан Монгол Нийгэмлэг  (The Mongolia Society, Inc.) нь АНУ – ын Индиана муж улсын Блумингтон (Bloomington) хот дахь Индианы Их Сургууль (Indian University) дээр байрладаг, америк оронд монгол судлалыг дэмждэг ашиг болон улс төрөөс ангид, олон нийтийн үүсгэл, санаачилгын байгууллага юм. Энэхүү нийгэмлэгийн үйл ажиллагаа нь англи хэлээр монгол судлалыг олон түмэнд түгээн, дэлгэрүүлэх үйлсэд тод үүрэг гүйцэтгэсээр ирсэн нь маргамгүй.
 
Тус нийгэмлэгийг барууны жишгээр боловсрол эзэмшсэн, монгол угсааны анхны эрдэмтэн болох Цахарын Тайвс хошууны язгууртны гэр бүлээс гаралтай, Жонн Хангин Гомбожав (Hangin Gombojav 1921 - 1989) БНМАУ  НҮБ–д гишүүнээр элссэн түүхэн онтой давхцуулан, 1961 онд үндэслэсэн ба өдгөө түүний үйл хэргийг залгуулан, хатагтай Сюзи Дрост (Susie Drost) тус байгууллагын өдөр тутмын ажлыг нь гуч гаруй жил хөтлөн явуулж буй аж.

 
Социализмын хаалттай ган  хөшиг монгол, америк хоёр орныг халхалж байсан үнэн шастир буй ч тэртээ далаад оны үеээс манай бичгийн нэрт эрдэмтэн Ц. Дамдинсүрэн (1908 - 1986), Х. Пэрлээ (1911 - 1982), Ж. Төмөрцэрэн (1929 - 2001) нарын бүтээл Монгол Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг, эдүгээ ч америкт цорын ганц монгол судлалд зориулагдсан эрдэм шинжилгээний “Монголын судлал” (Mongolian Studies) сэтгүүлд өөрийн байраа эзэлж байжээ.
 
Индианы Их Сургууль (ИИС) болон Монгол Нийгэмлэг нь хоёр орны монгол судлалын хамтын ажиллагааны нэгэн том лаборатори байж ирсэн бөгөөд монголоос багш (Ц. Ишдорж, Б. Хүрэлбат, Д. Цэрэнпил, Л. Цэрэнчунт г.м.) болон эрдэмтэд (Ц. Баатар, М. Саруул - Эрдэнэ, Л. Эрдэнэчимэг, П. Дэлгэржаргал г.м.) солилцох хөтөлбөр цөөнгүйг хэрэгжүүлж иржээ.
Энэхүү бичвэрийн эхэнд дурьдсан Чикаго хотод болсон тус нийгэмлэгийн хурлын завсар зайгаар, “Морин хуур ба монгол дахь уламжлалын космополит үзлийн сэргэлт” (The Horse-head Fiddle and the Cosmopolitan Reimagination of Tradition in Mongolia) номын зохиогч, Калифорнийн Их Сургуулийн доцент , эрдэмтэн, мэргэжил нэгт эрхэм анд Петер Марш (Peter K. Marsh) монгол ёсоор дөнгөж худалдаанд гараад буй (2009) өөрийн туурвисан шинэхэн номоо гарын үсэг зуран, дурсгах завшаан үүнийг чадан ядан бичигчид тохиосон билээ. Өмнөхөн нь уг номыг Barnes & Nobles номын төрөлжсөн сүлжээ - дэлгүүрийн цахим худалдаагаар захиалан авч, гол агуулгатай нь танилцсан байсан тул хурлын завсарлагаанаар номын зохиогчтой үдийн зоог барих агшинд, түүний шинэ бүтээлийнх нь тухайд санал солилцох боломж гарсан юм.
 
Энэ ном нь хөх хавтастай, судалгааны ном гэхэд төдий зузаангүй, 176 нүүр хуудастай. Оршил болон нийт зургаан бүлэг хэсэгтэй. Аман сурвалж мэдээлэгчдийн огноо, ишлэл, номзүй болон нэрийн жагсаалтын хавсралттай. Мөн ном дотор ихэвчлэн хорьдугаар зууны монголын хөгжмийн соёлд хамаатах19 хар, цагаан гэрэл зураг багтааж.
Номын үндсэн бүлэг хэсгүүдийн нэрийг дурьдвал, “Хувьсгалаас өмнөх монголын нийгэм дэхь хоёр чавхдаст хуурын уламжлал” (Two-Stringed Fiddle Traditions in Pre-Revolutionary Mongolian Society), “Хөгжмийн Үндэсний Соёлоо цогцлоосон нь” (Building a National Music Culture), “Зөвлөлт маягийн модернизм ба космополит үндсэрхэг үзэл”(Soviet Modernism and Cosmopolitan Nationalism), “Н. Жанцанноров ба монголын хөгжмийн үндсэрхэг үзлийн өнгөлөн далдлалт”(N. Jantsannorow and the Reshaping of Mongolian Musical Nationalism), “Ардын язгуур урлагийн сэргэн мандал ба морин хуурын сэргэлт” (The Folk “Revival” and the Reimagination of the Horse-head Fiddle), “Албан бус хөгжмийн түүхийн үргэлжлэл” (The Persistence of Alternative Music Histories) зэрэг болно.
 
Энэхүү номыг өргөн утгаар ерөнхийлөн авч үзвэл, америкийн монгол судлалын ухаан дахь монголчуудын хөгжмийн соёлын тухай мэдлэгийн сүүлийн ололт, энэ цаг үе хүртэлх монгол хөгжмийн тухай англи хэл, соёлт  ертөнц дэхь шинжлэх ухааны “сүүлийн үг” (последнее слово в науке) хэмээн үзэж болох талтай. Учир нь номын зохиогч хөгжимчин, угсаатны хөгжмийн судлагчийн үндсэн мэргэжилтэйн гадна америк дахь монгол судлалын цөм болох ИИС – ийн Төв Евразын Судлалын салбарын монгол судлалын тэнхимд монгол хэл, бичиг болон бусад судлагдхууныг ном дүрмээр нь үзсэн нэгэн. Тэгээд ч энэхүү салбарын профессор, мажар гаралт, өдгөө дэлхийд монгол судлалын “сүүлчийн могикан” (The Last of the Mohicans) гэгдэх, номч мэргэн Бямбын Ринчин (1905 - 1977) гуайн хүргэн, арав гаруй хэлээр бүтээлээ туурвидаг, “Алтан гадас” одонт Хар Дорж буюу Коро Дъёрдь (Kara, György(i) 1935) багшийн удирдлаган дор туурвисан, шинжлэх ухааны эрдмийн зэрэг (Ph.D.) горилсон бүтээлийнх нь нэгээхэн хэсэг нь энэхүү ном юм.
П. Марш уг судалгааныхаа бүтээлийн гол сэдэв болгон, морин хуур хөгжмийн зэмсгийг сонгосон ба энэхүү түлхүүрээр түлхүүрдэн, монголын эзэнт гүрний үеээс авахуулаад, тун саяханыг хүртэлх монгол түмний тахилга - шүтээн болсон энэхүү зэмсгийн үүсэл, түүх хийгээд хувьсал, хөгжлийн учир шалтгааны холбоосыг нь шинжээч - эрдэмтэн хүний нүдээр өөрийнхөөрөө тайлан онгойлгож, зураглажээ.
 
Нэг талаар энэхүү бүтээл нь монголчуудын хөгжмийн товч түүх мэт болох ч уг номыг хэвлэсэн хэвлэлийн газар нь (Routledge) “Монгол – Хөгжим - XX зуун – түүх ба шүүмжлэл ” гэж тодотгсон байх. Энэ нь ч аргагүй юм. Зохиогч номынхоо дийлэнх хэсгийг 1921 оны Ардын хувьсгалаас хойшхи монголын хөгжмийн соёлд зориулж.
Ямартай ч монголын хөгжмийн соёлын сэдвийг тусгайлан хөндсөн, англи хэл дээр тэр бүр элбэг бус таарах нэгэн цогц бүтээл нь энэхүү ном болно. Түүнчилэн, шинэ зуун дөнгөж гараад (2001) хэвлэгдсэн орчим цагийн монголын ардын хөгжмийн язгуур урлагийн уламжлалын тухайд өгүүлэх Английн Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн хүн судлал ба Хөгжмийн тэнхимийн эрдэмтэн Кэрол Пэггийн (Carole Pegg) “Монголын хөгжим, бүжиг ба аман зохиол” (Mongolian Music, Dance & Oral Narrative) ном бол англи хэл дээр гарсан маш дэлгэр мэдээлэлтэй, нухац далайцтай, чамбай гаргалгаатай, шинэлэг бүтээл яахын аргагүй мөн билээ.
Петер Маршын энд дурьдан буй номонд туссан бүхий л утга, учир зүйг бүгдийг нь тоочин, нэгэн бичвэрт илтгэн илэрхийлэх боломжгүй авч, монгол уншигчийн сонирхол татаж мэдэх цөөн ойлголтод дулдуйдан, зохиогчийн үзэл санааг илтгэхийг зорьё.
Аргасун хуурчийн тухай: Зохиогч монгол судлалын эртний сонгодог бичмэл эх сурвалжуудыг шүүрдэн үзэх явцдаа, “...монголын нууц товчоонд чавхдаст нумт хөгжмийн аль нэгэн зэмсгийн талаар дурьдсан болон хөгжимдөж байгаа талаар өгүүлсэн зүйл байхгүй...” (х.17) хэмээжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.