05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

МОНГОЛЫН ЦИРКИЙН “ДЭЛХИЙН МАСТЕР” - УУД АМЕРИК ҮЗЭГЧДИЙГ ШУУГИУЛСААР ЯВНА

(Шуугиант тэмдэглэл)
Тун саяхан 2010 оны 11 дүгээр сарын 17 - ны үдэш АНУ – ын Чикаго хотын төвд шахуу байрших Юнайтэд Сэнтэр хэмээх спорт - урлагийн томоос том 20 мянган хүний суудалтай хувийн эзэмшлийн дугуй цогцолборт “Ringling Bros. and Barnum & Bailey” циркийн 141 дэхь тоглолтын улирлын “The greatest show on earth” нэртэй “BARNUM’S FUNUNDRUM” аялан тоглолтынх нь ээлжит үзүүлбэрийг “арын хаалга” – аар үзэцгээх завшаан тохиолоо.
Ерөөс америкууд дундад эртний Нанхиад түмэн шиг өөрсдийгөө ᠋”орчлонгийн дундат” хэмээн сэтгэх, аливааг ийн бодож, үйлдэх нь түгээмэл мэт. Иймээс нутагтаа зохиогдох олон улсын чанартай арга хэмжээ болгоны өмнө “дэлхийн” хэмээх тодотгол зүүх нь элбэг хийгээд хэвшмэл.

Дэлхийн ᠌”төв оофис” нь Нью-Йорк-д байдагтай ч энэ сэтгэлгээ холбоотой биз. Үүнийг мэдээлэгч ч гэсэн өөрийн ажил мэргэжлийн бас л ийм тодотголтой арга хэмжээнд нутгаа төлөөлөн анх ирж байсан сан. Үүнээс нь улбаалж, эл гүрэнд дургүй хийгээд арсан атаархагчид нь заримдаа “дэлхийн цагдаа” хэмээн хоч зүүх нь ч улс төрийн зарим мэдээнд харагддаг.

Энэ ч агуулгаар дээрх циркийнхэн тоглолтоо мөн л дээрх уламж сэтгэлгээгээ тусган, “Бөмбөрцөг дээрх аугаа үзүүлбэр” хэмээн нэр хайрлаж. Ерөөс ойрхи цагийн монголын сэтгүүлзүйн хэллэгт “show” хэмээх англи гарвалт үйлт - нэр үгийг “шоу” хэмээн оросуудын буулгаснаар сармагчилан хэрэглэж, хэвшин буй нь ердөө л монгол үгийн санг нэгэн гадаад үгээр нэмэх арфиметик утгаас өөр тусгүй мэт. Иймэрхүү олон ардыг хамарсан үзэх, харах, сонжих зүйлийг ухаант монгол түмэн маань эрт цагт “хурим, найр” – ын нэгээхэн агшинд багтаадаг байсан ба арай хожуухан “намтар, дэг” хэмээх санскрит – төвд үгийг хэрэглэж байсан түүх буй. Өдгөөгийн зарим арай үндсээ гэх улс нь “цэнгүүн, үзүүлбэр” гэх нь бас ч гэж арай монголжуу сонсдох.
“Show” гэх үг нь дундад эртний англи хэлэнд “shewen, showen” гэж байсны эртний үүдэл нь “scêawian” гэх үг. Эртний германаар “scouwôn” гэдэг байсан ба үзэх, харах гэсэн утгатай хэмээн англи үгийн тайлбар тольд бичсэн байх.
Ямартай ч энэхүү өгүүлэн буй циркийн тоглолт маань үзэж, харах зүйлээр эрээлэн эрээлжлэх нь үнэхээр шоу гээд байгаа зүйл чинь ийм эд байх нь гэж шууд буумаар. Угтаа энэхүү циркийн үзүүлбэр тоглолт нь америкийн хамгийн томоохонд тоологдох циркийн компанийн төслөөр хийж буй олон улсын цирк юмаа гэсэн ойлголт сүүлд нь бодогдсон. Хуучин цагт Улаанбаатарт “Олон Улсын Цирк” гээд л үзнэ очино гээд бөөн хөөрцөг болж, өдөрт дөрөв таван удаа давтан тоглоод байхад л 2000 гаруй суудалтай манай дугуй цирк маань хэдэн долоо хоног заримдаа сар гаруйн туршид үзэгчээр хахаж, тасалбарт дугаарлан, бие биенээ гишгэлэн, алаан болдог байсныг нэг дурсамаар.

Уг циркийн тоглолт нь америкийн цирк юмаа гэдгийг тодотгох уламжилж ирсэн үндсэн төрөл жанрууд нь бүгд багтах агаад, зарлагч нь (Johnathan Lee Iverson) америкийн олны өмнөх зар түгээх уламжлалт уянгалуулан хэлэх маягаар өгүүлэх нь нэн сонихон. “Төмөр хоолойт” дуучин Баатар гэдэг шиг “ringmaster” – ийн хоолой нь огт цуцахгүй агаад болд төмөр мэт, бараг гурван цаг гаруйн туршид хөтөлбөр бүрийн өмнө богино биш тайлбар хийхийн сацуу уянгалуулан шүлэг хэлэх, гайхалтай дуулж ч аяглаж бүх үзүүлбэрүүдийг үзэгчтэй нягт холбох нь түүний авьяас чадварын өмнө зүгээр л сөхрөхөөс өөр арга үгүй мэт. Тэрбээр монголын уран нугараачид (Дашзэвэгийн Бадамгарав, Шаравнямын Азжаргал, Сашкагийн Энхжин ), балетын циркчин  гимнастикчид (Баттогтохын Баттулга, Ганбатын Бадамцэцэг, Гомбосүрэнгийн Нарантуяа) болон хүч тамирын номерыг (Арилдийзэмбийн Чувсансэнгэ, Нацагдоржийн Нямсүрэн, Цэвээний Намнансүрэн) зарлахдаа “…Mongolian, from Mongolia, Ulaanbaatar, Mongolia…” хэмээн нэг бус удаа тодотгон зарлах нь чихэнд сонсголонтой хийгээд зүрх огшим.

Энэхүү циркийг үндэслэгч PhineasTaylor Barnum (1810 - 1891) – ын мэндэлсний 200 жилийн ой энэ онд тохиож буй ба тэрбээр америкийн түүхэн дэхь урлагийн арилжаагаар хөлжсөн анхны саятан байсан аж. Tүүний дурсгалыг хүндэтгэн, энэ удаагийн улирлын тоглолтын нэрээ Барнумын үзүүлбэрээ анх нэрлэсэн тэр л нэрээр үлдээсэн бололтой.
Энэхүү циркийн гайхам үзүүлбэрүүд нь мэдээж Африк, Америк тивийн амьтад. Хуурай газрын хамгийн том сүүн тэжээлтэн амьтан болох заан энэхүү циркид хэдэн арваараа тусгай хангамжинд байдаг бололтой дог. Хамгийн балчирхан нь энэ улсын одоогийн ерөнхийлөгчийн нэртэй Барак хэмээх дөнгөж ганцхан ой өнгөрч буй зааны тугал. Тэд байнга тансаглаад байдаггүй хичээл ном, ажил сургууль, явдал суудал гээд дэлхийн амьтдаас хамгийн завгүй байдаг шиг. Лам гөрөөс, пони морь, малчин нохой, илжигээс авахуулаад аймшигт эрээн барс гээд л хүүхэд шуухаддаа үзүүлбэл танин мэдэхүйд нь нэмэр болохуйц адгуус янзан бүр. Тэдний урлагийн мэргэжлийн уран чадвар нь ч гэж мань мэтээс хол дээр.

Үнэхээр дэлхийн гэгдэх цирк юмаа гэдгийг нь илтгэх хэд хэдэн гайхам номер байх. Тэдний эхэнд нь заан тэгээд манай нугаралт, хүч тамирын үзүүлбэр нь толгойн гуравт бичигдэх тус циркийн малгай үзүүлбэр болох нь танилцуулгаас нь илт. Мэдээж мотоциклчдын самбаа, үснээсээ зүүлттэйгээр хийх агаарын акробат, агаарын гимнастикчдын эргэлт , алиалагчид гээд л юугаа ч мэдэлгүй алмайрсаар л цирк дууссан байх…
Циркийн жүжигчдийн гүйцэтгэлийн алдаа тоглолтын явцад лав хоёронтоо ажиглагдана лээ. Тэгэхдээ манайхны биш. Онцлог нь тэр алдаагаа тайзан дээрээ засаж дахин тоглодоггүй шууд дуусгаад ёсолдог манай циркээс арай өөр дэгтэй шиг харагдсан. Хойд Солонгос, Хятад, Оросын циркчдийн “яс гүйцэтгэл” бас л гайхам шүү!
Циркийн жүжигчний мэргэжил тун эрсдэлтэй байдаг. Тоглолтын үед унах бэртэх тэр ч бүү хэл бэртлийн улмаас тахир татуу болох амиа алдах явдал манай циркийн түүүхэнд ч гарч байсан. Гэсэн хэдий ч цирк нь хамгийн өргөн олонд хүртээлтэй урлагийн төрөл тул сурталчилгааны маш том талбар юм. Тэр тусмаа манайх шиг жижиг орны гадаад сурталчилгаанд. Хөөрхий манай циркчид дэлхийгээр хэрэн тэнүүчилж, муу сайн хэлүүлж дэлхийн циркийн тооп үзүүлбэрүүдэд багтаж нутаг усаараа овоглон зарлуулсан гавьяаг нь засаг төр баригчид нь үнэлдэг ч юмуу мэддэг ч юмуу бүү мэд дээ.

Ямартай ч монгол циркчдийн гавьяа хөдөлмөрөөр дэлхий бөмбөрцөг дээр зөвхөн “Монгол” гэдэг нэрийг дуулж сонссон, ой тойндоо тогтоосон хүүхэд багачууд хэдэн зуун саяаар тоологдох байх аа !...Тэдний энэ үйлс нь хэдэн арван Асашёругийн хийж хүчрэхгүй үйл хэрэг юм.
Энэхүү циркэд анх 1991 онд монголын урлагийн түүхэн дэхь анхны арилжааны тоглолтоор ирж байсан дөч гаруй жүжигчдийн гавьяагаар монгол хүн гэдгийг энэ орон анх харж, дуулж сонсож, тэдний гавьяагаар бид мэтийн хар, цагаан, саарал, ногоон, хөх зүсмийн энэ нутгийн үнэмлэх бичигтэй улс бардамаар алхан яваа гэдгээ санахад хэтрүүлэл болохгүй биз.  Тэд яахын аргаүй америкийг анх нээсэн монголын Колумбууд мөн юм. Тэднээс зөвхөн Нямсүрэн ах л энэ удаагийн гэрээт тоглолтод дахин хамрагдсан байна.

Нүдний ялгаа нь бараг арилсан, орчлонгийн аль л шим шүүстэйг сорчлон эдэлж, хэрэглэж заншин буй энэ нутгийн үзэгчид манай циркчдийн тоглолтыг үзээд нэг их голохгүйгээр барахгүй цаг зав, зоосоо гарган байж бултаараа ирж үзэн, сонжиж буй нь нэгийг өгүүлнэм зэ.
Өдгөө монголд маань циркийн сургууль байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэж буй. Энэ томоохон ойг тохион нийт циркийн урлагийнхандаа хамгийн сайн сайхныг хүсэхийн хамт энэхүү циркэд энэхэн удаад гэрээгээр ажиллаж буй Тулгаа, Лхагваа, Бадамаа гурав маань Улаанбаатарт Гран па Урлагийн Тоглолтын Сургуулийг Дашдамбын Дашлхагва (тус сургуулийн эзэн) багш дээр төгсүүтээ гэрээгээр энд ирсэн хэмээн тус циркийн далбагар өнгөт танилцуулгад тэмдэглэснийг энд уламжилахын хамт энхүү “15 минутын интернет од” Тулгаа хүү нь энхүү тэмдэглэл сийрүүлэгчийг “арын хаалга” – дсан нь үнэн болой.

Б. Батжаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.