04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Аяны шувуудын эрчит дэвэлтээр шинэ ертөнцөд их говийн түйрэн - угалз нижэгнэн хөдөлвөө…

(Концертын шүүмж)

Хүмүүн төрөлхийтний сэтгэлийн чавхдасыг ая дангийн бийрээр хөшин хөндөгч, монгол түмний маань дундаас төрөн гарсан суут хүү, хөгжмийн зохиолч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын “төрийн шагналт“  Зундуйн Хангалын (1948 - 1996) уран бүтээлийн хүндэтгэлийн дурсамж тоглолт АНУ – ын нийслэл Вашингтон Ди Си болон Чикаго хотуудад энэ 2010 оны 11 дүгээр сарын 28, 12 дугаар сарын 04 – ний өдрүүдэд дуулиан шуугиантай болж өндөрлөлөө…

“Аяны шувууд” концерт нь манайхны хаа сайгүй, орой үдэшгүй зохиодог “урлагийн алба өнгөрөөх” ээлжит “додомдох, сайн дурын хийгээд бөөн дурын” арга хэмжээтэй огт төсгүй юм. Энэхүү тоглолт – төсөл нь олон жил бодож боловсруулсан, амьдралд хэдэнтээ туршигдсан (2002, 2008 онуудад хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн бие даасан үдэшлэг Улаанбаатар нийслэлд маань зохиогдсон), гадаад зах зээлд анхан удаа сорилт хийсэн ийм нэгэн түүхэн ажиллагаа байлаа.

Монгол нутагт ч тэр гадаад их далайн чинадад ч тэр энэхүү төслийг хэрэгжүүлэх сургаар монгол соёлыг сэтгэлдээ нандигнан тээгч нүүдэлч малчин гарвалт өргөн түмэн маань чих тавин чагнаж,  юу болох хийгээд яах ийх бол хэмээн зүрхний цохилгоо тандан байсан агшин ард нэгэнт үлдэн хоцров. Болдог юм болдогоороо, жамын юм жамаараа л болж өнгөрөв.
Энэхүү концертыг “ каансалдуулах” гэсэн тахир татуу авьяастантангууд, одон тэмдэг донтон цуглуулагчингууд, зуурдын хоосон нэр олоочингууд, сод хүмүүнд хорсон атаархагчингууд, дээдэс ноёдод зусардагчингууд, өрөөлийн тагштай хоолыг булаагчингууд, өөрийгөө ихэд өрөөлийг дорд үгэн сумаараа оруулаачингууд, ард олныг дуун ухааны зөрүү номлолоор мунхруулаачингууд, бусдын оюун бүтээлийн аргыг дээрэмдэгчингүүд хийгээд “Mонгол Сальери ” –тангууд энэхүү Аугаа дуу хуурын өмнө шившигтэйгээр дийлдэн, хөсөрхийн чаргуулдан унацгаав, хөөрхийс…  
Хаа очиж гадаад далайн их гүрэнд түр хийгээд байнга оршин амьдрагч саруулаар сэтгэгч дотоод хийгээд гадаад иргэд, байгууллагуудын харамгүй халуун тус дэмээр энэхүү концертын арга хэмжээ мэргэжлийн тайзнаа, мэргэжлийн уран бүтээлчдийн чамбай дэгт ажиллагааны үрээр олон түмэнд оюуны амин дэмт тэжээл хайрлах боломжтой болсон юм. Төрийн дипломатын, бизнесийн, олон нийтийн үүсгэл санаачилгын ашгийн бус байгууллагууд, мэдээлэл сурталчилгааны, нөхөрсөг чин хүндэтгэлийн, уран бүтээлийн халуун ам бүлийнхэн гээд энэхүү ажиллагааг дэмжсэн хүмүүсийн хүрээ манай нийгмийн бүхий л давхаргыг илтгэхүйц байлаа.  Таваг бууз, данх сүүтэй халуун цайгаараа дэмжсэн гэрийн эзэгтэй, тэтгэврийн хөгшид ч ганц бус тохиосоон…

Энэхүү тоглолтын ажиллагааны бүхий л явцад АНУ – д суугаа манай улсын Элчин Сайдын Яам, тухайлан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Хасбазарын Бэхбат гуай биечлэн бүх талын тус дэмийг үзүүлсэн нь харьд суугаа иргэдэд Монгол төрийн маань, тэр тусмаа жинхэнэ “төрийн хар хүн” - ий халамж хичнээн их дэмтэй хийгээд, өгүүлэгдэн байдаг болохыг нотлон харуулсан явдал болсоон.
Тун саяханаас АНУ – ын ерөнхийлөгчийн ажлын албанд томилогдон ажиллаж буй, Барак Обамагийн сурталчилгааны вэб дизайнер Ч. Ганболд гэдэг залуу энэхүү тоглолт – концертын сурталчилгааны цахим хуудсыг гардан хийсэн нь зохион байгуулагчдын хувьд томоохон ᠌”сюрприйз” байлаа.
Ямартай ч хорин жилийн тэртээ тулгын гурван чулуугаа анхлан тулж, хэтээ хавиран галаа өрдөн асааж, аагтай шаргал цайгаа эд хогшил аяны богц, тоглолтын хувцаснаас өөргүйгээр шахуу үйн суусан “Америкийн Монголчууд” тоонот гэрийнх нь хошлон бүслүүрийн урт нь хэдий хэмжээтэй болсон хийгээд хөнжилдөө хөлөө хэдий дайны жийх болон бойжиж, өсөн дэвжсэнийг энэхүү ажиллагаа алган дээр мэт илхэн харуулсан гэж хэлж болно оо.
Америкийн монголчууд өдгөө ард олондоо дэмтэй ямар ч томоохон компанит ажлыг нугалах бяд чадалтай “анклав - альянс” болон энэ их хөлийн газар төвхнөцгөөсөн байна.  Иймдээ ч манай улс төрчид ухаантай улс тул энэ их хүчийг хашин хаах нь зүйтэйг мэдэхийн дээдээр мэдэж, үндсэн хуулиар олгогдсон төрийн эрхээ барилцах цор ганц алтан агшин болсон сонгох, сонгогдох эрхийг нь бүтэн хоёр аравны туршид хаачихаад, “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаг” - ийн заалтыг шаахайны улан дороо дэвслэн суунаа…
Мэдээжээр энэхүү тоглолтын амин сүнс болсон уран бүтээлчдийн урлахуйн чинад дахь ур дүй концертын зүтгэх гол “тэрэгний шар” нь болсоныг дахин дахинтаа онцлохоос өөр аргагүй ээ. “Аяны шувууд” – ын буянаар мэргэжлийн цөөн бус залуу уран бүтээлч өөрсдийгөө нээж, “өдгөө цагийн урлагийн алтан тайзны эзэд нь одоо бид шүү !” хэмээн тунхаглах боломжийг атгацгаалаа…

“Аяны шувууд” концерт – тоглолтын гол санаачилагч нь хөгжмийн зохиолчийн гэргий БНМАУ – ын Гавьяат жүжигчин, урлагийн амьд домог, цуутай уран бүтээлч, манай монголын циркийн урлагаас тэртээ “соц.” үеээс эхлэн дэлхийд алдар нь анхлан түгэгсдийн нэгэн, Khangal Foundation – ий ерөнхийлөгч, Америкийн Circus Harmony цирк – сургуулийн дасгалжуулагч, зөвлөх багш Дашдэндэвийн Ягаанцэцэг юм.
Концертын төслийг голлон гүйцэтгэгч байгууллага болох Хангал Сан нь анх монголд хөгжмийн зохиолчийг насан өөд болсоны хойхно байгуулагдсан ба зохиолчийн өв санг хадгалан хамгаалах, бүтээлийг нь өргөн олонд сурталчилах, монгол уран бүтээлчдийг бүхий л талаар дэмжин тэтгэх зорилготой байгуулагджээ. Энэхүү сан нь АНУ – д албан ёсоор бүртгэлтэй хуулийн этгээд ба үндсэн зорилгынхоо үүднээс эл томоохон Гала тоглолтыг зохиохоор зориг зүрх гарган, амжилттай гүйцэлдүүллээ. Зорилгодоо ч хүрлээ. Цааш даялах замын нугачаа нь ч тодров бололтой.
Эл концертын уран бүтээлийн бодлого, зохиомж, найруулгын товчоо, хөтөлбөрийнхөө ноён нурууг Ягаанцэцэг гуай их урлаг дахь хагас зуун жилийн туршлагадаа дулдуйдан өөрөө боловсруулсан ба тоглолт – төслийн бүхий л явцад тэрбээр үнэхээрийн дэлхийн энэтэй “урлагийн тооп менежер” болохоо харуулж чадсан бөлгөө.

Зундуйн Хангалын хөгжим яагаад далайн чинадад монгол нийгэмлэгийг ийн хөдөлгөн, “түргэн авахуулах” болов гэдэгт мэргэн уншигч өөрсдийн дор бүрийн хариутай суугаа нь мэдээний хэрэг ээ.
18 насандаа “Аяны шувууд” (Шүлэг – С. Дашдондог) дуугаараа монголын нийтийн дууны их урлагийн индэрт залагдан, улмаар таван өргийн монгол дууны хөгийг долоон ноотны эрэмбэд зоримгоор оруулан, 24 насандаа монголын мэргэжлийн хөгжимд XX зууны Өрнийн арван хоёр өргийн зохиомж бичлэгийн авангард аргыг анхлан нэвтрүүлж, 30 шүргэм насандаа хийлийн концертоо “алтан” Москвад пянзанд бичүүлж, ноотыг нь барлуулсан тэрбээр өдгөөгийн өндөрлөгөөс харахад үнэхээрийн жинхэнэ “Монгол Моцарт” байсан бус уу…

Өгүүлэн буй “Аяны шувууд” тоглолтын хөтөлбөрт З. Хангалын түмэнд түгсэн дууны уран бүтээлийнх нь охь дээжис болсон олон сайхан дуу багтсан ба чухамдаа “Эхийн ариун сэтгэл” (Шүлэг – Цэрэндэндэв), ”Хунгийн дуу” (Шүлэг – Г. Жигжидсүрэн), ”Нарны унага” (Шүлэг - Г. Жигжидсүрэн) зэрэг дуунуудaa хөгжмийн зохиолч туурвихдаа, тэртээ 1942 онд “Синий платочек” /Хөгжим – Г. Петербургский, Шүлэг – Я. Галицкий/ хэмээх тухайн үед Аугаа Эх Орны Дайны хүнд өдрүүдэд Улаан Арми, ардын дунд жинхэнэ хийт болж байсан Орос уянгын нийтийн дууны монгол цуурай болсон Лхавааны Доржийн (19?? - 1980) “Цэнхэр дурдан алчуур” буюу уг нэр нь ”Амаргийн дуулал” (Шүлэг – “Хөдөөгийн” Пэрэнлэй /Х. Пэрлээ/) дуундаа хийсэн монгол дуун дахь долоон өргийн ая хөгийн өргөтгөл - шинэчлэлийг эрин үеийнхээ өнгө аясаар чимэглэн дахин нэг хүчтэйгээр давтахдаа, “зохиомол дуу” хэмээх орчин цагийн ардын дууны бие даасан төрөл зүйл болон хэлбэрших, нэгэн зүйл шинэ дуу үүсэх үүдийг сөхсөн мэт.
Лха. Доржийн ч тэр З. Хангалын ч тэр диатоник эрэмбээр туурвисан дууны аль аль нь “таг Монгол” болсон гэдэгт монгол зүрхэн тольт хэнбугай ч маргахгүй биз ээ !
Зундуйн Хангалын жимийг нь сайтар зассан “монгол эстрад дуу” - ны долоон өргийн дэвсгэр хөгийн илрэц өнөөгийн зарим ахимаг настай улсын дургүйлхэх янзтай ханддаг “монголын роок пооп хийгээд хийп хооп” урлагийн бүтээлийн ая данд уламж нь бишгүй анзаарагддаг билээ.
Америкт анхан удаагаа зохиогдсон З. Хангалын “Аяны шувууд” уран бүтээлийн концертонд түүний дуу, романсыг дуурийн дуучид МУСТА Э. Саран /”Эхийн ариун сэтгэл”/, МУСТА Ж. Болормаа /”Хунгийн дуу”/, аргил хоолойт С. Амарбүрэн /”Бодол” романс/ болон залуу дуучин Т. Ганзориг /”Үдэлтийн дуу”, ”Гэрлэж амжаагүй явна”/, С. Чинбаяр /”Аяны шувуу”/, төгөлдөр хуурч Б. Уянгатөгөлдөр /”Нарны унага”/ нар өөр өөрсдийн өнгө аясаар илэрхийлж, үзэгч сонсогчдоос аадар мэт нижэгнэсэн халуун алга ташилт хийгээд дахиулахыг урин залсан уухай, исгэрээгээр булуулсан гэж хэлж болно оо.

Зундуйн Хангал “Чавхдаст хөгжмийн дөрвөл” /1972/, ”Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн концерт №1” /1973/, ”Хийл, симфони найрал хөгжимд зориулсан концерт №1” /1974/ зэрэг дан хөгжмийн бүтээлүүддээ XX зууны Австрийн Шинэ Венийн (англ. Second Viennese School) хөгжмийн урсгалыг үндэслэгч Арнольд Шёнберг /1874 - 1951/ - ийн онол, номлолыг нь боловсруулж, уран бүтээлдээ үлгэрлэн, шавь нартаа өвлүүлэн бататгасан хөгжмийн арван хоёр өргийн цуваа (twelve-tone technique or dodecaphony)  буюу сериализмын (serialism) аргыг монгол хөгжимд анхлан туршин, нэвтрүүлсэн байна.
Манай Монголын анхны дээд мэргэжлийн дипломтой хөгжмийн зохиолчид “XX зууны монголын хөгжмийн тулгын гурван чулуу” гэгдэх Л. Мөрдорж (1919 - 1996), С. Гончигсумлаа (1915 - 1991), Б. Дамдинсүрэн (1919 - 1991) нарын “монгол хөгжим” - д  Венийн сонгодог хөгжмийн хэллэгийг анхлан төлөвшүүлэн хэвшүүлсэнтэй адил үүргийг Зундуйн Хангал үүтгэжээ.
З. Хангалыг зөвхөн хүн төрөлхтний олон мянганы турш бүтээн цогцлоосон хөгжмийн 12 үндсэн өргийн хэлээр монгол хөгжмийн хэлийг ярих болгосон уран бүтээлийнх нь энэхүү нээлтээр нь “суу билэгт хөгжимчин” хэмээн авгайлан дуурсгаж яагаад болохгүй билээ !?
Та минь ! Ээ !...
Хөгжмийн зохиолч Зундуйн Хангалын эхлүүлсэн хөгжим бичлэгийн энэхүү аргаар түүнтэй Орос – Казак хэлний бэлтгэлд Алма – Ата -  д хамт сурч байсан ангийн анд УГЗ, хөгжмийн зохиолч, Алтай хот дахь “Зулай цагаан Алтай” чулуун хөшөөний эзэн Чойгивийн Сангидорж (1940) өдгөө ч тууштай замнасаар байна. Тэрбээр Америкийн Шинжлэх Ухаан ба Хөдөлгөөнт Зургийн Урлагийн  Академийн “Оскар” нэрт шагналд нэр дэвшигчдийн дансанд “Ингэн нулимс” баримтат уран сайхны кино хөгжмийн эх бүтээлийг туурвигч хэмээн тэмдэглэгдсэн байх. Хөгжмийн  зохиолч Сангидоржийн хүү Сансаргэрэлтэх өдгөө Америк оронд хөгжмийн арван хоёр өргийн аргаар хөгжмийн бүтээлээ туурвин, олон улсад нэрийг олсон лут композитор болсон байна.

Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С. Соронзонболд (1958), мөнхүү төрийн шагналт, хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболд (1967) нар чухамдаа додекофоны арга хэрэгслээр хөгжим туурвин төрийн хайр хишиг хүртэцгээсэн байна.
Олон түмэндээ нэгэнт дархлагдан, нэр цуу нь хэдийнээ түгэн дэлгэрсэн “Багшийн Сургуулийнхан” гэгдэх төрийн шагналт бүл хөгжмийн зохиолчид болох эдэн дундаа бүтээл нь дэлхийгээр хамгийн их түгсэн Бямбасүрэнгийн Шарав (1952) хийгээд Цогзолын Нацагдорж /1951 - 2010/, Халтарын Билэгжаргал /1954 - 2008/, Цэдэн – Ишийн Чинзориг /1953 - 2002/, Нацагийн Жанцанноров (1949) нарын бүтээл туурвилын аргад арван хоёр өргийн цуваа бичлэг огтоос ангид зүйл бус нь мэдээний хэрэг ээ.
Вашингтон болон Чикаго хотод З. Хангалын “Чавдаст хөгжмийн дөрвөл” зохиолын III ангийг хийлчид Ж. Хадбаатар, Ц Солонго, эрдүү хийлч Э. Батмягмар, морин хийлч Б. Мөнхбат нар анхлан эгшиглүүлэв. Ж. Хадбаатар хөгжмийн зохиолчийн “Хийл, төгөлдөр хуурт зориулсан ардын хоёр дууны найруулга” хөгжмийг нь тун сайхан хөгжимдсөн ба төгөлөдөр хуураар дагаж хөгжимдсөн Б. Мөнгөнчимэгийг энд онцгойлон дурьдвал зохилтой.
Буриадын Мөнгөнчимэг нь төгөлдөр хуурч – концертмейстерийн орон тоон дээр өрсөлдөн, Чикаго хотын дэлхийд тэргүүлэх Joffrey Ballet Театрт анх шалгаран, эх орныхоо дуурийн театраас ирсэн ба өдгөө тус компанид тасралтгүйгээр 10 жил хөгжимдөн, тус балетын театрын хөгжим ангийн нэр нүүр нь болж чадсанаар барахгүй, түүний тухай New York Times, Chicago Sun - Times, Los Angeles Times тэргүүтэй сонинууд мэдээлж, Америкийн Цагаачлалын Хуулийн Сангаас алдар хүнд бүхий хүмүүст хүртээдэг “Цагаачлалын Алдар” шагналаа 2004 онд олгожээ. Эл нутгийн олон арван сая цагаач иргэдийн мөрөөдөөд ч хүршгүй энэхүү өндөр хэргэм шагналыг 2001 онд өдгөөгийн Калифорн мужийн амбан захирагч, Голливудын жинхэнэ алдарт од Арнольд Шварцнеггер Австрийн иргэн байхдаа хүртэж байжээ.
“Аяны шувууд” концертын хөгжмийн тоглолтын гол ачаа Мөнгөөгийн нуруун дээр байсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр З. Хангалын “Морин хуур, цохиур, чавхдаст цөөхүүл найрал хөгжимд зориулсан концерт” (1989) /морин хуурт тун адармаатай энэхүү бүтээлийг МУ – ын Морин Хуурын Чуулгын “Хуурчийнхан” Сургалтын Төвийн Америк дахь албан ёсны төлөөлөгч Г. Уртнасан чадвар заан хуурдсан/, “Бодол” романс зэрэг концертмейстер хөгжимчний хэмнэл тоолон, илэрхийлэхэд амаргүй хөгжмийн хамсрааг тэрбээр гацаа нь үгүй хөгжимдсөний гадна “Аяны шувууд”, ”Үдэлтийн дуу”, “Тань руу нүүж явна” кино – хөгжим болон дуунуудын найруулгын товчоог уг тоглолтын бэлтгэл үед байгуулагдсан “поп чавхдаст хөгжмийн хамтлаг” - т зохируулан хийсэн бөлгөө.

Мөнгөнчимэгийн охин, Чикаго хотын Балетын Сургуулийн оюутан Г. Номин – Эрдэнэ тус тоглолтын хамгийн залуу оролцогч – жүжигчин байв. Tэрбээр “Эрдэнэсийн уулс” бүжгэн жүжгийн па – г тун сайхан бүжсэн ба Ж. Баланчинийн үндсийг нь тавьсан Америкийн модерн бүжгийн сургалтаар гарч буй анхны монгол мэргэжилтэн болох хувь түүнд тохиож буй нь завшаантай. Залуу балетчин Номиогийн аав Б. Ганхуяг нь Joffrey Ballet – ийн гоцлол бүжигчнээр хэдэн жилийн өмнө ажиллаж байсан билээ.
З. Хангалын “Төгөлдөр хуурын вариац”, МУСТА, хөгжмийн зохиолч Хангалын Булганы /1968 - 2005/ “Ээждээ” төгөлдөр хуурын аязыг гацаа нь үгүй хөгжимдсөн Европ болон Монголд зохиогдсон төгөлдөр хуурчдын уралдаануудын удаа дараагийн шагналт, North Eastern University –ийн докторант Даржаагийн Маралгуаг их урлагийн өчнөөн амжилт даллан дуудаж байна аа.
АНУ – ын Oberlin Консерваторийн оюутан эрдүү хийлч Э. Батмягмар тэртээ Намсрайжавын Бүтэнбаяраас /өдгөө МУ – ын УГЗ, Улсын Филармонийн ерөнхий удирдаач/ хойш хөг дуурьсал нь бараг мартагнах дөхсөн хийлийн төрлийн энэхүү зэмсгийг дахин амилуулан, дуугаргах ирээдүй отон хүлээж буй нь илт.
Уран нугаралт /англ. contortion/ хэмээх циркийн урлагийн нэгэн шинэ төрөл зүйлийг монголчууд дэлхийн циркийн урлагт зүй ёсны байрыг нь эзлүүлсэнийг өдгөө хэн ч маргашгүй үнэн юм.
Энэхүү тоглолтонд Monte Carlo,  Гаванын циркийн урлагийн Олимп болсон уралдаан тэмцээнүүдийн тэргүүн болон тусгай шагналт, Канадын Нарны Циркийн зөвлөх багш, дасгалжуулагч, Лас Вегас хотын Extra Ordinary Arch Уран Нугаралтын Сургуулийн захирал Ж. Эрдэнэчимэг, Парисын Олон Улсын Циркчдын Уралдааны мөнгөн медальт Д. Ундармаа, Канадын Нарны Циркийн “Ө” Шоу – ны нугараач – жүжигчин Т. Төрчимэг нар Хангалын “Эрдэнэсийн уулс” бүжгэн жүжгийн хөгжимд гурвалсан нугаралтаа үзүүлсэн нь зүгээр л тэсрэлт болсон.
Дөч гаран насанд нугарах боломжтойг харуулсан дээрх үзүүлбэр нь тэдний уран нугаралтын онол ном хэдүй шинжлэх ухаанч болохыг илтгэх мэт. Энэхүү тоглолтонд Хангалын Булган /“Тэмүүлэл”/, Зундуйн Хангал /”Эрдэнэсийн уулс”/ нарын хөгжимд МУГЖ Д. Ягаанцэцэгийн шавь Circus Harmony Цирк – Сургуулийн жүжигчид Meghan Clark, Mei Ling Robin, Elliana Hentoff Killian, Alexandra Gabliani  нар ертөнцөд данстай монгол циркийн сургалтыг “агаарын нугаралт” хэмээх цоо шинэ төрөл зүйл үзүүлбэрээр гайхуулав.
Гала концертын дэд хөтөлбөрт “Гэр бүлийн уран бүтээл” гэсэн хэсгийг багтаасан ба хөгжмийн зохиолч Хангалын дүү Зундарийн дурсамж бичлэг, түүний “Сэтгэлийн жигүүр” дуу гарангуут үзэгчид бүгдээр хоолой мэдэн түрэн дуулж байлаа. МУСТА З. Зундарийг монголын роок поопынхон заримдаа “монгол рок попын загалмайлсан эцэг” хэмээдэг нь хэн нэгний халамцуудаа өгүүлсэн, урлагийн романтик сэтгэл хөөрлийн илрэл бус буй за гэдэгт итгэнэм. 
Хангалын төрсөн ганц хүү Булган аавынхаа поп чиглэлийн хөгжим бичлэгийн аргыг нь сорчлон өвөлсөн, үнэхээрийн пооп зохиомжийн чиглэлд баттай байраа олсон бие даасан хөгжмийн зохиолч байсныг энэхүү хөтөлбөрт орсон “Ээждээ”, ”Тэмүүлэл” зэрэг уран бүтээлээс нь л сая олж, мэдсэнээ нуух юун.

Чамлахаар чанга атгах лугаа төлөвлөснөөс цөөндүү чанарлаг үзэгч түмэн энэхүү концертыг үзэж сонирхсон хэдий ч ойрын үест “үзэгдээгүй юм” - аа үзэж, “соёлыг гайхав” хэмээн цааш хуучилахаар үнээрийн “аншлаг” болсон гэдэгт эргэлзэх юун.
Үзэгч цөөн байсны шалтгааныг нэгд, эх нутгаас ирэхээр нэгэнт зар нь түгсэн алдартай уран бүтээлчид тодорхой бус шалтгааны улмаас тэндээ гацаж орхисон хоёрт, америкийн монголчуудын дунд урлагийн мастерууд оршин амьдардаг тухай мэдээлэл америк үзэгчдэд үгүйгээс эцэст нь, ерөөс урлагийн тухайд системтэй сурталчилгаа манай иргэдийн дунд огт орхигдоод удсанаас хэмээн зохион байгуулагчид дүгнэцгээв.
Ийнхүү аяны шувуудын нисэн үл хүрэх Orbis Novus хэмээх газар оронд монголын суут хүү Зундуйн Хангалын урласан салхит шувуудын эрчит шумбалт – дэвэлтэт  аялгуун их говийн маань түйрэн – угалз мэт дэлхийн тавцан тайзыг хөг эгшгээрээ эзэрхийлэн түрэмгийлэхээр нижэгнэн хөдөллөө…
Их салхи нижэгнэн хөдөлтүгэй !
Хурай ! Хурай ! Хурай !

Билгийн тооллын XVII жарны тийн урвагч хэмээх төмөр бар жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын 29 – ний билэгт сайн шар хулгана өдөр өчүүхэн дорд хөгжмийн шүүмжич – судлаач, соёл судлалын ухааны доктор, МУСТА Бадамжавын Батжаргал / ᠪᠠ ᠃  ᠪᠠᠲᠦᠵᠢᠷᠭᠠᠯ / бээр болсон явдлыг гэрчлэн сийрүүлвэй

АНУ – ын Вашингтон Ди Си, Чикаго хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.